Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00309

 

Г.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  22-ны өдрийн 102/ШШ2017/03155 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Б-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э Х Э М Ү Т-д холбогдох

 

Гэм хорын хохиролд 15 690 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Г.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дуламрагчаа, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 4 настай охин Б.Очирмааг дагуулан 2017-06-07 өдөр Э Х Э М Ү Т-ийн нүдний шилний кабинетэд охиныхоо нүдэнд шил тааруулуулахаар очсон. Б.Очирмаагийн эцэг П.Батбилэг, эх Г.Б- нар техникч Ж.Цэцэгмаатай ярилцаж байхад нүдний шилнүүд байршуулсан шилэн хоргоны голын хаалт шил унаж охин Б.Очирмаагийн хөлийг зүсэж гэмтээсэн. Охиныг яаралтай тусламжийн хүлээн авахад аваачиж хөлийн рентген зургийг авахуулж, өвчин намдаах лаа хийж, хөлийг нь боолгосон. Гэсэн ч охин маш их зовиуртай, 3 цаг гаруй хугацаанд уйлж байсан учраас мэс заслын тасгийн эрхлэгч Ганбаяр гэх хүнтэй уулзаж хэвтэж эмчлүүлэхээр болсон. Тэр өдрийн орой 20 цагийн үед охины эмчлэгч эмч А.Цэнджав Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс эмч дуудаж, охиныг үзүүлсэн. Тус төвөөс ирсэн эмч Мөнхбат хүүхдийг үзэж, оёо тавьж, үе нь зайтай болж, судас тасарч шөрмөс нь сунасан учир хадаас тавьж, оёно гипс хийнэ гэж хэлсэн. Үүний дараа хагалгаанд орохоос өмнө рентген зураг авахуул гэсний дагуу харуулахад Э Х Э М Ү Т-ийн эмч нар шил үлдээж оёсон байсныгаа ясны хэлтэрхий гэж тайлбарласан төдийгүй хагалгаанд орохын өмнө хадаас хийсэн гэж хэлсэн боловч 20 граммын шприцийн зүү хийсэн байсан. Тухайн үед эмчлэгч эмч А.Цэнджав хагалгаанд орсон эмчид гипсний үнэ 50 000 төгрөг шаардаж авсан. Хүүхдийн зовиур арилаагүй ч 6 сарын 14 өдөр эмнэлгээс гаргасан.

Охин Э Х Э М Ү Т-д хэвтэж байхдаа байнгын зовиуртай уйлж байсан. Эмнэлгээс гарахад ямар нэгэн эмчилгээ бичиж, зааварчилгаа өгөөгүй, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч Мөнхбаттай уулз гэсэн. Энэ эмчтэй уулзах гэтэл амарсан гэсэн тул эмч Жаргалсайханд үзүүлж, томографийн зураг авхуулахад өмнө нь ясны хэлтэрхий гэж байсан зүйлийг шил байна гэсэн. Охины хөл дотроо шилтэй бугалчихсан байсан. Иймээс охинд 2017-06-25 өдөр хагалгаа хийж, 2017-07-05 өдөр охины цавьнаас нь арьс авч, арьс нөхөж, дахин хагалгаа хийсэн. Эцэг эх нь хүүхдээ эмчлүүлж, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд багагүй хохирол амсахын зэрэгцээ охин Б.Очирмаагийн хөлийн эрхий хуруу дээрхи гэмтлийн улмаас үеэрээ хөдлөхгүй, муруй болсон. Охины эцэг эх нь Э Х Э М Ү Т-ийн захиргаанд 2017 оны 08 сарын 17 өдөр хандаж гомдол гаргасанд 2017 оны 10 сарын эхээр хариу өгөхдөө охины эмнэлгийн үйлчилгээнд ар гэрээс нь зарцуулсан нэхэмжилж буй зардлыг нь шийдэх боломжгүй гэсэн. Охин Б.Очирмааг эмчлүүлэхэд эм тариа, эмчилгээ хийх, зураг авхуулах, арчилж асрах, сахих, шаардлагатай хоол хүнсээр хангах зэрэгт гарсан зардал, олох ёстой байсан орлого зэрэгт 15 690 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нүдний шилний кабинетыг 2015 оны 10 сарын 26 өдөр байгуулсан бөгөөд байрлалын хувьд Хүүхдийн Зөвлөх Поликлиникээс 10 минутын зайд байрладаг. Нүдний шилний кабинетэд оптотехникч ажилладаг боловч оптотехникч нь бие даан үзлэг хийдэггүй, зөвхөн ХЗП-ийн нүдний эмчийн бичсэн жорын дагуу нүдний шилийг үйлчлүүлэгчид тохируулан сонгож, угсарч өгөх үүрэгтэй ажилтан. Иймд нүдний шилний кабинетэд нүдний эмч ажилладаггүй, хараа шалгах үзлэг хийдэггүй тул нэхэмжпэлд дурдсан нүд үзэх, нүдний эмчтэй уулзах үйлчилгээг үзүүлсэн байх боломжгүй. Б.Очирмаа нь энэ өдөр ХЗП-д үзүүлээгүй, харин 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үзүүлээд Миопи онош тавигдаж, харааны шилний жор бичүүлж байсан нь ХЗП-ийн цахим бүртгэлээс харагдаж байна.

Нүдний шилний хүрээ хадгалах шилэн шүүгээ нь 2 хэсгээс тогтоох бөгөөд нүүр хэсэг нь гурван шилэн хавтастай, 2 захын шилэн хавтас нугастай тул нээгдэж онгойдог, цоожтой, голын хавтас дээд талдаа төмөр бэхэлгээтэй, доод талдаа силиконоор нааж тогтоосон байсан. Шилэн шүүгээг хүлээн авснаас хойш баталгаат хугацааны засварын хугацаанд ямар нэгэн эвдрэл гарч байгаагүй. Шүүгээний хавтас унах үед оптотехникч болон эхний үйлчлүүлэгч, иргэн П.Батбилэг нар ширээний хажууд байсан, нэхэмжпэгч Г.Б- охины хамт шилэн шүүгээний хажууд зогсоод нүдний шилний хүрээ сонгоод зогсож байсан. Түүнчлэн шилэн шүүгээний нүүрэнд шилэнд болгоомжтой хүр гэсэн анхааруулах бичиг наагдсан байсан. Хараа муутай хүүхдийг асран хамгаалж байсан эцэг, эхийн анхаарал сул, болзошгүй эрсдлээс хүүхдээ урьдчилан сэргийлж чадаагүй байна. Үйлчлүүлэгч Г.Б-, П.Батбилэг нар нь 4 настай Б.Очирмааг асран хамгаалах үүргээ биелүүлээгүй, өөрсдийн анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас нүдний шилний кабинетийн шилэн шүүгээний хавтсыг татаж унагасны улмаас өөрсдийн охин Б.Очирмаагийн хөлийг гэмтээсэн үйлдэлд манай байгууллагын ажилтны буруутай үйлдэл байхгүй. ГССҮТ-ийн эмч Б.Мөнхбатын үзлэгт үе үүсгэгч ясны ирмэгт жижиг хэмжээний сэлтэрхийтэй гэж дурдсан байдаг. Түүнчлэн эмч мэс ажилбар хийхээс өмнө эмгэг хөдөлгөөнтэй үеийг бэхлэхийн тулд ясан дотуур бэхлэх аргыг ар гэрт тайлбарласныг хэлж байгаа. Лавлагаа шатлалын эмнэлгийн мэргэшсэн эмч нь ясан дотуур бэхлэх аргыг стандарт, удирдамжийн дагуу гүйцэтгэсэн эсэхийг бид тодорхойлох боломжгүй. MNS 4621:2008 Эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдпүүд" стандартын 2.1.2-т "... хагалгаа удирдах эмч нь ... хагалгааны бэлтгэл, тухайн хагалгаатай холбогдох стандартад заагдсан бүх хариуцлагыг хүлээнэ..." гэж заасан тул Б.Очирмаагийн мэс заслын улмаас үүссэн аливаа асуудлыг ГССҮТ-ийн эмч Б.Мөнхбат хариуцах үүрэгтэй. 2017 оны 6 сарын 14-нөөс хойшхи хугацаанд Б.Очирмаад үзүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ нь ГССҮТөвөөр хийгдсэн байх тул манай байгууллагатай хамааралгүй бөгөөд энэ талаар хариу тайлбар өгөх боломжгүй.

Дээр дурдсан тайлбар үндэслэлээс харахад 4 настай Б.Очирмаагийн биед гэмтэл үүссэн шалтгаан нь манай байгууллагын ажилтантай хамааралгүй бөгөөд харин эцэг эх болох Г.Б-, П.Батбилэг нар өөрсдийн анхаарал болгоомжгүй үйлдэл болон охин Б.Очирмааг асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас охины хөлийг гэмтээсэн үйлдэлд манай байгууллагын ажилтны буруутай үйлдэл байхгүй тул нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн хагалгаа хийлгэснээс хойш гарсан өвчний хүндрэлийн асуудал нь мэс засал удирдсан эмч ГССҮТ-ийн эмч Б.Мөнхбат болон ГССҮТ -д хамааралтай байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 506 дугаар зүйлийн 506.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Э Х Э М Ү Т-өөс 906 232 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгохоор тогтоож, нэхэмжлэлээс 14 783 768 төгрөгийг шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 276 400 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 26 299 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэрэнханд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Очирмаад учирсан эрүүл мэндийн хохиролыг арилгахад шаардагдсан эмийн болон эмчилгээний зардалд 676 232 төгрөгийг хариуцагч хариуцан арилгах үурэгтэй гэж үзсэн нь учир дутагдалтай. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Очирмаагийн эмийн болон змчилгээний зардал, түүнийг эмчлүүлэхтэй холбоотой машинаар үйлчлэх зайлшгүй шаардлагтай байсан учир шатахууны зардалд гээд нийт 2 783 768 төгрөгийг зарцуулсан.   

Охины хөл гэмтсэнээс хойш 2017 оны 10 сарын 20-ны өдөр хүртэл 3 cap гаруй хугацаанд хүүхдийн хөл эдгэрч чадаагүй асаргаа, эмчилгээ үргэлжилсээр байсныг амбулториор эмчлүүлэгсдийн картаар нотлогдсон. Энэ хугацаанд охины ээж ажил эрхлэх боломжгүй болж хүүхдээ асарч, эмчлүүлж байснаас хувийн хөдөлмөр эрхэлж олох байсан орлого алдсан нь түрээсийн гэрээ, хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээр тогтоогдсон. Шүүхийн шийдвэрт орлогоо алдсаныг тооцооны дэвтэр, дансны хуулга нотлохгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Учир нь эдгээр нотлох баримтад тухайлбал, Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга нь 2017.01.01-нээс 06 cap хүртэлх хугацаанд нэхэмжлэгч хувийн хөдөлмөр эрхлэн олсон орлого болох 25 215 500 төгрөгийг дансандаа байршуулж байсныг дундажлан 6 сард хуваан тооцоход сард дор хаяж 3 сая орчим төгрөг олж байсан байна гэж дүгнэх боломжтой баримт байгаа. Ер нь охины хөл нь зөвхөн 23 хоног эмчлүүлээд эмнэлэгээс гарсанаас хойш эдгэрээгүй бүтэн 4 сарын турш хөл дээрээ явж чадахгүй учир эмчилгээ, асаргаа үргэлжилсээр байсан нь тогтоогдсон баримт байхад шүүх энэхүү нотлох баримтыг зөв үнэлж дүгнэлж чадаагүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг залруулан өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Э Х Э М Ү Т-д холбогдуулан эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд  нийт 15 690 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.Б- нь бага насны буюу 4 настай охин Б.Очирмаагийн хамт 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Э Х Э М Ү Т-ийн  хүүхдэд зориулсан нүдний шилний кабинетаар үйлчлүүлэх үед шилэн тавцан унаж охины зүүн хөлийн эрхий хуруу шилэнд зүсэгдэж гэмтсэн үйл баримт нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /1-р хх-ийн 1-3, 88-94/

 

Хариуцагч байгууллагын зүгээс хүүхдэд үйлчлэх зориулалттай ажлын байрны аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас нэхэмжлэгчийн охин Б.Очирмаагийн эрүүл мэндэд гэм хор учирсан гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн Э Х Э М Ү Т-ийн эмч нар хүүхдэд учирсан гэмтэл, шарханд анхны цэгцлэлт хийх арга хэмжээг авахдаа дотор нь шил үлдээсэн, эмчилгээ, мэс засал хайхрамжгүй хийсний улмаас шил буюу гадны биет хүүхдийн хөлний хуруунд үлдэж, буглаж, буруу эмчилгээний улмаас дахин хагалгаанд орж, цавины арьснаас нь арьс авч хөлийн хуруунд нөхөх эмчилгээ хийгдсэн. Хүүхдийн хөлний хуруу муруйж гоо сайхан, эрүүл мэндэд хохирол учирсан, өвчин шаналал үүсгэсэн, эх нь хүүхдээ асарч ажлаа хийж чадаагүй үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 1-3, 9, 10, 14/

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаар гэм хорын хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зөв боловч мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар охины эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эм тариа авсан зардал болон охиныг асрахтай холбоотойгоор эх нь олох ёстой байсан орлогоо алдсан талаарх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгчийн сард 3 000 000 төгрөгийн орлого олдог байсан гэх тайлбарыг хариуцагч няцаагаагүй бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тооцооны дэвтрээс үзэхэд сар бүр харилцан адилгүй, зарим сард 3 000 000 төгрөгөөс илүү орлого олж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн 2 сар ажилгүй байсан гэж үзэж олох ёстой орлогод 6 000 000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. /1-р хх-ийн 34-40/ Нэхэмжлэгч нь дээрх бараа худалдсаны орлогоос түрээсийн төлбөрт сард 495 000 төгрөг төлдөг гэх тайлбар, баримтыг гаргасан тул түрээсийн төлбөрт 2 сард төлөх 990 000 төгрөгийг 6 000 000 төгрөгөөс хасч, олох ёстой байсан орлогод 5 010 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар /хх-ийн 17-81/ нэхэмжлэгчээс эм тарианы зардалд 427 547 төгрөг гарсан болох нь тогтоогдож байх тул уг төлбөрийг хариуцагч байгууллага нь хариуцан арилгах үүрэгтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  22-ны өдрийн 102/ШШ2017/03155 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “906 232” гэснийг “5 437 547” гэж “14 783 768” гэснийг “10 252 453” гэж, 2 дах заалтын “26 299” гэснийг “101 951” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Б-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

                                                                       Ш.ОЮУНХАНД