Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2019/01342

 

                                                                                                                                               

 

 

 

 

 

 2019 оны 05 сарын 22 өдөр   

    Дугаар 184/ШШ2019/01342

               Улаанбаатар хот

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .... тоот хаягт байрлах, “Э-” ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .... байр хаягт байрлах, Н-т холбогдох

 

Гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, .... байр хаягт байрлах “Х-” ХХК

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Х-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-, гэрч Ж.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Х-” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Ц-, “Э-” ХХК нарт холбогдох иргэний хэрэгт 2017 оны 12 сарын 05-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарч “Э-” ХХК болон н.Ц- нар нь 311,165,163 төгрөгийг 2018 оны 06 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар, хэрэв хугацаандаа төлөхгүй бол Сонгинохайрхан дүүрэг, .... тоот хаягт байрлах, 3 өрөө Х.Х- болон түүний гэр бүлийн гишүүдийн өмчлөлийн орон сууц, .... тоот хаягт байрлах, 2 өрөө Г.Т-ийн өмчлөлийн орон сууц, Налайх дүүрэгт байрлах Б.М-, М.Ц- нарын өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах үл хөдлөх хөрөнгө зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн. Энэ шийдвэр гарснаас хойш графикт заасан төлөлт зөрчигдөж 241,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Ингээд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 02816 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 322 дугаартай гүйцэтгэх хуудас гарсны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн. Бид барьцаа хөрөнгө болох нэгдүгээр хөрөнгөө 130,000,000 төгрөг, хоёрдугаар хөрөнгөө 165,000,000 төгрөг, гуравдугаар хөрөнгө, дөрөвдүгээр хөрөнгөнүүдийг нийлүүлээд 80,000,000 төгрөгөөр үнэлж, үнийн саналыг Н-т өгсөн. Гэтэл “Хө-” ХХК нь нэгдүгээр хөрөнгийг 106,720,000 төгрөгөөр, хоёрдугаар хөрөнгийг 85,200,000 төгрөгөөр, гурав болон дөрөвдүгээр хөрөнгөнүүдийг нийт 79,310,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байсан. Нэгдүгээр хороололд байрлах, орон сууцны дундаж үнэ нь 115,000,000-125,000,000 төгрөгийн үнэтэй байгаа. Хоёрдугаар хөрөнгийн хувьд эзэн нь 85,200,000 төгрөг биш энэ бол шинэ байр гэж маргаж байгаа. Гурав болон дөрөвдүгээр хөрөнгөнүүдийг грашийн хамтаар 79,310,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнүүд нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур гарсан гэж үзэж гомдол гаргасан байгаа. Тиймээс дээрх хөрөнгөнүүдийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Албадан гүйцэтгэх захирамж гарсны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 11 сарын 05-ны өдөр үүсгэсэн. Ингээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан дарааллын дагуу явуулж барьцаа хөрөнгөнүүдийг битүүмжилж, эд хөрөнгийг хурааж, үнийн санал өгөхийг өмчлөгч нарт мэдэгдсэн байдаг. Нэгдэх хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, .... тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцны өмчлөгч 5 хүн үл хөдлөх хөрөнгөө 130,000,000 төгрөгөөр үнэлж, хоёрдугаар хөрөнгө болох .... тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны өмчлөгч Г.Т-ь нь 160,000,000 төгрөгөөр, гурав болон дөрөвдүгээр хөрөнгө болох Налайх дүүргийн .... тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах 78 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар Б.М-, М.Ц- нар нь 80,000,000 төгрөгөөр хөрөнгөө үнэлж үнийн санал ирүүлсэн байдаг. Харин “Х-” ХХК-ийн зүгээс үнийн санал өгөөгүй бөгөөд хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийг үнэлүүлэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу “Хө-” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж үнэлгээ гаргуулсан. “Хө-” ХХК нь үнэлгээ гаргахдаа нэгдүгээр хөрөнгийг 106,720,000 төгрөгөөр, хоёрдугаар хөрөнгийг 82,500,000 төгрөгөөр, гурав болон дөрөвдүгээр хөрөнгөнүүдийг хамтад нь 79,310,000 төгрөгөөр үнэлж дүгнэлт гаргасан. Хуульд зааснаар эдгээр үнэлгээний 70 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоож, дуудлага худалдаа явагдах болсон талаар талуудад мэдэгдсэн. “Э-” ХХК-ийн хувьд үнэлгээний тухай мэдэгдлийг 2019 оны 03 сарын 27-ны өдөр шуудангаар хүргүүлсэн. Мөн 2019 оны 04 сарын 04-ний өдөр Х.Х- нь өөрийн биеэр ирж авсан. Эхний дуудлага худалдаа явагдаагүй. Шүүгчийн захирамжаар одоогоор ажиллагаа түдгэлзсэн байгаа. “Хө-” ХХК нь хуулийн дагуу хөрөнгийн үнэлгээ гаргасан байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Э-” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт эрх ашиг зөрчигдөж гуравдагч этгээдээр оролцож байгаа. Анх н.Ц- болон “Э-” ХХК нар нь “Х-” ХХК-иас 300,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийн төлбөрөө төлөхгүй байсан учраас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 12 сарын 05-ны өдрийн 2781 тоот захирамж гарч талуудын эвлэрлийг баталсан. Гэтэл н.Ц- болон “Э-” ХХК нар нь эвлэрлийн гэрээнд заасан графикийг зөрчсөн учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж хөндлөнгийн шинжээчийн байгууллагаар үнэлгээ гаргуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд хандсанаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа удааширч төлбөр авагчийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байна. Мөн “Э-” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож төлбөр авагчийн хуульд заасан эрхийг хамгаалж өгнө үү” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э-” ХХК нь Н- /цаашид “НГ-” гэх/-т холбогдуулан “Хө-” ХХК-ийн 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 179, 180, 181 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 сарын 05-ны өдрийн 184/ШШ2017/02781 дугаар захирамжаар хариуцагч “Э-” ХХК, М.Ц- нар нь 2017 оны 11 сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 12 сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 01 сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2018 оны 02 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг, 2018 оны 03 сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2018 оны 04 сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2018 оны 05 сарын 25-ны өдөр 60,000,000 төгрөг, 2018 оны 06 сарын 25-ны өдөр 151,165,163 төгрөгөөр төлж барагдуулахаар, уг графикийг 2 удаа зөрчсөн тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрч талууд эвлэрсэн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч нар болон гуравдагч этгээд үүргээ гүйцэтгээгүй, төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд

-УБД-Y-...., Сонгинохайрхан дүүрэг, .... тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц,

-УБД-Y-...., Баянгол дүүрэг, .... тоот хаягт байршилтай, 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууц,

-УБД-Y-...., Налайх дүүргийн .... тоот, 78 м.кв талбайтай хувийн сууц,

-УБД-Г-...., Налайх дүүргийн .... тоот 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг албадан худалдаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н-т даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...дөрвөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнүүд нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур гарсан, бодит байдалд нийцээгүй...” хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч “НГ-” нь “...“Хө-” ХХК нь хуулийн дагуу хөрөнгийн үнэлгээ гаргасан байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн маргав.

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 сарын 12-ны өдрийн 184/ШЗ2018/02816 дугаар захирамж, мөн өдрийн 322 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн “НГ-” нь 2018 оны 11 сарын 05-ны өдөр 18271918 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулж эхэлжээ.

 

“НГ-” нь төлбөр төлөгч нарт шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хүргүүлж, улмаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/ШШ2017/02781 дүгээр захирамжийн дагуу барьцаа хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, .... тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-.... дугаартай, 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, .... тоот хаягт байршилтай, 55 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-.... дугаартай, 2 өрөө орон сууц, Налайх дүүргийн .... тоот, 78 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-.... дугаартай хувийн сууц, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-.... дугаартай, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 12 сарын 06-ны өдрийн 18271918/06, 18271918/05, 2019 оны 01 сарын 25-ны өдрийн 18271918/06 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, 2019 оны 02 сарын 22-ны өдрийн 18271918/130, 2019 оны 02 сарын 27-ны өдрийн 18271918/07, 18271918/08 дугаар тогтоолоор хураасан байна.

 

Хураагдсан эд хөрөнгөнд төлбөр авагч үнийн санал гаргаагүй, хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ гаргуулахаар хүсэлт гаргасан, төлбөр төлөгч “Э-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Х- өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг  130,000,000 төгрөгөөр, гуравдагч этгээд Г.Т-ь өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 160,000,000 төгрөгөөр, гуравдагч этгээд Б.М-, М.Ц- нар өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө 80,000,000 төгрөгөөр үнэлж тус  тус үнийн санал өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргээр нотлогдов.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т зааснаар хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй тул “НГ-” 2019 оны 03 сарын 19-ний өдрийн 92 дугаар “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгөнд үнэлгээ хийлгэхээр шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “Хө-” ХХК-ийг томилжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “НГ-”-ын шинжээч томилж, үнэлгээ хийхтэй холбоотой ажиллагаа нь хууль зөрчсөн эсэх талаар маргаан байхгүй, харин зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн тул уг үнэлгээг зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг тул шүүхээс нэхэмжлэгчийн маргаагүй, гомдоогүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.

 

 “Хө-” ХХК нь 2019 оны 03 сарын 26-ны өдрийн №179 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар үүргийн гүйцэтгэлд хураагдсан Сонгинохайрхан дүүрэг, .... тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-.... дугаартай, 3 өрөө орон сууцыг 106,720,000 төгрөгөөр, мөн өдрийн №180 дугаартай тайлангаар Баянгол дүүрэг, .... тоот хаягт байршилтай, 55 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-.... дугаартай, 2 өрөө орон сууцыг 82,500,000 төгрөгөөр, №181 дугаартай тайлангаар Налайх дүүргийн .... тоотод байрлах улсын бүртгэлийн Y-.... дугаартай, 18669294455856 нэгж талбарын дугаартай, улсын бүртгэлийн Г-.... дугаарт бүртгэлтэй, 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 79,310,000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Х- нь үүргийн гүйцэтгэлд хураагдсан эд хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн өнөөгийн ханшид нийцээгүй гэх тайлбар гаргадаг хэдий ч тухайн  шаардлага үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул “НГ-”-ын 2019 оны 03 сарын 19-ний өдрийн 92 дугаартай “Шинжээч томилох тухай тогтоол”-ын дагуу үнэлсэн “Хө-” ХХК-ийн 2019 оны 03 сарын 26-ны өдрийн №179, 180, 181 дугаартай үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

 

Мөн төлбөр төлөгч “Э-” ХХК-ийн захирал Х.Х-т хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2019 оны 03 сарын 27-ны өдөр шуудангаар хүргүүлж, тэрээр өөрийн гэрийн хаягаар 2019 оны 03 сарын 28-ны өдөр хүлээн авсан тухай тэмдэглэл хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч мөн өдөр гэрийн хаягаар нь мэдэгдэл ирсэн талаар шүүх хуралдаанд тайлбарлах боловч 2019 оны 04 сарын 04-ний өдөр мэдэгдлийг биеэр дахин хүлээн авчээ. Хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг 2019 оны 03 сарын 28-ны өдөр хүлээн авсан талаар нэхэмжлэгч тайлбарлах тул нэхэмжлэлийг 2019 оны 04 сарын 05-ны өдөр гаргасан нь мэдэгдлийг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болох  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа өнгөрсөн гэж үзнэ.

   

Иймд нэхэмжлэгч “Э-” ХХК-ийн гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Н-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн “Хө-” ХХК-ийн 2019 оны 03 сарын 26-ны өдрийн №179, 180, 181 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай “Э-” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.УРАНЗУЛ