Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2489

 

МАГАДЛАЛ

 

2017.12.08                                                      № 2489                                                           Төсөл

 

ЭИ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02459 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ЭИ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ТК ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 18 690 116 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Л.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭИ ХХК нь ТК ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан ажилласан. Тус гэрээгээр манай компани гэрээний хавсралтад заасан төхөөрөмжийг нийлүүлэх, ТК ХХК нь төхөөрөмжийн үнэ болох 15 182 920 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн.

Манай компани гэрээнд заасан үүргийнхээ дагуу тоног төхөөрөмжийг хугацаанд нь хүлээлгэж өгсөн. ТК ХХК нь төхөөрөмжийн үнийг төлөөгүй тул үүргээ биелүүлэхийг амаар болон бичгээр удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй байна.

Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч тал төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд өдрийн 0.3 хувийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд гэрээний алданги 3 507 196 төгрөг болсон. Иймд үндсэн төлбөрт 15 182 920 төгрөг, алданги 3 507 196 төгрөг, нийт 18 690 116 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТК ХХК нь ЭИ ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр алданги тохиролцоогүй тул үндсэн төлбөр болох 15 182 920 төгрөгийг төлнө, алданги төлөхгүй, гэрээний 8.1-д бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй тохиолдолд гэрээний үнийн дүнгийн 0.3 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг хоног тутам захиалагчид төлнө гэж, 2.3-т худалдан авагч нь худалдагчид гэрээнд заасан хугацаанд төлбөрөө 100 хувь төлөөгүй тохиолдолд 0.3 хувь алданги тооцох гэж заасан боловч ЭИ ХХК-д алданги төлөхгүй гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ТК ХХК-иас 18 690 116 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ЭИ ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 251 401 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 251 401 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭИ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3-т "... төлбөрөө 100 хувь төлж дуусгахгүй тохиолдолд үлдэгдэл төлбөрөөс 0,3 хувийн алданги тооцох" гэж тусгасан байдаг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт "... хоног тутам, гүйцэтгээгүй үнийн дүн" гэх нөхцөлийг гэрээнд заасан байх ёстой. Гэтэл зохигчдын хооронд байгуулсан гэрээнд энэ талаар заагаагүй байдаг.

Мөн анхан шатны шүүх гэрээний 8.1-т заасан хоног тутам гэх нөхцөлийг үндэслэсэн байдаг. Энэ нь нийт үнийн дүнгээс алданги бодохоор тохиролцсон байдаг ба алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нийт үнийн дүнгээс бодохоор тохиролцох нь хууль бус байна. Харин Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт " гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжтүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлоход зохигчид буюу дээрх гэрээний талууд гэрээндээ 0,3 хувийн алданги тооцох гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасан торгууль гэж үзэхээр байна. Үндэслэл нь талууд дээрх урьдчилсан нөхцөлийг гэрээндээ тусгаагүйгээс гадна 0,5 гэж бичээгүй, 0,3 гэж тусгасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн алданги мөн гэж тооцсон дүн болох 3 507 196 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч ЭИ ХХК нь хариуцагч ТК ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 15 182 920 төгрөг, алдангид 3 507 196 төгрөг, нийт 18 690 116 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Талууд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ЭИ ХХК нь хариуцагч ТК ХХК-д 12 төрлийн нэр бүхий галын дохиоллын тоног төхөөрөмжийг худалдах, хариуцагч нь гэрээний үнэ болох 15 182 920 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээсэн, нэхэмжлэгч үүргээ биелүүлж тоног төхөөрөмжийг гэрээнд заасан тоо хэмжээгээр хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч гэрээний үнийг тогтоосон хугацаанд төлөөгүй талаархи үйл баримтын хувьд талууд маргаагүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн ба хүчин төгөлдөр байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

            Нэхэмжлэгч нь гэрээгээр алданги тохиролцсон гэж, хариуцагч нь алдангийн талаарх тохиролцоо хуульд нийцээгүй, торгуулийн талаар тохиролцсон гэж маргажээ.

            Гэрээний 2.3-т “Худалдан авагч тал нийлүүлэгч талд 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төлбөрөө 100 хувь төлж дуусгахгүй тохиолдолд үлдэгдэл төлбөрөөс 0,3 хувийн алданги тооцох” гэж тохиролцжээ.

            Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг  тайлбарлахад үгийн шууд утгыг баримтлах тул талууд алдангийн талаар тохиролцохдоо “хоног тутам” гэсэн үгийг орхигдуулсан нь алдангийн талаар тохиролцоогүй гэж дүгнэхээргүй байх бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болно .

Түүнчлэн Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дах хэсэгт зааснаар гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй гэж үзэж, гэрээний 2.3 дах заалтыг бусад нөхцөл болох гэрээний 8.1-д “Гэрээний 1:5-д заасан хугацаанд бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг хоног тутам Захиалагчид төлнө” гэсэн заалттай харьцуулж анхан шатны шүүх талуудын тохиролцоог хэн аль нь үүргийн гүйцэтгэлийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд эсрэг талдаа төлөх үүргийн гүйцэтгэлийн хангах арга болох анзаас алдангийн төрлийг сонгосон гэж тайлбарласан нь хуульд нийцжээ.

Иймд алдангийн талаар тохиролцоогүй гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд дүгнэлээ.

  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2017/02459 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                       Г.ДАВААДОРЖ

 

                                                        Э.ЗОЛЗАЯА