Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2017/02442

 

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2017/02442

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б.Гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Н ХХК-д холбогдох

ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, хариуцагчийн төлөөлөгч Д.Т, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Хөвсгөл аймаг дах Нефть хангамжийн баазад 1996 онд Цахилгааны инженерийн албан тушаалд томилогдон орсон ба 1997 оноос ерөнхий инженер албан тушаалд томилогдон 2004 он хүртэл ажиллаад Н ХК хувьчлагдснаар орон тооны цомхотголоор уг ажлаас гарч МТ ХХК-ны Хөвсгөл салбарын даргаар 2004 онд томилогдон ажиллаж байгаад Н ХХК - ны Хангай бүсийн захирал Батсуурийн хүсэлтийн дагуу 2007 оны 8-р сарын 1 нд Хөвсгөл Нефть хангамжийн салбарын даргын албан тушаалд томилогдон ажил үүргээ хэвийн гүйцэтгэж явахад 2017 оны 5-р сарын 01-ний өдрийн дугаар 57 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан тул маш их гомдолтой байна.

Н ХХК-ний дотоод аудитын 2016 оны 3, 4-р улирлын шалгалтаар хөвсгөл Нефть Хангамжийн салбарын санхүүгийн үр дүн, тайлан тэнцлийг Компаний зохих заавар, журмын дагуу материаллаг зөрчилгүй, ШТС-уудын хяналтыг сайжруулсан, Нефть Хангамжийн салбарын бичиг баримтын хөтлөлт сайжирсан эерэг үр дүнтэй ажилласан гэж дүгнэгдсэн байхад ямар нэгэн тайлбаргүйгээр ажлаас чөлөөлсөн.

Иймд Н ХХК компаний гүйцэтгэх захирлын 57 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдалд нийцэхгүй, хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн  байна. Б.Гийг зээлээр шатахуун борлуулсан гэж буруутгаж байгаа боловч энэ нь дараа төлбөртэйгээр борлуулсан, компанид хохирол учраагүй гэж үзэж байна. Б.Г нь сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, сахилгын зөрчил гаргаагүй, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргаж байгаагүй тул  урьд ажиллаж байсан Хөвсгөл аймаг дах Нефть Хангамжийн салбарын даргын ажилд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэж өгнө үү гэв.

            Хариуцагч шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Н ХХК-ийн аливаа салбарын дарга нь төв компанийн зөвшөөрөлгүй газрын тосны бүтээгдэхүүн /шатахуун/ бусдад зээлээр борлуулах эрхгүй байдаг бөгөөд энэ тухай хөдөлмөрийн контрактын 5 дугаар зүйлийн 5.1.8 дахь заалтанд тодорхой тохиролцож, энэхүү үйлдлийг гаргасан тохиолдолд хөдөлмөрийн контрактыг цуцлах үндэслэл болгон заасан байдаг бөгөөд Б.Г нь ажиллаж байх хугацаандаа хуулийн этгээд болон хувь хүнд удирдлагын зөвшөөрөл, мэдэгдэлгүйгээр зээлээр бүтээгдэхүүн олгосон байдаг.

Б.Г нь 7663 ХӨА улсын дугаартай УРАЛ-375 маркын С ангилалын бор ногоон өнгийн автомашиныг удирдлагын зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан байдаг. Б.Г нь дээр заасан автомашиныг ТУЗ-ын шийдвэрээр худалдсан гэж тайлбарладаг боловч худалдах тухай ямар нэгэн шийдвэр гараагүй.

Уг автомашиныг Б.Г 9.500.000 төгрөгөөр худалдан, худалдсан мөнгөөрөө өөрийн нэр дээр 8252ХӨА улсын дугаартай Тоёота приус-20 автомашин худалдан авсан тухай тайлбарладаг. Б.Г нь ажил хүлээлцэх үед энэхүү Тоёота приус-20 автомашинаа компанид шилжүүлсэн.

Мөн Петровис-ойл ХХК буюу Н ХХК-ийн толгой компанийн дотоод аудитын дүгнэлтээр батлагдсан сэлбэгийн болон урсгал засварын зардал нь зориулалтын дагуу зарцуулаагүй, хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөгөөнд тусгагдаагүй ажилд зарцуулах зэрэг зөрчлүүд гаргасан байсан бөгөөд энэхүү зөрчлүүдээ хүлээн зөвшөөрч уг аудитын дүгнэлтэнд гарын үсэг зурсан.

Б.Г нь удирдлагын ямар нэгэн зөвшөөрөлгүй компанийн салбар дахь хөрөнгийг дур мэдэн бусдад зарах, шилжүүлэх, хөрөнгө оруулалтыг батлагдсан төлөвлөгөөний бус өөр бусад зүйлд зарцуулах, удирдлагын зөвшөөрөлгүй бусдад зээлээр борлуулалт хийж байгаа зэрэг үйлдлүүд нь компанийн үйл ажиллагаа, явуулж буй бодлогод харшилж байгаа бөгөөд хууль болон хөдөлмөрийн контрактаар тохиролцсон нөхцөлүүдийг зөрчсөн тул үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

           2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр салбарын нэрийн өмнөөс Хөвсгөл аймгийн Цагаан -Уул сумын Засаг даргын тамгын газарт “Н ХХК-ийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт 43680 м.кв газрын эзэмших эрхийг “Нэмэх хасах” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү.” гэсэн утга бүхий албан тоотыг хүргүүлсэн байдаг.

Энэ газрыг эрх бүхий албан тушаалтны ямар нэгэн шийдвэр, зөвшөөрөлгүйгээр зөвхөн өөрөө дур мэдэн бусдад шилжүүлэхээр ажиллаж байсан болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                            ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах  үндэстэй.

            Нэхэмжлэгч Б.Г нь  хариуцагч Н ХХК -д урьд эрхэлж   байсан  ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Хариуцагч Н ХХК нь хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээг цуцлах нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Б.Г нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Н ХХК-тай 16/18 дугаар бүхий Хөдөлмөрийн контракт /гэрээ/ байгуулан Н ХХК-ийн Хөвсгөл аймаг дах Нефть хангамжийн салбар НХС/-ын даргаар ажиллаж байжээ /хх-ийн 4-8-р хуудас/ 

Б.Гийг Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.,40.1.5, 40.1.7-д заасан үндэслэлээр  2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон Хөвсгөл аймаг дах Нефть хангамжийн салбарын даргын үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 11-р хуудас/

Уг тушаалдаа ажилтныг “удирдлагын зөвшөөрөлгүйгээр бусдад газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлсэн, компанийн хөрөнгийг зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн, Петровис ойл ХХК-ийн дотоод аудитын дүгнэлтээр салбарын хөрөнгө оруулалтын төсвийг зориулалтын бусаар ашигласан буюу төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлыг хийсэн нь чанар стандартын шаардлага хангаагүй, батлагдсан сэлбэгийн болон урсгал зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй” гэж буруутгасан байна.

Б.Г нь ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан байна./хх-ийн 34-р хуудас/

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан  ”ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай.

“эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэдэгт гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг “ноцтой” гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай.

Гэтэл ажилтан  Б.Г нь ямар  сахилгын зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд ажилтан ажил олгогч нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг тусгайлан нэрлэж заагаагүй байх тул  түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д  заасан үндэслэлээр цуцалсан нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5.-т заасан “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй  нь ” нь хууль санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино. Ажилтан Б.Гийн хувьд:

а. Н ХХК-ийн харъяа Хөвсгөл аймаг дахь Нефть Хангамжийн салбарын 2016 оны 3,4 дүгээр улирлын тайланд хийсэн аудитаар:

Тус салбарын 3,4 дүгээр улирлын санхүүгийн үр дүн, тайлан тэнцлийг компанийн зохих заавар, журмын дагуу материаллаг зөрчилгүй илэрхийлсэн. Түр хаагдаад байсан Рашаант ШТС-ийн үйл ажиллагааг эхлүүлэх, шинэ ШТС-иудын борлуулалтыг амжилттай үргэлжлүүлэх, ААХ болон хэрэглэгчийн авлагыг хаалгасан, өмнө улирлуудтай харьцуулахад НХС-ын бичиг баримтын хөтлөлт сайжирсан эерэг үзүүлэлтэй, өгнөрсөн улирлуудтай харьцуулахад зээлийн борлуулалтыг харьцангуй багасгаж, ШТС-д дээрх хяналтыг сайжруулж ажилласан үр дүнтэй байна. Мөн шинээр Хатгал суманд  ШТС ашиглалтанд оруулсан, Алаг-Эрдэнэ ШТС-ын үйл ажиллагааг сайжруулж сайжруулж шатахууны төрөл нэмсэн сайн үзүүлэлттэй байна гэж тус тус дүгнэжээ./хх-ийн 12-32-р хуудас/

Н ХХК-ийн харъяа Хөвсгөл аймаг дахь Нефть Хангамжийн салбарын 2016 оны 3,4 дүгээр улирлын тайланд хийсэн аудитаас  үзэхэд ажилтан Б.Г нь ажил олгогч Н ХХК-ийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

б. 2016 оны 6 дугаар сард хийсэн Петровис ойл ХХК-ийн дотоод аудитын, газар дээрх аудитаар:

Хөвсгөл НХС нь шатахуун хангалт, борлуулалтын үйл ажиллагааг тасалдалгүй явуулж, техН технологи, аюулгүй ажиллагааны ноцтой зөрчилгүй ажилласан , НХС-ын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн үйл ажиллагаа холбогдох стандарт, Нягтан бодох бүртгэлийн тухай хууль, компаний нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн хүрээнд үнэн зөв илэрхийлэгдсэн гэж дүгнэсэн боловч төв компаний аливаа шийдвэргүйгээр НХС-ын удирдлага ШТС-ын технологи шинэчлэх, автоцистернийн чиргүүл угсрах, түгээгчийн байр хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэж байгаа нь чанар стандартын шаардлага хангагдахгүй байх магадлалтай тул өндөр эрсдэлтэй. Батлагдсан сэлбэгийн болон урсгал засварын зардал нь зориулалтын дагуу зарцуулагдахгүй байгаа нь техНийн бэлэн байдал, технологийн найдвартай ажиллагаанд саад учруулж байна гэжээ. /хх-ийн 102-110-р хуудас/

Ажил олгогч нь дээрх тайланд тусгагдсан “Петровис ойл ХХК-ийн дотоод аудитын дүгнэлтээр салбарын хөрөнгө оруулалтын төсвийг зориулалтын бусаар ашигласан буюу төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлыг хийсэн нь чанар стандартын шаардлага хангаагүй, батлагдсан сэлбэгийн болон урсгал зардлыг зориулалтын дагуу зарцуулаагүй” гэсэн хэсэгт ажилтан Б.Гийг буруутгаж 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр түүнийг ажлаас чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан “сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэсэн  хугацааг зөрчсөн гэж үзнэ.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.7.-д заасан “контрактад заасан үндэслэл буй болсон” гэдэгт хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож түүнийг цуцлах талаар ажил олгогч ажилтантай байгуулсан контрактад тохирсон үндэслэлүүдийн аль нэг нь бий болсон байхыг ойлгоно.

Ажил олгогч нь Б.Гтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнийн 5 дугаар зүйлийн 5.1.3.-т ” ажилтны буруутай үйл ажиллагаанаас компанид хохирол учирсан, явуулж буй бодлого, үйл ажиллагаа нь компанийн эрх ашигт харшилсан  бол”, 5.1.8.-д “ холбогдох зөвшөөрөл, журмыг зөрчин газрын тосны бүтээгдэхүүн зээлээр борлуулсан бол” ажил олгогчийн санаачлагаар гэрээ цуцална гэж заасны дагуу ажлаас нь чөлөөлсөн гэж байгаа боловч Б.Гийн ямар буруутай үйл ажиллагааны улмаас компанид хичнээн хэмжээний хохорол учирсан, холбогдох ямар зөвшөөрөл журмыг хэрхэн зөрчсөн болохыг нотлох баримтаар нотлоогүй болно. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Энэ бүхнээс дүгнэхэд Н ХХК нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5., 40.1.7.-д заасан үндэслэлүүдээр Б.Гийг ажлаас чөлөөлсөн үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 Иймд Б.Гийг  Хөвсгөл аймаг дахь Нефть Хангамжийн салбарын даргын ажилд эргүүлэн тогтоож, 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх /4 сар 29 хоног/ хугацаагаар цалингийн зөрүүд 6 228 416 төгрөгийг / 1.400.000 + 693.333 +  1.400.000 = 3.493.333/, / 3.493.333 : 3 = 1.164.444/, /1.164.444 : 21,5 = 54.160 /, /1.164.444 х 4 сар = 4.657.776/, /54.160 х 29 хоног = 1.570.640/, /4.657.776 + 1.570.640 = 6.228.416/  ажил олгогчоос гаргуулан Б.Гэд олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн  төлүүлэн, бичилт хийлгүүлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                                                                        ТОГТООХ НЬ:

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Б.Гийг  Хөвсгөл аймаг дах Нефть Хангамжийн салбарын даргын ажилд эргүүлэн тогтоож, Н ХХК-иас 6.228.416 /зургаан сая хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуун арван зургаа/ төгрөг гаргуулан Б.Гэд олгосугай.

            2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан  ажилгүй байсан хугацааны дээрх цалингийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих  байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Г нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 78854 төгрөг гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                             Ч.ИЧИНХОРЛОО