Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2020/00535

 

Б.Д-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/02497 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 169 дүгээр магадлалтай,

Б.Д-ий нэхэмжлэлтэй,

“И” ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дий хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д миний бие 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “И” ХХК-ийн Б/15 тоот захирлын тушаалаар онгоцны үйлчлэгчээр ажилд орсон бөгөөд өөрийн ажилдаа чин сэтгэлээсээ, хичээнгүйлэн ажиллаж өнөөдрийг хүрсэн. Манай байгууллага ажилчдаа хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасны дагуу өөрийн унаагаар үйлчилдэг бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ажилдаа явах гээд Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр зогсож байтал манай ажлын, биднийг хүргэж өгдөг автобус явж байсан бөгөөд би жолоочоос “та ажил руу явж байна уу” гэтэл “тиймээ” гэсэн тул суугаад ажилдаа явсан. Гэтэл гадны зорчигчтой автобусанд дур мэдэн суусан тул ажлаас хална гэж хэлээд 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/252 тоот тушаалаар дур мэдэн сууж, аюулгүй ажиллагааны тогтсон журмыг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас халсанд маш их гомдолтой байна. Манай байгууллага нь ажилчдын унаагаар бусад улсын нисэх багийг тээвэрлэдэг, мөн ажилчдын унааг хэрхэн ашиглах тухай огт хэлж байгаагүй, харин ажилчдын унаагаар ирж буц л гэдэг байсан.

Иймд Хөдөлмөрийн гэрээний 5.2.13 дахь хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг хөдөлмөрийн гэрээний 5.2.13 дахь заалт нь олон нийтийн газар бусадтай зүй бусаар харьцсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний заалтыг төсөөтэй хэрэглэж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь “И” ХХК-д агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллаж байхдаа буюу 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаад байрлах тус компанийн Ангарын оффист 08.00-17.00 цагийн хооронд хуваарийн дагуу ажил, үүрэг гүйцэтгэх ёстой байсан. Гэтэл Б.Д тухайн өдөр ажлын цагаас хоцорсон нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хурууны хээний бүртгэл, дур мэдэн гадны авиа компанийн нисэх баг тээвэрлэж байсан автобусанд суусан цаг минутаар нотлогддог. Ажлын цагаас хоцорсон асуудалтай нэхэмжлэгч Б.Д өөрөө маргахгүй байх. Хэрвээ Б.Д ажлын цагтаа ажил дээрээ ирсэн бол гадны авиа компанийн нисэх баг тээвэрлэж байсан автобусанд сууж, компани хоорондын бизнесийн харилцаанд сөргөөр нөлөөлсөн зүй зохисгүй үйлдэл гарахгүй байсан.

Б.Дтэй 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ХГ/15-01 тоот Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.12 дахь хэсэгт зааснаар ажилтан нь ажлын цаг бүртгэлийн журмыг чанд сахиж хурууны хээг тогтоосон цагт заавал уншуулж байх үүрэгтэй. Б.Д Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн. “И” ХХК нислэг-үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа бөгөөд нэн хариуцлагатай цаг мөчид компанийн удирдлага, нийт ажилтнууд үүрэг хариуцлагаа ухамсарлан хичээнгүйлэн ажиллаж байгаа билээ. Компанийн гадаад дахь нэр хүндийг сэргээх, харилцагч түнш байгууллагуудынхаа итгэлийг олох, орлогоо нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдлын үндсэн дээр газрын үйлчилгээний чиглэлээр АНЭУ-ын Fly Aviation компанитай харилцаж, тухайн компанийн захиалгат нислэгт газрын үйлчилгээ үзүүлж байсан. Газрын үйлчилгээний нэг багц үйлчилгээ нь тухайн компанийн нисэх баг /экипаж/-ийг тээвэрлэх үйлчилгээ байдаг. Fly Aviation компаниас 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр и-мэйлээр гомдол ирүүлсэн ба гомдолдоо зөвхөн нисэх баг тээвэрлэх тусгай үйлчилгээнд явж байгаа танай компанийн автобусанд зөвшөөрөлгүй гадны этгээд нэвтэрч нисэхийн аюулгүй байдлын зөрчил гаргалаа. Уг асуудалд тодорхой арга хэмжээ авч хариу тайлбар ирүүлэхийг хүссэн.

Дээрх гомдол манай компанид ирснээр бид асуудлыг яаралтай тодруулахад агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллаж байсан Б.Д нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гадны нисэх багийг тээвэрлэж байсан автобусанд замын дундаас суусан байсан. Түүний энэ үйлдэл бол хэнэггүй, асуудалд дүн шинжилгээ хийж аливаад нухацтай ханддаггүйг харуулсан үйлдэл болсон. Агаарын хөлгийн үйлчлэгч гэдэг бол дан үйлчилгээний ажилтан биш бөгөөд нисэх баг, зорчигч үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд хангаж ажиллах үүрэгтэй байдаг. Б.Дий хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан “И” ХХК, Fly Aviation компани хоорондын бизнесийн хамтын ажиллагаа өнөөдрийг хүртэл цаашид үргэлжлэх эсэх асуудал тодорхойгүй хүлээлтийн байдалтай байна.

“И” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.12.6 дахь хэсэгт зааснаар хамт ажиллагсад, зорчигч, үйлчлүүлэгч, гадны байгууллагын хүмүүсийг үл хүндэтгэх, зүй зохисгүй харьцах, хэт этгээд хувцаслах-ыг хориглосон байдаг. Хэрвээ хориглосон зүйлийг зөрчвөл ажилтанд сахилгын зөрчил ногдуулахаар Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.13 дахь хэсэгт заасан. Б.Дий гаргасан зөрчил нь “И” ХХК-ийн бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, сөрөг үр дагавар үүсгэсэн ноцтой зөрчил болно. Иймд нэхэмжлэгч Б.Дий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/02497 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дийг “И” ХХК-ийн агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 1 732 960 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 42 678 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 169 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/02497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “И” ХХК-иас төлсөн 42 680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.20-ны 183/ШШ2019/02497 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Дий нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Хариуцагчийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба тус шүүхийн 2020.01.22-ны 169 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно.

Хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн 2020.01.22-ны 169 дүгээр магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч Б.Дий гаргасан үйлдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1, 131.2 дахь хэсэгт заасныг үндэслэн холбогдох зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжтой байсан гэж хянасан.

Гэтэл “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” УДШ-ийн 2006 оны 33 дугаар тогтоолын 29-т сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, ур дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй гэж тайлбарласан байдаг. Мөн тогтоолын 15.4.2-т “...“ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар буй болгосон, гэж ойлговол зохино.” гэж тайлбарласан ба нэхэмжлэгч Б.Дий гаргасан үйлдэл нь ажил олгогч буюу хариуцагчийн бизнесийн ба ажил хэргийн нэр хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж сөрөг үр дагавар бий болгосон.

ИХШХШтХ-ийн 38.6-д “...түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.” гэж заасныг анхан шатны шүүх зөрчиж, нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хурал дээр хариуцагчийн зүгээс албаны и-мэйлд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй, угтаа гадны харилцагч компаниас ирсэн тухайн и-мэйлийн үр дагавар өнөөдрийг хүртэл “И” ХХК-д сөргөөр нөлөөлж, сөрөг үр дагаварыг бий болгосон. Иргэний агаарын тээвэрлэгч компаниудын хувьд харилцан итгэлцэл, нэр хүнд, аюулгүй ажиллагааны дэг журам туйлын чухал байдаг.

Анхан шатны шүүх албаны и-мэйлд үзлэг хийлгэх тухай хариуцагчийн хүсэлтийг хүлээж авахгүй гэсэн захирамж, шийдвэрээ бичгээр гаргаагүй /өнөөдрийн байдлаар хариуцагч талд танилцуулсан зүйл байхгүй байна/, мөн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдаагүй болно. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалд “...нэхэмжлэгч тал үзлэгээр тодорхойлогдох үйл баримтад маргахгүй гэж тайлбарласныг хариуцагч зөвшөөрсөн тул анхан шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм” гэж хянасан байна. Хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн асуудал огт байхгүй бөгөөд харин үзлэг хийлгэж, нотлох баримтыг бүрэн бүрдүүлэн хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж хэвээрээ байгаа.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцүүлан үзээгүй бөгөөд ажил олгогч, ажилтан нарын хооронд 2019.02.01-ний өдөр байгуулсан ХГ/15-01 тоот Хөдөлмөрийн гэрээний зөвхөн 5.2.13 дахь заалтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн. ХГ/15-01 тоот Хөдөлмөрийн гэрээг бүхэлд нь судалж хянан, үнэлж үзээгүй хэргийг шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Тус хөдөлмөрийн гэрээний 5.2.9-д “Компанийн бизнесийн нэр хүндийг гутаасан,...” гэж заасан байгаа бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан дэндүү хэнэггүй, хайхрамжгүй үйлдэл нь “И” ХХК-ийг гадны харилцагч байгууллагын өмнө түүний нэр хүндийг гутаасан үйлдэл мөн юм.

Иймд ИХШХШтХ-ийн 176.2.5-д заасны дагуу Хан-Уул дүүргийн иргэний анхан шатны шүүхийн 183/ШШ2019/02497 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 169 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 Нэхэмжлэгч Б.Д нь “И” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтны гаргасан зөрчил тогтоогдсон, ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, Б.Дийг “И” ХХК-ийн агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 732 960 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэхээр үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хүлээж авалгүй нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, ...хүсэлтийг хангаагүй шийдвэрээ бичгээр гаргаагүй, ...хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдол гаргаж байна. ...Ажилтны гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг гэж, 38 дугаар зүйлийн 38.6.-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай ...туршилт үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж, 105 дугаар зүйлийн 105.2.-т хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд  нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл шүүх хүлээн авч шинжлэн судлах, шаардлагатай бол шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэж тус тус зохицуулжээ.

Хариуцагч “И” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардаж авсан, үүнээс хойш 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэн шийдвэрлэх 34 хоногийн хугацаанд хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах боломжит хугацаа байсан бөгөөд шүүх хуралдааны үед дээрх хүсэлтийг гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байдлаа нотлоогүй тул шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэхгүй, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх эрхийг хязгаарлаагүй байна.

Мөн хүсэлтийг хангахаас татгалзсан тухай шүүх хуралдааны үед хэргийн оролцогчид тайлбарлаж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан, хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хэргийн 34 дүгээр талд авагдсан байх тул хүсэлтийг хангаагүй шийдвэрээ бичгээр гаргаагүй гэх гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн гэрээний 5.2.13.-т заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн атлаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо ажилтан 5.2.9.-д заасан ноцтой зөрчлийг гаргасан байхад хөдөлмөрийн гэрээг бүхэлд нь судалж үзээгүй гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан ...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор зохицуулсан.

Зохигчийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2.13.-т “ажлын байранд болон ажилдаа ирэх, буцахдаа ажилтнуудын автобус унаанд, эсхүл олон нийтийн арга хэмжээний үеэр бусадтай зүй бусаар харьцаж зохисгүй үйлдэл гаргасан, доромжилсон, танхайрсан, эрх чөлөөнд нь халдсан, хүч хэрэглэсэн бол ноцтой зөрчилд тооцно” гэж заасан байх ба ажилтан дээрх зөрчлийг гаргасан нь нотлогдоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Харин хариуцагчийн гомдолд дурдсан Хөдөлмөрийн гэрээний 5.2.9. дэх зохицуулалт ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлд заагдаагүй тул гомдолд заасан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжгүй, шүүх хөдөлмөрийн гэрээг бүхэлд нь судлаагүй гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

Нэхэмжлэгч Б.Дийг “И” ХХК-д агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллаж байхад нь Гүйцэтгэх захирлын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/252 тушаалаар “...гэрээт харилцагч компанийн бизнесийн харилцаанд сөргөөр нөлөөлөхүйц зохисгүй үйлдэл гарган, тухайн компанийн нисэх багийн сууж байсан албаны унаанд зөвшөөрөлгүйгээр дур мэдэн сууц, аюулгүй ажиллагааны тогтсон дэг журмыг зөрчсөн, ...батлагдсан хуваарийн дагуу гүйцэтгэх ажил, үүргээ цалгардуулж, ажлын цаг баримтлал, ашиглалтад хайхрамжгүй хандаж, ажлаас хоцорч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан...” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., ХГ/15-01тоот Хөдөлмөрийн гэрээний 3.1.3., 3.1.4., 5.2.13.-т зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна.

Нэхэмжлэгч нь ажлаас хоцорсон зөрчил гаргасантай маргаагүй боловч ажлаас чөлөөлөх ноцтой зөрчилд тооцох зөрчлийг гаргаагүй тул тушаал үндэслэлгүй гарсан гэж, хариуцагч ажил олгогчийн шийдвэр хууль зөрчөөгүй гэж тус тус маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн маргааныг үндэслэл бүхий тодорхойлж, хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгчийн гаргасан зөрчил ажлаас чөлөөлөх тушаалд заасан ноцтой зөрчилд хамаарахгүй гэх үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаалыг үндэслэлгүй гарсан гэж үзэн, нэхэмжлэлийг бүхэлд хангаж, ажилтныг урьд эрхэлж байсан агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаагүй, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан өөрийн эрх хэмжээний хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/02497 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 169 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дий гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД