Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
Хэргийн индекс | 126/2020/0011/З |
Дугаар | 00022 |
Огноо | 2020-09-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 00022
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шарнууд Л-ийн Д /РЮ75/-гийн нэхэмжлэлтэй,
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох “Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хохиролд Г.Э-д хүүхдийн мөнгөн тэтгэмж 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл сар бүрийн 20000 төгрөг, нийт 480000 төгрөг, Г.Э-д хүүхдийн мөнгөн тэтгэмж 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл сар бүрийн 20000 төгрөг, нийт 480000 төгрөг, бүгд 960000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, У.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие хоёр хүүхэдтэй бөгөөд 2008 онд охин Г.Э, 2010 онд охин Г.Э нар төрсөн. Төрөөс хүүхдийн мөнгө олгож эхлэхэд хүүхдийн мөн авах хүсэлт болон холбогдох материалыг бүрдүүлж Хаан банкинд данс нээлгэж халамжийн ажилтанд өгсөн. Үүний дагуу хүүхдийн мөнгө хэвийн орж байсан бөгөөд хүүхэд тус бүрт хадгаламж нээлгэж хүүхдийн мөнгө ордог данстай холбосон. Миний бие мөнгө орохгүй болсныг мэдээгүй, хэвийн орж байгаа л гэж бодож байсан. Гэтэл 2018 оны 01 сараас 2019 оны 12 сарыг хүртэл хүүхдийн мөнгө огт ороогүй байна. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнээс тодруулахад 2018 онд өрхийн мэдээлэл зөрүүтэй байсан учир мөнгө орохгүй зогссон байна гэсэн хариуг өгсөн. Өрхийн мэдээлэл зөрүүтэй талаар надад ерөөсөө мэдэгдээгүй, энэ талаар дурдаагүй, хэн ч надтай холбогдоогүй.
Уг нь бол утсаар болон гэрийн хаягийн дагуу тухайн өрхтэй холбогдож зөрүүтэй мэдээллийг залруулах арга хэмжээ авах ёстой байтал ийм оролдлого огт хийгээгүйгээс болж хохирч байна.
Иймд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хохиролд Г.Э-д хүүхдийн мөнгөн тэтгэмж 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл сар бүрийн 20000 төгрөг, нийт 480000 төгрөг, Г.Э-д хүүхдийн мөнгөн тэтгэмж 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл сар бүрийн 20000 төгрөг, нийт 480 000 төгрөг, бүгд 960000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2 охинтой. Хоёр охин нь одоо ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. 2018 оны 01 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл хүүхдийн мөнгө олгогдоогүй байсан. Хүүхдийн мөнгө данс руу нь ороогүй байгааг нэхэмжлэгч Л.Д нь мэдээгүй. Ингээд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас очиж асуусан. Хариуцагч байгууллагын ажилтан өрхийн мэдээллийг зөрүүг арилгах ёстой байсан. Энэ талаар арга хэмжээ аваагүйн улмаас хүүхдийн мөнгө олгогдоогүй. Л.Д нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад өргөдөл гаргаж хариуг нь албан бичгээр өгсөн байгаа. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзэж байна. Өрхийн мэдээллийн зөрүүг арилгах ёстой.
Хэрвээ арилгаж чадаагүй бол арилгасны дараа хүүхдийн мөнгийг нөхөж олгоно гэсэн тайлбар хэлсэн мөртлөө дараа нь боломжгүй, санхүүгийн хүндрэлтэй байгаа гэх хариуг хэлдэг. Төрийн албан хаагч өөрийн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас Л.Д-ийн хүүхдүүд хохирч шүүхэд гомдол гаргасан. Монгол Улсын Засгийн газраас хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох талаар хуульчилсан. Тухайн өрх нь хүүхдийн мөнгө авах болзлыг хангаж байгаа тохиолдолд үргэлжлүүлэн олгоно, харин түр зогсоосон бол нөхөж олгоно гэж заасан байдаг. Төрийн байгууллага шуурхай, ил тод байх чиг үүргээ хэрэгжүүлж байсан бол иргэн Л.Д-ийн хүүхдүүд өнөөдөр хохирохгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/246 тоот тушаалд “сум хорооны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн баг, хэсэг тус бүрээр гаргасан жагсаалтад утасны дугаар, гэрийн хаягийн дагуу тухайн өрхтэй холбогдоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл танай хүүхдийн мөнгө ороогүй байна гэж айл, өрхтэй холбогдох ёстой. Гэтэл нэг ч удаа утсааар холбогдоогүй учир иргэн Л.Д хүүхдийн мөнгөө авч чадаагүй. Мэдээллийн зөрүү гэж огт байдаггүй. Намайг л гэхэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ аваад ир гэж хэлж байсан. Аваачиж өгөхөд манай хүүхдийн мөнгө нь орж эхэлсэн юм. Хүүхдийн мөнгө олгодог програм нь сигнал өгдөг юм билээ. Манайд 3 мэргэжилтэн ажилладаг тул хүрэлцдэггүй гэлээ. Гэтэл эдгээр мэргэжилтнүүд тухайн өрхтэй холбогдох үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйн улмаас Л.Д-ийн хүүхдүүд нь хүүхдийн мөнгөө авч чадалгүй хохирсон” гэв.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шүүхэд гаргасан тайлбартаа: “1.Р.Г-ын өрх 2017 онд зохион байгуулагдсан “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-нд 2017 оны 3 дугаар сарын 31-нд хамрагдсан. Судалгаанд хамрагдахдаа өрхийн мэдээллээ буруу өгсөн нь төрийн байгууллагуудын мэдээллийн эх үүсвэртэй тулгах явцад илэрч мэдээллийн зөрүү гарсан.
2.Улсын хэмжээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын тушаалаар 2017 оны 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар мэдээллийн зөрүү үүссэн өрхийн мэдээллийн зөрүүг арилгах ажлыг зохион байгуулсан. Уг ажлын хүрээнд баталгаажуулах өрхийн жагсаалт дахь Р.Г-ын 90189611, 99999611 дугаар руу 3 удаа залгасан боловч холбогдоогүй. Мөн иргэн Р.Г-ын өрхийн 99389338 дугаарыг багийн Засаг даргаас авч залгасан боловч холбогдоогүйгээс улсын хэмжээнд явагдсан мэдээллийн зөрүү арилгах арга хэмжээнд хамрагдаагүйгээс тухайн өрхийн оноо бодогдоогүй болно.
3.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ерөнхий газар болон тус газраас судалгаа авах, судалгааны мэдээллийн зөрүү үүсч байгаа нөхцөл байдал, арилгах арга хэмжээ хугацааны талаар иргэдэд тухай бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр өгч ажилласан.
4.Мөн 70384035, 70388424, 70388998 дугаарыг байнга ажиллуулж иргэдэд мэдээлэл өгч ажилласан болно.
5.Нэхэмжлэгч Л.Д нь 2017 онд зохион байгуулагдсан өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны хүрээнд үүсгэсэн мэдээллийн зөрүүг арилгуулахаар 2020 оны 1 дүгээр сарын 13-нд Мөрөн сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Р-д Үл хөдлөхийн хөрөнгийн лавлагаа, авто машины лавлагааг холбогдох төрийн байгууллагуудаас авчирч өгснөөр мэдээллийн зөрүү арилсан.
2020 оны 2 дугаар сарын 12-нд өрхийн амьжиргааны түвшиний оноо 724 өөр бодогдсон байна. Иймд 2017, 2018 онуудад хүүхдийн мөнгөн тэтгэмж авах эрх үүсэхгүй. 2020 оны 1 дүгээр сараас Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй өрхийн бүх хүүхдэд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгогдож эхэлсэн.
6.2017 оны өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдахдаа өгсөн мэдээлэл нь буруу байсан нь мэдээллийн зөрүүг арилгуулахаар ирүүлсэн баримтаар тогтоогдож байна.
7.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/15 тоот тушаалаар Амьжиргааны түвшиний онооны 554 болон түүнээс доош оноотой өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэж тушаалын дагуу 2018 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын хүүхдийн мөнгийг олгосон.
8.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/137 тоот тушаалаар Амьжиргааны түвшний онооны 670 болон түүнээс доош оноотой өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй өрхийн 0-18 хүртэлх насны хүүхдэд сар бүр бэлэн мөнгө хэлбэрээр хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэж тушаалын дагуу 2018 оны 6 дугаар сараас 2019 оныг дуустал хүүхдийн мөнгийг олгосон.
9.Өрхийн оноог бодох аргачлалыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргын хамтарсан 2015 оны А/64, А460 тоот тушаалаар баталсан байдаг. 2017 оноос одоог хүртэл энэхүү аргачлалаар өрхийн оноог тооцож байгаа бөгөөд тухайн өрхийн хувьд 2017 онд өрхийн оноо нь бодогдох, 2020 оны 02 дугаар сард бодогдсон өрхийн оноо нэгэн ижил байна. 2017 оны зохион байгуулагдсан Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээллээр үйлчилгээг олгож байгаа.
10.Засгийн газрын 2018 оны 351 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2018 оны 1/1563 тоот чиглэлээр өрхийн оноо бодогдсон сараас хүүхдийн мөнгө олгох болсонтой холбоотойгоор 2018, 2019 оны хүүхдийн мөнгийг нөхөж олгох боломжгүй. Иймд Мөрөн сумын 8 дугаар багийн иргэн Л.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2013 онд анх улс даяар өрхийн мэдээллийн баазтай болсон юм. 2013 оны мэдээллийн баазаар 2017 оныг дуустал хүүхдийн мөнгө олгосон. Хүүхдийн мөнгийг олгохдоо 2016 оны 7 дугаар сараас эхэлж санхүүжилт хүрэлцэхгүй болсон. Ингээд хүүхдийн мөнгө олгохдоо босго шугам тогтоож өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй 502, 567 гэсэн босго онооноос доош оноотой өрх сар бүр хүүхдийн мөнгө авах эрх нь үүссэн байдаг. Нэхэмжлэгч Л.Д-ийн хувьд 2013 оны мэдээллийн сангийн бүртгэлээр хүүхдийн мөнгө олгож байсан учир 2017 оны хүүхдийн мөнгийг бүрэн авсан. 2017 оны 3 сард дахин өрхийн мэдээллийн сангийн судалгаа шинэчлэгдэж Р.Г гэдэг айл нь судалгаанд хамрагдсан. Судалгаанд хамрагдахдаа мэдээллээ буруу өгсөн байдаг. Мэдээлэлд нь зөрүү үүсээгүй айл, өрхийн оноо шууд бодогдсон.
Харин мэдээллээ буруу өгсөн айлуудын мэдээллийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд зассан юм. Мэдээллээ буруу өгсөн айл өрхүүд мэдээллийн зөрүүгээ арилгаж дахин өгөх ёстой байсан. Тухайн үед судалгаанд хамрагдахдаа 2 утасны дугаар өгсөн юм. Энэ утасных нь дугаар руу залгаж холбогдон мэдээллийн зөрүүг арилгуулж байсан. Хөдөлмөр, халамжийн газрын даргын зааврын дагуу өгсөн. Р.Г нь анх авто машины мэдээллээ буруу өгсөн байсан учраас өрхийн оноо нь бодогдоогүй. Тухайн үед 3-4 удаа залгасан. Тэгээд холбогдохгүй болохоор нь багийн Засаг даргаас бас утасны дугаар авч залгасан. Тэгэхэд мөн холбогдохгүй байсан тул мэдээллийн зөрүү нь арилаагүй юм. Тухайн өрхийн оноог баталгаажуулж мэдээллийн зөрүүг арилгахдаа 18 наснаас дээш насны хүн ирж гарын үсгээ зурж бүртгүүлэх ёстой.
2020 оны 02 дугаар сард авто тээврийн лавлагааг авчирч өгснөөр тухайн өрхийн оноо бодогдсон. 2020 оны 01 дүгээр сараас өрхийн мэдээлэл нь бүртгэлтэй бүх өрхөд хүүхдийн мөнгө бодогдсон. Өөрөөр хэлбэл өрхийн оноо нь бодогдоогүй байсан ч хүүхдийн мөнгө олгогдсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын баталсан босго шугамаас дээгүүр оноотой бодогдсон. Өрхийн оноог бодох аргачлал нь 2016 онд батлагдсан сайдын тушаалын дагуу бодогддог. Одоог хүртэл энэ аргачлалыг мөрдөж ажилладаг. 2017 онд өрхийн мэдээллээ үнэн зөв өгсөн ч энэ аргачлалаар оноог нь бодсон тул хүүхдийн мөнгө авах эрх нь үүсэхээргүй байсан” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны өрхийн орлогын мэдээллийн санг бүрдүүлэхдээ холбогдох байгууллагаар дамжуулан ард иргэдэд танилцуулсан. Манай аймгийн 100.000 гаруй ард иргэд бүгд мэдсэн байх. Тэр үед зарим айлууд өрхийн орлогын мэдээллээ буруу өгөх, өөрийн гэртээ оруулахгүй байх гэх мэт зөрчил гарч байсан. Тэгэхэд Р.Г гэх айл өрхийн мэдээллээ буруу өгсөн. Хүүхдийн мөнгө олгох шийдвэрүүд 2016 онд 3-4 удаа өөрчлөгдсөн байдаг. 2020 оны 01 дүгээр сард өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй бүх өрхөд хүүхдийн мөнгө өгнө гэсэн чиглэл ирсэн. Гэтэл Р.Г гэх айл өрхийн мэдээллээ буруу өгснөөс болж оноо нь бодогдоогүй. Манай байгууллага 3 ажилтантай. Мөрөн сумын 154,000 айл, өрхөөр явах ямар ч боломжгүй юм. Мэдээллийн баталгаажилттай холбоотой бүх ажилчид багуудыг хуваан авч ажилласан. Хүүхдийн мөнгө шууд манай байгууллагаас олгогддоггүй. Сангийн яамнаас Монгол банкаар дамжиж баталгааждаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэв.
Шүүх нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь;
Нэхэмжлэгч Л.Д-ийн Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан “Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хохиролд Г.Э-д хүүхдийн мөнгөн тэтгэмж 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл сар бүрийн 20000 төгрөг, нийт 480000 төгрөг, Г.Э-д хүүхдийн мөнгөн тэтгэмж 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл сар бүрийн 20000 төгрөг, нийт 480000 төгрөг, бүгд 960000 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Л.Д 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандан охин Г.Э, Г.Э нарын 2018 оны 1 сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны мөнгөн тэтгэмжийг нөхөн олгуулахаар өргөдөл гаргасны хариуд Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 494 тоот албан бичгээр “2018, 2019 оны хүүхдийн мөнгийг нөхөн олгох боломжгүй” гэсэн хариу өгчээ.
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч Л.Д Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хандах боломжтой байсан авч хариуцагч байгууллагад өөрт нь хандсаныг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан гэж шүүх үзлээ.
Учир нь Монгол Улсын соёрхон баталсан Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1-т “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэж заасан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилэх тул нэхэмжлэгчийн хүүхдүүд болох Г.Э, Г.Э нарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаарх гомдлыг урьдчилан шийдвэрлүүлэхээр дахин дээд шатны байгууллагад хандуулах шаардлагагүй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж “Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хохиролд Г.Э-д хүүхдийн мөнгөн тэтгэмж 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл сар бүрийн 20000 төгрөг, нийт 480000 төгрөг, Г.Э-д хүүхдийн мөнгөн тэтгэмж 2018 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл сар бүрийн 20000 төгрөг, нийт 480000 төгрөг, бүгд 960000 төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон.
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална”, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын 1.2-т “Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд ... эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий Монгол Улсын иргэнд олгоно” гэж заасан тул нэхэмжлэгч Л.Д нь охин Ганбатын Эмүжин, Ганбатын Эмүлэн нарт 2018-2019 онд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгоогүй эс үйлдэхүйн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, учирсан хохирлыг арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.
Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Нийгмийн халамжийн тэтгэмж ... дараахь төрөлтэй байна: 13.1.5.хүүхдийн мөнгөн тэтгэмж”, мөн зүйлийн 13.12-т “Энэ хуулийн 13.1.5-д заасан хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын
1.2-т “Хүүхдийн мөнгийг өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд ... эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий Монгол Улсын иргэнд олгоно” гэж заасан.
Нэхэмжлэгч Л.Д 2008 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн охин Г.Э, 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин Г.Э нарт хүүхдийн мөнгөн тэтгэмж авахаар хүсэлт гарган 2017 оныг дуустал тэтгэмжээ авч байсан талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/246 дугаар “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн зарим үзүүлэлтийг баталгаажуулах ажлын заавар батлах тухай” тушаалаар Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлын хүрээнд бүрдүүлсэн мэдээллийн сангийн зарим үзүүлэлтийг бусад мэдээллийн сантай тулгах явцад гарсан эх сурвалжаас илтэд зөрүүтэй байгаа өрхийн мэдээллийг засах, залруулах, баталгаажуулах ажлыг аймаг, дүүргийн хэмжээнд зохион байгуулж, баталгаажуулалтын ажлын тайлан мэдээг баталгаажуулах ажлын зааварт заасан хугацаанд ирүүлэхийг аймаг, дүүргийн газар хэлтсийн дарга нарт даалгаж,
Ингэхдээ Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны шинээр бүрдүүлсэн мэдээллийн сан дахь өрхийн зарим үзүүлэлт нь бусад албан эх сурвалжтай харьцуулж үзэхэд зөрүүтэй байгаа өрх, хүн амыг хамруулж, 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэн тайлан, мэдээг 2017 оны 10 дугаар сарын 17-ны дотор албан тоотоор ХХҮЕГ-т ирүүлсэн байхыг үүрэг болгожээ.
Энэ хүрээнд нэхэмжлэгч Л.Д /түүний нөхөр Р.Г/-гийнх Өрхийн мэдээллийн сан дахь мэдээлэл бусад албан эх сурвалжтай харьцуулж үзэхэд зөрүүтэй байгаа өрхийн жагсаалтын 11 дүгээрт бүртгэгдэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2017 оны 09 дүгээр сард ирсэн болох нь хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбар, хэргийн 101 дүгээр хуудаст авагдсан хүснэгтэн мэдээлэл бүхий баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Л.Д /түүний нөхөр Р.Г/-ийн өрхийн Өрхийн мэдээллийн сан дахь мэдээллийг залруулах ажлыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/246 дугаар тушаалд заасан хугацаанд гүйцэтгээгүй бөгөөд энэ нь судалгаанд тэмдэглүүлсэн утас нь холбогдох боломжгүй байсантай холбоотой хэмээн хариуцагч тайлбарласан.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/246 дугаар “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн зарим үзүүлэлтийг баталгаажуулах ажлын заавар батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн зарим үзүүлэлтийг баталгаажуулах ажлын заавар”-т “... Сум хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь баг, хэсэг тус бүрээр гаргасан жагсаалтад байгаа утасны дугаар, гэрийн хаягийн дагуу тухайн өрхтэй холбогдоно ...” гэж заажээ.
Хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Р.Г-ын 2017 оны өрийн мэдээллийн сангийн судалгааны мэдээлэл зөрүүтэй байдлыг арилгахаар 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажиллахдаа зөвхөн утсаар холбогдох оролдлого хийсэн боловч холбогдож чадаагүй, гэрийн хаягаар очиж мэдээллийн зөрүүг залруулах арга хэмжээ аваагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Л.Д /түүний нөхөр Р.Г/-гийн утсаар 3 удаа холбогдох гэсэн боловч холбогдож чадаагүй, ажлын ачаалал их учраас гэрээр очих боломжгүй байсан хэмээн тайлбарлаж байгаа боловч энэ нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1-д “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн”, 4.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албанд дараахь зарчмыг баримтална: 4.2.1.захирах, захирагдах ёс, ... 4.2.3.ард түмэнд үйлчлэх …”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: ... 4.2.2.шуурхай ... байх, ... 4.2.4.үр нөлөөтэй байх ... 4.2.8.хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж тус тус заасантай нийцэхгүй. Төрийн байгууллагын ажлын ачаалал их байдаг нь иргэний хуулиар олгогдсон хүүхдийн мөнгөн тэтгэмж авах эрхийг зөрчих үндэслэл болохгүй.
Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Өрхийн оноог бодох аргачлал нь 2016 онд батлагдсан сайдын тушаалын дагуу бодогддог. Одоог хүртэл энэ аргачлалыг мөрдөж ажилладаг. 2017 онд өрхийн мэдээллээ үнэн зөв өгсөн ч энэ аргачлалаар оноог нь бодсон тул хүүхдийн мөнгө авах эрх нь үүсэхээргүй байсан” гэжээ.
Хэдийгээр Р.Г гэх өрхийн амьжиргааны түвшний оноо нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/15 дугаар тушаалаар батлагдсан 554 оноо, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/137 дугаар тушаалаар батлагдсан 670 онооноос дээш байлаа ч хэдэн оноотой болохыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/246 дугаар “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн зарим үзүүлэлтийг баталгаажуулах ажлын заавар батлах тухай” тушаалд заасан хугацаанд багтаан тогтоогоогүй нь хариуцагчийн буруу юм.
Өөрөөр хэлбэл Р.Г-ын өрхийн амьжиргааны түвшний оноо нь хүүхдийн мөнгөн тэтгэмж авах босго шугамаас дээгүүр байгааг цаг тухайд нь тогтоож тухайн өрхөд мэдэгдэх үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээд шатны байгууллагаас өгсөн зааварт утсаар болон гэрийн хаягийн дагуу тухайн өрхтэй холбогдоно гэж заасаар байтал зөвхөн утасны дугаараар тухайн өрхтэй холбогдох оролдлого хийж, гэрийн хаягаар очиж зөрүүтэй мэдээллийг залруулах арга хэмжээ аваагүй эс үйлдэхүй нь төрийн албаны зарчмыг зөрчиж, иргэний эрхийг хөндсөн байна.
Иймд хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын эс үйлдэхүй болон нэхэмжлэгчид учирсан хохирол шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж заасан.
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын иргэн Л.Д /түүний нөхөр Р.Г/-гийн өрхийн мэдээллийн сан дахь мэдээллийг зохих хугацаанд баталгаажуулж явуулаагүй хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол буюу охин Р.Э 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сар, Р.Э-д 2018 оны 1 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сард олгогдох байсан хүүхдийн мөнгөн тэтгэмж нийт 960 000 төгрөгийг хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.8, 101 дүгээр зүйлийн 101.2, Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 13.12 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажлаа зохих ёсоор хийгээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хариуцагч Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас охин Р.Э-д учирсан хохирол болох хүүхдийн мөнгөн тэтгэмж 480 000 төгрөг, Р.Э-д учирсан хохирол болох хүүхдийн мөнгөн тэтгэмж 480 000 төгрөг буюу нийт 960 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Д-д олгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Д-д олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ