Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00550

 

Д.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/02156 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1786 дугаар магадлалтай,

Д.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

Төлбөрт битүүмжлэгдэн, хураагдсан Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоотод байршилтай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.Цгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 дугаар захирамжаар Д.Цгээс 44 978 804 төгрөг гаргуулж “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэж, миний өмчлөлийн эрхийн Ү-2205005543 дугаарын бүртгэлтэй Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоотод байрлах орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөндлөнгийн шинжээч томилон 69 592 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн энэ үнэлгээний 70 хувь буюу 48 744 400 төгрөгөөр үнэлж албадан дуудлага худалдааны доод үнийн талаархи мэдэгдлийг 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан. Дээрхи үнэлгээг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаж байна. Зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн болно.

 Би мөнгийг ямар нэгэн хэлбэрээр төлнө. Гэхдээ байрыг маань дуудлага худалдаанд оруулах гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. н.Насанжаргал надтай гэрээ хийж би 44 000 000 төгрөгийн баримт дээр гарын үсэг зурсан бөгөөд маргааш нь зээлээ авах гээд очиход мөнгөө төлөөд зээлээ ав гэсэн. Одоо таны байр миний байр гэж хэлсэн. Энэ асуудал дээр гомдол гаргаж дээд шатны болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлээд тухайн байрыг иргэн Д.Цгийн байр гэж шийдээд би байраа авч байсан. Шийдвэр гүйцэтгэл дээр очиход би өгсөн мөнгийг тооцох ёстой гэж гомдол гаргасан бөгөөд хүлээн аваагүй. Шүүхийн шийдвэрт байхад нь би үнийн дүнг нь доош нь болгоод өг, огт төлөлт хийгээгүй биш төлөлт хийсэн, банк бус хохироогүй гэдгийг хэлсэн. 25 000 000 төгрөгийг төлөөд байраа авмаар байна гэж хэлсэн. Гуравдагч этгээдэд хэлэхэд дарга нь гадаад хүн болохоор хэл амаа олохгүй хэл ойлголцохгүй байсан. Байраа өөр банканд тавиад эсхүл танайхаас зээл аваад төлөх боломжтой гэдгээ хэлсэн ч хүлээн аваагүй. Миний байрыг зарчихсан байсан. Үүнтэй холбоотой бас шүүх хурал болоод байрыг надад буцаасан. Би өөрийнхөө өрийг төлнө, гэхдээ шууд бэлэн мөнгө байхгүй гэдгээ хэлсэн. Яг өгсөн он сараар нь шүүх юм бол би 31 000 000 төгрөг төлсөн байгаа. Гэтэл надаас 44 сая төгрөг гаргуулахаар болсон. Би орон байраа заруулахыг хүлээн зөвшөөрөхгүй, орон гэрээ өгөхгүй гэж хэлсэн. Монгол хүн байсан бол захирал нь аль хэдийнээ шийдчих асуудал байсан. Анх 110 000 000 төгрөг болж байсан байрыг 44 000 000 төгрөгт өгнө гэдэг харамсалтай байна. Би тохиролцох саналтай байна. Банкнаас байр чөлөөлөх газруудтай ч ярилцсан. Гэтэл гуравдагч этгээд хүлээн зөвшөөрөхгүй байна. Захирал нь 44 000 000 төгрөгөөс 38 000 000 төгрөг болгодог юм билүү гэж хэлж байсан. Би бараг өдөр бүр очиж уулзаж байгаа. Би ямар тэрбум төгрөгийн өрөнд орсон биш, банкнаас зээл аваад өгөх боломжтой гэдгээ хэлсэн ч ойлгохгүй байх шиг байсан. Орчуулагчтай орж үздэг юм билүү гэж бодож байсан. Өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулах юм бол би хамт ороод өгнө гэдгээ хэлсэн. Өмгөөлөгч маань ямар нэгэн шалтгаан гарсан болохоор ирээгүй байх. Тэрнээс биш өмгөөлөгчид маань баримт хангалттай байгаа. Ямар шалтгаан гарсан талаар би мэдэхгүй байна. Өмгөөлөгчид маань нотлох баримт хангалттай байгаа. Хажуу байрны судалгааг авсан. 70 000 000 төгрөгөөс илүү үнэлэгдэх баримтаа цуглуулсан. Шинжээчийн үнэлгээ зах зээлийн үнээс доогуур байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нт холбогдуулан нэхэмжлэгч Д.Цгийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 дугаар захирамжаар Д.Цгээс 44 978 986 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Цд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205005543 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоот орон сууцыг битүүмжлэн хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул “Баян модот” ХХК-ийг томилон үнэлүүлж, шинжээчийн үнэлсэн үнэ болох 69 592 000 төгрөгийн 70 хувь буюу 48 714 000 төгрөгөөр тооцон анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай үнэлгээний мэдэгдлийг 2019 он 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/100143 тоот мэдэгдлээр талуудад мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагт оруулах болохыг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/13278 тоот мэдэгдлээр талуудад мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “В” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Цгийн нэхэмжлэлтэй Нт холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “В” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгч Д.Цгийн өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 24 дүгээр байрны 23 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 4839 дүгээр захирамжаар хариуцагч Д.Ц нь “Э” ХХК-ийн нэхэмжилсэн 44,788,041 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсоныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч Д.Ц нь өнөөдрийг хүртэл энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, элдэв янзын маргаан үүсгэсээр байгаа нь төлбөр авагч “Э” ХХК /одоо оноосон нэрээ “В” ХХК болгон өөрчилсөн/-д ихээхэн хэмжээний хохирол, мөн хүндрэлийг үүсгэж байна. Төлбөр төлөгч, хариуцагч Д.Ц нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул төлбөр авагч Банк бус санхүүгийн байгууллагаас арга буюу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр Нт хандсан. Ингээд ч Д.Ц нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул түүний Барьцааны гэрээний дагуу Банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан Баянгол дүүрэг 12 дугаар хороо 24 дүгээр байрны 23 тоот орон сууцыг албадан худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр болсон. Энэхүү үйл ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтуудад нийцсэн.

Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар үнэлгээг талууд харилцан тохиролцоогүй бол тухайн хөрөнгийг шинжээчээр үнэлүүлдэг. Д.Ц нь өөрийн хөрөнгөө 250 000 000 төгрөг гэж үнэлсэн бөгөөд харин ч энэхүү үнэлгээ нь бодит нөхцөл байдалд нийцээгүй үнэлгээ байсан. Төлбөр авагч Банк бус санхүүгийн байгууллагын зүгээс дээрх хөрөнгийг үнэлгээний байгууллагаар тогтоолгох нь зүйтэй гэж үзэж шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргаснаар шинжээч томилогдож, үнэлгээ хийн Д.Цгийн орон сууцыг 69 592 000 төгрөгөөр үнэлсэн. Энэхүү үнэлгээг “Баян модот” ХХК Нрын 144 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.Буянбадрахад хүргүүлсэн Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл тухайн хөрөнгийг бодитоор үнэлсэн байна.

Тодруулбал, шинжээч нь тухайн орон сууцны насжилт, давуу болон сул тал, зах зээлийн хандалгаарх үнэлгээний тооцоо зэргийг харьцуулан шинжилсний үндсэн дээр дээрх үнэлгээг гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн байна. Гэтэл Д.Ц нь шинжээчийн гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ огт тайлбарлаагүй, тухайн орон сууцны үнэ ямар учраас шинжээчийн дүгнэлтээс өндөр үнэлгээтэй байх ёстой талаар нотолсон зүйлгүй, түүний нэхэмжлэл үндэслэлгүй байна. Иймд Д.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/02156 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Цгийн нэхэмжлэлтэй хариуцагч Нт холбогдох Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 24 дүгээр байрны 23 тоотод байршилтай 29м2 талбай бүхий 2 өрөө орон сууцны шинжээчээр тогтоолгосон үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1786 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/02156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 02156 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1786 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 04839 дугаар захирамжаар Д.Цгээс 44 788 041 төгрөгийг гаргуулж “Э” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Миний өмчлөлийн эрхийн Ү-2205005543 дугаарын бүртгэлтэй Баянгол дүүрэг, 12-р хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоотод байрлах орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөндлөнгийн шинжээч томилон 69 592 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдаагүй үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэж байна.

Гэтэл давж заалдах шатны шүүх эдгээр нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийлгүй анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Иймд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 02156 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1786 дугаар магадлал нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байгаа тул эдгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хууль хэрэглээний алдааг засах нь зүйтэй гэж үзлээ.

Д.Ц нь Нт холбогдуулан төлбөрт битүүмжлэгдэн, хураагдсан Баянгол дүүргийн 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байрны 23 тоотод байршилтай 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...тус орон сууцыг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн...” гэж тайлбарласан байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/04839 дугаар захирамжаар “Э” ХХК-д 44 788 041 төгрөг төлөхийг Д.Ц зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасныг үндэслэн Д.Цд холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, төлбөр төлөгчид төлбөрийг сайн дураар төлөхийн мэдэгдэж, улмаар төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад талууд тохиролцоогүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэжээ.

Шинжээч хөрөнгийг 69 592 000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд нэхэмжлэгч тухайн үнийн дүнг зах зээлийн ханшнаас бага гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа баримтаар нотлоогүй, шинжээч нь орон сууцыг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч маргааныг зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй алдаа гаргажээ.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг хянаж, шийдвэрт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч анхан шатны шүүхийн хууль хэрэглээний дээрх алдааг засаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, зүйлчлэлийг зөвтгөх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй, битүүмжлэн, хураасан хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийлгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн...” гэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр шинжээч орон сууцыг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1786 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/02156 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...55.1.” гэснийг “...55.7.” гэж өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Д.Цгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Цсээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД