Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 235

 

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02202 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НЗД, НБГ-ын газарт тус тус холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.А нь НБГ-ын даргын 2014 оны 01 дүгээр сарын 31-ний Б/16 тоот тушаалаар Нийслэлийн Багануур дүүрэг дэх 125 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад НЗД-ын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны Б/11 тоот захирамжаар мөн дүүргийн Нийслэлийн Багануур дүүрэг дэх 125 дугаар сургуулийн захирлаар томилогдон идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж байна. Гэтэл намайг 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл амраад эргээд ажилдаа орж, бие муудаад өвчтэй байж байхад 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Багануур дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн н.Баярмаа утсаар холбогдож НЗД-ын захирамж гарсан байна, таны ажлыг 10 цагт хүлээлцэнэ гэж дуудахад нь би өвчтэй байна гэдгээ хэлсэн. Үүний дараагаар тамгын газрын дарга н.Баттүшиг өрөөндөө ир гэж дуудахад нь очиход “Таныг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажлаас халсан захирамж гарсан байна” гэж НЗД-ын 2017 оны 6 сарын 28-ны Б/123 тоот захирамжийг хальт үзүүлээд, нэг хувийг нь авья гэхэд өгөхгүйгээр шууд ажлаа хүлээлц, комисс очно, ажлаа хүлээлгэж өгөөд тушаалаа ав гэж тулган шаардсан. Сургуулийн заал түрээслэсэн, заах аргач багшийн зэргийн нэмэгдлийг хууль бусаар авсан гэж үзсэн байсан. Манайх заал түрээслэж орлого олоогүй, харин ганц нэг байгууллагатай хамтран ажиллах гэрээгээр зааландаа тэмцээн зохиолгож, тэд манай хүүхдүүдийг уралдаан тэмцээнд ороход нь тусалж байсан. Мэргэжлийн зэргийн нэмэгдлийн хувьд, би өөр нэмэгдэл авдаггүй, би 2016 оны 9-12 сар, 2017 оны 1 дүгээр сард нэмэгдлээ авсан. Заах аргач мэргэжлийн зэргийн хугацаа 5 жил бөгөөд сургуулийн захирлын 2011 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар тушаалаар надад “заах аргач” мэргэжлийн зэрэг олгосон ба үнэмлэхийг 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр олгосон. Би 2017 оны 1 дүгээр сараас хойш аваагүй. Нэмэгдлийг олго гэсэн Нийслэлийн боловсролын газрын даргын тушаал байдаг. Би дур мэдэж нэмэгдлийг аваагүй. Ажлаас халсныг хууль бус гэж үзэж байх тул Б.А-г Нийслэлийн Багануур дүүрэг дэх 125 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Тус шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 8071 дугаартай захирамжийн дагуу Б.А нь ажил үүргээ зохих хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байгаа боловч хариуцагчаас шүүгчийн захирамжийг үл хүндэтгэн нэхэмжлэгчийн ажлын байранд хууль бусаар нэвтрэх, тамга тэмдэг зөвшөөрөлгүй авч явах, ажлын цагт бодогдох үндсэн цалинг олгохгүй байх зэрэг хууль бус үйлдлүүдийг гаргаж байх тул шүүхийн шийвэр гарах хүртэлх хугацааны үндсэн цалинг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НЗД-ын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны Б/11 дүгээр захирамжаар Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлаар Б.А-г томилсон. НБГ-ын 4 дүгээр сарын 27-ны өдрийн удирдамжаар Багануур дүүргийн 125 дугаар сургууль, “Боловсрол” цогцолбор сургууль, “Гүн галуутай” цогцолбор сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдаж төлөвлөгөөт бус шалгалтыг явуулсан. Уг ажлын хэсгийн шалгалтын бүрэлдэхүүнд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн дотоод аудитын газар, НБГ-ын төлөөлөл багтсан шалгалтаар сургуулийн заалыг гадны аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөртэй түрээслүүлдэг нь тогтоогдсон бөгөөд энэ нь Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д заасныг зөрчсөн, мөн захирал нь эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөл, шийдвэргүйгээр 2016 оны 09-12 сар, 2017 оны 01 дүгээр сард нийт 356 900 төгрөгийн “заах аргач” мэргэжлийн зэргийн нэмэгдэл өөртөө авч сургуулийн дотоод журмын 2 дугаар хэсгийн 2.5.2, 2.5.4, 2.5.5-д заасныг тус тус зөрчсөн. Б.А-гийн гаргасан зөрчил нь Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогдсон, тэр хөдөлмөрийн гэрээний 6.2.6, 6.2.12-т заасан ноцтой зөрчил гаргасан. Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар хэсгийн 7.2-т заасны дагуу НЗД-д НБГ-ын газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 19-ний 01/700 дугаар албан бичгээр Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирал Б.А-г ажлаас халах саналыг хүргүүлсэн. НЗД Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг үндэслэн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/123 тоот сахилгын шийтгэл ногдуулах захирамжийг гаргасан. Сургуулийг захирал удирдах бөгөөд захирлын ажлын байрны тодорхойлолт, чиг үүргээр хууль тогтоомжийг хэрэгжүүлж хяналт тавих, төсвийн шууд захирагч болохын хувьд төсвийн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэгтэй. Иймд Б.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан Б.А-г Нийслэлийн Багануур дүүрэг дэх ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, Нийслэлийн боловсролын газрыг хариуцлагаас чөлөөлж,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 125 дугаар сургуулиас 2 044 545 төгрөгийг гаргуулж Б.А-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар тэмдэгтийн хураамжинд хариуцагчаас 47 663 төгрөг гаргуулж улсад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: НБГ-ын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/58 дугаар тушаал нь "Цалин шинэчлэн тогтоох тухай" бөгөөд уг тушаалын хавсралтын 26 дугаарт Б.А-гийн цалингийн зэрэглэл ТҮБД-7, авах шатлал нь 4 байхаар тогтоосон байна. Уг тушаалын 2 дугаар хэсэгт нэмэгдлийг хууль тогтоомжийн дагуу олгохыг сургууль цэцэрлэгийн нягтлан бодогч нарт даалгасан. Өөрөөр хэлбэл Б.А-гийн цалингийн зэрэглэл ТҮБД-7, авах шатлал нь 3 байсныг 4 болгон өөрчилж нэмэгдсэн нэмэгдлийг хууль тогтоомжийн дагуу олгохыг сургуулийн нягтлан бодогч нарт даалгасныг анхан шатны шүүх буруу тайлбарласан гэж үзэж байна. Сургуулийн захирал нь "заах аргач" мэргэжлийн зэргийн нэмэгдлийг захирал өөртөө ажил олгогчийн шийдвэргүйгээр авах эрхгүй байтал анхан шатны шүүх "Б.А "заах аргач багш" мэрэгжлийн зэргийн нэмэгдлийг 2016 оны 9-12 дугаар cap, 2017 оны 1 дүгээр сард нийт 356 900 төгрөг авсан нь цалингийн баримтаар тогтоогдож байх бөгөөд цалинг авахдаа үнэмлэх олгосон үеэс тооцсон нь буруу биш" гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэж үзэж байна.

"Б.А нь хамтран ажиллах гэрээний дагуу зарцуулсан мөнгө төрийн сангаар дамжсан эсэхэд хяналт тавиагүй буруутай боловч энэ нь тушаалын үндэслэл болоогүй тэгээд ч энэ нь захиргааны зөрчлийн шинжийг агуулж байна." дүгнэсэн нь чухам ямар тушаалын талаар хэлж байгаа нь ойлгомжгүй байх ба захиргааны зөрчлийн шинжийг агуулж байна гэсэн нь Б.А-г зөрчил гаргасан гэж дүгнэсэн гэж үзэж байна.

"Ажил олгогч ажилтны ээлжийн амралтыг эдлүүлээгүй, ээлжийн амралтыг эдлэх хугацаанд ажлаас чөлөөлсөн ба гэсэн атал НЗД-ын 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/520 дугаар тушаалаар 125 дугаар захирал гэж Б.А-д урамшил олгосон нь ойлгомжгүй байна." гэсэн НЗД тушаалаар урамшил олгосон зүйл байхгүй бөгөөд Нийслэлийн Засаг дарга тушаал гаргадаггүй захирамж гаргадаг. НЗД-ын Б/123 дугаар захирамж 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гарсан бөгөөд Б.А нь ээлжийн амралтын хуваарийн дагуу 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл ээлжийн амралтаа биеэр эдэлж байсантай холбогдуулан 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-д зааснаар ажил хүлээлцүүлэх комисс мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн тайлбар бусад баримтаар тогтоогдсоор байхад амралтыг эдлүүлэлгүй, ээлжийн амралтыг эдлэх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэсэн шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрсэн гэж үзэж байна.

Анхан шатны шүүх нь "...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 25 дугаар зүйлийг зөрчсөн байна" гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Учир нь сургуулийн захирал нь Төрийн албан тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д "Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно." зааснаар хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан. НЗД-ын Б/123 дугаар захирамж нь захиргааны акт биш бөгөөд Захиргааны ерөнхий хуулийг баримтлах шаардлагагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Б.А хариуцагч НЗД, НБГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч Б.А-г НЗД-ын 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлаар 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн томилон ажиллуулсан бөгөөд НЗД-ын 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/123 дугаар тушаалаар сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээслэн орлого олж, зарцуулсан, зохих шийдвэргүйгээр “заах аргач” мэргэжлийн зэргийн нэмэгдэл 356 900 төгрөгийг өөртөө авсан зөрчил гаргасан гэж үзэж 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.                                                                                                                          /хх 4,28 дугаар тал/

 

Хариуцагч НЗД-ын Б/123 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.А-д сахилгын шийтгэл ногдуулахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.5, 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, НБГ болон Б.А нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан 1503/СЗ002 дугаар хөдөлмөрийн гэрээний 7.1-д заасныг тус тус баримталжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ.

 

Хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ сургуулийн спорт заалыг гадны байгууллагад түрээслэн орлого олж, зарцуулсан, зохих шийдвэргүйгээр “заах аргач” мэргэжлийн зэргийн нэмэгдэл 356 900 төгрөгийг өөртөө авсан нь хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан ноцтой зөрчлийг гаргасан гэжээ.

 

Хэргийн 1 дүгээр хавтасны 98-102 дугаар талд хамтран ажиллах гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, кассын орлогын ордер зэрэг баримтууд авагдсан байх бөгөөд уг баримтаас үзвэл нэхэмжлэгч нь тус сургуулийн спорт заалыг аж ахуйн нэгж байгууллагад ашиглуулж, мөнгөн хэлбэрээр төлбөр авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Нийслэлийн өмчийн харилцааны газартай 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулсан, уг гэрээний 2.5-д “Нийслэлийн өмч хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй түрээслэсэн тохиолдолд гэрээг цуцлах” гэж зохигчид тохиролцжээ.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээнд дээрх Нийслэлийн өмчийн харилцааны газартай байгуулсан гэрээний дагуу Нийслэлийн өмч болох тус сургуулийн спорт заалыг бусдад түрээслэсэн нь хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд оруулан тооцох талаар ишлэж заагаагүй тул уг гэрээний 6.2.6-д заасан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлд хамаарахгүй байна.

 

Иймд Б.А-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Түүнчлэн, хэргийн 230-231 дүгээр талд авагдсан НБГ-ын даргын 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Б/58 тоот цалин шинэчлэн тогтоох тухай тушаалаар Нийслэлийн төрийн өмчийн зарим ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн цалингийн шинэчлэлийг хавсралтаар баталж, тус цалингийн шинэчлэлийг 2015 оны 5 дугаар сараас эхлэн тооцож, нэмэгдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгохыг сургууль, цэцэрлэгийн нягтлан бодогч нарт зөвшөөрсөн тухай үйл баримт тогтоогджээ.

 

Уг шийдвэрийн дагуу Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн нягтлан бодогчийн бодож олгосон “заах аргач багш” мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 2016 оны 9-12 дугаар сар, 2017 оны 01 дүгээр сард нийт 356 900 төгрөгийг нэхэмжлэгч Б.А авсан нь цалингийн тооцооллын баримтаар нотлогдсон тул хариуцагчийн зохих шийдвэргүйгээр “заах аргач” мэргэжлийн зэргийн нэмэгдэл 356 900 төгрөгийг авсан нь хөдөлмөрийн гэрээний 6.2.6-д заасан эрх мэдлээ хэтрүүлсэн, Төсвийн тухай хуулийн 6.4.1, 16.5.2, 16.5.5-д заасныг тус тус зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж Б.А-г Нийслэлийн Багануур дүүрэг дэх ерөнхий боловсролын 125 дугаар сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2 044 545 төгрөгийг Нийслэлийн Багануур дүүрэг дэх ерөнхий боловсролын 125 дугаар сургуулиас гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн боловч шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын алдаа гаргасныг зөвтгөн шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулав.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүх хуулийг буруу тайлбарласан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02202 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “НБГ-ыг хариуцлагаас чөлөөлсүгэй” гэснийг “хариуцагч НБГ-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

 

                             ШҮҮГЧИД                                      А.МӨНХЗУЛ

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ