Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2017/02601

 

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 181/ШШ2017/02601

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш ХХК / /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  МХХК / /-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 209 285 685 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, түүний өмгөөлөгч М.М, хариуцагч МХХК-ийн төлөөлөгч Д.Э, нарийн бичгийн даргад Б.Энхтүвшин нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ш ХХК нь МХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Шон суурийн ажлын гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-12 хаягт байрлах газар дээр баригдах Олон Улсын Санхүүгийн Төв /international Finance Centre/-ийн шон суурийн ажлыг нийт 3.540.000 ам.долларын төсөвт өртгөөр гүйцэтгэхээр тохиролцсон.

Энэхүү гэрээний дагуу гүйцэтгэгч Ш ХХК нь захиалагч МХХК-ийн хэрэгжүүлж буй дээрх төслийн барилгын шон суурийн ажлыг 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс гүйцэтгэж эхэлсэн ба ажлыг амжилттай хийж, 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр бүрэн гүйцэтгэж дууссан.

Захиалагч гүйцэтгэгч нар нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр барилгын талбайн ажлыг хүлээлгэж өгөх ажлын акт үйлдэн гүйцэтгэгч нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн. Ингэхдээ захиалагчийн хяналтын инженер нь гүйцэтгэсэн ажпын үр дүнд ямар нэгэн доголдол гараагүй болохыг баталсан.

 Энэ үед МХХК нь гэрээний нийт төлбөрийн 97.5 хувийг гүйцэтгэгчид шилжүүлсэн байсан ба ажлыг хүлээлгэн өгсөнөөс хойш 12 сарын дотор ямар нэг доголдол гарсан тохиолдолд гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлээ хариуцах баталгаа болгон гэрээний нийт үнийн дүнгийн 2,5% буюу 88.500 ам.долларыг МХХК-д үлдээсэн.

Ажпыг хүлээлгэж өгсөнөөс хойш 12 сарын хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд ажпын гүйцэтгэлд ямар нэг доголдол, дутагдал гараагүй тул М ХХК нь дээрх баталгааны мөнгийг Ш ХХК-д олгох үүрэгтэй гэж үзэж байна.

 Гэтэл МХХК нь дээрх мөнгийг Ш ХХК-д олгоогүй тул гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг захиалагчаас гаргуулахаар ийнхүү нэхэмжилж байгаа болно.

Шон суурийн ажпын гэрээнд зааснаар Ажил гүйцэтгэх гэрээ нь нэг талаас захиалагч МХХК, нөгөө талаас гүйцэтгэгч Ш ХХК  гэсэн хоёр талын хооронд байгуулагдсан бөгөөд уг гэрээнд талуудын хооронд гарсан аливаа маргааныг хаана хандаж шийдвэрлүүлэх талаар зохицуулсан заалт тусгагдаагүй юм.

Хариуцагчийн Шон суурийн ажлын гэрээний нарийвчилсан зохицуулалт гэж тайлбарлаад байгаа “Факс илгээх хуудас” гэсэн албан бичиг нь БНХАУ-ын Хонг конгийн хуулийн этгээд Эйч, Эй, Бречин & Ко.ЛТД гэсэн компаниас илгээсэн, захидал харилцаа төдий баримт юмаа.

Энэ баримт бичиг нь шон суурийн ажлын гэрээнд хамааралгүй, Ш ХХК болон МХХК гэсэн Монгол Улсын хоёр хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын шүүхээр шийдвэрлэнэ.

Эйч, Эй, Бречин & Ко.ЛТД -иас Ш ХХК-д хандан илгээсэн 2012.05.31-ний өдрийн зурвас буюу захидлыг Шон суурийн ажлын гэрээний нарийвчилсан зохицуулалт бүхий салшгүй хэсэг гэж хариуцагч тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй юм. Ш ХХК-д хандан илгээсэн дээрх захидал нь гэрээний Хавсралт “А”-д заасан жагсаалтад  хамаарахгүй байгаа тул тус захидлыг гэрээний салшгүй хэсэг гэж үзэхгүй.

 Иймд 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан Шон суурийн ажлын гэрээний үлдэгдэл төлбөр болох 88.500 ам.доллар буюу 209.285.685 төгрөгийг МХХК-аас гаргуулж өгнө үү.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороолол, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-12 хаягт барихаар төлөвлөгдсөн “Олон Улсын Санхүүгийн Төв барилгын төсөл”-ийн Шон суурийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтанд Ш ХХК шалгарч МХХК-тай  гүйцэтгэх ажил, хугацаа, ажлын хөлс зэрэг үндсэн нөхцөлийг харилцан тохиролцож 2012 оны 5 дугаар сарын 31-ны өдөр Шон суурийн ажлын гэрээг байгуулсан.

 Шон суурийн ажлын гэрээний 2.-т заасны дагуу ажлын гүйцэтгэлийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ний өдөрт багтаан хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгчийн гаргасан ажлын ноцтой алдаа, дутагдлыг дахин засварлах зэргээр ажлын хугацаа удаан хугацаагаар сунжирч 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл буюу нийт 398 хоногоор хоцорсон.

Шон суурийн ажлын гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч талын буруугаас ажлын гүйцэтгэл хоцорсон тохиолдолд хэтрүүлсэн хоног тутам 4.500.00 ам.долларын торгуулийг нэхэмжлэгч тал төлөхөөр тохиролцсон тул хугацаа хэтрүүлсэн 398 хоногийн торгуулийн хэмжээ 1.791.000.00 ам.доллар буюу гэрээний баталгаа болох 88.500 ам.долларыг суутгасны дараахь дүнгээр 1.702.500.00 ам.доллар болж байна.

 Шон суурийн ажлын гэрээний хавсралтын J хэсэгт нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд аливаа маргаан гарсан тохиолдолд Монгол Улсын хуулийг баримтлан БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конг дахь арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож арбитрын хэлцэл хийсэн тул  Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн  13 дугаар зүйлийн 13.2, 13.3 дахь заалтуудыг зөрчин нэхэмжлэл гаргасан байна.

Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Ш ХХК нь М ХХК-д холбогдуулан Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 209 285 685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч /гүйцэтгэгч/ Ш ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Шон суурийн ажлын гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороолол, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-12 хаягт баригдах “Олон Улсын Санхүүгийн Төв”-ийн шонгийн байгууламжийн ажлыг хийж захиалагчид хүлээлгэн өгөх,  хариуцагч М ХХК нь ажлын хөлс төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, гэрээ, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 6-16,31-33-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

Хариуцагч гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй.

Зохигчид дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, тухайн үйл баримтыг хүлээн зөвшөөрч байна.

Дээрх гэрээгээр талууд  “Олон Улсын Санхүүгийн Төв”-ийн шонгийн байгууламжийн ажлыг 2012 оны 11 дүгээр сарын 15 гэхэд гүйцэтгэж дуусах,  ажлын хөлсөнд 3.690.000 ам доллар төлөхөөр тохирсон байна.

Нэхэмжлэгч /гүйцэтгэгч / Ш ХХК нь гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэн  үр дүнг хариуцагч /захиалагч/ М ХХК -д хүлээлгэн өгч “Барилгын талбайн ажлыг хүлээлгэж өгөх акт”-ыг үйлджээ./хх-ийн 10-р хуудас/ 

Уг актаар Ш ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд гэрээт ажлыг хийж дуусгасан, дараагийн үе шатны ажил болох В2 зоорийн давхарын ажил үргэлжлүүлэн хийх хэмжээнд хийсэн байна гэж дүгнэн, ажил гүйцэтгэсэн хугацааны талаар талууд маргаагүй байна.

 Гүйцэтгэгч Ш ХХК нь гэрээнд заагдсан ажлыг бүрэн гүйцэтгэж ажлын хөлсний 97,5% 3.451.500 ам долларыг хүлээн авсан, доголдлыг арилгах 12 сарын хугацаа дуусах үед ажлын хөлсний үлдэх 2,5% болох 88.500 ам долларыг захиалагч М ХХК төлөх үүрэгтэй талаар талууд маргаагүй болно. /хх-ийн11-16,38,42 –р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан Шон суурийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгч тал болох Ш ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн, ажлын үр дүнг хүлээлгэн өгч, захиалагч МХХК нь ажлын хөлс 3.690.000 ам доллар төлөхөөс 3.451.500 ам долларыг төлж, доголдлыг арилгуулах баталгаа болгон авч үлдсэн үлдэгдэл 88.500 ам долларыг төлөөгүй болох нь талуудын тайлбар, ажил гүйцэтгэх гэрээ, ажил хүлээн авсан акт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн10,12-16,33 -р хуудас/  

Гүйцэтгэгч Ш ХХК нь Шон суурийн ажлын гэрээний  дагуу ажлыг 2015 оны 8 дугаар сарын 29-нд хийж гүйцэтгэн, 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр талууд “Барилгын талбайн ажлыг хүлээлгэж өгөх акт” үйлдсэнээс хойш гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгуулах 12 сарын хугацаа өнгөрсөн, ямар нэгэн доголдол гараагүй байх тул баталгаа болгон авч үлдсэн 88.500 ам долларыг захиалагч МХХК гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй.

Хариуцагч нь Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-т зааснаар ажлын хөлсийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй ба М ХХК нь ажлын хөлсөнд 3.451.500 ам долларыг  өгч, үлдэх 88.500 ам долларыг төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч М ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 88.500 ам доллар буюу 209.285.685 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Ш ХХК -д олгох үндэстэй гэж үзлээ.

Шон суурийн ажлын гэрээ нь Ш ХХК болон МХХК-ийн хооронд хийгдсэн байх бөгөөд уг гэрээг байгуулахын тулд Хонг Конг улсын Эйч, Эй, Бречин & Ко.ЛТД -иас Ш ХХК-д хандан илгээсэн 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Факс илгээх хуудас”-аар ирүүлсэн саналыг бүгдийг нь Шон суурийн ажлын гэрээгээр талууд тохирсон гэж үзэх үндэсгүй.

Өөрөөр хэлбэл хариуцагч М ХХК нь Шон суурийн ажлын гэрээний хавсралтын J хэсэгт талуудын хооронд маргаан гарсан тохиолдолд Хонг Конг дахь арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон гэж байгааг уг маргааныг арбитрээр шийдвэрлүүлэхээр Ш ХХК болон М ХХК хоорондоо тохиролцсон гэж үзэх үндэсгүй байна.

Иймд Ш ХХК –ийн нэхэмжлэл нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан хэргийн харъяалал зөрчөөгүй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ НЬ:

1.Иргэний хээлийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч М ХХК -иас 209 285 685 төгрөгийг гаргуулан Ш  ХХК -д олгосугай.

2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 1.204.380 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.204.380 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  энэхүү  шийдвэрийг  эс  зөвшөөрвөл  шийдвэрийг  гардаж авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

                                         

                                   

ДАРГАЛАГЧ                                 Ч.ИЧИНХОРЛОО