Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 31

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.С-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энх-Оюун,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Б.Цолмон-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 996 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Б.Цолмон-Эрдэнэ нарын давж заалдах гомдлоор Б.С-д холбогдох эрүүгийн 1708016640280 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б. С, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ........... дүүргийн .... дугаар хороонд .. дугаар хэсгийн ахлагч ажилтай, ам бүл .., нөхөр, .. хүүхдийн хамт ............... дүүргийн .. дугаар хороо, .. дүгээр гарам .. дүгээр гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...................../;

 

Б.С нь 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.О-д Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зам дагуу тэгш газар зарна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилаж, 49.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Хиад боржигон овогт Баньдын Солонгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ос 16.296.400 төгрөгийг, иргэний хариуцагч Д.Алтангэрэлээс 25.313.600 төгрөгийг, иргэний хариуцагч Д.Түмэнжаргалаас 7.390.000 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 49.000.000 төгрөгийг хохирогч О.Булгантамирт олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С миний бие С овогтой хүү Сайханбилэг 11 настай, С овогтой охин Сарангоо 3 настай, Сономзондов овогтой Банди 80 настай хорт хавдар өвчний улмаас эцсийн шатандаа орж морфин тариагаар амь нас нь торгоогдож байгаа. Би өөрийн аав нартайгаа өрх толгойлон амьдардаг. Б.С миний бие 7 сартай бие давхар жирэмсэний хожуу үеийн гүн хордлоготой, жирэмсэний хавантай, артерын даралт байнга өндөр, жирэмсэний тонус хүчтэй өгч байгаа зэрэг хувийн байдал, ар гэрийн аргагүй байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар, ял хойшлуулан хөнгөрүүлэн шийтгэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Б.Батбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхийн шатнаас шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгчөөр ажиллаж, хууль эрх зүйн туслалцаа үзүүлж байна. Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай гэж тооцож ял оногдуулсан. Анхан шатны шүүх хуралдааны дараа үйлчлүүлэгчтэйгээ уулзахад “гэм буруугийн талаар маргахгүй, ял хойшлуулж өгөөч” гэсэн. Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үзэх учраас миний 3 үндэслэлээр гаргасан гомдлыг хянаж үзнэ гэж бодож байна. Шүүх миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, бага насны хүүхэдтэй, жирэмсэн, биеийн байдлын хувьд унаж, татах өвчтэй зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.” гэж заасныг хэрэглэх боломжтой. Цагдан хорих 461 дүгээр хорих ангид хоригдсоноос хойш байнгын эмчийн хяналтад байгаа. Мөн ургийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс гадуур нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай нөхцөл байдал үүссэн. Энэ талаар цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн бичигт тодорхой бичигдсэн. Б.С-ын холбогдсон хэргийн хувьд тохиолдлын шинжтэй, 49.000.000 төгрөгийн залилангийн хэрэгт холбогдсон гэх боловч шүүхийн шийтгэх тогтоолд Б.С-ос 16.000.000 төгрөгийг гаргуулахаар шийдсэн. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 996 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн З дахь хэсэгт өөрчлөлтийг оруулж, Б.С-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгч Б.С-ын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие давж заалдах шатны шүүхийн шатнаас өмгөөлөгчөөр оролцож байгаа. Хэргийн материалтай бүхэлд нь танилцаж, үйлчлүүлэгчтэйгээ уулзаж, гэм буруугийн талаар хууль эрх зүйн ойлголт өгсний үндсэн дээр миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахааргүй болсон. Энэ хүний эгч нь надтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Эгч нь амьдралын боломж муутай бөгөөд Б.С-ын нэр дээр бүртгэлтэй хашаа байшин байдаг. Намайг Б.С-той очиж уулзахад “надад итгэмжлэл өгье, та зараад хохирлыг барагдуулж өгөөч. Өөр найдвартай хүн байхгүй байна” гэсэн хүсэлт тавьсан. Миний хувьд өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ эд хөрөнгийн харилцаанд орох нь зохимжгүй гэж үзсэн учраас хохирлыг төлж чадалгүй өдийг хүрсэн. Гэхдээ хохирол төлбөрөө хашаа байшингаа зараад төлж барагдуулах боломжтой байгаа. Мөрдөн байцаах шатанд хүсэлт өгч гадуур нарийн мэргэжлийн эмчийн хяналтад орж болдог. Шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш боломжгүй болсон. Цагдан хоригдсоноор ургийн зүрхний цохилтод хяналт тавьж чадаагүй байгаа. Б.С-ын хувьд гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ гэдсэнд байгаа 24 долоо хоногтой хүүхдийн асуудлыг харж үзээч гэж шүүхээс хүсэж байна. Тийм учраас ял хойшлуулж өгнө үү. Хэрвээ ял хойшлуулсан тохиолдолд хохирол төлбөр төлөх эд хөрөнгийн баталгаа байгаа.” гэв.

Прокурор Р.Энх-Оюун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч Б.Батбаяр гаргасан гомдлынхоо зарим үндэслэлээс татгалзсан учраас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт яригдсан асуудалд товчхон тайлбар хэлье. Б.С нь 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.О-д Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зам дагуу тэгш газар зарна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, бусдад 49.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хангалттай нотлогдсон. Мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.С-ын жирэмсэн талаарх нотлох баримтыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гаргаж өгөөгүй. Хүүхдүүд нь хуульд заасан насанд хүрсэн байсан учраас Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял хойшлуулах үндэслэл тогтоогдоогүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Давж заалдах шатны шүүх хуралдаанд жирэмсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгсөн учраас Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл буюу шүүхээс гарсан шийдвэрийг хойшлуулах үндэслэл тогтоогдож байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Б.С нь 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.О-д Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зам дагуу тэгш газар зарна гэж хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан залилж, 49.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч О.Булгантамир /1хх-17-18/, иргэний хариуцагч Д.Алтангэрэл /1хх-20-22/, иргэний хариуцагч Д.Түмэнжаргал /1хх-24-25/, гэрч С.Оюунчимэг /1хх-32-33/, гэрч Ю.Одгэрэл /1хх-37-39/, гэрч Л.Эрдэнэжаргал /1хх-43-45/, гэрч Э.Төмөрбагана /1хх-49-51/, гэрч М.Амар /2хх-13-15/, гэрч Б.Батбаатар /2хх-16-18/ нарын мэдүүлэг, Б.С-ын нөхөр М.Амарын Хаан банк дахь дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-73-74/, хохирогч О.Булгантамирын гар утасны мессежийн баримтууд /1хх-117-183/, газар эзэмших гэрчилгээний хуулбар /1хх-185/, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний хуулбар /1хх-194/, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актын хуулбар /1хх-198/ зэргээр нотлогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.С-ыг, хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүхээс Б.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж тухайн зүйлд заасан хорих ялын хэмжээгээр буюу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Харин давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад, шүүгдэгч Б.С нь 16-17 долоо хоногтой жирэмсэн гэдэг нь цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн тодорхойлолтоор /2хх-125/ нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.С-ын анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний жирэмсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Б.Цолмон-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 996 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.С-д шийтгэх тогтоолд заасан төлбөрийг хохирогч О.Булгантамирт төлөх үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Б.С нь энэ хэрэгт 50 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

                                 ШҮҮГЧ                                                       Д.МЯГМАРЖАВ