Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
Хэргийн индекс | 181/2017/02236/И |
Дугаар | 181/ШШ2017/02398 |
Огноо | 2017-09-27 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 181/ШШ2017/02398
2017 оны 09 сарын 27 өдөр Дугаар 181/ШШ2017/02398 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..........................тоотод оршин суух, Ч.Ш-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....................................байранд байрлах, НШГнд холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А, гэрчээр МОТ” ХХК-ийн шинжээч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Өнл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа үүргийн гүйцэтгэлд барьцаалсан нэг объект, нэг үл хөдлөх эд хөрөнгийг 249.400.000 төгрөг гэж, дараа нь 150.200.000 төгрөг гэж хоёр өөр үнээр үнэлж мэдэгдсэн. Дээрх үнэлгээний аль нь зөв болох нь тодорхойгүй, тасгийн даргад нь гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Дээрх хоёр үнэлгээний бага үнэлгээг зөв гэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаад гомдолтой байна. Иймд улсын бүртгэлийн Ү-2202007100, Ү-2202015574, Ү-2202004424 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр удаа үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Хураасан, битүүмжилсэн, шинжээч томилсон зэрэг бусад ажиллагаанд холбогдуулан гомдол гаргасан зүйлгүй гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01727 дугаар шийдвэрээр Г.МЧ.Ш нараас 62.951.479 төгрөгийг гаргуулж Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрхи шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Г.МЧ.Ш нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007100, Ү-2202015574, Ү-2202004424 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамж 640Б тоотод байрлах хувийн сууц, граж, газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн, хураасан. Улмаар төлбөр төлөгч Ч.Шээс 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр үнийн санал авахад 250.000.000 төгрөг гэсэн санал өгсөн. Харин төлбөр төлөгч Н.Мөнхбаяраас 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр үнийн санал авах гэхэд 14 хоногийн хугацаа өгөөч гэсэн боловч өгөөгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар “талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлсэн үнийн 70 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтооно” гэж зааснаар хөрөнгийн үнэлгээний МОТ” ХХКомпанийг томилж үнэлгээ хийлгэсэн.
Үнэлгээний компаниас үл хөдлөх хөрөнгүүдийг 150.200.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч нарт 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 3/14137 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн. Тус албанаас 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд орсон боловч үнийн санал ирээгүй бөгөөд албадан дуудлага худалдааны мэдэгдэл болон тогтоолуудыг төлбөр төлөгч Г.МЧ.Ш нарт мэдэгдсэн болно.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн мэдэгдлээр 249.400.000 төгрөг гэж, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдлээр 150.200.000 төгрөг гэж хоёр өөрөөр мэдэгдсэн нь үнэн. Анх шинжээч томилсон тогтоолын дагуу үнэлгээний компаниас төлбөр төлөгчийн хөрөнгийг 249.400.000 төгрөг гэж үнэлсэн үнэлгээний тайлан ирсэн. Үүний дагуу эхний мэдэгдлийг хүргүүлсэн. Гэтэл тэр өдөртөө үнэлгээний тайланд андуурал гарч, алдаатай буруу бичигдсэн байна гэснээр тайланг буцаагаад авсан. Улмаар бодит жинхэнэ үнэлгээ болох 150.200.000 төгрөг гэсэн үнэлгээний тайлан ирсэн. Үүний дагуу хоёр дахь мэдэгдлийг өгсөн. Улмаар андуурал гарч буруу мэдэгдэл хүргүүлсэн тухайгаа төлбөр төлөгч нарт тухайн үед мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ш нь НШГнд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/01727 дугаар шийдвэрээр Г.МЧ.Ш нараас 62.438.138 төгрөг гаргуулж, Худалдаа хөгжлийн банкинд олгох, үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007100, Ү-2202015574, Ү-2202004424 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамж 640Б тоотод байрлах 96 мкв хувийн сууц, 300 мкв автограж, 504 мкв газар зэрэг хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хх 39-41/
Тус алба 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 146/26 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 146/04 дүгээр тогтоолоор хураасан байна. /хх 37-44/
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр хөрөнгийг үнэлүүлэхээр 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолоор шинжээч томилжээ. НШГнаас явуулсан дээр дурдсан ажиллагаанд холбогдуулан нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
Шинжээч МОТ” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007100, Ү-2202015574, Ү-2202004424 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамж 640Б тоотод байрлах хувийн сууц, автограж, газар зэрэг хөрөнгийг 150.200.000 төгрөгөөр үнэлснийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 3/14137 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч нарт мэдэгджээ. /хх-5/
Мөн хэрэгт авагдсан баримтаар дээрх хөрөнгийг шинжээч 249.400.000 төгрөгөөр үнэлсэн тухай 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 3/12701 дүгээр мэдэгдлээр төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна. /хх-4/
Хариуцагч нь эхний мэдэгдсэн 249.400.000 төгрөгний үнэлгээ буруу, үнэлгээний компаниас андуурал гарч засч ирүүлснээр 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дахин үнэлгээг мэдэгдсэн, сүүлийн үнэлгээ зөв гэж тайлбарлаж байх боловч дээрх тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д шийдвэр гүйцэтгэх бүх ажиллагааны явцад тэмдэглэл хөтлөхөөр заасны дагуу техникийн алдаатай үнэлгээний тайланг буцаан хүргүүлж сольсон, төлбөр төлөгч нарт мэдэгдсэн гэх ажиллагааны үед тэмдэглэл хөтлөгдсөн баримтгүй байна.
Иймд шинжээч томилсон нэг тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээг хоёр өөрөөр төлбөр төлөгчид мэдэгдсэн байдлыг техникийн шинжтэй алдаа байсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэв.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2202007100, Ү-2202015574, Ү-2202004424 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамж 640Б тоотод байрлах хувийн сууц, автограж, газрыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШЗ2017/10711 дүгээр шүүгчийн захирамжийн 2 дахь заалтын үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ