Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00548

 

Г.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01560 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1665 дугаар магадлалтай,

Г.Т-гийн нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Т-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 187 дугаар шүүгчийн захирамжаар 84 560 964.56 төгрөгийг Г.Т надаас гаргуулж Хинд олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206015877 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр /17041/ ХД-98 дугаар байрны, 2 тоот 111.4 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн ханшийг 189 469 100 төгрөгөөр үнэлгээ тогтоон албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэх хуудсыг 2019 оны 3 дугаар 0сарын 20-ны өдөр мэдэгдэж, энэ бичгийг хүлээж авахгүй бол танд 1 сарын хугацаа өгөхгүй гэж дарамталж хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлэн, үнэ тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3, 55.7 дахь заалтуудыг зөрчсөн байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээг хүчингүй болгож, дахин зах зээлийн бодит ханшийг тогтоолгох хүсэлтэй байна.

Миний бие эрхийн улсын Ү-2206015877 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр /17041/ХД-98 дугаар байрны, 2 тоот 111.4 м.кв талбайтай орон сууцыг 2010 онд “Орчлон констракшн” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан худалдан авсан ба одоогийн зах зээлийн үнэ нь 280 000 000 төгрөг байхад хэт доогуур буюу 189 469 100 төгрөгөөр зориуд талбайн хэмжээг багасган үнэлсэнд гомдолтой байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын үнэлсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулж, өмчлөгч миний зөрчигдсөн эрхийг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэндэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 187 дугаар захирамжаар Г.Т, С.Р нараас 85 241 718 төгрөг, мөн шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 795 дугаар захирамжаар 25 654 700 төгрөгийг тус тус гаргуулж Хинд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 18290586, 18290584 дүгээр тогтоолуудаар үүсгэн, тус газрын 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 4/14078 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Г.Тгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр ХД-98 дугаар байрны 2 тоотод байрлах орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 18290586 дугаар тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 18290586/01 тоот тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч Г.Тд үл хөдлөх хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 4/2329 дүгээр албан бичгээр мэдэгдэхэд үнийн санал өгөхөөс татгалзсан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 189 469 100 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/4991 дүгээр албан бичгээр талуудад мэдэгдсэн. Г.Т нь өөрийн өмчлөлийн хөрөнгийг үнэлэгдсэн үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах хүсэлтийг тус газарт гаргасныг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар үл хөдлөх хөрөнгийг бие даан худалдан борлуулж төлбөрийг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн дотор төлөхийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 4/6113 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ хүчингүй болгуулах талаар нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн, мөн төлбөр төлөгч өөрөө үнэлгээг хүлээн зөвшөөрч, хугацаа авсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 187 тоот захирамжаар 84 560 964.56 төгрөг, мөн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 00795 тоот захирамжаар 25 320 150 төгрөгийг тус тус Г.Т, С.Р нараас гаргуулахаар шийдвэрлэсэн. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд төлбөр төлөгч нь энэ хугацаанд мөн л төлбөр төлөөгүй бөгөөд ямар нэг байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хойшлуулах, үнийн санал өгөхгүй байх замаар өнөөдрийг хүрч байгаа юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь барьцаа хөрөнгөө өөрөө зарж төлбөрөө барагдуулах хүсэлт гаргаж хугацаа авсан боловч мөн л төлөөгүй бөгөөд харин гомдол гаргаж шүүхэд хандсан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01560 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Г.Тгийн нэхэмжлэлтэй, Нт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1665 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01560 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 сарын 23-ны өдрийн 187 дугаартай шүүгчийн захирамжаар 84 560 964.56 төгрөгийг Г.Т надаас гаргуулж Хинд олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Эрхийн улсын Ү-2206015877 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр /17041/ ХД-98 дугаар байрны, 2 тоот 111.4 м.кв талбайтай орон сууцыг зах зээлийн ханшийг 189 469 100 төгрөгөөр үнэлэн үнэлгээ тогтоон албадан дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэх хуудсыг 2019 оны 3 сарын 20-ны өдөр намайг дуудаж, энэ бичгийг хүлээж авахгүй бол танд 1 сарын хугацаа өгөхгүй гэж дарамталж хүлээлгэн өгсөн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь эд хөрөнгүүдийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлэн, үнэ тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.3, 55.7 дахь заалтуудыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулан надад мэдэгдэх хуудас хүргүүлээгүй, дуудах хуудас явуулаагүй ч үнэлгээг хууль заасан хугацаанаас хожим танилцуулахдаа надаар хугацаа авахуулах тухай хүсэлт бичүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан 1 сарын хугацааг өгсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх уг хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааг дээрх 1 сарын хугацаанд оруулан тоолсон нь үндэслэлгүй ба үнэлгээний тайлангийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Миний бие Эрхийн улсын Ү-2206015877 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, үйлдвэр /17041/ ХД-98 дугаар байрны, 2 тоот 111.4 м.кв талбайтай орон сууцыг 2010 онд “Орчон констракшн” ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан худалдан авсан ба одоогийн зах зээлийн үнэ нь 280 000 000 төгрөг байхад хэт доогуур буюу 189 469 1000 төгрөгөөр зориуд талбайн хэмжээг багасган үнэлсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байна

Г.Т нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, үйлдвэр /17041/ ХД-98 дугаар байрны 2 тоот, 111.4 м.кв талбайтай орон сууцыг 2010 онд худалдан авсан бөгөөд одоогийн ханшаар 280 000 000 төгрөгийн үнэтэй байтал зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу 189 469 100 төгрөгөөр үнэлсэн гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №187 дугаартай шүүгчийн захирамжаар “...хариуцагч Г.Т, С.Рэнчинжүгдэр нар нь 84 560 964.56 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны дотор нэхэмжлэгч “Х” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, ...үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Үйлдвэр ХД 98-2 тоот 111.4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар...” шийдвэрлэсэн.

Хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч хүсэлт гаргаснаар 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөрийг сайн дураар төлөхийг мэдэгдэж, төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр барьцааны хөрөнгийг битүүмжлэн, хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад төлбөр төлөгч үнийн санал өгөхгүй гэсэн тул үнэлгээг тогтоолгохоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Шинжээч Монгол Улсын хөрөнгийн тухай хууль, ОУҮС-ын дагуу мэргэжлийн болон ёс зүйн шаардлагыг мөрдөж, ашиг сонирхлын зөрчилгүй, хараат бусаар үнэлгээг хийж гүйцэтгэсэн талаар үнэлгээний тайлангаа ирүүлснийг шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөгч нарт танилцуулсанд төлбөр төлөгч Г.Т бие даан худалдан борлуулах санал гаргасан байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэгч нь хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахдаа анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзсэнээс гадна нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа мэдэгдэх хуудас хүргүүлээгүй, дуудах хуудас явуулаагүй ч үнэлгээг хуульд заасан хугацаанаас хожим танилцуулахдаа надаар хугацаа авахуулах тухай хүсэлт бичүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2. дахь хэсэгт заасан 1 сарын хугацааг өгсөн байхад шүүх нэхэмжлэл гаргах 7 хоногийн хугацааг энэ хугацаанд оруулж тоолсон нь үндэслэлгүй, үнэлгээний тайлангийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй...” гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж, 55.3.-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч дүгнэлт гаргана.

2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гарсан Үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, тухайн өдөр үнэлгээтэй танилцсан төлбөр төлөгчийн мэдэгдэлд зурсан гарын үсгээр нотлогдсон байх тул үнэлгээг хуульд заасан хугацаанд танилцуулаагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг сайн дураар худалдах нэг сарын хугацаа авсан нь үнэлгээний талаар гомдол гаргах 7 хоногийн хугацаанд хамаарахгүй тул шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн талаарх нэхэмжлэлд давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль заасан үндэслэл тогтоогдсонгүй.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/01560 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1665 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Г.Тгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Г.Тгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 218 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД