Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2480

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02601 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ш” ХХК,

Хариуцагч “М” ХХК-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 209 285 685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мөнхжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золзаяа, өмгөөлөгч М.Мөнхжаргал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш” ХХК нь “М” ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Шон суурийн ажлын гэрээ” байгуулж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-12 тоот хаягт байрлах газар дээр баригдах Олон Улсын Санхүүгийн Төв /international Finance Centre/-ийн шон суурийн ажлыг нийт 3 540 000 ам.долларын төсөвт өртгөөр гүйцэтгэхээр тохиролцсон.

Энэхүү гэрээний дагуу гүйцэтгэгч “Ш” ХХК нь захиалагч “М” ХХК-ийн хэрэгжүүлж буй дээрх төслийн барилгын шон суурийн ажлыг 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс гүйцэтгэж эхэлсэн ба ажлыг амжилттай хийж, 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдөр бүрэн гүйцэтгэж дууссан. Захиалагч гүйцэтгэгч нар нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр барилгын талбайн ажлыг хүлээлгэж өгөх ажлын акт үйлдэн гүйцэтгэгч нь гэрээгээр гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн. Ингэхдээ захиалагчийн хяналтын инженер нь гүйцэтгэсэн ажлын үр дүнд ямар нэгэн доголдол гараагүй болохыг баталсан. Энэ үед “М” ХХК нь гэрээний нийт төлбөрийн 97.5 хувийг гүйцэтгэгчид шилжүүлсэн ба ажлыг хүлээлгэн өгснөөс хойш 12 сарын дотор ямар нэгэн доголдол гарсан тохиолдолд гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлээ хариуцах баталгаа болгон гэрээний нийт үнийн дүнгийн 2,5 хувь буюу 88 500 ам.долларыг “М” ХХК-д үлдээсэн.

Ажлыг хүлээлгэж өгснөөс хойш 12 сарын хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд ажлын гүйцэтгэлд ямар нэгэн доголдол, дутагдал гараагүй тул “М” ХХК нь дээрх баталгааны мөнгийг “Ш” ХХК-д олгох үүрэгтэй гэж үзэж байна. Гэтэл “М” ХХК нь дээрх мөнгийг “Ш” ХХК-д олгоогүй тул гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрийг захиалагчаас гаргуулахаар ийнхүү нэхэмжилж байгаа болно. Шон суурийн ажлын гэрээнд зааснаар ажил гүйцэтгэх гэрээ нь нэг талаас захиалагч “М” ХХК, нөгөө талаас гүйцэтгэгч “Ш” ХХК гэсэн хоёр талын хооронд байгуулагдсан бөгөөд уг гэрээнд талуудын хооронд гарсан аливаа маргааныг хаана хандаж шийдвэрлүүлэх талаар зохицуулсан заалт тусгагдаагүй юм.

Хариуцагчийн шон суурийн ажлын гэрээний нарийвчилсан зохицуулалт гэж тайлбарлаад байгаа Факс илгээх хуудас гэсэн албан бичиг нь БНХАУ-ын Хонг конгийн хуулийн этгээд Эйч, Эй, Бречин & Ко.ЛТД гэсэн компаниас илгээсэн, захидал харилцаа төдий баримт юм. Энэ баримт бичиг нь шон суурийн ажлын гэрээнд хамааралгүй, “Ш” ХХК болон “М” ХХК гэсэн Монгол Улсын хоёр хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын шүүхээр шийдвэрлэнэ.

Эйч, Эй, Бречин & Ко.ЛТД-иас “Ш” ХХК-д хандан илгээсэн 2012 оны 05  дугаар сарын 31-ний өдрийн зурвас буюу захидлыг шон суурийн ажлын гэрээний нарийвчилсан зохицуулалт бүхий салшгүй хэсэг гэж хариуцагч тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй юм. “Ш” ХХК-д хандан илгээсэн дээрх захидал нь гэрээний хавсралт А-д заасан жагсаалтад хамаарахгүй байгаа тул тус захидлыг гэрээний салшгүй хэсэг гэж үзэхгүй. Иймд 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан шон суурийн ажлын гэрээний үлдэгдэл төлбөр болох 88 500 ам.доллар буюу 209 285 685 төгрөгийг “М” ХХК-аас гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороолол, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-12 хаягт барихаар төлөвлөгдсөн Олон Улсын Санхүүгийн Төв барилгын төслийн шон суурийн ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад “Ш” ХХК шалгарч “М” ХХК-тай гүйцэтгэх ажил, хугацаа, ажлын хөлс зэрэг үндсэн нөхцөлийг харилцан тохиролцож 2012 оны 5 дугаар сарын 31-ний өдөр шон суурийн ажлын гэрээг байгуулсан.

Шон суурийн ажлын гэрээний 2-д заасны дагуу ажлын гүйцэтгэлийг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөрт багтаан хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгчийн гаргасан ажлын ноцтой алдаа, дутагдлыг дахин засварлах зэргээр ажлын хугацаа удаан хугацаагаар сунжирч 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл буюу нийт 398 хоногоор хоцорсон. Шон суурийн ажлын гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч талын буруугаас ажлын гүйцэтгэл хоцорсон тохиолдолд хэтрүүлсэн хоног тутам 4 500 ам.долларын торгуулийг нэхэмжлэгч тал төлөхөөр тохиролцсон тул хугацаа хэтрүүлсэн 398 хоногийн торгуулийн хэмжээ 1 791 000 ам.доллар буюу гэрээний баталгаа болох 88 500 ам.долларыг суутгасны дараах дүнгээр 1 702 500 ам.доллар болж байна.

Шон суурийн ажлын гэрээний хавсралтын “J” хэсэгт нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд аливаа маргаан гарсан тохиолдолд Монгол Улсын хуулийг баримтлан БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс болох Хонг Конг дахь арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож арбитрын хэлцэл хийсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.3 дахь заалтуудыг зөрчин нэхэмжлэл гаргасан байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 209 285 685 төгрөгийг гаргуулан “Ш” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 204 380 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1 204 380 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтөр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн бөгөөд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаангүй тул хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлүүлэхээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх шаардлагыг хангаагүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Нэхэмжлэгч, гүйцэтгэгч “Ш” ХХК нь гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэн үр дүнг хариуцагч, захиалагч “М” ХХК-д хүлээлгэн өгч барилгын талбайн ажлыг хүлээлгэж өгөх акт үйлджээ. Уг актаар “Ш” ХХК нь 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хооронд гэрээт ажлыг хийж дуусгасан, дараагийн үе шатны ажил болох В2 зоорийн давхрын ажил үргэлжлүүлэн хийх хэмжээнд хийсэн байна гэж дүгнэн, ажил гүйцэтгэсэн хугацааны талаар талууд маргаагүй байна...” гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Барилгын талбайн ажлыг хүлээлгэж өгсөн акт” гэх баримт нь хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээдийн үйлдсэн баримт биш бөгөөд ямар хуулийн этгээдийн хооронд байгуулагдсан талаар тодорхой заагаагүй, тамга, тэмдэг дарагдаагүй, гарын үсэг зурсан Б.Түмэнзоригт гэх хүн нь хариуцагч талд ямар нэгэн удирдах болон эрх бүхий албан тушаалд ажилдаггүй тул зохигчдын хооронд үйлдсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн энэхүү бичиг баримтад хариуцагч тал шон суурийн ажлыг бүрэн гүйцэтгэсэн талаар огт дурдаагүй бөгөөд харин хавтан сууриудын хооронд технологийн заадас 108 м, нийт З80 мЗ бетоны ажил хийгдээгүй хэмээн гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэл дутуу байгаа талаар тодорхой заасан байна. Хариуцагч тал шүүх хуралдааны үед энэхүү бичиг баримт нь маргаан бүхий шон суурийн ажлын гэрээний дагуу ажлын үр дүнг хүлээн авсан баримт биш гэдгийг тайлбарласан боловч шүүгч энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шон суурийн ажлын гэрээний хавсралт хэсэг болох тендерийн асуулгыг хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлсэнгүй. Талууд тендерийн асуулгыг шон суурийн ажлын гэрээний хавсралт бичиг
баримтын жагсаалтад оруулж, гэрээний бүрдэл хэсэг мөн болохыг Шон суурийн ажлын
гэрээний 3 дахь хэсэгт тусгайлан дурдсан. Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсэгт арбитрын тухай заалт бүхий ямар нэг баримт бичгийг талуудын хооронд байгуулсан гэрээнд иш татсан бөгөөд энэ нь тухайн гэрээний хэсэг болохыг гэрээнд тусгайлан заасан бол үүнийг арбитрын хэлэлцээр гэж үзнэ гэж заасны дагуу талууд хүчин төгөлдөр арбитрын хэлцэлтэй байсан болно.

Гэвч, анхан шатны шүүх ямар нэгэн үндэслэл заалгүйгээр талуудын хооронд маргаан гарсан тохиолдолд арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байна хэмээн шийдвэрт заасан байна. Шон суурийн алжын гэрээний дагуу гүйцэтгэх ажлын хэмжээ, үр дүн хүлээлцэх журам, ажлын хөлс, хөлс төлөх арга, журам, хуваарьт хугацаа зэргийг талууд тендерийн асуулгад нарийвчлан тохиролцсон бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болохыг энд дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгч тал энэхүү тендерийн асуулга, түүнд заасан арбитрын хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох талаар ямар нэгэн шаардлагыг анхан шатны шүүхэд гаргаагүй болно.

Анхан шатны шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн. Хариуцагч тал шүүх хуралдааны үед талуудын хооронд байгуулсан арбитрын хэлцэл зэрэг холбогдох нотлох баримтыг үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгч анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн талаар, улмаар мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан үндэслэл хэргийг хэлэлцэх үед тогтоогдож байгаа тул мөн хуулийн 117 дугаар зүйлд заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл бүрдсэн эсэх талаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийсний дараа хэргийг үргэлжлүүлэн хэлэлцэх тухай тодорхой хүсэлт, тайлбар гаргасан боловч анхан шатны шүүх ямар нэгэн үндэслэл дурдалгүйгээр шийдвэрлэхээс татгалзсан.

Улмаар, анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдааны явцад тайлбар гаргах боломж олгохгүй байх, түүний тайлбарыг үгүйсгэн нэхэмжлэгч талыг илтэд дэмжих, хэлэлцэгдэж байгаа асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэх зэрэг байдал тодорхой болсны улмаас хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3 дахь хэсэгт заасан үндэслэл буюу шүүгч хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн шүүгч уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ шүүх хуралдааны явцад тогтоогдож байгааг тайлбарлаж, шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргаж байгаагаа шүүгчид мэдэгдсэн.

Гэвч, шүүгч хариуцагчиин итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ямар үндэслэлээр шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргаж байгаа талаар болон ямар үндэслэл бүхий эргэлзээ байгаа талаар тайлбар хийх боломж олголгүй, шүүгчийг татгалзан гаргах тухай асуудлыг хүлээн авах эсэх талаар хэлэлцэж шийдвэрлэлгүй, хүсэлтийг сонсохоос шууд татгалзаж хэргийн зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад шүүгчээс татгалзан гаргах эрхгүй ба гагцхүү шүүгчид үүрэг болгосон заалт хэмээн тайлбарлан, шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дутаар зүйлийн 92.2, 92.3, 92.4, 92.6 дахь хэсэгт тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл болсон.

Түүнчлэн энэ нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болох юм. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 209 285 685 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нь шон суулгах ажил гүйцэтгэсний хөлсөөс 97.5 хувь буюу 3 451 500 ам.долларыг төлж, үлдэгдэл 2.5 хувь буюу 88 500 ам.долларыг төлөөгүй гэж нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч марган, талууд үүнтэй холбоотой маргаанаа арбитраар шийдвэрлүүлэхээр тохиролцсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Зохигчдын хооронд 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан “Шон суурийн ажлын гэрээ”-г талууд харилцан тохиролцож, эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зуран, тамга дарж баталгаажуулсан ба зохигчид уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Харин гэрээтэй холбоотой маргааныг арбитраар шийдвэрлүүлнэ гэж 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1154/F20120531R дугаартай “Тендерийн асуулгын хариу” бичигт тусгагдсан тул шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш гэж хариуцагч мэтгэлцжээ.

2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1154/F20120531R дугаартай “Тендерийн асуулгын хариу” нэртэй баримт бичиг хэргийн 37-44 дэх талд авагдсаны “J”-д “арбитрын ажиллагаа явуулах газар нь Хонг Конг байхыг үүгээр баталгаажуулах шаардлагатай” гэж  заасан, уг албан бичгийг “Шон суурийн ажлын гэрээ”-ний хавсралт А-д тусгаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Улмаар, “Шон суурийн ажлын гэрээ”-ний 3.0-д “Энэ бичигт өөрөөр заагаагүй бол хавсралт А-д заасны дагуу “Дахин боловсруулсан тендерийн санал” болон тендерийн баримт бичгүүд нь гэрээний нөхцөлийн хэсгийг бүрдүүлнэ. Бүх ажил нь “Дахин боловсруулсан тендерийн санал” болон тендерийн баримт бичгүүд, энэхүү хүлээн зөвшөөрсөн бичиг болон хавсралт А-д заасан тохиролцооны дагуу хийгдэнэ” гэж заасан байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч “Шон суурийн ажлын гэрээ”-ний хавсралт гэх баримтад заасан 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1154/F20120531R тоот баримт бичгийн /хх 37-44/ “В” хэсэгт гүйцэтгэх ажлын дараалал, зардал, хугацаа, төлбөр төлөх нөхцөл зэргийг тусгайлан зохицуулсныг үндэс болгон үлдэгдэл төлбөр 2.5 хувь буюу 88 500 ам.долларыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ зааж буй төлбөрийн нөхцөлийг заасан “В” хэсэг нь талуудын хоорондын гэрээний хавсралтад жагсаан заасан 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1154/F20120531R тоот баримт бичигт агуулагдсан байх боловч уг баримт бичгийн “J” хэсэгт “арбитрын ажиллагаа явуулах газар нь Хонг Конг байхыг үүгээр баталгаажуулах шаардлагатай” гэж заажээ.

 Дээрхээс үзвэл 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1154/F20120531R тендерийн санал асуулга гэх баримтад талууд маргаанаа арбитраар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Арбитрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9 дэх хэсгийн “Арбитрын тухай заалт бүхий ямар нэг баримт бичгийг талуудын хооронд байгуулсан гэрээнд эш татсан бөгөөд энэ нь тухайн гэрээний хэсэг болохыг гэрээнд тусгайлан заасан бол үүнийг арбитрын хэлэлцээр гэж үзэх” гэсэн үндэслэл тогтоогдож байна.

Иймд хариуцагчийн зүгээс анх шүүхэд гаргасан тайлбартаа хэргийн харьяаллын талаар буюу арбитрын маргаан байх талаар зааж маргасан байна. Иймд хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

Анхан шатны шүүх маргааны харьяаллын талаар талууд гэрээнд хэрхэн тусгаж тохиролцсонтой холбоотой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүй,  хэргийн харьяаллын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсон байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг зөрчин арбитрын хэлэлцээртэй маргааныг хүлээн авсан нь алдаатай болжээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/02601 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн хариуцагч “М” ХХК-д холбогдох нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1 204 380 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Д.ЦОГТСАЙХАН

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ