Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2017/02203

 

 

 

 

  2017 оны 11 сарын 14 өдөр

      Дугаар 182/ШШ2017/02203

         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Т.Б

Хариуцагч: Б.Ү

 

зээлийн гэрээний үүрэгт 7.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ж.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: Т.Бнь Б.Үтай  2013 оны 01 сарын 10-ны өдөр нэг жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй 5.000.000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд Б.Үнь тухайн үедээ зээлийн хүүг төлж байсан. 2014 оны 01 сарын 16-ны өдөр 3.000 ам.доллар өгсөн бөгөөд маргааш нь буюу 2014 оны 01 сарын 17-ны өдөр ээжтэйгээ хамт ирээд буцааж зээлээч гэхэд нь Т.Б ээжид чинь зээлэхгүй, өөрт чинь зээлнэ гээд сарын 3.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлсэн. 2015 оны 04 сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан нь өмнөх зээлийн гэрээний сунгалт бөгөөд уг зээлийн гэрээгээр 5.000.000 төгрөгийг 2015 оны 04 сарын 28-ны өдрөөс 2016 оны 04 сарын 28-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Энэ нь өмнө зээлээд өгөөгүй байсан 5.000.000 төгрөг юм. Б.Ү нь зээлсэн мөнгөө хугацаанд нь эргүүлэн төлөөгүй бөгөөд зөвхөн зээлийн хүүг нь буюу 4.725.000 төгрөгийг хугацаанд нь төлж байсан. Үүнд урьд зээлийн бага зэргийн хүү орсон.Иймд гэрээнд зээлдэгч зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлүүлнэ гэж тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алданги болон Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу зээлийн үндсэн дүнг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд үндсэн зээл 5.000.000 төгрөг болон 2.500.000 төгрөгийн алданги, нийт 7.500.000 төгрөгийг хариуцагч Б.Үгаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд түүний төлөөлөгч гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдсанаар Т.Б болон бидний хооронд байгуулагдсан гэх 2015 оны 04-р сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ нь талуудын хооронд байгуулагдсан 3 дахь зээлийн гэрээ юм. Анх 2013 оны 01 сарын 10-ны өдөр 3 хувийн хүүтэйгээр 1 жилийн хугацаатай 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Б.Ү нь тухайн жилдээ Т.Бд Хаан банк болон Голомт банкны дансаар зээлийн хүү гэж 1.800.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Үүнээс хойш 2014 оны 01-р сарын 17-ны өдөр гэрээг дахин байгуулсан ба ингэхдээ 3.5 хувийн хүүтэй байхаар 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Тухайн гэрээний үндсэн дээр Б.Үнь сар бүр зээлийн хүү болох 175.000 төгрөгийг нэхэмжлэгч болох Т.Бын Хаан банкны 5025588532 тоот дансанд хийдэг байсан. Сүүлд буюу 2015 онд байгуулагдсан гэрээ нь талуудын хооронд өмнө нь буюу 2014 онд байгуулагдсан хоёр дахь гэрээний нөхцөлтэйгөөр дахин байгуулагдсан гэрээ юм. Энэ хугацаанд Б.Үнь зөвхөн зээлийн хүүнд таван сая гаруй төгрөг төлсөн болно.

Монгол улсын иргэний хуулийн тусгай ангийн 281-р зүйл 281.1-д зааснаар зээлийн гэрээнд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх үндсэн үүргийг агуулдаг бодит гэрээ юм. Өөрөөр хэлбэл тус гэрээ байгуулагдсан байхын тулд талуудын хүсэл зоригийн илэрхийлэл агуулгын хувьд давхцаж байхаас гадна эд хөрөнгө бодитойгоор шилжсэн гэдэг тусгай нөхцлийг шаардаж байдаг. Гэвч Б.Ү, Т.Бнарын хооронд байгуулагдсан 2014 оны болон 2015 онд зээлийн гэрээ нь 2013 онд анх байгуулагдсан зээлийн гэрээг сунгасан, нэмэлт өөрчлөлт оруулсан гэх агуулгагүйгээр тусдаа бие даасан зээлийн гэрээний шинжтэй байгуулагдсан байна. Үүнээс үзвэл хоёр болон гурав дахь зээлийн гэрээ нь иргэний хуулийн 281-р зүйлд зааснаар зээлийн гэрээний бодитой байх тусгай нөхцлийг хангаагүй байгаа тул Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд тухайн гэрээг үндэслэн шаардах эрхгүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч Т.Бнь зээлийн гэрээний үндсэн үүрэг болох 5.000.000 төгрөгний үүргийн гүйцэтгэлийн оронд Сүхбаатар дүүрэгт байрлах “Цуурайтын аманд” 700 м.кв талбайтай зуслангийн газар авахаар Б.Үтай тохиролцсон. Ингэж тохиролцсоны үндсэн дээр газар эзэмших хүсэлтийг нь холбогдох материалын хамт Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн бөгөөд одоогоор газрын гэрчилгээ гарахыг хүлээж байгаа юм. Энэ нь иргэний хуулийн 236-р зүйлийн 236.1.2-д зааснаар “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно” гэж заасны дагуу зээлийн гэрээний үндсэн үүргийн үнийн дүн болох 3.000.000 төгрөгний оронд Сүхбаатар дүүргийн Цуурайтын аманд байрлах газрыг өгч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан буюу газар авахаар тохиролцсон нь хуульд зааснаар өмнөх үүргийн харилцаа буюу зээлийн гэрээний харилцаа дуусгавар болох урьдчилсан нөхцлийг хангаж байгаа юм. Иймд үүргийн харилцаа дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 5.000.000 төгрөг, алдангид 2.500.000 төгрөг, нийт 7.500.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч 2015 оны 04 сарын 28-ны өдийн зээлийн гэрээгээр мөнгө өгөөгүй тул дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул түүний дагуу нэхэмжлэгч мөнгө шаардах эрхгүй, түүнчлэн үндсэн үүргийн гүйцэтгэлд зуслангийн газар өгөхөөр болсон гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргаж байна.

Нэхэмжлэгч Т.Бхариуцагч Б.Үд 2013 оны 01 сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн ба Б.Ү2014 оны 01 сарын 16-ны өдөр буцаан төлснөөр 2013 оны 01 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ дуусгавар болсон байна.  

Б.Үнь мөнгө өгсний маргааш буюу 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дахин ирж 5.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдсэн байх бөгөөд гэрээг нотариатаар гэрчлүүлж, мөнгийг нотариатын байранд хүлээн авсан болох нь талуудын тайлбар, гэрээнд тэмдэглэгдсэн байдлаар тогтоогдож байна.

Талууд  2015 оны 04 сарын 28-ны өдөр дахин 1 жилийн хугацаатай 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан боловч 5.000.000 төгрөг өгөөгүй, урьд гэрээний зүйл 5.000.000 төгрөг дээрээ үндэслэн уг гэрээг хийсэн нь талуудын тайлбараар тогтоогдож байна. Талууд  зээлийн хүү сард 175.000 төгрөгөөр төлөгдөж байсан, үндсэн зээл 5.000.000 төгрөг төлөгдөөгүй дээр маргаагүй бөгөөд дахин зээлийн гэрээ хийснийг нь 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээг дахин 1 жилийн хугацаагаар сунгажээ гэж үзэх үндэслэлтэй байна. 5.000.000 төгрөг зээлдсэн гэрээний нөхцөлийг дахин 1 жилийн хугацаанд үргэлжилнэ гэдэг дээр талууд санал нэгдсэн гэж үзнэ.

2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнээс хойш Б.ҮТ.Бт зээлийн хүүд сар бүр 175.000 төгрөг төлж, энэ нь нийт 4.680.000 төгрөг (урьд хүүгийн үлдэгдэл 480.000 төгрөг орсон) болсон ба үндсэн зээл 5 сая төгрөг үлдсэн, түүндээ зуслангийн газар өгөхөөр тохиролцож байсныг хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа бичсэн байна.

Гэрээний 5 дугаар зүйлд зээлийг хугацаандаа буцаан төлөөгүй тохиолдолд хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр заажээ.

Иймд  хариуцагчаар 5.000.000 төгрөгийн үндсэн зээл, 2.500.000 төгрөгийн алданги (төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар хязгаарласан), нийт 7.500.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлүүлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-ийг баримтлан Б.Үгаас 7.500.000 төгрөгийг гаргуулж Т.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 134.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 134.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       С.БУД