Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 215

 

 

 

 

 

 

 

 

 

М.Мод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч            С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч С.Батсайхан,

нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Мын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн М.Мод холбогдох 1806082402159 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн М-н М, 1993 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, .............. ажилтай, ам бүл ганцаар, Баянгол дүүргийн ....................... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ........................./,

М.М нь 2018 оны 10 дугаар сарын 5-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Хүслийн-Өргөө” хотхоны 100/2 дугаар байрны 40 тоотод У.Бтой маргалдан улмаар нүүрэн тус газар нь стаканаар цохиж шүдний хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Боржигон овогт М-н Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мод оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Моос 2.899.100 төгрөг гаргуулж, хохирогч У.Бод олгож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэлэлцэхгүй орхиж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шөнийн 23 цаг орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Хүслийн-өргөө” хотхоны 100/2 дугаар байрны 40 тоотод очиход манай ангийн арав орчим хүүхдүүд тэднийд архи ууж согтсон байдалтай байсан. Намайг гэрт ормогц үүдэн дээрээс хохирогч У.Б согтуу, хэл амаар доромжилж, гэрийн эзэгтэй Г.Цацралд хандаж надад “хоолныхоо шавхрууг хамаад хийгээд өг” гэх зэргээр хэлж байсан. Би дотроо гомдсон боловч согтуудаа л тэгэж байна даа гэж бодсон. Би Буянтогтоход хандаж “чи хэлж ярьж байгаа юм аа бодоорой” гэсэн чинь гэнэт ууж байсан стакантай пиво толгой дээр дуустал нь асгасан. Тэгэхээр нь би ууж байсан пивоо өөдөөс нь цацсан. Түүнээс түүний шүдийг би стаканаар цохиогүй. Харин хүчтэй “тог” гээд дугарсан нь пиво цацаад ширээн дээр хүчтэй тавьсан нь “тог” гэж хүчтэй дугарсан. Намайг пиво Буянтогтох руу цацахад Т.Ерөөлт “чи эмэгтэй хүн рүү пиво цацлаа” гэж хэлээд надтай барьцалдаад авсан бид хоёрыг манай ангийнхан салгасны дараа У.Б миний шүд хугарчихлаа гээд над руу дайрч эхэлсэн. Би эрүүл байсан учир болсон үйлдэл, хэн нь юу гэж ярьж байсан талаар бүгдийг нь сайн санаж байна. Гэрч нар зарим нь тухайлбал гэрч Г.Цацрал, Б.Хулан нарын өгсөн мэдүүлэг нь намайг У.Быг цохиж байсныг хараагүй атлаа дараа нь У.Бын ярьсныг сонсоод “намайг стаканаар цохисон” мэт өргөдөл өгсөн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байгаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “Нотолбол
зохих байдал” гэсэн заалтын 1.3-д “гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр”-ыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох шаардлагыг хуульчилсан байдаг. Эндээс дүгнэхэд анхан шатны шүүх хохирогч У.Бын шүдэнд стаканаар цохьсон гэх үйлдлийн сэдэлт нь түүний эрүүл мэндэд гэмтэл учруулах зорилгыг шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт дүгнээгүй бөгөөд хэрхэн үнэлэлт өгч, гэм буруутайд нь нотлогдсон нь тодорхойгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6-д “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг “Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Буянтогтохын ... зүй бус үйлдэл шууд нөлөөлсөн байна.” гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол ...” гэж хуульчилсан боловч болгоомжгүй буюу санаатай байх гэм буруугийн хэлбэрийг хуульчлаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-д заасан гэм буруугийн хэлбэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлохыг зааж хуульчилсан гэж ойлгогдож байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж бусдад ял халдаасан шийтгэх тогтоол байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч С.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт нотолбол зохих байдлын талаар ярихгүй бол хүний биед хөнгөн гэмтэл учруулсан асуудлыг шүүхээр оруулж асуудлыг нь шийдье гэсэн асуудал яригддаг. Би шүүгдэгч М.Мод оногдуулсан ял шийтгэлийн асуудлын талаар биш, М.М тухайн үед эрүүл, “би цохиогүй” гэдгээ өөрөө мэдэрч байсан. Хохирогч У.Бын буруутай үйлдүүдийн талаар хэрэгт тодорхой авагдсан. Хохирогч У.Б нь хууьч хүн бөгөөд Хууль зүйн үндэсний хүрээлэнд ажилладаг. Хохирогч У.Бын цохисон эсэх асуудал дээр М.М гэм буруугаа хүлээгээгүй. Энэ байдал нь бусад нотлох баримтаар яаж нотлогддог бэ гэхээр гэрч нарын хувьд бүгд Эрдэнэт хотод Турк сургуульд сурдаг. М.М эхнэртэй нь нэг анги байсан. Нөгөө хүмүүс нь нөхөртэй нь нэг анги. Би энэхүү хэргийг анхан шатны шүүхэд буцааж, гэм буруугийн асуудал дээр гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоож өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

 

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад хохирогч У.Бын мэдүүлэг, баримтуудаар тухайн үйл баримт нь хангалттай тогтоогдсон гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Шүүгдэгч М.Мын гаргасан давж заалдах гомдол болон түүний өмгөөлөгч С.Батсайханы тайлбарт гэмт хэргийн нотолбол зохих байдал, гэм буруугийн зорилго, сэдэлтийг тогтоогоогүй байна гэсэн асуудал яригдаж байна. Мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанаар юунаас болж маргаан гарч, ямар учраас шүүгдэгч М.М нь хохирогч У.Бын нүүр рүү цохисон нь тогтоогдсон. Хохирогч У.Бын зүй бус, буруутай үйл ажиллагаа байсан бөгөөд үүнээс болж тодорхой хэмжээгээр сэдэлт, санаа зорилго төрж цохисон гэдэг нь тогтоогдсон. Хавтас хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүдийг хоорондоо зөрүүтэй гэж байна. Гэрчид хууль сануулахад гэрч өөрийн харсан өнцгөөс мэдүүлсэн бөгөөд гэрчид найз, нэг анги гэсэн асуудал байхгүй. Шүүгдэгч М.М өөрийн гэм буруугийн асуудал дээр маргаж байгаа тул энэ талаар тусгайлан хэлэх зүйл байхгүй. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд үндэслэлтэй шийдсэн гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч М.Мод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцохоор хуульчилжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2261 дугаартай захирамжаар М.Мод холбогдох 1806082402159 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Н.Баасанбатыг томилжээ.

2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, 62 дугаартай шийтгэх тогтоол гаргаж хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба шүүх хуралдааны тэмдэглэлд “...шүүх хуралдааныг шүүгч С.Өсөхбаяр даргалж...” гэж бичсэн атлаа шүүгч Н.Баасанбат гарын үсэг зурж тэмдэглэлийг баталгаажуулсан байна.

М.Мод холбогдох эрүүгийн хэргийг шүүгч С.Өсөхбаяр, Н.Баасанбат нарын хэн нь хянан шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байх бөгөөд уг алдаа зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч М.Мын гаргасан давж заалдах гомдлыг энэхүү шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Мод холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд хүргүүлтэл М.Мод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Д.ОЮУНЧУЛУУН

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ