Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2017/02202

 

 

 

 

 

   2017 оны 11 сарын 14 өдөр

      Дугаар 182/ШШ2017/02202

               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Б.А

Хариуцагч: НЗД,

Хариуцагч: НБГ,

 

            ажилд эгүүлэн тогтоолгох, олгоогүй үеийн цалин хөлсийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А миний бие НБГын даргын 2014.01.31-ний Б/16 тоот тушаалаар Нийслэлийн Багануур дүүрэг дэх ***-р сургуулийн захиралын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад НЗДын 2015.01.26-ны Б/11 тоот захирамжаар мөн дүүргийн Нийслэлийн Багануур дүүрэг дэх 125-р сургуулийн захирлаар томилогдон өнөөдрийг хүртэл идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байна.

Гэтэл намайг 2017 оны 06 сарын 29-ний өдрөөс 2017 оны 08 сарын 16-ны өдрийг хүртэл амраад эргээд ажилдаа орж, бие муудаад өвчтэй байж байхад 2017 оны 08 сарын 17-ны өдөр Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Б утсаар холбогдож НЗДын захирамж гаргасан байна, таны ажлыг 10 цагт хүлээлцэнэ гэж дуудахад нь би өвчтэй байна гэдгээ хэлсэн. Үүний дараагаар тамгын газрын дарга Баттүшиг өрөөндөө ир гэж дуудахад нь очиход “Таныг 2017 оны 06 сарын 28-ны өдөр ажлаас халсан захирамж гарсан байна” гэж НЗДын 2017 оны 06 сарын 28-ны Б/123 тоот захирамжийг хальт үзүүлээд, нэг хувийг нь авья гэхэд өгөхгүйгээр шууд ажлаа хүлээлц, комисс очно, ажлаа хүлээлгэж өгөөд тушаалаа ав гэж тулган шаардсан. Сургуулийн заал түрээслэсэн, заах аргач багшийн зэргийн нэмэгдлийг хууль бусаар авсан гэж үзсэн байсан. Манайх заал түрээслэж орлого олоогүй, харин ганц нэг байгууллагатай хамтран ажиллах гэрээгээр зааландаа тэмцээн зохиолгож, тэд манай хүүхдүүдийг уралдаан тэмцээнд ороход нь тусалж байсан. Мэргэжлийн зэргийн нэмэгдлийн хувьд, би өөр нэмэгдэл авдаггүй, би 2016 оны 9-12 сар, 2017 лны 1 сард л нэмэгдлээ авсан. Бусад үед ер аваагүй. Заах аргач мэргэжлийн зэргийн хугацаа 5 жил бөгөөд сургуулийн захирлын 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тушаалаар надад “заах аргач” мэргэжлийн зэрэг олгосон ба үнэмлэхийг 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олгосон. Би 2017 оны 1 сараас хойш аваагүй. Нэмэгдлийг олго гэсэн НБГын даргын тушаал байдаг. Би дур мэдэж нэмэгдлийг аваагүй юм. Ажлаас халсныг хууль бус гэж үзэж байх тул Б.Аг Нийслэлийн Багануур дүүрэг дэх 125-р сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 сарын 31-ний өдрийн 8071 дугаартай захирамжийн дагуу Б.А нь ажил үүргээ зохих хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байгаа боловч хариуцагчаас шүүгчийн захирамжийг үл хүндэтгэн нэхэмжлэгчийн ажлын байранд хууль бусаар нэвтрэх, тамга тэмдэг зөвшөөрөлгүй авч явах, ажлын цагт бодогдох үндсэн цалинг олгохгүй байх зэрэг хууль бус үйлдлүүдийг гаргаж байх тул шүүхийн шийвэр гарах хүртэлх хугацааны үндсэн цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: НЗДын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны Б/11 дүгээр захирамжаар Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлаар Б.Аг томилсон. НБГын 04 дүгээр сарын 27-ны өдрийн удирдамжаар Багануур дүүргийн *** дугаар сургууль, “Боловсрол” цогцолбор сургууль, “Гүн галуутай” цогцолбор сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаж төлөвлөгөөт бус шалгалтыг явуулсан. Уг ажлын хэсгийн шалгалтын бүрэлдэхүүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн дотоод аудитын газар, НБГын төлөөлөл багтсан. Шалгалтаар: Сургуулийн заалыг гадны аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөртэй түрээслүүлдэг нь тогтоогдсон бөгөөд энэ нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д “Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д “өөрт олгогдсон эд хөрөнгийн  бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах” гэснийг зөрчсөн, мөн захирал нь эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөл, шийдвэргүйгээр 2016 оны 09-12 сар, 2017 оны 01 дүгээр сард нийт 356.900 төгрөгний “заах аргач” мэргэжлийн зэргийн нэмэгдэл өөртөө авч Сургуулийн дотоод журмын 2 дугаар хэсгийн 2.5.2-д заасан “захирал Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрх, үүрэг хүлээнэ”, 2.5.4-д заасан “Захирал нь үйл ажиллагаандаа Монгол улсын Олон улсын холбогдох хууль тогтоомжийн заалтыг мөрдөнө”, 2.5.5-д заасан “Захирал ашиг сонирхлын зөрчилгүй байж сургуулийн батлагдсан төсөв, өмч хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулна” гэснийг зөрчсөн гэж тогтоосон.

Б.Агийн гаргасан зөрчил нь  Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон, тэр хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан “байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”, 6.2.12-т заасан “санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагуудын акт, дүгнэлтээр тогтоогдсон” гэсэн ноцтой зөрчил гаргасан.

Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар хэсгийн 7.2-д “Энэ гэрээний 6.2-д заасан болон хууль тогтоомжид заасан зөрчил гаргасан бол ажлаас чөлөөлөх саналыг Нийслэлийг засаг даргад хүргүүлнэ” гэж заасны дагуу НЗДд НБГын даргын 2017 оны 06 дугаар сарын 19-ний 01/700 дугаар албан бичгээр Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирал Б.Аг ажлаас халах саналыг хүргүүлсэн. НЗД Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/123 тоот сахилгын шийтгэл ногдуулах захирамжийг гаргасан.

Сургуулийг захирал удирдах бөгөөд захирлын ажлын байрны тодорхойлолт, чиг үүргээр хууль тогтоомжийг хэрэгжүүлж хяналт тавих, төсвийн шууд захирагч болохын хувьд төсвийн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэгтэй.

 Иймд Б.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх Д.Энхбаатар, Д.Нямтуяа Д.Эрдэнэцэцэг нарыг шүүх хуралдаанд оролцуулж гэрчээр асуусан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

Шүүх нэхэмжлэл, *** дугаар сургуулийн захирлаар томилох тухай НЗДын захирамж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ***-р сургуулийн дотоод журам, ээлжийн амралтын хуваарь, урамшил олгох тухай, цалин шинэчлэн тогтоох тухай Боловсролын газрын даргын тушаал НЗДын захирамж, НБГын Б.Аг ажлаас халах санал, ажлын хэсгийн удирдамж, шалгалтын илтгэх хуудас, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай НЗДын захирамж, ажил хүлээлгэн өгөх тухай мэдэгдэл, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, албан үүргийн түр орлон гүйцэтгүүлэх тухай НЗДын захирамж, хамтран ажиллах гэрээ, кассын орлогын ордер, бэлэн мөнгөний орлогын баримт, хураамж авахыг хориглох тухай Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаал, төсвийн ерөнхийлөн захирагч, НЗДын хооронд байгуулсан гэрээ, Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам, Б.Агийн заах аргач зэргийн үнэмлэх, зэргийн нэмэгдлийн талаарх мэдээлэл, цалингийн тодорхойлолт, эмчлүүлэгчийн эмнэлгийн хуудас, шүүгчийн захирамж, цагийн бүртгэл болон бусад бичгийн баримтыг шинжлэн судлаад

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.А НЗДын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр захирамжаар Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлаар томилогдон ажилласан нь захирамж, хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

            НЗД 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Б/123 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн гэрээний 7.1-д заасныг үндэслэн сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээслэн орлого олж, зарцуулсан нь Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2008 оны 98 дугаар тушаалыг, зохих шийдвэргүйгээр “заах аргач” мэргэжлийн зэргийн нэмэгдэл 356.900 төгрөгийг өөртөө авсан нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, 16.5.2, 16.5.5-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч үндэслэлгүй гэж марган ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Б.А шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б.Агийн гаргасан зөрчил нь  Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон, тэр хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан “байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”, 6.2.12-т заасан “санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагуудын акт, дүгнэлтээр тогтоогдсон” гэсэн ноцтой зөрчил гаргасан, түүнийг ажлаас халсан сахилгын шийтгэл ногдуулах тухай НЗДын захирамж нь хуулийн дагуу гарсан гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан. Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг энэ зүйлд заасан чухам аль үндэслэлээр цуцалж буй нь тодорхойгүйн гадна хариуцагчийн тайлбараас үзэхэд сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ гэж үзэхээр байна.

Ажил олгогч ажилтны гаргасан гэх зөрчлийг хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан “байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлээ хэтрүүлсэн нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон”, 6.2.12-т заасан “санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагуудын акт, дүгнэлтээр тогтоогдсон” гэж тодорхойлж байгаа хэдий ч тус сургууль дээр санхүүгийн зөрчил гарсан тухай удаа дараагийн (3 ба түүнээс дээш) акт, дүгнэлт алга байна. Харин Багануур дүүргийн *** дугаар дунд сургуулийн ажлыг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн удирдамжийн дагуу шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг хэрэгт ирүүлсэн байх ба энэ дүгнэлтэнд “Сургуулийн заалыг гадны аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөртэй түрээслүүлдэг нь тогтоогдсон бөгөөд энэ нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д “Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д “өөрт олгогдсон эд хөрөнгийн  бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах” гэснийг зөрчсөн, мөн захирал нь эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөл, шийдвэргүйгээр 2016 оны 09-12 сар, 2017 оны 01 дүгээр сард нийт 356.900 төгрөгний “заах аргач” мэргэжлийн зэргийн нэмэгдэл өөртөө авч Сургуулийн дотоод журмын 2 дугаар хэсгийн 2.5.2-д заасан “захирал Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрх, үүрэг хүлээнэ”, 2.5.4-д заасан “Захирал нь үйл ажиллагаандаа Монгол улсын Олон улсын холбогдох хууль тогтоомжийн заалтыг мөрдөнө”, 2.5.5-д заасан “Захирал ашиг сонирхлын зөрчилгүй байж сургуулийн батлагдсан төсөв, өмч хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулна” гэснийг зөрчсөн гэжээ.

 

            Гэтэл бодит байдал дээр сургуулийн заалыг зориулалтын бусаар ашигласан, гадны аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөртэй түрээслүүлдэг, орлого олдог байдал харагдахгүй байна. Сургуулийн заал заалныхаа зориулалтаар ашиглагдаж байна. Заалыг түрээслэж орлого олдог тухай баримт алга байна. Заалыг түрээслэдэггүй, харин зааланд хамт тоглох, тэмцээн уралдаан зохион байгуулах, уралдаан тэмцээнд бэлдэж оролцоход медалийг хийлгэж өгөх, заалны тохижилтонд дэмжлэг үзүүлэх, тамирчин сурагчдыг  унаагаар үйлчлэх зэрэг байдлаар хамтран ажилладаг тухай гэрээ байх бөгөөд, гэрчүүд бас мэдүүлж байна. Багануур дүүргийн Засаг даргын тамгын газраас Нийслэлийн боловсролын газарт ирүүлсэн 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн албан бичигт 2014, 2015, 2016 онд заалны орлого байхгүй тухай тодорхойлжээ. Хариуцагч талаас сургуулийн заалыг ашиглах талаар бусад байгууллагатай хамтран ажиллах 3 гэрээг, 3 мөнгөний баримтын хамт шүүхэд ирүүлсэн ба тэдгээр гэрээнд мөнгийг юунд зарцуулахыг тодорхой заасан байна. Тухайлбал, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн гэрээгээр БЗӨБЦТСүлжээ ТӨХК-ийн спортын 16 дугаар наадам, дүүргийн засаг даргын нэрэмжит биеийн тамир спортын 6-р наадамд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилалтыг хангах, сургуулийн болон дүүргийн аварга шалгаруулах өсвөрийн үеийн гимнастикийн тэмцээн, цэрэг спортын “Дөл” тэмцээнд оролцох сурагчдад дэмжлэг үзүүлэх, уралдаан тэмцээнд 540.000 хүртэл төгрөгийн шагнал урамшуулал, хувцас хэрэглэл, эд материалын тусламж үзүүлэхээр тохиролцож, 540.000 төгрөгийг зарлагадсан байна. 2015 оны гэрээ нь Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн Багануур газрын ҮЭ-ийн хороотой байгуулсан байх ба БШУЯамнаас хэрэгжүүлж буй “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд амьдрах ухаанд сургах, үндэсний соёл уламжлалаа дээдэлсэн иргэн болгон төлөвшүүлэхэд хамтран ажиллаж, үүнд 400.000 төгрөг зарлагадсан гэрээ байна. 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн БЗӨБЦТСүлжээ ТӨХК-тай хийсэн хамтран ажиллах гэрээний хүрээнд сургуулийн боловсон хүчинд түшиглэж сургалт семинар ярилцлага зохион байгуулах, түншлэгчид зааланд үнэ төлбөргүй уралдаан тэмцээн зохион байгуулах боломж олгох, түншлэгч сургуулийн тохижилтонд дэмжлэг үзүүлэх, багш сурагчдыг шагнаж урамшуулах, хүндэт самбар хийх зэрэгт  дэмжлэг үзүүлэхээр тохиролцож, 400.000 төгрөгийн зардал (хүндэт самбар хийлгэхэд) гаргаж тусалжээ. 2014 онд Б.А нь захирал болоогүй, захирлын үүргийг гүйцэтгэж байжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын “Хураамж авахыг хориглох тухай” 2008 оны 98 дугаар тушаалд суралцагчаас сургуулийн биеийн тамирын заал ашигласны төлбөр хураамж авахыг хориглож, заалыг гадны байгууллага, аж ахуйн нэгжид урт, богино хугацаагаар гэрээгээр ашиглуулж байгааг зогсоож, тусгай хуваарийн дагуу сурагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх арга хэмжээ зохион байгуулж байхыг захиралд даалгасан байна. Дээрх хамтран ажиллах гэрээ нь тушаалд заасан гэрээнд орохгүй, гэрээний гол зүйл маань хамтран ажиллаж буй ажиллагаа бөгөөд зааланд тоглох нь хамтын ажиллагааны нэг хэлбэр болж байна. Харин заалыг урт, богино хугацаагаар ашиглуулна гэдэг нь заалыг ашиглалтанд шилжүүлэх нь гэрээний гол зүйл болж байх ба төлбөр нь заал ашигласны төлбөр юм. Энд түрээсийн гэрээ орно.

Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн захирлын 2011 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тушаалаар Б.Ад “заах аргач” мэргэжлийн зэрэг олгосон ба үнэмлэхийг 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олгосон нь үнэмлэх дээр тэмдэглэгдсэн тэмдэглэгээнээс харагдаж байна. Тэр Боловсрол, шинжлэх ухааны Сайдын тушаалаар батлагдсан “Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 6.2-т “заах аргач багш” мэргэжлийн зэрэг нь 5 жилийн хугацаанд хүчинтэй байхаар заажээ. Б.А “заах аргач багш” мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 2016 оны 9-12 дугаар сар, 2017 оны 1 дүгээр сард, нийт 356.900 төгрөг төгрөг авсан нь цалингийн баримтаар тогтоогдож байх бөгөөд цалинг авахдаа үнэмлэх олгосон үеэс тооцсон нь буруу биш. Б.А нь бусад үед энэ нэмэгдлийг аваагүй байх ба тэр төсвийг хэтрүүлж зарцуулсан биш, харин хэмнэсэн байж болохоор байна. НБГын даргын 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Б/58 тоот тушаалаар цалингийн нэмэгдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгохыг сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч нарт зөвшөөрсөн байх бөгөөд мэргэжлийн зэргийн нэмэгдлээс өөр нэмэгдэл авдаггүй болох нь тайлбар, сургуулийн санхүүгээс үндсэн цалингийн тодорхойлолтыг ирүүлснээс харагдаж байна.

Нэхэмжлэгчид сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэл болох Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-т “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.5-т “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэсэн заалтууд нь хэт ерөнхий, Б.Агийн үйлдэлд тохирохгүй байна.

Сургуулийн захирал Б.А байгууллагын эд хөрөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан, үрэгдүүлсэн, ажил олгогчоос олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн, санхүүгийн зөрчил удаа дараа гаргасан байдал тогтоогдохгүй байна. Б.А нь хамтран ажиллах гэрээний дагуу зарцуулсан мөнгө төрийн сангаар дамжсан эсэхэд хяналт тавиагүй буруутай байж болох боловч энэ нь тушаалын үндэслэл болоогүй, тэгээд ч энэ нь захиргааны зөрчлийн шинжийг агуулж байна.

Ажил олгогч ажилтны ээлжийн амралтыг эдлүүлэлгүй, ээлжийн амралтыг эдлэх хугацаанд ажлаас чөлөөлсөн ба гэсэн атал НЗДын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/520 тоот тушаалаар *** дугаар сургуулийн захирал гэж Б.Ад урамшил олгосон нь ойлгомжгүй байна. Ажил олгогч ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаалыг Б.Ад 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гардуулж өгснөөр тэр шүүхэд ханджээ.

Мөн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахын өмнө түүнд мэдэгдэж, оролцоог нь хангах, сонсох ажиллагааг хийлгүй ажил олгогч Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 25 дугаар зүйлийг зөрчсөн байна.

 

Шүүх Б.Агийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч, түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалыг хэрэг шийдвэрлэгдтэл хэрэгжүүлэхгүй байхыг НЗДд даалгасан ба Б.А ажилласан боловч түүнд цалин хөлсийг олгоогүй байна.

            Дээрх байдлуудыг үндэслэн нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, олгоогүй цалин хөлс болох  63 өдрийн цалин 2.044.545  төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэв.

            Б.Агийн ажил олгогч НЗД ба түүнд сахилгын шийтгэл оногдуулсан нь НЗД байна. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар нэмж татагдсан НБГыг хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Б.Аг Нийслэлийн Багануур дүүрэг дэх ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, НБГыг хариуцлагаас чөлөөлсүгэй.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан 125 дугаар сургуулиас 2.044.545 төгрөгийг гаргуулж Б.Ад олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжинд  хариуцагчаас 47663 төгрөг гаргуулж улсад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоноийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                   

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД