Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1278

 

2019 оны 06 сарын 03 өдөр

     Дугаар 183/ШШ2019/01278      

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Товогт М М /рд:00000000/-гийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 өөрийн байранд оршин байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 0000 дугаар магадлалаар хариуцагч М.М-с 79 898 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч З.Н-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Б ХХК-иар М.М-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Улаанхаурангийн гудамж,00 дугаар байр, 000 тоот хаягт байрлах, 53,12 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар буюу 81 016 000 төгрөгөөр үнэлж, уг үнэлгээний дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ажиллагаа хийж үнэлэгдсэн үнийн дүнгийн 70% болох 56 711 200 төгрөгөөр албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулахаар болсон. Энэхүү мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Ц.Т 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр утсаар мэдэгдсэн ба 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдлийг албан ёсоор гардан авсан. Б ХХК нь Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Улаанхаурангийн гудамж, 00 дугаар байр, 000 тоот хаягт байрлах, 53,12 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг өнөөдрийн зах зээлээс үнээс хэт багаар үнэлсэн нь бидэнд илт хохиролтой байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Б ХХК-иар хийлгүүлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1265 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 0000 дугаар магадлалаар М.М-с 76 898 650 төгрөгийг гаргуулж З.Н-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 0000 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч М.М-н өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Улаанхаурангийн гудамж, 00 дугаар байр, 000 тоот хаягт байрлах, 53,12 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 00000 дугаар тогтоолоор битүүмжилж, тус газрын 2018 оны 0000 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0000 тоот тогтоолоор хураасан. Талуудад хураасан хөрөнгөд үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч М.М 100 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчид танилцуулахад З.Н хүлээн зөвшөөрөөгүй, үнийн санал өгөхөөс татгалзсан тул Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу Б ХХК-ийг шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтооход 81 016 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг тайлангийн хамт 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 00000 дүгээр албан бичгээр талуудад хүргүүлсэн. Иймд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул төлбөр төлөгч М.М-н гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч М.М нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

           Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

Хэргийн баримтаас үзэхэд улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Улаанхаурангийн гудамж, 00 дугаар байр, 000 тоот хаягт байрлах, 53,12 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгч нь М.М байх бөгөөд М.М, З.Н нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг барьцаалж, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр барьцааны гэрээ байгуулан М.Мөнхзолбоо гарын үсэг зурсан байна. 

 

Зээлдэгч М.М зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгч З.Н нь шүүхэд хандаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/0000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 0000 дугаар магадлалаар зээлийн гэрээний үүрэгт хариуцагч М.М-с 76 200 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 538 950 төгрөгийг тус тус гаргуулж, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Улаанхаурангийн гудамж, 00 дугаар байр, 000 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, 53,12 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэрлэжээ.   

 

Дээрх шийдвэрт шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 183//ГХ2018/00000 тоот гүйцэтгэх хуудас олгосон байх бөгөөд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 00000 дүгээр “эд хөрөнгийг битүүмжлэх тухай” тогтоолоор М.Мөнхзолбоогийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Улаанхаурангийн гудамж, 00 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай, 53,12 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг битүүмжилж, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 000000 дугаар тогтоолоор эд хөрөнгийг хураан авсан байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 о ны 4 дүгээр сарын 00-ны өдрийн 000 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор М.М-н өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаартай, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Улаанхаурангийн гудамж, 00 дугаар байр, 000 тоот хаягт байршилтай, 53,12 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны үнэлгээг тогтоохоор Б ХХК-ийг томилж, тус компанийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх хөрөнгийг 81 015 967 төгрөгөөр үнэлжээ.       

 

Нэхэмжлэгч М.М нь дээрх үнэлгээг эс зөвшөөрч, “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Б ХХК-иар М.М-н өмчлөлийн Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, Улаанхаурангийн гудамж, 0 дугаар байр, 000 тоот хаягт байрлах, 53,12 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт багаар буюу 81 016 000 төгрөгөөр үнэлсэн, ойролцоо байрлах орон сууцууд 100 000 000 төгрөгөөр зарагдаж байгаа” гэх үндэслэл заан, үнэлгээг хүчингүй болгохоор шаардсан боловч Б ХХК-ийн дээрх дүгнэлтэд Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй, мөн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн ойролцоо байрлах орон сууцууд нь 100 000 000 сая төгрөгөөр зарагдаж байгаа болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “...Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан боловч нэхэмжлэгч М.М нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн мэдэгдэлд гомдлоо 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж байгааг дурдах нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч М.М-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ