Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2017/02382

 

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2017/02382       

Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: АХИ, Д.Б.Г нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МХХК-д холбогдох 178.800.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б.Г-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Х.О, АХИ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

АНУ-ын иргэн Д.Б.Гнь 2006 онд Монгол улсад эхнэр 6 хүүхдийн хамт ирж АНУ-ын Анли хэлний институтын Монгол дахь салбарт ажиллаж эхэлсэн. Тус салбарын захирлаар ажиллаж байх үедээ гэр бүлээрээ амьдрах зориулалтаар 2008-2009 онд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Гүнжийн 44-87 байршилд 400 м.кв талбай бүхий зоорийн давхартай 2 давхар хувийн сууцыг халаалтын орчин үеийн хамгийн дэвшилтэт технологийн шийдэл болох газ, цахилгаан эрчим хүч хэрэглэхээр өөрийн хөрөнгөөр барьж Монгол улсын хуулийн дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ №000097040–г Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдөр авсан.

Энэ үеэс хойш Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулж буй  даатгалын байгууллагуудтай тухайлбал МХХК-тай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаж үл хөдлөх эд хөрөнгөө даатгуулж ирсэн.

Хамгийн сүүлийн байдлаар 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр АУС13/04 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээг 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөөс 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд дараах 6 төрлийн үндсэн эрсдэлээс даатгуулсан. Үүнд

1.бүх төрлийн гал /ой хээрийн түймэр гэх мэт/,

2.тэсрэлт дэлбэрэлтийн,

3.байгалийн галт уул дэлбэрэх, газар хөдлөлт, аадар бороо, шуурга, үер, ус, хөлдөлт, хөрсний суулт, нурангид даруулах, хүчит салхи,

4.цахилгаан эрчим хүчний /цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал/,

5.ус чийгний / сантехникийн шугам сүлжээний гэмтэл/

6. гаднын нөлөөллийн /гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл

Даатгалын гэрээнд заасан даатгалын хураамж болох 1.030.150  төгрөгийг цаг хугацаанд нь бүрэн төлсөн.

Гэр бүлээрээ 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Тайланд улс руу явсан хойгуур буюу 2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр миний сууцанд гал гарч Монгол улсын иргэн Аянур нь миний найз Х.О болон гал унтраах байгууллагад утсаар мэдэгдсэнээр цагдаа, гал унтраах мэргэжлийн байгууллагууд даатгалын байгууллагын холбогдох ажилтнууд газар дээр нь ирж галыг унтраах арга хэмжээ авсан байсан.

Галын улмаас орон байр маань шатаж сүйрсэн тул Монгол улсын эрх бүхий байгууллагад хууль журмынх нь дагуу хандаж гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоолгосон юм. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байх явцад шинжээчээр томилогдсон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 380/259 дугаартай дүгнэлтэд “ байшингийн газар давхрын гол хэсэгт цахилгааны хуваарилах самбарт цахилгааны утаснуудын холболт суларч шилжилтийн эсэргүүцэл үүссэнээс халж утаснуудын бүрээс шатан улмаар модон тулгуурууд цонож гал гарсан” гэж тогтоосон бөгөөд Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 225/259 тоот гал түймэр гарсан тухай актад мөн дээрх үндэслэлээр галын шалтгааныг тодорхойлсон.

Хөрөнгийн үнэлгээний Гэрэгэ эстимэйт ХХК-ийн гаргасан Эд хөрөнгийн хохирлын үнэлгээний тайланд гал түймрийн улмаас 178.800.000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хандаж цаашид хүн амьдарч болох эсэх талаар дүгнэлтийг гаргуулахад мэргэжлийн хяналтын улсын байцаагч шатсан барилгын төлөв байдлыг хянан үзэж 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 07-78/194 тоот дүгнэлтээр гал түймрийн улмаас барилгын хийц бүтцэд гарсан эврэл гэмтлийн төлөв байдал нь цаашид барилгыг буулгахгүйгээр сэргээн босгох боломжгүй, өндөр температур бүхий түймрийн үйлчлэлээр бат бэх нь алдагдсан, жин ихтэй, бетон хучилт доргиох, тулаас хийх, дам нуруунуудыг солих, гэж оролдвол нуралт цаашид үргэлжилж барилгын тогтворжилт бүхэлдээ алдагдах учир Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дах заалтын шаардлагад нийцэхгүй байгааг бидэнд мэдэгдсэн болно.

Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг гаргуулахаар 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр МХХК-д өргөдөл, холбогдох материалыг гаргасан.

МХХК 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 03/56 тоот албан бичгээр Даатгалын гэрээнд заагдсан эрсдэлийн улмаас хохирол учирсан болох нь тогтоогдоогүй буюу даатгалын тохиолдол бий болоогүй гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр өгөхөөс татгалзаж, шилжилтийн эсэргүүцэл нь техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөнөөс үүсдэг, даац ачааалал хэтрүүлснээс үүсдэг аюулгүй ажиллагааны зааврыг хангаж ажиллаагүйгээс үүсдэг байна. Энэ нь даатгалын гэрээний 3.2.3, 3.3.2-т заасан нөхцөл байдал үүссэн байна. Дээрх нөхцөл байдлууд нь даатгалын гэрээний ерөнхий хасалт болон тусгайлсан хасалт болгон онцлон заасан даатгалын эрсдэлд тооцохгүй нөхцөл байдлууд юм гэж тайлбарлсан байна.

Энэ шийдвэрийг хянуулахаар Даатгалын тухай хууль тогтоомжийн дагуу Санхүүгийн зохицуулах хороонд 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хандсан боловч Сахүүгийн зохицуулах хороо 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6/4478 тоот бичгээр Даатгалын гэрээний 3.2.3, 3.3.2 , Даатгалын тухай хуулийн 8.5.3-т тус тус заасныг үндэслэн МХХК нь даатгуулагчид нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна гэсэн хариу өгсөн.

Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд МХХК-тай харилцан тохиролцож өөрийн эд хөрөнгийг дээрх 6 төрлийн эрсдэлээс даатгуулах, даатгуулагч миний хүлээх хариуцлагын хэмжээ 00/тэг/ байх нөхцлөөр бичгээр гэрээ байгуулан даатгалын хураамж төлөх үүргээ бүрэн биелүүлсэн ба даатгалын гэрээний 2.1.1- т заасан бүх төрлийн галын /ой хээрийн түймэр гэх мэт/, 2.1.4-т заасан цахилгаан эрчим хүчний /цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал/ гэсэн эрсдэл үүссэн гэж үзэж байна.

 Уг эрсдэлийн улмаас даатгалын тохиолдол үүссэн болох нь эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт, шийдвэрээр тогтоогдсон байхад даатгагч байгууллага нь нөхөн төлбөр төлөх үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж гэрээний нөхцлийг илтэд гуйвуулан тайлбарлаж байгаад гомдолтой байна.

МХХК-ийг сонгох болсон нэг үндсэн шалтгаан нь гэрээний 2.2.5-д Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 14 хоногт багтаан энэхүү гэрээгээр хүлээсэн нийт хариуцлагыг 80-аас доошгүй хувийг олон улсын нэр хүндтэй давхар даатгагч нарт давхар даатгуулна гэсэн даатгалын тусгай нөхцөл амласан тул би сонгосон.

Иймд нөхөн төлбөрт 178.800.000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд өгсөн тайлбар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.2 дах хэсэгт заасны дагуу Даатгалын гэрээний 2.1-д зааснаар Даатгалын зүйлийг үндсэн эрсдэлээс даатгасан бөгөөд нэхэмжлэгчийн дотоод цахилгааны утасны хэлхээний эрсдэлээс учирах хохирлыг даатгаагүй болно. Өөрөөр хэлбэл даатгалын зүйлд дотоод цахилгааны утасны хэлхээнд үүссэн шилжилтын эсэргүүцлийн улмаас гал гарсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд гэрээний 2.1.4-д заасан цахилгаан эрчим хүч түгээгчээс хэрэглэгчид нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачааллаас үүдэн гарсан эрсдэл биш юм.

Галын шалтгааныг байшингийн газар давхарын гол хэсэгт байрлаж байсан цахилгаан хуваарилах самбарт цахилгаан утаснуудын холболт суларч шилжилтийн эсэргүүцэл үүсэнээс халж утаснуудын бүрээс шатан улмаар модон тулгууруудад цонож гал түймэр гарсныг шинжээчийн дүгнэлт тогтоосон нь нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа байгааг нотолсон байна.

Гал гарсан шалтгааныг Цагдаагийн байгууллага шалгаж гаднын нөлөөгүй гэж тогтоосон нь даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн нь тогтоогдохгүй байна.

Дээрх дүгнэлтээс үзэхэд цахилгаан утасны холболт суларсан үйл баримт нь нэхэмжлэгч өөрөө гал гарах нөхцөл орчныг бүрдүүлсэн буюу ашиглалтын горимыг зөрчсөн байх тул бидний хооронд байгуулсан гэрээний 3.3.2 дах хэсэгт заасан техник тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөн даац ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол гэж нөхөн төлбөр олгохоос татгалзах тухай зохицуулалт үйлчлэх ёстой.

Даатгуулагч 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойш гэртээ байхгүй байх хугацаанд гал гарсан нь даатгалын тохиолдол үүсэх нөхцөл орчныг бүрдүүлсэн байна. Шинжээчийн дүгнэлтээс харахад цахилгаан хуваарилах самбарт үүссэн шилжилтийн эсэргүүцэл нь цахилгааны утаснуудын бүрээст гал үүсгэж модон тулгуурууд цонож гал гарсныг тогтоосон байна. Үүнээс үзэхэд цахилгаан хуваарилах самбарын байршил нь аюулгүй ажиллагааны горимыг хангаагүйн улмаас модон тулгуурууд цонож гал гарах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ нь Даатгалын тухай хуулийн 10.1.5 дах хэсэгт “даатгалын зүйлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол бий болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах даатгагчид нэн даруй мэдэгдэх “ гэж заасан үндсэн гол үүргээ даатгуулагч  биелүүлээгүйг тогтоож байна.

Даатгуулагч өөрийн байрны дотоод цахилгаан хэлхээг бүрэн унтрааж салгаагүйн улмаас шилжилтийн эсэргүүцэл үүссэн байх бөгөөд хэрэглэгч 380 вольтын цахилгаан хэрэглэж байсан нь бидэнд Прокурорын байгууллагаас ирсэн мэдэгдлээр тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос хариу авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх гал гарсан үйл явцыг бидэнд мэдэгдсэнээр хохирлын хэмжээ, шалтгаан зэргийг тогтооход даатгагчийн зүгээс байнга , ил тод нээлттэйгээр хамтран ажиллах хүсэл зоригоо илэрхийлж хууль болон гэрээнд заасны дагуу шаардлагатай заавар зөвлөгөөг өгч байсан.

Нэхэмжлэгч хохирлын хэмжээг тогтоохдоо бидэнд мэдэгдэлгүйгээр үндэслэлгүй дүгнэлт гарсан байна. Хохирлын хэмжээг тогтоосон акт нь хэт нэг талыг баримталсан, үндэслэлгүй, хууль бус дүгнэлт болсон байна.

Дүгнэлтэд бичигдсэн үндэслэлүүд нь нүдэн баримжаагаар хийгдсэнээс болж барилгын гадна талын өнгөлгөөний тоосгон хананд үүссэн байсан хуучин цууралтыг ослын улмаас шинээр үүссэн гэж буруу тогтоосон, лабораторын шинжилгээнд үндэслээгүй, тухайн барилга байгууламжийн зураг төсөл нь мэргэжлийн байгууллага боловсруулсан эсэх, болон улсын экспертизээр хянагдаж баталгаажсан эсэхэд санаатай дүгнэлт өгөөгүй зэрэг алдаа, дутагдал гаргаж үндэслэлгүй дүгнэлт гаргасан.

Хохирлын хэмжээг тогтоосон үнэлгээчин Д.Ганбаатарын 2014оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 06-20/01 дугаартай үнэлгээний тайлан нь хэт нэг талыг баримталсан үндэслэлгүй, хууль бус дүгнэлт болсон байна.

Даатгалын гэрээний 3.2.2. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, 3.2.3. Даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан, эрсдлийн улмаас хохирол гарсан, 3.3.2. Техник , тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол. гэсэн заалтууд нь ерөнхий болон тусгай хасалтуудад орж байгаа тул даатгалын нөхөн төлбөрийг олгох үндэслэлгүй юмаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч АНУ-д төвтэй Англи хэлний институтын Монгол дахь төлөөлөгчийн газар, Д.Б.Г нар нь  МХХК-д  холбогдуулан 178.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч МХХК нь даатгалын гэрээнд заасан эрсдэл үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Англи хэлний институтын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Б.Г нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Гүнжийн 44 дүгээр гудамжны 87 тоот, 400 м.кв сууцыг даатгуулах, даатгалтай холбоотой аливаа гэрээ хэлцлийг байгуулах, эрхийг иргэн Х.Од 2013 оны 2 дугаар сарын 21-ний өдөр 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг олгосон байна./1-р хх-ийн 229-р хуудас /

Англи хэлний институтын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Б.Гийг төлөөлж иргэн Х.О нь МХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр АУС13/04 дугаар бүхий “Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ” байгуулжээ. /хх-ийн 14-16-р хуудас/

Даатгалын гэрээний талууд гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар “Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ” хүчин төгөлдөр болжээ

Гэтэл 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44-87 тоот, 400 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцанд гал гарч нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2211 дугаартай тогтоол, 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 380/259 дугаартай “Шинжээчийн дүгнэлт”, 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 225/259 дугаартай Гал түймэр гарсан тухай акт, эд хөрөнгийн хохирлын үнэлгээний тайлан зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 17-19-р хуудас/

Дээрх гал түймрийн улмаас даатгалын зүйл болох Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Гүнжийн 44-87 тоот, 400 м.кв талбайтай, 2 давхар хувийн сууцанд 178.800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Гэрэгэ Эстимейт 178.800.000 төгрөгөөр үнэлсэн Эд хөрөнгийн хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдож байна./хх-ийн 22-28-р хуудас/

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн  2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 380/259 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд гал гарсан шалтгааныг тодорхойлохдоо:

1. Гал түймрийн голомт нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Гүнжийн 44 дүгээр гудамжны 87 тоотод оршин суух АНУ-ын иргэн Бред Дафферийн 20х8 м.кв хэмжээтэй байшингийн газар давхарт, гол хэсэгт цахилгааны хуваарилах самбарын хэсэгт байсан болно. 

2. Гал түймэр гарах үед байшинд байсан гэрийн эзэд болон тухайн байшинг харж байсан гэх хүмүүс байгаагүй, хаалга цонх бүгд цоожтой байсан болно. Гал түймрийн голомт нь байшингийн дотор талд газар давхарт байсан бөгөөд гал түймрийг хэн нэгэн хүн санаатай галдан шатаасан  гэх ул мөр байгаагүй болно.

3. Байшингийн газар давхарын гол хэсэгт байрлаж байсан цахилгаан хуваарилах самбарт цахилгааны утаснуудын холболт суларч шилжилтийн эсэргүүцэл үүссэнээс халж утаснуудын бүрээс шатан улмаар модон тулгуурууд цонож гал түймэр гарсан байна. гэжээ. /1-р хх-ийн 18-р хуудас/

 

Нийслэлийн онцгой байлдлын газрын 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 225/259 дугаар бүхий “Гал түймэр гарсан тухай акт”-д гал түймэр гарсан шалтгааныг тодорхойлохдоо:

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн  2014 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 380/259 дугаартай Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд байшингийн гол давхарын гол хэсэгт байрлаж байсан цахилгаан хуваарилах самбарт цахилгааны утаснуудын холболт суларч шилжилтийн эсэргүүцэл үүссэнээс халж утаснуудын бүрээс шатан улмаар модон тулгуурууд цонож гал түймэр гарч Д.Б.Гийн байшин, эд хогшил шатаж хувийн өмчинд нь 178.800.000 төгрөгний хохирол учирсан байна. гэжээ./1-р хх-ийн 19-20-р хуудас/

 Даатгуулагч 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр МХХК –д хандан нөхөн төлбөр авах тухай хүсэлт гаргахад  2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 03/56 дугаартай албан бичгээр хариу өгөхдөө техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөнөөс, даац ачаалал хэтрүүлэн аюулгүй ажиллагааны зааврыг хангаж ажиллаагүйгээс шилжилтийн эсэргүүцэл үүсдэг, энэ нь бидний хооронд байгуулсан даатгалын гэрээний 3.2.3, 3.3.2-т заасан нөхцөл байдал үүссэн байна. Дээрх нөхцөл байдлууд нь даатгалын гэрээний ерөнхий  болон тусгайлсан хасалт болгон онцлон заасан даатгалын эрсдэлд тооцохгүй нөхцөл байна. Иймд даатгалын гэрээнд заагдсан эрсдэлийн улмаас хохирол учирсан нь тогтоогдоогүй буюу даатгалын тохиолдол бий болоогүй тул Даатгалын тухай хуулийн 8.5.3-т заасны дагуу нөхөн төлбөрийг олгохгүй гэсэн хариуг өгсөн байна. /1-р хх-ийн 38-р хуудас/

Даатгуулагч 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд хандахад 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 6/4478 дугаартай албан бичгээр МХХК –ийн  нөхөн төлбөрийг олгохгүй гэсэн шийдвэрийг дэмжсэн хариу өгчээ. /1-р хх-ийн 39-40-р хуудас/

МХХК нь дээрх хариуг өгөхөөс өмнө  буюу 2014 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК –иар  даатгалын зүйлийг үнэлүүлэхэд  Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Гүнжийн 44 дүгээр гудамжны 87 тоотод байрлах амины сууцанд гал гарсны улмаас үүссэн хохирлын хэмжээг 36.676.171 төгрөг гэж тогтоожээ/1-р хх-ийн 63-84-р хуудас/

Гэрэгэ Эстимейт ХХК болон Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-иудын үнэлгээ  хэт зөрүүтэй байсан тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүх  хүлээн авч  2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11636 дугаартай шүүгчийн захирамжаар Лэндс ХХК-ийг шинжээчээр томилоход Лендс ХХК нь  уг сууцанд гал гарсны улмаас үүссэн хохирлын хэмжээг 191.505.052 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 118-123,142-р хуудас,  үнэлгээний тайлан 74 хуудас материал/

Лэндс ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг хариуцагч МХХК үл зөвшөөөрч уг байшинг сэргээн засварлах боломжтой эсэх талаар дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 36398 дугаартай шүүгчийн захирамжаар дээрх сууцыг засварлах боломжтой эсэхийг тогтоолгохоор Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилоход 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлжээ.  /1-р хх-ийн 162-176-р хуудас/

Барилгын хөгжлийн төв шинжээчийн дүгнэлтдээ:

                     

1.Гражийн барилгын зоорийн давхарын зүүн талын хөөсөнцөр дулаалгатай гипсэн хана галаас шалтгаалан  зарим хэсгээрээ шатсан боловч энэ нь зоорийн талаас хүчитгэн сэргээн засах боломжтой .

2. Цутгамал төмөр бетон суурьт хийсэн дүгнэлт нь бат бэхийн шаардлага хангаж  байгаа учраас суурийг буулгах шаардлагагүй

3.Орон сууцны барилгын зоорийн давхарын цутгамал бетон шугаман суурин дээр байрлах хучилтын доторхи модон дам нуруу, тулгуур багана, хөндлөн тулгуурууд галд өртсөн нь сэргээн засварлах боломжгүй байна. Учир нь даацын дам нуруу нь суурин дээр угсрагдаж байж дээрээс ирэх даац, ачааг хүлээж авч байдаг бүтээц юм.

4.Орон сууцны барилгын 1-р давхарын нурж цөмөрсөн хэсгийг шинэчлэн засварлахын тулд сууцны хэсгийн давхар дундын хучилт, хана, хамар, ханыг буулган дахин шинэчлэх шаардлагатай. Буулгах шинэчлэх ажлыг гүйцэтгэхдээ хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангаж мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх шаардлагатай гэжээ. /1-р хх-ийн 178-р хуудас/

Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Гүнжийн 44 дүгээр гудамжны 87 тоотод байрлах амины сууцанд гал гарсны улмаас үүссэн хохирлын хэмжээг Лэндс ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр бус Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр нэхэмжилж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

Даатгуулагч нь даатгалын гэрээнд заасан эрх, үүргийнхээ дагуу даатгалын хураамжийг төлж, даатгалын тохиолдол болснооос хойш гэрээнд заасан хугацаанд даатгагч МХХК болон Санхүүгийн зохицуулах хороонд хандаж зохих хариуг  авчээ./1-рхх-ийн 37-40, 2–р хх-ийн 117-р хуудас/

Англи хэлний институтын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Д.Б.Гийг төлөөлж иргэн Х.О нь МХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр АУС13/04 дугаар бүхий “Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ” байгуулсан, нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөд гал түймэр гарч шатсаны улмаас түүний эд хөрөнгөд хохирол учирсан, уг гал түймэр нь “Байшингийн газар давхрын гол хэсэгт байрлаж байсан цахилгаан хуваарилах самбарт цахилгааны утаснуудын холболт суларч шилжилтийн эсэргүүцэл үүссэнээс халж утаснуудын бүрээс шатан улмаар модон тулгуурууд цонож гал түймэр гарсан” үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй болно.

Даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1.-т Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Гүнжийн 44 дүгээр гудамжны 87 тоот орон сууцыг

2.1.1.бүх төрлийн галын /ой хээрийн түймэр гэх мэт/

2.1.2.тэсрэлт дэлбэрэлтийн,

2.1.3.байгалийн галт уул дэлбэрэх, газар хөдлөлт, аадар бороо, шуурга, үер,ус , хөлдөлт, хөрсний суулт, нурангид даруулах, хүчит салхи,

2.1.4.цахилгаан эрчим хүчний /цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал/,

2.1.5.ус чийгний / сантехникийн шугам сүлжээний гэмтэл/

2.1.6.гаднын нөлөөллийн /гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл/ гэсэн 6 төрлийн эрсдэлээс даатгасан байх бөгөөд эдгээр эрсдэлүүдээс 2.1.1., 2.1.4.-т заасан эрсдэл үүссэн болох нь шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол зохигчийн тайлбар, гал түймэр гарсан тухай акт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Шилжилтийн эсэргүүцэл гэдэг нь цахилган хуваарилах самбарт байгаа тоолуур хэмжилтийн трансформатор /гүйдэл, хүчдэлийн/ залгах, салгах аппаратур, дохиоллын гэрэл, хэмжүүр, цахилгаан утас, тэдгээрийн  холболтын цэгт үүсч байгаа маш бага эсэргүүцэл юм. Энэ эсэргүүцэл нь 10-6 мк.ом, өөрөөр хэлбэл 0,000001ом/-оор хэмжигдэх маш бага эсэргүүцэл.

Нэгж хугацаанд дамжуулагчаар гүйх цэнэгүүдийн урсгалыг  цахилгаан гүйдэл гэнэ. Гүйдлийн хүч нь хүчдэлтэй шууд, эсэргүүцэлтэй урвуу хамааралтай байна Үүнийг Омын хууль гэдэг.  Томъёолвол:

               байна. / хэмжих нэгж –R/ом/ , U /вольт/ , I /ампер/

 

Тэгэхлээр шилжилтийн эсэргүүцэл үүссэн гэдэг нь дамжуулагчийн эсэргүүцэл маш бага буюу 10-6 мк.ом болох үед Омын хууль ёсоор түүгээр /дамжуулагчаар/ гүйх гүйдлийн хүч ихэснэ.

Гүйдлийн хүч ихсэхэд дамжуулагч утсан дээрх хүчдэл ихсэж, цахилгааны утаснуудад халалт үүсч утаснуудын бүрээс шатаж гал түймэр гарсан байна.

            Дээрх үндэслэлээр гал түймэр гарсан нь  даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-д заасан “бүх төрлийн галын эрсдэл”- д хамаарах үндэслэлтэй  байна.

            Цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл гэдэг нь цахилгаан эрчим хүч хэрэглэж буй хэрэглэгчид очиж байгаа цахилгаан гүйдлийн хэлбэлзлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл цахилгаан гүйдлийн хүч ихэсч, багасч өөрчлөгдөхийг ойлгоно.

            Иймд даатгуулагчийн байшингийн газар давхрын гол хэсэгт байрлаж байсан цахилгаан хуваарилах самбарт шилжилтийн эсэргүүцэл үүссэнээс гүйдлийн хүч ихсэх нь даатгалын гэрээний 2.1.4-т заасан “цахилгаан эрчим хүчний /цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл /” гэж заасан эрсдэлд хамаарч байна. 

Даатгагч нь нөхөн төлбөрийг олгохгүй даатгалын тохиолдол үүсээгүй гэж маргаж байгаа боловч Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4.-д  заасны дагуу даатгалын тохиолдол болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй.

М ХХК нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, Даатгалын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1., 2.1.4., 2.2.1.-т зааснаар нөхөн төлбөрийг гэрээгээр тохирсон хэмжээнд төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч  МХХК-иас 178.800.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АНУ-д төвтэй Англи хэлний институтын Монгол дахь төлөөлөгчийн газар ,  Д.Б.Г нарт олгох үндэстэй. 

АНУ-д төвтэй Англи хэлний институтын Монгол дах төлөөлөгчийн газар нь   МХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр АУС13/04 дугаар бүхий “Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ” байгуулсан боловч даатгалын зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг Д.Б.Г өмчлөх эрхтэй болох нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203019849 дугаарт бүртгэлтэй 000097040 дугаарын улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож  байх тул даатгалын нөхөн олговрыг тэдэнд хувь тэнцүүлэн олгох нь зүйтэй. /1-р хх-ийн 13-16,141-р хуудас/

               

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн  431 дүгээр зүйлийн 431.1., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д заасныг тус тус  баримтлан М ХХК-иас 178.800.000 /нэг зуун далан найман сая найман зуун  мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АНУ-д төвтэй Англи хэлний институтын Монгол дахь төлөөлөгчийн газар,  Д.Б.Г нарт хувь тэнцүүлэн  олгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч АНУ-д төвтэй Англи хэлний институтын Монгол дахь төлөөлөгчийн газар, Д.Б.Г нараас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.103.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.051.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт хувь тэнцүүлэн  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар шинжээчийн зардал 20.526.000 төгрөгийг нэхэмжлэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж хөрөнгийн үнэлгээний Лендс ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4,119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  энэхүү  шийдвэрийг  эс  зөвшөөрвөл  шийдвэрийг  гардаж авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                                         

                            ДАРГАЛАГЧ                              Ч.ИЧИНХОРЛОО