Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00545

 

М.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01278 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1438 дугаар магадлалтай,

М.М-гийн нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1265 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1632 дугаар магадлалаар хариуцагч М.Мгоос 79 898 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Нд олгохоор шийдвэрлэсэн. Н “Баян модот” ХХК-иар М.Мгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхаурангийн гудамж, 63 дугаар байр, 113 тоот хаягт байрлах, 53.12 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар буюу 81 016 000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээний дагуу Н нь ажиллагаа хийж үнэлэгдсэн үнийн дүнгийн 70% болох 56 711 200 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулахаар болсон. Энэхүү мэдэгдлийг Нрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Түмэндэлгэр 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр утсаар мэдэгдсэн ба 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдлийг албан ёсоор гардан авсан. “Баян модот” ХХК нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхаурангийн гудамж, 63 дугаар байр, 113 тоот хаягт байрлах, 53.12 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг өнөөдрийн зах зээлээс үнээс хэт багаар үнэлсэн нь бидэнд илт хохиролтой байх тул Нрын “Баян модот” ХХК-иар хийлгүүлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэндэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1265 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1632 дугаар магадлалаар М.Мгоос 76 898 650 төгрөгийг гаргуулж З.Нд олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 18291054 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч М.Мгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхаурангийн гудамж, 63 дугаар байр, 113 тоот хаягт байрлах, 53.12 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18291054/01 дугаар тогтоолоор битүүмжилж, тус газрын 2018 оны 4/15453 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 18291054/03 тоот тогтоолоор хураасан. Талуудад хураасан хөрөнгөд үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч М.М 100 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчид танилцуулахад З.Н хүлээн зөвшөөрөөгүй, үнийн санал өгөхөөс татгалзсан тул Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтооход 81 016 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тайлангийн хамт 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 4/9707 дүгээр албан бичгээр талуудад хүргүүлсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул төлбөр төлөгч М.Мгийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01278 дугаар шийдвэрээр: Ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч М.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1438 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Мгоос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.05.22-ны өдрийн 1265 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.07.16-ны өдрийн 1632 дугаар магадлалаар хариуцагч М.Мгоос 79 898 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Нд олгохоор шийдвэрлэсэн.

Н “Баян модот” ХХК-иар М.Мгийн өмчлөлийн БЗД-ийн 8-р хороо, Улаанхуаран гудамж, 63-р байрны 113 тоот хаягт байрлах 53.12 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар буюу 81 016 000 төгрөгөөр үнэлж, албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулахаар болсон.

Тус орон сууцыг хэт багаар үнэлсэн нь бидэнд илт хохиролтой байсан тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.03-ны өдрийн шийдвэрээр “Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй, Мөн Ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан боловч нэхэмжлэгч М.М нь Н-ын 2019.04.29-ний өдрийн мэдэгдлийг 2019.05.01-ний өдөр хүлээн авч гомдлоо 2019.05.02-ны өдөр шүүхэд гаргасан нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байна гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1438 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.03-ны өдрийн 183/ШШ2019/01278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

М.М нь Нт холбогдуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1265 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1632 дугаар магадлалаар М.Мгоос 79 898 950 төгрөгийг гаргуулж, З.Нд олгуулахаар шийдвэрлэсэн шийдвэрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгч М.Мгийн өмчлөлийн БЗД-ийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, 63 дугаар байрны 113 тоот хаягт байрлах 53.12 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг үүргийн гүйцэтгэлд битүүмжлэн, хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад талууд тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхээр “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 81 016 000 төгрөгөөр үнэлж, үнэлгээний тайланг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид ирүүлсэн, шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч М.Мд 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр утсаар мэдэгдэж, мөн өдрийн 4/9707 дугаартай мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч М.М нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэж тайлбарлах боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй, шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй, улмаар нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Ш тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүх нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээнд гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасанд шийдвэрийг хэвээр үлдээсэнд гомдолтой байна...” гэжээ.

Ш тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д “талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж, 55.3.-т “шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэгдэглэл хөтөлнө” гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримтаар шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаанд оруулах үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч буюу нэхэмжлэгчид 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдсэн байхад тэрээр 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01278 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1438 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ган-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД