Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2019/02497

 

2019 оны 11 сарын 20 өдөр

      Дугаар 183/ШШ2019/02497      

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 00 дугаар байр, 0 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Ш овогт Б.Д /рд:00000000/-ий нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Буянт-Ухаа 0000, 000 тоотод байрлах, И ХХК /рд:0000000/-д холбогдох,

 

 Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, түүний өмгөөлөгч Л.З /ШТЭҮД-0000/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д миний бие 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн И ХХК-ийн Б\00 тоот захирлын тушаалаар онгоцны үйлчлэгчээр ажилд орсон бөгөөд өөрийн ажилдаа чин сэтгэлээсээ, хичээнгүйлэн ажиллаж өнөөдрийг хүрсэн. Манай байгууллага ажилчдаа хөделмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журамд заасны дагуу өөрийн унаагаар үйлчилдэг бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажилдаа явах гээд Бөмбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр зогсож байтал манай ажлын, биднийг хүргэж өгдөг автобус явж байсан бөгөөд очтол мөн л биднийг хүргэдэг жолооч ах байсан. Ингээд би та ажил руу явж байна уу гэтэл тиймээ гэсэн тул суугаад ажилдаа явсан. Гэтэл гадны зорчигчтой автобусанд дур мэдэн суусан тул ажлаас хална гэж хэлээд 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/000 тоот тушаалаар дур мэдэн сууж, аюулгүй ажиллагааны тогтсон журмыг зөрчсөн гэх үндэслэлээр ажлаас халсанд маш их гомдолтой байна. Манай байгууллага нь ажилчдын унаагаар бусад улсын нисэх багийг тээвэрлэдэг, мөн ажилчдын унааг хэрхэн ашиглах тухай огт хэлж байгаагүй, харин ажилчдын унаагаар ирж буц л гэдэг байсан. Иймд Хөдөлмөрийн гэрээний 5.2.13 дахь хэсэгт заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг хөдөлмөрийн гэрээний 5.2.13 дахь заалт нь олон нийтийн газар бусадтай зүй бусаар харьцсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний заалтыг төсөөтэй хэрэглэж ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалин хөлсийг хариуцагчаас гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Д нь И ХХК-д агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллаж байхдаа буюу 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаад байрлах тус компанийн Ангарын оффист 08.00-17.00 цагийн хооронд хуваарийн дагуу ажил, үүрэг гүйцэтгэх ёстой байсан. Гэтэл Б.Д тухайн өдөр ажлын цаг баримтлалтад хайхрамжгүй хандаж ажлын цагаас хоцорч, 09.30-10.00 цагийн үед автобусны буудал дээр зогсож байсан ба энэ нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хурууны хээний бүртгэл, дур мэдэн гадны авиа компанийн нисэх баг тээвэрлэж байсан автобусанд суусан цаг минутаар нотлогддог. Ажлын цагаас хоцорсон асуудалтай нэхэмжлэгч Б.Д өөрөө маргахгүй байх. Хэрвээ Б.Д ажлын цагтаа ажил дээрээ ирсэн бол гадны авиа компанийн нисэх баг тээвэрлэж байсан автобусанд сууж, компани хоорондын бизнесийн харилцаанд сөргөөр нөлөөлсөн зүй зохисгүй үйлдэл гарахгүй байсан. Б.Дтэй 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан ХГ/15-00 тоот Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.12 дахь хэсэгт зааснаар ажилтан нь ажлын цаг бүртгэлийн журмыг чанд сахиж хурууны хээг тогтоосон цагт заавал уншуулж байх үүрэгтэй. Б.Д Хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн. И ХХК нислэг-үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа эхлүүлээд удаагүй байгаа бөгөөд нэн хариуцлагатай цаг мөчид компанийн удирдлага, нийт ажилтнууд үүрэг хариуцлагаа ухамсарлан хичээнгүйлэн ажиллаж байгаа билээ. Компанийн гадаад дахь нэр хүндийг сэргээх, харилцагч түнш байгууллагуудынхаа итгэлийг олох, орлогоо нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдлын үндсэн дээр газрын үйлчилгээний чиглэлээр АНЭУ-ын Fly Aviation компанитай харилцаж, тухайн компанийн захиалгат нислэгт газрын үйлчилгээ үзүүлж байсан. Газрын үйлчилгээний нэг багц үйлчилгээ нь тухайн компанийн нисэх баг /экипаж/-ийг тээвэрлэх үйлчилгээ байдаг. Fly Aviation компаниас 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр и-мэйлээр гомдол ирүүлсэн ба гомдолдоо зөвхөн нисэх баг тээвэрлэх тусгай үйлчилгээнд явж байгаа танай компанийн автобусанд зөвшеөрөлгүй гадны этгээд нэвтэрч нисэхийн аюулгүй байдлын зөрчил гаргалаа. Уг асуудалд тодорхой арга хэмжээ авч хариу тайлбар ирүүлэхийг хүссэн. Дээрх гомдол манай компанид ирснээр бид асуудлыг яаралтай тодруулахад агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллаж байсан Б.Д нь ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн гадны нисэх багийг тээвэрлэж байсан автобусанд замын дундаас суусан байсан. Түүний энэ үйлдэл бол хэнэггүй, асуудалд дүн шинжилгээ хийж аливаад нухацтай ханддаггүйг харуулсан үйлдэл болсон. Агаарын хөлгийн үйлчлэгч гэдэг бол дан үйлчилгээний ажилтан биш бөгөөд нисэх баг, зорчигч үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, нисэхийн аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд хангаж ажиллах үүрэгтэй байдаг. Б.Дий хариуцлагагүй үйлдлээс шалтгаалан И ХХК, Fly Aviation компани хоорондын бизнесийн хамтын ажиллагаа өнөөдрийг хүртэл цаашид үргэлжлэх эсэх асуудал тодорхойгүй хүлээлтийн байдалтай байна. И ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.12.6 дахь хэсэгт зааснаар “хамт ажиллагсад, зорчигч, үйлчлүүлэгч, гадны байгууллагын хүмүүсийг үл хүндэтгэх, зүй зохисгүй харьцах, хэт этгээд хувцаслах”-ыг хориглосон байдаг. Хэрвээ хориглосон зүйлийг зөрчвөл ажилтанд сахилгын зөрчил ногдуулахаар Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.13 дахь хэсэгт заасан. Улсын Дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 00 дугаар тогтоолын 15.4.2-т тайлбарласнаар ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулахбизнесийн ба ажил хэргийн нэр хундийг нь гутаах зэргээр тууний эрх. ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино гэсэн байдаг. Б.Д-ий гаргасан зөрчил нь И ХХК-ийн бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, сөрөг үр дагавар үүсгэсэн ноцтой зөрчил болно. И ХХК Б.Д-ийг агаарын хөлгийн үйлчлэгчээр тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн хооронд ОХУ-ын Москва хот дахь Аэрофлот компанийн сургалтын төвд сургалтад хамруулан компаниас нийт 7 369 119,02 төгрөгийн зардал гаргасан байдаг бөгөөд И ХХК болон Б.Д нарын хооронд Хөдөлмөрийн гэрээнээс гадна тогтвортой ажиллах гэрээ, тусгайлан сургалтын гэрээг тус тус байгуулсан. И ХХК-ийн захирал, удирдлагаас өнөөдрийн байдлаар Б.Дөөс дээрх сургалтын төлбөрийг нэхэмжлээгүй байгаа бөгөөд шаардлагатай бол санхүүгийн тооцоо судалгааг нарийвчлан гаргаж, сургалтын төлбөр гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг шүүхэд гаргах болно. Иймд нэхэмжлэгч Б.Д-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч И ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

            Нэхэмжлэгч нь тус компанийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн тушаалд гомдлоо 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гомдлоо гаргана” гэж заасантай нийцэж байна.  

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Б.Д болон хариуцагч И ХХК-ийн хооронд 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, тус компанийн гүйцэтгэх захирлын мөн өдрийн Б/00 тоот тушаалаар Б.Д-ийг агаарын хөлгийн үйлчлэгчээр ажиллуулсан болох нь тогтоогдож байна.

 

Улмаар И ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/000 тоот тушаалаар Б.Дийг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, 43 дугаар зүйл, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод түр журмын 7 дугаар зүйлийн 7.3.3 дахь заалт, 7.4 дэх заалт, 7.5.13 дахь заалт, 7.12.6 дахь заалт, 7.13 дахь заалт, хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 3.1.4 дэх заалт, 5 дугаар зүйлийн 5.2.13 дахь заалтыг тус тус үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр тасалбар болгон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна.  

 

 

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдол бүрт эрхийн акт буюу тушаал гаргах ба энэхүү тушаал нь эрх зүйн үр дагавар үүсгэж, хуулинд нийцсэн байхыг шаарддаг тул ажилтныг ажлаас халсан тушаалд баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл, заалт нь ажлаас халсан үндэслэлтэй тохирсноор Хөдөлмөрийн хуульд нийцэх ёстой.

 

Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох нэг үндэслэл нь ажил олгогчийн санаачлагаар цуцлах зохицуулалт бөгөөд энэ үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харш үйлдэл, эс үйлдлийг ойлгох ба ажил олгогч, ажилтан нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаарддаг.

 

Талууд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчлийн нэр төрлийг тухайлан тусгасан байх тул дээрх гэрээ нь талуудын чөлөөт байдлыг хангасан, хөдөлмөрлөх гол нөхцлийг тохиролцсон Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт нийцсэн гэрээ гэж шүүх дүгнэсэн бөгөөд гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.13-т “...ажлын байранд болон ажилдаа ирэх, буцахдаа ажилтнуудын автобус унаанд болон эсхүл олон нийтийн арга хэмжээний үеэр бусадтай зүй бусаар харьцаж, зохисгүй үйлдэл гаргасан, доромжилсон, танхайрсан, эрх чөлөөнд нь халдсан, хүч хэрэглэсэн бол ноцтой зөрчилд тооцох бөгөөд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно” гэжээ. 

 

Нэхэмжлэгч “...Хөдөлмөрийн гэрээний 5.2.13 дахь заалтыг төсөөтэй хэрэглэж, олон нийтийн газар бусадтай зүй бусаар харьцсан гэх үндэслэлээр ажлаас үндэслэлгүй чөлөөлсөнд гомдолтой байна, би ажлаас хоцорсонд маргахгүй боловч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох хэмжээний алдаа дутагдал гаргасан гэж үзэхгүй байна” гэж маргасан.

 

Хариуцагч “...Тус компанийн гадаад дахь нэр хүндийг сэргээх, харилцагч түнш байгууллагуудынхаа итгэлийг олох, орлогоо нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдлын үндсэн дээр газрын үйлчилгээний чиглэлээр АНЭУ-ын Fly Aviation компанитай харилцаж, тухайн компанийн захиалгат нислэгт газрын үйлчилгээ үзүүлж байсан. Гэтэл зөвхөн нисэх баг тээвэрлэх тусгай үйлчилгээнд явж байгаа автобусанд зөвшеөрөлгүй гадны этгээд нэвтэрч нисэхийн аюулгүй байдлын зөрчил гаргасан гэх үндэслэлээр Fly Aviation компаниас 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр и-мэйлээр гомдол ирүүлсэн, улмаар Б.Дий хариуцлагагүй үйлдлийн улмаас И ХХК, Fly Aviation компани хоорондын бизнесийн хамтын ажиллагаа өнөөдрийг хүртэл цаашид үргэлжлэх эсэх асуудал тодорхойгүй байна. Иймд Б.Дий гаргасан зөрчлийг И ХХК-ийн бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, сөрөг үр дагавар үүсгэсэн ноцтой зөрчил гэж үзэж ажлаас халсан нь үндэслэлтэй. Б.Д нь Хөдөлмөрийн гэрээний 5.2.13-т зааснаар “...ажилдаа ирэх, буцахдаа ажилтнуудын автобус унаанд зохисгүй үйлдэл гаргасан” гэж тайлбарласан.

 

Талуудын тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч Б.Д 08.00 цагт эхлэх ажилд ажилтнуудын автобусаар үйлчлүүлэх ёстой атал ажлын цагаас хоцорч, улмаар 10.00 цагийн орчимд харилцагч байгууллагад үйлчилгээ үзүүлж байсан автобусанд дур мэдэн суусан буруутай үйлдэл тогтоогдох боловч дээрх зөрчил нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.13-т заасан хөдөлмөрийн гэрээг шууд дуусгавар болгох ноцтой зөрчилд хамаарагдахааргүй байх тул уг заалтыг баримтлан ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл ажил олгогч нь нэхэмжлэгч Б.Дий гаргасан дээрх зөрчлийн шинж, үр дагавар зэргийг харгалзан, мөн хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон ажлын цаг бүртгэлийн журам зөрчсөн эсэхийг дүгнэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.2-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг оногдуулах боломжтой атал ажлаас халсан нь үндэслэлгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дийг И ХХК-ийн агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.       

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажилд эргүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлоход 1 өдрийн цалин 43 324 төгрөг байна. Иймд 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 40 хоногийн ажилгүй байсан хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 732 960 төгрөгийг хариуцагч И ХХК-иас гаргуулан Б.Д-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ий ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.  

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1 дэх хэсэгт зааснаар ...байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд хуульд заасны дагуу гомдол гаргасан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн хангасан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 42 678 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Д-ийг И ХХК-ийн агаарын хөлгийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 1 732 960 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгож, хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж баталгаажуулахыг даалгасугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Д нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 42 678 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ