Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2017/03155

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 6-р хороо, 10-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 51-р байрны 99 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ФБ84081707, Чонос овогт Ганбаярын Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, Хувьсгалчдын гудамж, РД-9077588, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдох,

 

гэм хорын хохиролд 23 690 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дуламрагчаа, Ч.Цэнгэлмаа, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар/үнэмлэхийн дугаар 1054/, иргэдийн төлөөлөгч Б.Алтай, гэрч П.Батбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

  Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын хохиролд 23 690 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаадлагаа шүүх хуралдааны шатанд багасгаж, 15 690 000 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.  

Нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд нэхэмжлэл, тайлбартаа: Г.Баасансүрэн нь гэр бүлийн хүний хамт 4 настай охин Б.Очирмааг дагуулан 2017-06-07 өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нүдний шилний кабинетэд охиныхоо нүдэнд шил тааруулуулахаар очсон. Б.Очирмаагийн эцэг П.Батбилэг, эх Г.Баасансүрэн нар нүдний эмч Ж.Цэцэгмаатай уулзаж ярилцаж байтал хананд нүдний шил хийсэн шилэн хоргоны голын хаалт шил унаж охин Б.Очирмаагийн хөлийг гэмтээсэн тул охины ээж, аав яаралтай тусламжийн хүлээн авах руу очиж, охины хөлийн рентген зургийг авхуулж, өвчин намдаах лаа хийж, хөлийг нь боолгосон. Гэсэн ч охин маш их зовиуртай, 3 цаг гаруй хугацаанд уйлж байсан учраас мэс заслын тасгийн эрхлэгч Ганбаяр гэх хүнтэй уулзаж хэвтэж эмчлүүлэхээр болсон. Тэр өдрийн орой 20 цагийн үед охины эмчлэгч эмч А.Цэнджав Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмч дуудаж, охиныг үзүүлсэн. Тус төвөөс ирсэн эмч Мөнхбат хүүхдийг үзэж, оёо тавьж, үе нь зайтай болж, судас тасарч шөрмөс нь сунасан учир хадаас тавьж, оёно гипс хийнэ гэж хэлсэн. Үүний дараа хагалгаанд орохоос өмнө рентген зураг авхуул гэсний дагуу харуулахад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар шил үлдээж оёсон байсныгаа ясны хэлтэрхий гэж тайлбарласан төдийгүй хагалгаанд орохын өмнө хадаас хийсэн гэж хэлсэн боловч 20 граммын шприцийн зүү хийсэн байсан. Тухайн үед эмчлэгч эмч А.Цэнджав хагалгаанд орсон эмчид гипсний үнэ 50 000 төгрөг шаардаж авсан. Хүүхдийн зовиур арилаагүй ч 6 сарын 14 өдөр эмнэлгээс гаргасан.

Охин Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэж байхдаа байнгын зовиуртай уйлж байсан.

Эмнэлгээс гарахад ямар нэгэн эмчилгээ бичиж, зааварчилгаа өгөөгүй, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Мөнхбаттай уулз гэсэн.

Энэ эмчтэй уулзах гэтэл амарсан гэсэн тул эмч Жаргалсайханд үзүүлж, томографийн зураг авхуулахад өмнө нь ясны хэлтэрхий гэж байсан зүйлийг шил байна гэсэн . Охины хөл дотроо шилтэй бугалчихсан байсан.

Иймээс охинд 2017-06-25 өдөр хагалгаа хийж, 2017-07-05 өдөр охины цавьнаас нь арьс авч, арьс нөхөж, дахин хагалгаа хийсэн.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөр 2017-06-07 өдөр үйлчлүүлэх үед харааны шил зардаг лангууны шилийг муу бэхэлснээс болж 4 настай охин Б.Очирмаагийн зүүн хөл дээр унаж, улмаар хөлийн эрхий хурууг зүсэж ясыг нь гэмтээж, эмч нар хагалгаа хийх үедээ дотор нь шилний хагархай үлдээх, шприцний зүү үлдээх зэрэг алдаа гаргаж удаа дараалан бүтэн мэдээ алдуулалтай хагалгаанд орж хохирсон. Эцэг эх нь хүүхдээ эмчлүүлж, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд багагүй хохирол амсахын зэрэгцээ охин Б.Очирмаагийн хөлийн эрхий хуруу дээрхи гэмтлийн улмаас үеэрээ хөдлөхгүй, муруй болсон.

2017 оны 08 сарын 17 өдөр охины эцэг эх нь Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захиргаанд хандаж гомдол гаргасанд 2017 оны 10 сарын эхээр хариу өгөхдөө охины эмнэлгийн үйлчилгээнд ар гэрээс нь зарцуулсан нэхэмжилж буй зардлыг нь шийдэх боломжгүй гэсэн байсан.

2017 оны 06 сарын 07 өдөр ЭХЭМҮТ-ийн нүдний шилний кабинетэд 4 настай охин Б.Очирмааг үзүүлж байх явцад тус кабинетийн шилэн хоргоны хаалт шил хүүхдийн хөл дээр унаж хагаран хөлийг нь зүсэж гэмтээсэн, мэс заслын эмч А.Цэнджав нарын хариуцлагагүйгээс мэс засал хийхдээ хүүхдийн хөлийн хурууны дотор нь орсон шилний үйрмэг болон шприцний зүүг авалгүй үлдээж, буглаа үүсгэж удаа дараа хагалгаа хийх шаардлагатай болж, эрүүл мэндийн хувьд болон эдийн засгийн хувьд хохирол учруулсан тул Б.Очирмааг эмчлүүлэхэд эм тариа, эмчилгээ хийх, зураг авхуулах, арчилж асрах, сахих, шаардлагатай хоол хүнсээр хангах зэрэгт гарсан нийт 3 690 000 төгрөгийн зардал, мөн эцэг эх нь 2017.06.07-ны өдрөөс 2017.08.30-ны өдрийг хүртэл охиноо сахиж эмчлүүлж байсны улмаас ажлаа хийж чадахгүй цалин хөлс буюу олох ёстой байсан орлого олж чадахгүй хохирсон тул олох байсан орлого 12 000 000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү? гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тайлбартаа: 2014 оны 11 сарын 27 өдөр ЭХЭМҮТ болон Орбис төсөл интернейшнл корпорацийн хооронд байгуулагдсан төсөл ба түншийн гэрээний дагуу хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэх зорилгоор Нүдний шилний кабинетыг 2015 оны 10 сарын 26 өдөр байгуулсан бөгөөд байрлалын хувьд Хүүхдийн Зөвлөх Поликлиник (цаашид ХЗП гэх)-ээс 10 минутын зайд байрладаг. Нүдний шилний кабинетэд оптотехникч ажилладаг боловч оптотехникч нь бие даан үзлэг хийдэггүй, зөвхөн ХЗП-ийн нүдний эмчийн бичсэн жорын дагуу нүдний шилийг үйлчлүүлэгчид тохируулан сонгож, угсарч өгөх үүрэгтэй ажилтан юм.

Иймд нүдний шилний кабинетэд нүдний эмч ажилладаггүй, хараа шалгах үзлэг хийдэггүй тул нэхэмжпэлд дурдсан нүд үзэх, нүдний эмчтэй уулзах үйлчилгээг үзүүлсэн байх боломжгүй.

Түүнчлэн Б.Очирмаа нь энэ өдөр ХЗП-д үзүүлээгүй, харин 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үзүүлээд Миопи онош тавигдаж, харааны шилний жор бичүүлж байсан нь ХЗП-ийн цахим бүртгэлээс харагдаж байна.

Нүдний шилний кабинетын нүдний шилний хүрээ хадгалах шилэн шүүгээг 2015 оны 10 сарын 26 өдрийн ЭХЭМҮТ болон Мед Монгол ХХК-ийн хооронд байгуулсан тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан .

Нүдний шилний хүрээ хадгалах шилэн шүүгээ нь 2 хэсгээс тогтох бөгөөд нүүр хэсэг нь гурван шилэн хавтастай, 2 захын шилэн хавтас нугастай тул нээгдэж онгойдог, цоожтой, голын хавтас дээд талдаа төмөр бэхэлгээтэй, доод талдаа силиконоор нааж тогтоосон байсан.

Шилэн шүүгээг хүлээн авснаас хойш баталгаат хугацааны засварын хугацаанд /1 жил/ ямар нэгэн эвдрэл гарч байгаагүй.

Оптотехникч нь кабинетын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах тул долоо хоногт 1 удаа их цэвэрлэгээ, өдөр тутмын хөнгөн цэвэрлэгээ хийх үед шүүгээний голын хавтас ямар нэгэн хөдөлгөөнгүй, эвдрэл, гэмтэлгүй байсан байна.

ЭХЭМҮТөвийн Нүдний шилний кабинетын оптотехникч Ж.Цэцэгмаа эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба /цаашид ЭТҮЧА гэх/-нд бичгээр өгсөн тэмдэглэл болон тухайн үед болсон явдлаас харахад"... 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 15 цагийн орчимд Энхбат овогтой Сэрчмаа гэх 12 настай, эмэгтэй хүүхдэд баруун, зүүн нүдний харааны шилний жор бичсэн байсан ба нүдний шилний хүрээг сонгоход нь туслаад ярилцаж байх үед гаднаас охиноо дагуулсан эцэг, эх хоёр орж ирсэн. Иргэн Г.Баасансүрэн Нүдний шил хийх үү? гэж асуухад оптотехникч хийнэ гэж хариулаад компьютерын ард сууж эхний хүүхдийн шилний захиалгыг тэмдэглэж байтал иргэн Г.Баасансүрэн нүдний шилний шилэн шүүгээнээс зөвшөөрөлгүйгээр онгойлгож, нүдний шилний хүрээ авахаар нь оптотехникч очоод ямар хүрээ сонирхож байгааг асуугаад нэг хүрээ үзүүлсэн. Иргэн Г.Баасансүрэн хүрээг том байна гээд ахин шилэн шүүгээнээс хүрээ авч охиндоо сонгож эхэлтэл эхний үйлчлүүлэгч түрүүлж ирснээрээ би эхэлж үйлчлүүлмээр байна гэхээр оптотехникч буцаж ширээний ард очоод жорыг дэвтэртээ хуулж бичиж, эхний хүүхдийн нүдний хүүхэн харааны хоорондын зайг хэмжсэн. Эхний үйлчлүүлэгчид үйлчилж дуусаагүй байхад иргэн П.Батбилэг хажуу талаас орж ирээд маш их зүйл асуугаад байсан. Оптотехникч эхний хүүхдэд үйлчилж байсан учир асуулт бүрт хариулах боломж байгаагүй. Яг энэ мөчид тар, няр хийх чимээ гарч шилэн шүүгээний зүг харахад шилэн шүүгээний голын, хөдөлгөөнгүй хавтас унаж, доод хэсгээрээ 2 хэсэг болсон бөгөөд хүүхдийн хөл гэмтсэн байсан..." гэжээ.

Иймд шүүгээний хавтас унах үед оптотехникч болон эхний үйлчлүүлэгч, иргэн П.Батбилэг нар ширээний хажууд байсан, нэхэмжпэгч Г.Баасансүрэн охины хамт шилэн шүүгээний хажууд зогсоод нүдний шилний хүрээ сонгоод зогсож байсан. Түүнчлэн шилэн шүүгээний нүүрэнд Шилэнд болгоомжтой хүр гэсэн анхааруулах бичиг наагдсан байсан.

Хараа муутай хүүхдийг асран хамгаалж байсан эцэг, эхийн анхаарал сул, болзошгүй эрсдлээс хүүхдээ урьдчилан сэргийлж чадаагүй байна.

Нүдний шилний оптотехникч нь Эрүүл мэндийн сайд /цаашид ЭМС гэх/-ын 2013 оны 11 сарын 25 өдрийн 446 тоот тушаал буюу Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний 1-р хавсралтын 4.5 заалтанд Эмнэлгийн мэргэжилтэн нь тусламж үйлчилгээ үзүүлэхдээ яаралтай тусламжаас бусад тохиолдолд эхэнд ирсэнд нь эхэлж үйлчлэх буюу тэгш эрхийг хангасан хуваарилалтын зарчмыг баримтлана гэж заасны дагуу эхэлж ирсэн үйлчлүүлэгч 12 настай Э.Сэрчмаад үйлчилгээ үзүүлж байсан байна.

Дээр дурьдсан тайлбар болон болсон явдлаас харахад үйлчлүүлэгч Г.Баасансүрэн, П.Батбилэг нар нь 4 настай Б.Очирмааг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, өөрсдийн анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас нүдний шилний кабинетийн шилэн шүүгээний хавтсыг татаж унагасны

улмаас өөрсдийн охин Б.Очирмаагийн хөлийг гэмтээсэн үйлдэлд манай байгууллагын ажилтны буруутай үйлдэл байхгүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэлд охины ээж, аав яаралтай тусламжийн хүлээн авах дээр охиноо авч очиж, рентген зураг авхуулан, өвчин намдаах лаа хийж, хөлийг боолгосон. Гэсэн ч охин нь маш зовиуртай 3 цаг гаруй уйлж байсан учраас мэс заслын тасгийн эрхлэгч Ганбаяр гэх хүнтэй уулзаж хэвтэж эмчлүүлэхээр болсон байна..." гэжээ.

Үйлчлүүлэгч Б.Очирмаа, 4 настай, эмэгтэй хүүхэд ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 2017 оны 06 сарын 07 өдрийн 15.40 цагт ирж, яаралтай тусламжийн эрэмбэлэн ангилалт, амин үзүүлэлтийг хэмжихэд хүүхдийн зүүн хөлийн эрхий хуруу 1-р үе орчимд зүсэгдсэн шархтай, цус тогтсон байдалтай, амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа тогтвортой тул В үнэлгээ өгч хөлийн рентген зураг авхуулсны дараа 16. 00 цагт хүүхдийн ерөнхий мэс заслын эмч Л.Ганбаяр үзлэг хийж, хэвтэн эмчлүүлэх шийдвэр гаргаж 16.20 цагт ЭХЭМҮТ-ийн 009952 тоот Өвчний түүх /хүүхдийн/ нээгдэн, 16.30 цагт Ерөнхий мэс заслын тасаг /цаашид ЕМЗТ/-т хэвтсэн бөгөөд тухайн өдрийн мэс заслын жижүүр эмч А.Цэнджав эмчлэгч эмчээр томилогдсон нь өвчний түүхээс харагдаж байна. Хэвтэх үед антибиотик буюу нянгийн эсрэг эм, өвдөлт намдаах эмийг судсанд цагаар хийж эхэлсэн, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв /цаашид ГССҮТ/-өөс эмч дуудсан байна.

ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасаг нь ЭМС-ын 2012 оны 11 сарын 16 өдрийн 375 тоот тушаал буюу Төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжпийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасаг, нэгжийн ажиллах журмын дагуу гэнэтийн өвчин, осол, гэмтлийн үед хамгийн ойр байрлах эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, хүүхдийг Яаралтай тусламжийн тасагт хүлээн авч, яаралтай тусламжийн эрэмбэлэн ялгалт хийн тусламж үзүүлжээ.

Түүнчлэн журмын 3.8 дах заалтанд заагдсан онош тодруулах шаардлагатай тохиолдолд лабораторийн болон багажийн шинжилгээг шуурхай /2-4 цагийн дотор/ хийж, шаардлагатай төрөлжсөн мэргэжлийн эмч буюу мэс заслын эмчийг дуудан зөвлөгөө авч, ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэх шийдвэрийг гаргажээ.

Иймд хүүхэд Яаралтай тусламжийн тасагт ирснээс хойш 20 минутын дараа хэвтэн эмчлүүлэх шийдвэр гарч, 50 минутын дараа тасагт хэвтсэн байна.

18..00 цагт мэс заслын жижүүр эмчийн давтан үзлэг хийгдсэн /А.Цэнджав, У.Хүрэлбаатар/. Биеийн ерөнхий байдал тогтвортой, хэсэг газрын үзлэгт зүсэгдсэн шархнаас цус нэвтэрч боолт нэвтэрсэн тул цус тогтоох, боолт хийх, мэдээгүйжүүлгийн эмчид үзүүлэх шийдвэр гаргасан.

19:00 цагт мэс заслын эмчийн давтан үзлэг хийгдсэн / А.Цэнджав/. Шархнаас цус нэвчсэн, хурууны өнгө хүрэнтсэн учир ГССҮТ-ийн мэргэшсэн эмч буюу гар сарвуу, бичил мэс заслын эмч дуудав.

Мөн нэхэмжпэлд хагалгаанд орохоос өмнө рентген зураг авахуул гээд харуулахад... гэжээ. Гэтэл үйлчлүүлэгчийг ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасагт байхад анхны хөлийн рентген зураг авсан ба зургийн дүгнэлтийг ХЗП-ийн үйл оношийн эмч Д.Отгон бичсэн байдаг.

Иймд манай эмнэлэгт хагалгааны өмнө дахин зураг аваагүй болно.

20.00 цагт ГССҮТ-ийн Гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмч Б.Мөнхбат хүүхдийг үзэхэд зүүн хөл өвдөнө, хөхөрч, цус гарна гэх зовуурь хэлсэн ба биеийн ерөнхий үзлэгт биеийн байдал тогтвортойг тэмдэглэжээ. Хэсэг газрын үзлэгт зүүн хөлийн эрхий хуруу 1-р үе орчимд хөхөрч, няцарсан, энэ хэсэгт шархтай, хуруу 1-р үеэр тогтворгүй, эмгэг хөдөлгөөнтэй, эмзэглэлтэй, хуруу уртассан, ЭХЭМҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт байхдаа авхуулсан хөлийн рентген зургийг дүгнэхэд зүүн хөлийн эрхий хуруу 1-р үеэр мултралтай, үе үүсгэгч ясны ирмэгт жижиг хэмжээний сэлтэрхийтэй тул яаралтай шархыг цэгцлэх, хурууг бэхлэх ажилбар хийх шийдвэр гаргасан.

МNS 4621:2008 Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд-ийн II.1.2, II.2.2, II.2.3 заалтын дагуу эмчлэгч эмч/А.Цэнджав/, мэс засал хийх эмчийн /Б.Мөнхбат/ хамт үйлчлүүлэгчийн биеийн байдал, өвчний явц, хүндрэл, нас хүйсний онцлогийг тооцон бодит үнэлгээ өгч, хагалгааны заалт, хийх арга, гарч болох хүндрэлээс сэргийлэх тухай хагалгааны өмнөх дүгнэлтийг бичиж/Хавсралт 6/, үйлчлүүлэгчийн асран хамгаалагч /Г.Баасансүрэн, П.Батбилэг/ нараас ЭМС-ын 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 446 тоот тушаалын 3-р хавсралтаар мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийг бичгээр авсан байна.

Мэс ажилбар хийлгэх тухай зөвшөөрлийн хуудаст шарханд цэгцлэлт хийх, үеийг бэхлэх ажилбарын үр дүн, цус алдах, шарх үгдрэх, үжил халдвараар хүндэрч болох эрсдлийг дурдсан байна. Яаралтай хагалгааны бэлтгэл хангагдсан тул үзлэгийн дараа шууд хагалгааны хэсэгт шилжүүлсэн байна.

20:50-21:30 цагт ажилбарыг ГССҮТ-ийн гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмч Б.Мөнхбат удирдан, хэсгийн мэдээ алдуулалтын дор ариун нөхцөлд зүүн хөлийн эрхий хурууны 1-р үений мултралыг далд аргаар засаж, ариун зүүгээр 1-р үеийг дамнуулан бэхэлгээ хийж, шархыг цэгцлэн боолт хийсэн байна. ЭХЭМҮТ-ийн ЕМЗТасгийн эмч А.Цэнджав 1-р туслах эмчээр ажилласан ба ажилбарын үед ямар нэгэн хүндрэл гараагүй байна.

Нэхэмжлэлд "... ЭХЭМҮТ-ийн эмч нар шил үлдээж оёсон байсныгаа ясны хэлтэрхий гэж тайлбарласан төдийгүй хагалгаанд орохын өмнө хадаас хийсэн гэж хэлсэн боловч 20 граммын шприцийн зүү хийсэн байсан гэж дурджээ.

ГССҮТ-ийн ГСБМЗТ-ийн эмч Б.Мөнхбатын үзлэгт үе үүсгэгч ясны ирмэгт жижиг хэмжээний сэлтэрхийтэй гэж дурдсан байдаг. Түүнчлэн эмч мэс ажилбар хийхээс өмнө эмгэг хөдөлгөөнтэй үеийг бэхлэхийн тулд ясан дотуур бэхлэх аргыг ар гэрт тайлбарласныг хэлж байгаа бололтой. Лавлагаа шатлалын эмнэлгийн мэргэшсэн эмч нь ясан дотуур бэхлэх аргыг стандарт, удирдамжийн дагуу гүйцэтгэсэн эсэхийг бид тодорхойлох боломжгүй байна

MNS 4621:2008 Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдпүүд" стандартын 2.1.2-т "... хагалгаа удирдах эмч нь ... хагалгааны бэлтгэл, тухайн хагалгаатай холбогдох стандартад заагдсан бүх хариуцлагыг хүлээнэ..."гэж тул Б.Очирмаагийн мэс заслын улмаас үүссэн аливаа асуудлыг ГССҮТ-ийн ГСБМЗТ-ийн эмч Б.Мөнхбат хариуцах үүрэгтэй.

 

Ажилбарын дараа судсанд хийх антибиотикийг өргөн хүрээний эмээр сольж, хоёр антибиотикийг хавсарч, өвдөлт намдаах эмийг 6-8 цагийн зайтай, эд эсийн цусан хангамж сайжруулах эмийг 6 цагийн зайтай судсанд тарих аргаар хэрэглэсэн.

Нэхэмжлэлд хүүхдийн зовиур арилаагүй ч 06 сарын 14 өдөр эмнэлгээс гаргасан гэжээ.

ЭХЭМҮТ-ийн ЕМЗТ нь долоо хоногийн Мягмар гараг бүр зөвлөх эмчийн /ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн мэс заслын зөвлөх, гавъяат эмч Д.Авирмэд/ хамтарсан үзлэгийг тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэхүү үзлэгт тасгийн бүх эмч нар оролцон үйлчлүүлэгч нэг бүрийн эмчилгээний явц, үр дүнг хэлэлцэн, шаардлагатай эмчилгээ, зөвлөгөөг өгдөг.

Өвчний түүхээс харахад 2017 оны 06 сарын 13 өдрийн зөвлөх эмчийн хамтарсан үзлэгт хүүхдийн биеийн байдал хөнгөн, шарх улбагардуу, цэвэр, гэмтэл согог заслын эмчийн зөвлөгөө авах, хяналтанд байлгах зөвлөгөө өгсөн байна . Мөн биеийн халуун хэвийн, хоол ундандаа сайн, амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа хэвийн байсан нь эмчлүүлэгчийн амин үзүүлэлтийг хянах хуудаснаас харагдаж байна

Нэхэмжлэлд эмнэлгээс гаргахад нь ямар ч эмчилгээ бичиж зааварчилж өгөөгүй харин ГССҮТ-ийн эмч Мөнхбаттай уулз гэсэн гэжээ.

2017 оны 06 сарын 13 өдөр зөвлөх эмчийн хамтарсан үзлэгийн дараа эмчлэгч эмч А.Цэнджав нь үйлчлүүлэгчийн эцгийн дэргэд ГССҮТ-ийн ГСБМЗТ-ийн эмч Б.Мөнхбаттай утсаар ярьж, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ГССҮТ-д очиж үзүүлэхээр болсон. Үйлчлүүлэгчийн эх мягмар гарагт эмнэлгээс гарахгүй гэсэн хүсэлтийг харгалзан 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр эмнэлгээс гаргасан. Эмнэлгээс гарах, шилжих үеийн дүгнэлт /эпикриз/-д үйлчлүүлэгчид хийгдсэн шинжилгээ, эмчилгээ, ажилбарыг бичээд 3 хоногийн дараа гэмтэл, согог заслын эмчид үзүүлэх, гэмтэл, согог заслын эмчийн хяналтанд гаргасан тэмдэглэлтэй байна. Б.Очирмаагийн Амбулоториор эмчлүүлэгсдийн картанд ЭХЭМҮТ-ээс гарах үеийн дүгнэлтийг эмч бичээд ГССҮТ-ийн эмчтэй утсаар ярьснаа тэмдэглэсэн байна.

ЭХЭМҮТ-ийн ЕМЗТ-ийн их эмч А.Цэнджав нь үйлчлүүлэгчид яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, лавлагаа шатлалын эмнэлгийн мэргэшсэн эмчтэй хамтарч яаралтай мэс ажилбар хийгээд 7 хоног хяналтандаа эмчилж, эмнэлгээс гаргасан байна.

2017 оны 06 сарын 14-нөөс хойшхи хугацаанд Б.Очирмаад үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ нь ГССҮТөвөөр хийгдсэн байх тул манай байгууллагатай хамааралгүй бөгөөд энэ талаар хариу тайлбар өгөх боломжгүй юм.

Дээр дурдсан тайлбар үндэслэлээс харахад 4 настай Б.Очирмаагийн биед гэмтэл үүссэн шалтгаан нь манай байгууллагын ажилтантай хамааралгүй бөгөөд харин эцэг эх болох Г.Баасансүрэн, П..Батбилэг нар өөрсдийн анхаарал болгоомжгүй үйлдэл болон охин 4 настай Б.Очирмааг асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас охин Б.Очирмаагийн хөлийг гэмтээсэн үйлдэлд манай байгууллагын ажилтны буруутай үйлдэл байхгүй тул нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Мөн хагалгаа хийлгэснээс хойш гарсан өвчний хүндрэлийн асуудал нь мэс засал удирдсан эмч ГССҮТ-ийн ГСБМЗТ-ын эмч Б.Мөнхбат болон ГССҮТ -д хамааралтай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан төрсний гэрчилгээ, амбулториор эмчлүүлэгсдийн карт, компьютер томографийн оношлогоо, компьютер томографийн шинжилгээ, өрхийн эмнэлгийн тодорхойлолт, ЭХЭМҮТөвөөс нэхэмжлэгчид өгсөн хариу, дүгнэлт, шийдвэр, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, гэмтэл, эмчилгээг харуулсан фото зургууд, Дүнжингарав худалдааны төвийн тодорхойлолт, түрээсийн гэрээ, нэхэмжлэгчийн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, бэлэн мөнгөний орлогын баримт, тооцооны дэвтэр, зарлагын падаан, эд зүйл худалдан авсан баримтууд, төсөл ба түншийн гэрээ, төлөвлөгөө, тоног төхөөрөмж нийлүүлэх, хүлээлцэх акт, Эрүүл мэндийн сайдын тушаалууд, тэдгээрийн хавсралтууд, өвчний түүх, яаралтай тусламж үйлчилгээний хуудас, мэс ажилбар хийлгэх зөвшөөрлийн хуудас, мэс заслын тэмдэглэл, мэс заслын өмнөх дүгнэлт, мэс заслын аюулгүй байдлыг бүртгэх хяналтын хуудсууд, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нүдний шилний кабинетийн фото зургууд, мэргэжлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, эмчлүүлэгчийг эмнэлэг хүлээн авсан бүртгэл, өвчний түүх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, эмнэлгийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн охин Б.Очирмаа +5 орчим харааны бэрхшээлтэйн улмаас нэхэмжлэгч нь 4 настай охин Б.Очирмааг дагуулан өөрийн нөхөр болох гэрч П.Батбилэгийн хамт хариуцагч Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдэд зориулсан нүдний шилний кабинетаар нүдний шил тааруулуулж авахаар 2017-06-07 өдөр 14 цагийн үед очсон бөгөөд нүдний шилний хүрээ байрлуулсан шилэн шүүгээнээс хүрээ авч үзэж байх хооронд хананд байрласан шилэн хоргоны онгойх зориулалтгүй шилэн нүүр хэсэг унаж, Б.Очирмаагийн зүүн хөлийн эрхий хуруу шилэнд зүсэгдэж гэмтэл учирсан үйл явдал болсон нь зохигчийн тайлбар нь фото зургууд, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Дээрх болсон үйл явдлын талаар зохигч маргаагүй боловч гэм буруугийн талаар хариуцагч маргаж, нэхэмжлэлээс татгалзсан тайлбар гаргасан байна.

Хариуцагч байгууллагаас үйлчилгээ авах явцад нүдний шилний кабихетийн үзмэрийн шилэн хоргоны нээгдэх зориулалтын бус хэсэг унасан бөгөөд хоргоны нүүрний энэ хэсгийг 2015-10-26 өдөр ашиглалтад хүлээж авч ашиглахад дээд хэсэгтээ төмөр, доод хэсэгтээ силиконоор наасан бэхэлгээтэй байсан бөгөөд түүнийг ашиглах баталгаат хугацааны дотор засвар шаардаагүй, баталгаат хугацаа джжссанаас хойш уг хэсэгт засвар үйлчилгээ хийсэн байдал тогтоогдоогүй, шил унахад үйлчилгээ авахаар ирсэн нэхэмжлэгч, гэрч болон хүүхэд, тэдэнд үйлчилж байсан ажилтны санаатай болон болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй болно.

Иймд нүдний шилний үзмэрийн шилэн хоргоны шилэн хаалт унаж хагарсан нь уг хаалтын бэхэлгээ хангалтгүй, эд хөрөнгийн биет байдлын доголдлоос шалтгаалсан байх үндэслэлтэй тул Б.Очирмаагийн зүүн хөлийн эрхий хуруунд учирсан гэмтэл хохирол хариуцагч байгууллагын эд хөрөнгө унаснаас үүссэн, энэ үйл явдалтай шалтгаант холбоотой байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллага уг үйл яюдалд гэм буруугүй болохоо нотлох үүрэгтэй боловч түүний ирүүлсэн нотлох баримтуудаар Б.Очирмаагийн эрүүл мэндэд учирсан хохиролд хариуцагч байгууллага гэм буруугүй болох нь нотлогдохгүй байна.

Хариуцагч нь хүүхдэд үйлчлэх зориулалттай ажлын байрны аюулгүй байдлыг хангаагүй, болгоомжгүй хэлбэрийн эс үйлдэл тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Очирмаад учирсан эрүүл мэндийн хохирлыг арилгахад шаардагдсан нэхэмжлэгчээс гарсан эмийн болон эмчилгээний зардал 676 232 төгрөгийг хариуцан арилгах үүрэгтэй.

Мөн хохирогч бага насны хүүхэд учир эрүүл мэндийн гэмтлийг 2017-06-07 өдрөөс 2017-06-14 өдрийг хүртэл, 2017-06-25 өдрөөс 2017-07-11 өдрийг хүртэл хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд сахиж асарсан хугацаанд нэхэмжлэгч олох байсан орлогоо алдсаныг хариуцагчаас гаргуулах хуулийн үндэслэлтэй.

Нэхэмжлэгч олох байсан орлого 12 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа боловч тэрээр нэхэмжлэгч энэ хугацаанд 12 000 000 төгрөгийн орлогоо алдсан болохыг түүний ирүүлсэн дансны хуулга, тооцооны дэвтэр нотлохгүй юм.Түүний дансанд орсон мөнгө, тооцооны дэвтрийн тэмдэглэлд бичигдсэн мөнгөнд барааны үнэ багтсан тул бүхэлдээ түүнд орсон цэвэр орлогод тооцох үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч нэг сард өөрийн олох орлогоо 300 000 төгрөг болохыг тэрээр нийгмийн даатгалын шимтгэл төлөхдөө өөрөө тодорхойлсон байгааг шүүх үндэслэн Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу 23 хоногт олох байсан орлого 250 000 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагчаас шаардсан хохирлоо нотлохоор нэхэмжлэгчээс ирүүлсэн баримтаас амбулаторийн үзлэгээр эмчлүүлэхэд шаардагдаагүй, үүсэн шархыг боох, цэвэрлэхэд шаардагдахгүй хэсэг болон хүнсний зүйл худалдаж авсан, шатахуун худалдаж авсан тухай баримтууд нь хариуцагч байгууллагын эс үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгахад шаардагдах шууд зардалд тооцогдох үндэслэлгүй байна.

 

Ажлын байрны аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй хариуцагчаас гэм хорын нийт хохирол 906 232 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид учирсан хохирлыг арилгуулахаар тогтоож, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 276 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох хураамж 26 299 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.