Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2017/02137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: аймгийн сум, баг байр тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт Э-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: хот, дүүрэг, байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, М ХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1995 оноос хойш 22 жил тус холбооны газрын нярав байцаагчаар ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Д газрын даргын тушаалаар ажлаас халагдсан. Ээлжийн амралттай байх хугацаанд Хөдөлмөрийн хуулийн 35.1.2 дахь заалтын дагуу ажил албан тушаал хэвээр хадгалагдах бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 40.3 дахь хэсэгт зааснаар ажилтны хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон байдаг. Иймд Д газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаар тушаал үндэслэлгүй тул нярвын ажилд эгүүлэн тогтоож, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,240,000 төгрөг гаргуулна. 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 9 сарын тэтгэмж 4,860,000 төгрөгийг хүлээн авсан тул хасч тооцоод нэхэмжлэлийн шаардлагаа 4,667,928 төгрөгөөр багасгаж байна гэв.

 

Хариуцагч М ХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М ХК-ийн салбар Д газрын нярав ажилтай Эг Д газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар чөлөөлсөн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Монголын тээвэр холбоо газрын тосны ажилтнуудын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой байгуулсан хамтын гэрээнд нийцүүлэн тушаал шийдвэрээ гаргасан. М ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар компанийн зарим орон тоог хасч цөөрүүлсэн бөгөөд энэхүү компанийн эрх барих дээд байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлж 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Эд ажлаас чөлөөлөх мэдэгдлийг танилцуулж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зуруулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т заасан нийцсэн. Ажилтан ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд ажлаас чөлөөлөх мэдэгдэл гардуулж ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа боловч энэ нь үндэслэлгүй бөгөөд ажлаа хийж байсныг Эгийн гаргаж өгч байсан тайлангууд болон мэдэгдэх хуудсаар тогтоогддог. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.  

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Э хариуцагч М ХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 7,907,928 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдааны үед 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,240,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 4,667,928 төгрөгөөр багасгаж байна. 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар ажилтны орон тоо хасагдсан тул тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтууд, МТХГТА-ны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоотой байгуулсан хамтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.6 дах заалт, М ХК-ны төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1 тоот тогтоол, М ХК-ны гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/80 тоот тушаалыг үндэслэн тус компанийн орон тоог нягтруулах төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоолыг хэрэгжүүлж, орон тоо хасагдсан тус газрын Захиргаа удирдлага, санхүүгийн тасгийн нярав ажилтай овогтой Э-г 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь М ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 68 тоот тушаал, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Ажил олгогч ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэг сарын өмнө мэдэгдэл хүргүүлсэн байх ба талууд энэ талаар маргахгүй байна.

М ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор компанийн ажлын байрыг 99 орон тоогоор нягтруулж  хуульд нийцүүлэн хасч, цөөрүүлэх, зохион байгуулалтын бүтцийг хавсралт ёсоор баталж, Гүйцэтгэх захиралд дээрх шийдвэрийг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн дотор үр дүнг Төлөөлөн удирдах зөвлөлд тайлагнахыг гүйцэтгэх захиралд даалгаж шийдвэрлэсэн байна.

 М ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн А/80 дугаар тушаалаар тус компанийн орон тоог нягтруулах зорилгоор нэр бүхий орон тоог хасч, ажилтны тоог цөөрүүлж, тушаалын  хоёрдугаар хавсралтаар баталж, хавсралтын 21 дүгээрт “Дархан-Уул нярав”-ын орон тоог хасахаар шийдвэрлэсэн /хх-ийн 29-32 талд/ байна.

Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “орон тоо хасагдсан” гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгох бөгөөд нярвын ажлын байр бүтцээс хасагдсан болох нь дээрх бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.      

Ажил олгогч ажилтан Эд 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 17-ны  өдөр хүртэлх хугацаанд ээлжийн амралт олгосон болох нь Ээлжийн амралтын хуваарь батлах тухай 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 33 тоот тушаал, ээлжийн амралтын мөнгийг бодож олгосон тухай Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн тэмдэглэлгээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2. ээлжийн амралттай байгаа ажилтны ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар заасан байхад ажил олгогч нь ажилтан Этай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөр дуусгавар болгон цуцалж, ажлаас чөлөөлсөн М ХК-ийн салбар Д газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 68 тоот тушаал үндэслэлгүй байна.

Иймд Эг урьд эрхэлж байсан М ХК-ийн салбар Д газрын нярвын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /сард 540.000 төгрөг х 6 сар/ 3,240,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно” гэж зааснаар М ХК-ийн салбар Д газраас ажилтан Эд 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 9 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж 4,860,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр түүний дансанд шилжүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 4,667,928 төгрөгөөр багасгаж байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Эгийн Нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын бичилтээр сарын дундаж цалин хөлсийг /хх-ийн 7-8 талд/ тооцож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулах үндэстэй.

Талууд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Монголын цахилгаан ХК нь Эд 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан олговрыг дундаж цалин хөлсөөр тооцон олгохыг хүлээн зөвшөөрч, Д газарт нярвын ажил албан тушаал байхгүй учир 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Д газрын Зүүнхараа салбарын засварчнаар ажилуулах үүргийг, харин Э нь 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа түүнчлэн Д газарт нярвын ажил албан тушаал байхгүй учир ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх үүргийг тус тус хүлээж, эвлэрэх хүсэлт гаргаж байгааг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, хэрэгсэхгүй болгуулахаар харилцан тохиролцож “Эвлэрлийн гэрээ” байгуулж шүүх хуралдаанд  ирүүлсэн байна.

Шүүх дээрх эвлэрлийн гэрээг хуульд нийцээгүй “Ажилтан 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх үүргийг хүлээж” эвлэрч байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан  ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, хязгаарлалт үүсгэж, бусдын эрх, эрх чөлөө,хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн үндэслэлээр 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10273 дугаартай шүүгчийн захирамжаар Эвлэрлийн гэрээг батлахаас татгалзаж ердийн журмаар хянан хэлэлцэхээр шийдвэрлэсэн болно.

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг  2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр “Мэдэгдэх хуудас”-аар өөрт нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх хүсэлт бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:  

          

 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эг М ХК-ийн салбар Д газрын нярвын ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3,240,000 /гурван сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг М ХК-иас гаргуулж нэхэмжлэгч Эд олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т зааснаар хариуцагч М ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 66,790 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлого болгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Н.НАРАНГЭРЭЛ