Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2017/03064

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг, 4-р хороо, 50000-т, 20-р байрны 74 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЦЗ57021565, Боржигон овогт Пүрэвцэрэнгийн Энхцэцэгийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, ХД-86/2-р байрны 51 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ХЗ65020614, Огой овогт Довдонгийн Бямбацогт,

хариуцагч- Сонгинохайрхан дүүрэг, 1-р хороо, Толгойтын 83-р гудамжны 03 тоотод оршин суух, эрэгтэй, РД-РЮ75030710, Бэсүд овогт Доржийн Болдбаатар нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 39 712 500 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч Д.Бямбацогт, Д.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч хариуцагч нараас зээл 15 000 000 төгрөг, зээлийн 17 сарын хүү 11 475 000 төгрөг, алданги 13 237 000 төгрөг, нийт 39 712 500 төгрөгийг гаргуулах, үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Д.Бямбацогт, Д.Болдбаатар нар сар бүр 4,5 хувийн хүү төлнө гэж 15 000 000 төгрөг зээлсэн. 4 сарын хүүгээ төлөөд тэрнээс хойш өнөөдрийг хүртэл зээлээ огт төлөөгүй ба утсаар ярихад төлнө гэдэг.Иймд үндсэн зээл 15 000 000 төгрөг 17 сарын хүү 11 475 000 төгрөг, алданги 13 237 000 төгрөг нийт 39 712 000 төгрөгийг гаргуулж өгнө үү?. Зээлийн гэрээний үүрэгт Д.Бямбацогт өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалсан. Зээлийн гэрээний үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү? гэв.

Хариуцагч Д.Бямбацогт тайбартаа: П.Энхцэцэг нь Эх тэргүүн ХХК-ийн захирал Ч.Ганболд, хуулийн зөвлөх Соёл-Эрдэнэ нарыг таньдаг юм билээ. Би өөрийн төрсөн ах, тус компанид ажиллаж байсан Д.Бямбасүрэнгийн гуйлтаар өөрийн өмчлөлд байдаг, Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, ХД 86-р байрны 51 тоот орон сууцыг Эх тэргүүн ХХК-д хэрэгцээтэй байсан гэх 15 000 000 төгрөгийг зээлэх барьцаанд 1 сарын хугацаатайгаар П.Энхцэцэг гэх үл таних эмэгтэйд тавьж гэрээ хийсэн юм. Ах Д.Бямбасүрэн над руу ярьж, менежер Д.Болдбаатарыг явуулчихья, чи байраа барьцаалаадах аа, манай компанид 15 000 000 төгрөг хэрэгтэй байна гэсэн юм. Д.Болдбаатар над руу ярьж, Ган зам зочид буудалд хүрээд ир гэсэн. Гэрээ байгуулсны дараа П.энхцэцэг, Д.Болдбаатар хоёр Хаан банк руу орсон. Би ороогүй. Гарч ирээд боллоо гээд явцгаасан. Зээлсэн мөнгийг Эх тэргүүн ХХК-ийн ажилтан Д.Болдбаатар П.Энхцэцэгээс гардаж авсан байх. Зээл авснаас хойш 2 жилийн хугацаанд П.Энхцэцэг над руу нэг ч яриагүй байж байгаад 2017 оны 07 сард нөхөр нь ярьсан. Эх тэргүүн ХХК-ийн захирал Ч.Ганболд руу хэл ээ, авгай загнаад байна гэхээр нь би мөнгө аваагүй, өгсөн хүнээсээ нэх гэж хэлсэн.

Зээлийн гэрээний 5-д гэрээ зээлсэн мөнгийг зээлдэгчид гардуулан өгсөн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно гэж заасан байна. Надад энэ мөнгийг авч хэрэглэх шаардлага огт байгаагүй, би хэрэглээгүй, ашиглаагүй. Зээлийн хүүг би төлөөгүй. Д.Болдбаатар нь П.Энхцэцэгээс авсан 15 000 000 төгрөгийг хэнд өгсөн, П.Энхцэцэг нь 4 сарын хүүг хэнээс авсан болохыг тодруулж, үнэн учрыг тогтоон миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг буцаан гаргуулж өгнө үү? Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Д.Болдбаатар тайлбартаа: 2015-08-03 өдөр Эх тэргүүн ХХК-ийн захирал Ч.Ганболд, Д.Бямбасүрэн нар над руу утсаар ярьж манай дүүгийн байрыг барьцаанд тавиад мөнгө аваад ирээч гэсэн. Би тус компанид менежерээр ажиллаж байсан тул Ц.Энхцэцэгтэй утсаар ярьж байр барьцаанд авч, зээл өгөх үү гэхэд тэгье гэсэн. Иймд Д.Бямбасүрэнгийн дүү Д.Бямбацогтыг Ц.Энхцэцэгтэй уулзуулж, тэд хоорондоо тохиролцож, гэрээнүүдийг хуулийн дагуу хийсэн. Мөнгийг Ц.Энхцэцэгээс авахад нэг сарын хүү 675 000 төгрөгийг суутгаж, 14 325 000 төгрөгийг өгснийг би Ч.Ганболдод хүргэж өгсөн.

Уг гэрээнүүд Д.Бямбацогт, Ц.Энхцэцэг нарын хооронд байгуулагдсан бөгөөд би мөнгийг зөөвөрлөсөн тул намайг хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй.Надаар нийт 4 сарын хүүг Эх тэргүүн ХХК нэхэмжлэгчид төлүүлсэн.Зээлийг Эх тэргүүн ХХК төлөх тухай баримтыг шүүхэд авчирч өгсөн гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, Эх тэргүүн ХХК-ийн албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Д.Бямбацогт нь Эх тэргүүн ХХК-д ажилладаг өөрийн ах Д.Бямбасүрэнгийн хүсэлтээр, Эх тэргүүн ХХК-д эргэлтийн хөрөнгийн зориулалтаар ашиглуулахаар, нэхэмжлэгч Ц.Энхцэцэгтэй 15 000 000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сард 4,5 хувийн хүүтэй зээлэ авах зээлийн гэрээг, зээлийн гэрээний үүрэгт Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, ХД 86-р байрны 51 тоот дахь, өөрийн өмчлөлийн, 30 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалахаар барьцааны гэрээг тус тус байгуулсан байна.

Зээлж авах мөнгө хариуцагчид өөрт нь хэрэгцээтэй байгаагүй ч ахынхаа гуйлтын дагуу, нэхэмжлэгчтэй харилцан хүсэл зоригоо илэрхийлэн, Иргэний хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан зээл болон барьцааны гэрээг байгуулсан байх тул зохигчийн байгуулсан эдгээр гэрээнүүд хүчин төгөлдөр байна.

Иймд зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд 15 000 000 төгрөгийг шилжүүлэн өгөх, хариуцагч тохирсон хугацаанд, тохирсон хүүгийн хамт зээлийг буцаан төлөх, зээлийн гэрээний үүргийг эс биелүүлбэл барьцаалсан орон сууцаар зээлийн үүргийг хангах үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч зээлдэгчийн өмчлөлд 15 000 000 төгрөгийг шилжүүлэн өгөх үүргээс 14 325 000 төгрөгийг Эх тэргүүн ХХК-ийн ажилтан болох хариуцагч Д.Болдбаатарт өгсөн байх бөгөөд хариуцагч Д.Бямбацогт мөнгийг өөрөө аваагүй тул тэрээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

Зээлдэгч Д.Бямбацогт гэрээг байгуулсны дараа зээлдүүлэгч болон хариуцагч Д.Болдбаатар нартай Хаан банк руу явсан, зээлдэгч өөрөө банк руу ороогүй, гадна нь хүлээж байсан, зээлдүүлэгч уг банкнаас мөнгө авч, гэрээний дагуу өгөх мөнгийг Д.Болдбаатарт хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч болон Д.Болдбаатар нар банкнаас гарч ирээд боллоо гэснээр зохигч явцгаасан үйл явдлаас дүгнэхэд зээлдүүлэгч зээлийн гэрээгээр тохирсон мөнгийг зээлдэгчид биечлэн хүлээлгэж өгөөгүй боловч, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2 дахь хэсэгт заасны дагуу Д.Бямбацогт нь ахынхаа хүссэний дагуу мөнгийг Д.Болдбаатарт өгч явуулахыг зөвшөөрсөн байх тул зээлдүүлэгч үүргийг хүлээлгэн өгсөн гэж үзнэ.Иймд гэрээний 5-д заасны дагуу нэхэмжлээс татгалзаж байгаа хариуцагч Д.Бямбацогтын татгалзал үндэслэлгүй байна.

Зээлийн хүү бол зээлийг нэг сар ашигласны хөлс болох тул зээлийг ашиглаагүй байхад нэхэмжлэгч нь олгох зээлээс нэг сарын хүүг суутган авах эрхгүй юм.Иймээс нэхэмжлэгч гэрээгээр тохирсон зээлийг олгох үүргээс 14 325 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасны дагуу зохигчоос ИХШХШТХуулиар хүлээсэн тус бүрийн үүргийн дагуу нотлох баримтуудаа ирүүлэхийг тус шүүхээс хугацаа тогтоож шаардсан боловч нотлох баримт ирүүлээгүй тул олгосон зээлийн хэмжээ, төлсөн хүүг зохигчийн тайлбарт үндэслэн, Д.Бямбацогтын авсан зээлийг эргэлтийн хөрөнгөөр ашигласан Эх тэргүүн ХХК 4 сарын хугацааны зээлийн хүүг хариуцагч Д.Болдбаатараар нэхэмжлэгчид хүргүүлсэн, тооцуулсан болохыг тогтоолоо.

Зээлийн гэрээний хугацааг сунгасан гэж нэхэмжлэгч тайлбарлаж, 17 сарын хугацаанд зээлийн хүү төлүүлэхээр шаардсан боловч зээлийн гэрээний хугацааг гэрээний талууд тохирч сунгасан нь тогтоогдохгүй байна.

Д.Бямбацогт зээлийн гэрээг нэг сарын хугацаатай байгуулсан байх тул нэхэмжлэгч нь зээлдэгчид олгосон зээлдээ нэг сарын хүү шаардах эрхтэй юм.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээл 14 325 000 төгрөгийг, зээлийн нэг сарын хүү 644 625 төгрөгийг зээлдэгч Д.Бямбацогт төлөх үүрэгтэй байжээ.

Зээлдэгч нэг сарын хүүд суутгуулсан гэх 675 000 төгрөг нь зээлдэгчийн биелүүлсэн үүрэгт тооцогдохгүй бөгөөд харин 3 сарын хүүд төлсөн 2 025 000 төгрөгийг зээлдэгчийн биелүүлбэл зохих үүргээс хасч тооцох тул зээлийн гэрээний дагуу зээлдэгч 12 944 625 төгрөгийг төлөх үүргийг биелүүлээгүй 2015-09-03 өдрөөс гэрээний хугацааг хэтрүүлсэн байна.

Зээлийн гэрээний 4-т зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй хугацаа хэтрүүлбэл хоног тутам 0,5 хувиар алданги тооцохоор гэрээний талууд тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь заалтыг зөрчөөгүй байна.Иймд зээлдэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан заалтаар хягаарлаж, 6 472 312 төгрөгийг алдангид төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Д.Болдбаатар зээлийн гэрээний тал биш байх тул түүнээс зээлийн гэрээний болон барьцааны гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

Зээлдэгч зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгчид барьцаалагдсан орон сууцыг худалдахыг шаардах эрх үүссэн байна.

Зээлдэгч зээлийн гэрээний дагуу биелүүлбэл зохих дээрх үүргийг сайн дураараа эс биелүүлбэл зээлийн гэрээний үүрэгт барьцаалуулсан Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол, ХД 86-р байрны 51 тоот дахь, улсын бүртгэлийн Ү-2205049277 дугаарт бүртгэгдсэн, Д.Бямбацогтын өмчлөлийн, 30 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн 56.2, 60.1, 63.1.3 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 356 600 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэмж 70 200 төгрөгий улсын орлогод төлүүлж, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох 325234 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,