Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/02459

 

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2017/02459

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э ХХК /РД:5863467/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпийн гудамж-8, Т ХХК-д холбогдох

худалдах худалдан авах гэрээний үүрэгт 18.690.116 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.Б, түүний өмгөөлөгч М.А, хариуцагчийн төлөөлөгч М.Э, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

ЭХХК нь Т ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ Налайх хорооллын 7, 8, 11, 12 дугаар байранд галын дохиоллын тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр Худалдах худалдан авах гэрээ байгуулан ажилласан. Тус гэрээгээр манай компани гэрээний хавсралтад заасан төхөөрөмжийг нийлүүлэх , Т ХХК нь төхөөрөмжийн үнэ болох 15.182.920 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн.

Манай компани гэрээнд заасан үүргийнхээ дагуу  тоног төхөөрөмжийг хугацаанд нь хүлээлгэж өгсөн. Т ХХК нь төхөөрөмжийн үнийг төлөөгүй тул үүргээ биелүүлэхийг амаар болон бичгээр удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авагч тал төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд өдрийн 0,3% -ийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд гэрээний алданги 3.507.196 төгрөг болсон. Иймд үндсэн төлбөрт 15.182.920 төгрөг, алданги 3.507.196 төгрөг, нийт 18.690.116 төгрөгийг гаргуулан өгнө үү гэв.

 Хариуцагч Т ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т ХХК нь ЭХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ Налайх хорооллын 7,8,11,12 дугаар байранд галын дохиоллын тоног төхөөрөмжийг худалдан авахаар  Худалдах худалдан авах гэрээ байгуулан ажилласан нь үнэн.

Тус гэрээгээр алданги тохиролцоогүй тул үндсэн төлбөр болох 15.182.920 төгрөгийг төлнө, алданги төлөхгүй, гэрээний 8.1.-д бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 03% тай тэнцэх хэмжээгээр алангийг хоног тутам захиалагчид төлнө гэж, 2.3.-т худалдан авагч нь худалдагчид гэрээнд заасан хугацаанд төлбөрөө 100% төлөөгүй тохиолдолд 03% алданги тооцох гэж заасан боловч ЭХХК-д алданги төлөхгүй гэв.   

            Шүүх  хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 18.690.116 төгрөгийг нэхэмжилжээ.

Хариуцагч Т ХХК нь үндсэн төлбөр 15.182.920 төгрөгийг төлнө, алдангийг төлөхгүй гэж маргажээ.

Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэгч ЭХХК -тай 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15.182.920 төгрөгийн үнэ бүхий галын дохиоллын 12 нэр төрлийн тоноглол худалдах худалдан авах гэрээ байгуулан төлбөрөө төлж барагдуулаагүй болох нь худалдах, худалдан авах гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна./хх-ийн 6-8-р хуудас/

Аливаа гэрээ нь тодорхой зорилгыг агуулж,  талуудын сайн дурын үндсэн дээр, тэдний хооронд хууль зүйн харилцаа тогтоож, гэрээний оролцогчид тэгш эрхтэй оролцсон байх шинжийг  агуулдаг.

 

Гэтэл талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3.-т ”Худалдан авагч тал нийлүүлэгч талд 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлбөрөө 100% төлж дуусаагүй тохиолдолд үлдэгдэл төлбөрөөс 0,3% ийн алданги тооцох гэж

8.1.-т “Гэрээний 1.5.-д заасан хугацаанд бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 0,3% тай тэнцэх хэмжээгээр алдангийг хоног тутам захиалагчид төлнө. гэж тус тус заажээ./хх-ийн 7-р хуудас/

 

Иргэний хуулийн 198 дүгээр зүйлийн 198.2.-т  “ Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэсэн байна.

Иймд худалдагч гэрээнд заасан хугацаанд бүтээгдэхүүнийг /барааг/ нийлүүлээгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 0,3% тай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам худалдан авагчид төлөх, худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0,3%-тай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам  худалдагчид төлөхөөр тус тус тохирсон гэж үзнэ.

 

Т ХХК-нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т  зааснаар худалдан авсан бараа /бүтээгдэхүүн/-ны үнэ 15.182.920 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч ЭХХК-нь гэрээнд заасан хугацаанд гэрээгээр тохирсон галын дохиоллын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байхад хариуцагч Т ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээгээр тохирсон төлбөрийг гэрээнд заасан алдангийн хамт төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагч Т ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлд 15.182.920 төгрөг, түүний алданги болох 3.507.196 төгрөг, нийт 18.690.116 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЭХХК-д олгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 155.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас  18.690.116  /арван найман сая зургаан зуун ерөн мянга нэг зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭХХК-д  олгосугай.

 2.ИХШХШТХуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 251401 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 251401 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

                                         

                                     

ДАРГАЛАГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО