Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00219

 

Т.Б-ын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02203 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ү-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Б.Ү-тай 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй 5 000 000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд Б.Ү нь тухайн үед зээлийн хүү төлж байсан. 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3 000 ам.доллар өгсөн бөгөөд маргааш нь буюу 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3.5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь өмнөх зээлийн гэрээний сунгалт бөгөөд уг гэрээгээр 5 000 000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм.

Хариуцагч Б.Ү зээлсэн мөнгөө хугацаанд нь төлөөгүй бөгөөд зээлийн хүүнд 4 725 000 төгрөгийг хугацаанд нь төлж байсан. Зээлийн гэрээнд зээлдэгч зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги төлнө гэж тохиролцсон тул алданги болон зээлийн үндсэн төлбөр гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд хариуцагч Б.Ү-аас үндсэн зээл 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг нийт 7 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Б-тай байгуулагдсан гэх 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ нь 3 дахь удаагийн зээлийн гэрээ юм. Анх 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 3 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу Б.Ү тухайн жилдээ Т.Б-т түүний Хаан банк болон Голомт банкны дансаар зээлийн хүүнд 1 800 000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрээг дахин байгуулсан ба ингэхдээ 3,5 хувийн хүүтэй байхаар 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулагдсан юм. Тухайн гэрээний үндсэн дээр Б.Ү нь сар бүр зээлийн хүү 175 000 төгрөгийг нэхэмжлэгч болох Т.Б-ын Хаан банкны 5025588532 тоот дансанд хийдэг байсан. Сүүлд буюу 2015 онд байгуулагдсан гэрээ талуудын хооронд өмнө нь буюу 2014 онд байгуулагдсан 2 дахь гэрээний нөхцөлтэй дахин байгуулагдсан. Энэ хугацаанд Б.Ү зөвхөн зээлийн хүүнд таван сая гаруй төгрөг төлсөн болно. Хариуцагч Б.Ү, нэхэмжлэгч Т.Б нарын хооронд байгуулагдсан 2014, 2015 оны зээлийн гэрээ нь 2013 онд анх байгуулагдсан зээлийн гэрээг сунгасан, нэмэлт өөрчлөлт оруулсан гэх агуулгагүй тусдаа бие даасан зээлийн гэрээний шинжтэй байгуулагдсан. Үүнээс үзвэл 2,3 дахь зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний бодитой байх тусгай нөхцлийг хангаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд тухайн гэрээг үндэслэн шаардах эрхгүй байна.

Мөн нэхэмжлэгч Т.Б нь зээлийн гэрээний үндсэн үүрэгт 5 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийн оронд Сүхбаатар дүүрэгт байрлах “Цуурайтын аманд” 700 м.кв талбай зуслангийн газар авахаар Б.Ү-тай тохиролцсоны үндсэн дээр газар эзэмших хүсэлтийг холбогдох материалын хамт Сүхбаатар дүүргийн газрын албанд хүргүүлсэн бөгөөд одоогоор газрын гэрчилгээ гарахыг хүлээж байна. Энэ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-д заасны дагуу зээлийн гэрээний үндсэн үүргийн үнийн дүн 3 000 000 төгрөгийн оронд Сүхбаатар дүүргийн Цуурайтын аманд байрлах газрыг өгч үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан буюу газар авахаар тохиролцсон нь хуульд зааснаар өмнөх үүргийн харилцаа буюу зээлийн гэрээний харилцаа дуусгавар болох урьдчилсан нөхцлийг хангаж байгаа юм. Иймд үүргийн харилцаа дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Ү-аас 7 500 000 төгрөгийг гаргуулж Т.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 134 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 134 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан 2 дахь зээлийн гэрээ буюу 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээнээс хойш нийт 2 505 000 төгрөг төлсөн. Хэрэв 2 дахь зээлийн гэрээг шүүх хүчин төгөлдөр гэж үзвэл энэ хугацаанаас хойш төлсөн хүүг хасч тооцох ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрт ямар нотлох баримтыг үндэслэж 7 500 000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэр гаргаснаа дурдаагүй. Хариуцагч Б.Ү 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн гэрээний дагуу хүүгээ төлсөн ба энэ хугацаанаас хойш төлсөн мөнгийг анхан шатны шүүх хасч тооцоогүй нь хариуцагчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзнэ. 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаагүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлдүүлэгч Т.Б 5 000 000 төгрөгийг шилжүүлээгүй, өмнөх зээлийн гэрээний дагуу зээлдүүлсэн мэт гэрээ байгуулан, гарын үсэг зуруулсан нь үндэслэлгүй болсноор алданги төлөх үүрэг үүсч байна. Шүүх 2015 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш төлсөн нийт 2 500 000 төгрөгийг хасч тооцоогүй байна.

Тиймээс нэхэмжлэгч мөнгө шилжүүлсэн гэж нотлох баримтгүй байхад, хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг судалж, шинжлээгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн тул 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш төлсөн 2 505 000 төгрөгийг хасч шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлыг хангаагүй байх тул өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч Б.Ү-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.     

Талуудын хооронд 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 5 000 000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлдэгч нь зээлдүүлэгчид шилжүүлсэн бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр зээлээ буцаан төлөх үүргээ гүйцэтгэснээр эхний гэрээний үүрэг дуусгавар үйл баримт тогтоогдсон талууд энэ талаар маргаагүй.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалттай нийцжээ.

Хэргийн баримтаас үзэхэд 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 1 жилийн хугацаатай, 3.5 хувийн хүүтэйгээр 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан үйл баримт тогтоогдсон, уг гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн байна. /хх-14/

Харин 2014 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2015 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр дууссан. Уг гэрээг сунгаж, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нэг жилийн хугацаатай, 5 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан байгаа боловч уг гэрээ нь бодитоор хэрэгжээгүй байна. Өөрөөр хэлбэл, 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 5 000 000 төгрөгийг хариуцагчид бодитоор шилжүүлэн өгсөн гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийхийг шаарддаг бөгөөд хэрэв талууд тохиролцож, гэрээний хугацааг сунгаж байгаа тохиолдолд дээрх хуулийн шаардлагыг хангах нь зүйтэй.

Түүнчлэн Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх эцсийн хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дууссан. Мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт “хугацаа сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно” гэж заасан байна. Ийм учраас зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 4 сар гаруй хугацаа өнгөрсний дараа гэрээний хугацааг сунгасан гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээний дагуу хариуцагчид үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүү 2 100 000 /сарын 175 000 төгрөг*12 сар/ төгрөг нийт 7 100 000 төгрөг төлөх үүрэг үүссэн гэж үзнэ.

Дээрх гэрээ байгуулагдсанаас хойш хариуцагчийн “зээлийн төлбөрт 4 680 000 төгрөг төлсөн” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул зээлийн төлбөр 7 100 000 төгрөгөөс түүний төлсөн 4 680 000 төгрөгийг хасч 2 420 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангийг төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлахад 1 210 000 төгрөг болно. Иймд  үндсэн  зээл 2 420 000  төгрөг, алданги 1 210 000 төгрөг нийт 3 630 000 төгрөгийг хариуцагч Б.Ү-аас гаргуулж, нэхэмжлэгч Т.Б-т олгох нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “7 500 000” гэснийг “3 630 000” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 870 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 134 950” гэснийг “хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73 030” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                      ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

                                                                                                             Д.БАЙГАЛМАА