Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00546

 

"Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01342 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1405 дугаар магадлалтай,

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Хосбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Хосбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Ц, “Э” ХХК нарт холбогдох иргэний хэрэгт 2017 оны 12 сарын 05-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарч “Э” ХХК болон Н.Ц нар нь 311,165,163 төгрөгийг 2018 оны 06 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, хэрэв хугацаандаа төлөхгүй бол Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 324 тоот хаягт байрлах, 3 өрөө Х.Хосбаяр болон түүний гэр бүлийн гишүүдийн өмчлөлийн орон сууц, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 87/3 дугаар байр, 67 тоот хаягт байрлах, 2 өрөө Г.Тойруулийн өмчлөлийн орон сууц, Налайх дүүрэгт байрлах Б.Мандах, М.Цэцэнцогт нарын өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн.

Энэ шийдвэр гарснаас хойш графикт заасан төлөлт зөрчигдөж 241 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 02816 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 322 дугаартай гүйцэтгэх хуудас гарсны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн. Бид барьцаа хөрөнгө болох нэгдүгээр хөрөнгөө 130 000 000 төгрөг, хоёрдугаар хөрөнгөө 165 000 000 төгрөг, гуравдугаар хөрөнгө, дөрөвдүгээр хөрөнгөнүүдийг нийлүүлээд 80 000 000 төгрөгөөр үнэлж, үнийн саналыг Нт өгсөн.

Гэтэл “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь нэгдүгээр хөрөнгийг 106 720 000 төгрөгөөр, хоёрдугаар хөрөнгийг 85 200 000 төгрөгөөр, гурав болон дөрөвдүгээр хөрөнгөнүүдийг нийт 79 310 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байсан. Нэгдүгээр хороололд байрлах, орон сууцны дундаж үнэ нь 115 000 000-125 000 000 төгрөгийн үнэтэй байгаа. Хоёрдугаар хөрөнгийн хувьд эзэн нь 85 200 000 төгрөг биш энэ бол шинэ байр гэж маргаж байгаа. Гурав болон дөрөвдүгээр хөрөнгөнүүдийг гаражийн хамтаар 79 310 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнүүд нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур гарсан гэж үзэж гомдол гаргасан байгаа. Тиймээс дээрх хөрөнгөнүүдийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Албадан гүйцэтгэх захирамж гарсны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 11 сарын 05-ны өдөр үүсгэсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явуулж барьцаа хөрөнгөнүүдийг битүүмжилж, эд хөрөнгийг хурааж, үнийн санал өгөхийг өмчлөгч нарт мэдэгдсэн байдаг. Нэг  дэх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байр, 324 тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцны өмчлөгч 5 хүн үл хөдлөх хөрөнгөө 130 000 000 төгрөгөөр үнэлж, хоёрдугаар хөрөнгө болох Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 87/3 дугаар байр, 67 тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны өмчлөгч Г.Тойрууль нь 160 000 000 төгрөгөөр, гурав болон дөрөвдүгээр хөрөнгө болох Налайх дүүргийн 2 дугаар хороо, тайж 2 гудамж, 02 тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах 78 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Б.Мандах, М.Цэцэнцогт нар нь 80 000 000 төгрөгөөр хөрөнгөө үнэлж үнийн санал ирүүлсэн байдаг. Харин “Х” ХХК-ийн зүгээс үнийн санал өгөөгүй бөгөөд хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийг үнэлүүлэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу “Хөрөнгийн үнэлгээ төв” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж үнэлгээ гаргуулсан. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь үнэлгээ гаргахдаа нэгдүгээр хөрөнгийг 106 720 000 төгрөгөөр, хоёрдугаар хөрөнгийг 82 500 000 төгрөгөөр, гурав болон дөрөвдүгээр хөрөнгөнүүдийг хамтад нь 79 310 000 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргасан. Хуульд зааснаар эдгээр үнэлгээний 70 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож, дуудлага худалдаа явагдах болсон талаар талуудад мэдэгдсэн. “Э” ХХК-ийн хувьд үнэлгээний тухай мэдэгдлийг 2019 оны 03 сарын 27-ны өдөр шуудангаар хүргүүлсэн. Мөн 2019 оны 04 сарын 04-ний өдөр Х.Хосбаяр нь өөрийн биеэр ирж авсан. Эхний дуудлага худалдаа явагдаагүй. Шүүгчийн захирамжаар одоогоор ажиллагаа түдгэлзсэн байгаа. “Хөрөнгийн үнэлгээний” төв ХХК нь хуулийн дагуу хөрөнгийн үнэлгээ гаргасан байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт эрх ашиг зөрчигдөж гуравдагч этгээдээр оролцож байгаа. Анх Н.Ц болон “Э” ХХК  нь “Х” ХХК-иас 300 000 000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийн төлбөрөө төлөхгүй байсан учраас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 12 сарын 05-ны өдрийн 2781 тоот захирамж гарч талуудын эвлэрлийг баталсан. Гэтэл Н.Ц болон “Э” ХХК нь эвлэрлийн гэрээнд заасан графикийг зөрчсөн учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж хөндлөнгийн шинжээчийн байгууллагаар үнэлгээ гаргуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд хандсанаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удааширч төлбөр авагчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна. Мөн “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож төлбөр авагчийн хуульд заасан эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01342 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нт холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019 оны 03 сарын 26-ны өдрийн №179, 180, 181 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1405 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01342 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Хосбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Э”  ХХК нь өөрийн 2014-2016 онд гүйцэтгэсэн “Гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамж” Багц-12, Багц-14-ийн ажлыг гүйцэтгэхдээ Хнаас 300 сая төгрөгийн зээл авсан юм. Зээл анхандаа хэвийн үргэлжилж байсан ч манай барилгын ажил давхардсан тоогоор 419 хоног зөвхөн захиалагчийн талаас шалтгаалан хугацаа сунжирснаас түүнийгээ дагаад санхүүжилтүүд дараагийн он дамжин удааширч, зээлийн хугацаа хэтэрч энэ байдалд орсон юм. Зээлийн барьцаанд Х.Хосбаяр, М.Цэвэлнямаа, Х.Цэрэнням, Х.Оюунбилэг, Х.Баярбаатар нарын өмчлөлийн СХД-ийн 17-р хороо, 33-324 тоот 40 м.кв Улсын бүртгэлийн Ү-2201005714 дугаартай 3 өрөө байрыг 106 720 000 төгрөгөөр үнэлснийг энэ байранд өрөөнүүдийн өөрчлөлт хийж супер засвар хийгдсэн, гадна төрхөөс нь бусдад энэ загварын байранд хийж болох бүхий л өөрчлөлт, шинэчлэлт, дээд зэрэглэлийн засвар хийгдсэн тул НШШГГ-аас гаргасан үнэлгээ нь бодит бус тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Барьцаанд тавигдсан гуравдагч этгээд Г.Тойруулын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205056137 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол, 87/3 байрны 67 тоот 55 м.кв 2 өрөө байр нь байршил, ашиглалтанд орсон хугацаа, ерөнхий байдлын хувьд НШШГГ-ын шинжээчийн 85 500 000 төгрөгийн үнэлгээ нь бодит байдлаас хол зөрүүтэй гарсан тул энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Барьцаанд тавигдсан гуравдагч этгээд Б.Мандах, М.Цэрэнцогт нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2207001914 дугаартай Налайх дүүргийн 2-р хороо, Тайжийн 2-2 тоотод байрлах хувийн сууц, мөн хаягт байрлах Улсын бүртгэлийн Г-2207000237 дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай өмчлөлийн газрын Үнэлгээг 79 310 000 төгрөгөөр үнэлсэн нь хэт хямдаас гадна Хны барьцааны жагсаалтанд ороогүй бусад үл хөдлөх хөрөнгүүдийг хамтатган үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эдгээр үнэлгээ нь зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур, эзэмшигчдэд нь хохиролтой байгаа тул энэхүү үнэлгээг хүчингүй болгож, дахин бодитоор үнэлүүлж өгнө үү гэсэн манай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дараах үндэслэлээр шийдсэн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Хосбаяр нь үүргийн гүйцэтгэлд хураагдсан эд хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн ханшид нийцээгүй гэх тайлбар гаргадаг хэдий ч тухайн шаардлага үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул НШШГГ-ын 2019.03.19-ний өдрийн 92 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-ын дагуу үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2019.03.26-ны өдрийн №179, 180, 181 дугаартай үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн төлбөр төлөгч “Э” ХХК-ийн захирал Х.Хосбаярт хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2019 оны 03 сарын 27-ны өдрийн шуудангаар хүргүүлж, тэрээр өөрийн нэрийн хаягаар 2019 оны 03 сарын 28 -ны өдөр хүлээн авсан тухай тэмдэглэл хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд байх бөгөөд нэхэмжлэгч мөн өдөр гэрийн хаягаар нь мэдэгдэл ирсэн талаар шүүх хуралдаанд тайлбарлах боловч 2019 оны 04 сарын 04-ний өдөр мэдэгдлийг биеэр дахин хүлээн авчээ. Хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 03 сарын 28-ны өдөр хүлээн авсан талаар нэхэмжлэгч тайлбарлах тул нэхэмжлэлийг 2019 оны 04 сарын 05-ны өдөр гаргасан нь мэдэгдлийг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа өнгөрсөн гэж үзнэ гэх шалтгаануудаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Бид Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч шийдвэрийг хэвээр үлдээж, манай давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон.

Эдгээр хөрөнгүүдийн үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн бодит үнээс хэт доогуур болохыг өдөр тутмын сонины ижил төстэй зар мэдээнүүд хангалттай илтгэх ба Налайх дүүргийн барьцаа хөрөнгөөс Хинд зөвхөн хашаа байшин хоёрыг барьцаалсан байхад хашааны доторх хожим баригдсан бусад хөрөнгийг /жижиг байшин, гараж, зоорь, малын саравч/ давхар хамтатган үнэлсэн нь байж боломгүй асуудал, тэр нь бас хэт хямд байх тул барьцааны хөрөнгүүдийг,

Мөн хөрөнгийн үнэлгээний талаар мэдэгдлийг 2019.03.27-ны өдрийн шуудангаар миний гэрийн хаягаар 2019.03.28-ны өдөр хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хавтаст хэргийн 56-р хуудсанд байх ба би өөрөө болон миний гэр бүлийн бусад гишүүд үүнийг гардан аваагүй, манай гэрт байх нэгэн учир мэдэхгүй охинд өгснийг би мэдээгүй, хөдөө ажлаасаа ирээд 2019.04.04-ний өдөр НШШГГ-т өөрийн биеэр очиж гарын үсэг зурж, албан ёсоор авсан байтал хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа өнгөрсөн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч “Э” ХХК нь Нт холбогдуулан үүргийн гүйцэтгэлд битүүмжлэгдэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Хөрөнгийн үнэлгээний төв барьцааны хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн тул дээрх хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэн, хурааж үнийн санал авахад төлбөр төлөгч үнийн санал гаргаж, харин төлбөр авагч эд хөрөнгүүдийг хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан тул хуульд заасан журмын дагуу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээг хийлгэсэн. Үнэлгээчин хуулийн дагуу үнэлгээг гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2781 тоот шүүгчийн захирамжаар “Э” ХХК, М.Цэвэлнямаа нар нь “Х” ХХК-д графикийн дагуу 311 165 163 төгрөгийг төлж барагдуулахаар, төлбөрийг зөрчсөн тохиолдолд албадан гүйцэтгүүлж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн зохигч талуудын эвлэрлийг баталсан. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөрийг барагдуулахаар барьцааны хөрөнгийг битүүмжлэн, хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авсан, зохигч тохиролцоогүй үндэслэлээр хөндлөнгийн шинжээч томилсон байна.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан нэг дэх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 33 дугаар байрны 324 тоот, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг өмчлөгч нар 130 000 000 төгрөгөөр үнэлэх санал гаргасныг шинжээч 106 720 000 төгрөгөөр, хоёр дахь хөрөнгө болох Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хороолол 87/3 дугаар байрны 76 тоот хаягт байрлах  55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөгч 165 000 000 төгрөгөөр үнэлэх санал өгснийг шинжээч 85 200 000 төгрөгөөр, гурав дахь хөрөнгө болох Налайх дүүргийн 2 дугаар хороо, тайж 2 гудамжны 02 тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, 78 м.кв талбай бүхий хувийн сууцыг өмчлөгч 80 000 000 төгрөгөөр үнэлснийг шинжээч дээрх хөрөнгийн гаражийн хамт 79 310 000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсний үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдаж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч нь баримтаар нотлоогүй, түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна. 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...үнэлгээ бодит бус хийгдсэн, гадна төрхөөс гадна тухайн байранд хийгдсэн дээд зэрэглэлийн засвар, шинэчлэлт зэргийг анхаарсангүй, ...барьцааны жагсаалтад ороогүй бусад хөрөнгийг үнэлснийг зөвшөөрөхгүй, ...шүүх нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй, ...нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргаагүй талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн...” гэжээ.

Хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлтэд “...үнэлгээ хийж буй СХД-ийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 324 тоот орон сууц нь 2017 онд засвар хийсэн, гадна хаалга бүргэд, дотор хаалга модон, шал-паркет, цонх-вакум, тааз-гибсэн хүрээтэй, гал тогооны өрөөний тагтыг задлан халаалт тавьсан...” гэж байрны гадна төрхөөс гадна дотоод засварын байдлыг нэг бүрчлэн үзэж үнэлгээ хийсэн байх тул үнэлгээ бодит бус хийгдсэн гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчийн төлбөрт битүүмжлэгдэн, хураагдсан Налайх дүүргийн 2 дугаар хороо, Тайж 2-2-т байрлах үл хөдлөх эд хөрөнгө, 700 м.кв газрыг үнэлэхдээ газраас үл салгаж болох гараж, тухайн газрын хил хязгаарыг тогтоосон хашааны хамт үнэслнийг буруутгах үндэслэлгүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3.-т заасны дагуу  мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана гэжээ.

Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчид шинжээчийн үнэлгээг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлснийг нэхэмжлэгч 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан болох нь өөрийнх нь тайлбараар нотлогдож байх тул тэрээр 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр үнэлгээний талаар шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2019/01342 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1405 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Хосбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Хосбаяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД