Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 52

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ундрах,

шүүгдэгч Г.Б,

хохирогч В.Чинбат, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа,

нарийн бичгийн дарга Д.Оргил нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 891 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч В.Чинбатын давж заалдах гомдлоор Г.Б-д холбогдох эрүүгийн 1808039401051 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Г-ын Б, 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдөр .......... аймгийн .............. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын менежмент мэргэжилтэй, “..................” ХХК-д цахилгаанчин ажилтай, ам бүл .., эхийн хамт .................... дүүргийн 32 дугаар хороо, ........... дүгээр гарам, 16 дугаар гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:........................../;

Г.Б нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, В.Чинбатыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд араа шүдний эмтэрсэн хугарал, эрүүний төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, бугуй, тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б-д оногдуулсан 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч В.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уг хэргийг шүүгдэгч Г.Б нь санаатай үйлдсэн бөгөөд урьд нь намайг байнга заналхийлж дарамталдаг байсан. Надаас огт уучлалт гуйгаагүй, миний хохирлын мөнгийг бүрэн төлж барагдуулаагүй, миний шүдийг хугалснаас болж уг шүдээ бүрэн авахуулж янзлуулаад, имплант шүд суулгахад 2.500.000 төгрөг зарцуулсан. Хохирлыг бүрэн төлөөгүй тул гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүдний 2.500.000 төгрөг нэхэмжилнэ гэж нотлох баримт гаргаж өгсөн ч гаргуулаагүй. Би эмнэлгийн тодорхойлолт гаргаж өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Пи Ди Ай Си” гэдэг гоо сайхан, шүд, эрүүний эмнэлэгт 2.500.000 төгрөг төлж шүдээ эмчлүүлж янзлуулсан тул уг хохирлын мөнгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү. Шүүгдэгч Г.Бд оногдуулсан ял шийтгэл нь хэтэрхий хөнгөн, үйлдсэн үйлдэлд нь тохирсон ял оногдуулаагүй учраас дахин хянаж үзнэ үү.” гэв.

 

Хохирогч В.Чинбатын өмгөөлөгч Н.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүдэндээ эмчилгээ хийлгэхдээ 500.000 төгрөгийн урьдчилгаа төлсөн. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр имплант шүд хийлгэх 2.000.000 төгрөг, яс нөхөлтийн 500.000 төгрөг, нийт 2.500.000 төгрөгийг төлсөн. “Пи Ди Ай Си” гэдэг гоо сайхан, шүд, эрүүний эмнэлэгт мөнгө төлсөн зарлагын баримт, пос машины банкны баримт байгаа. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогч 2.500.000 төгрөгийг нэхэмжлэх талаар хэлсэн. Анхан шатны шүүхээс албан ёсны баримт байхгүй, 380.000 төгрөг төлөгдсөн тул хохирол төлбөргүй гэж шийдвэрлэсэн. Нэгэнт хохирол учирсан учраас хохирол төлбөрийг давж заалдах шатны шүүх эрүүгийн хэргийн журмаар нэг мөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “8 дугаар сарын 16-ны өдөр хувийн таарамжгүй харилцаанаас болж зодоон болсон. 2 сарын дараа буюу 10 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон. Энэ хугацаанд В.Чинбатад 380.000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг прокуророос мэдээд төлсөн. 2.500.000 төгрөгийн имплант шүд хийлгэх асуудлыг анхан шатны шүүх хуралдаанд анх удаа сонссон. Хавтас хэрэгт энэ талаар дурдаагүй. Намайг өшиглөхөд шүд хугарах асуудал болоогүй. Шинжээчийн дүгнэлтэд аль шүд нь гэмтсэн талаар тодорхой бичээгүй нь эргэлзээтэй. Тухайн үед хүний шүд хугалахаар зүйл болоогүй. Учир нь, би хүзүү хэсэгт нь өшиглөсөн. Унасан шүдэнд имплант хийхэд 1.500.000-2.500.000 төгрөгийн төлбөртэй байдаг. Миний хувьд шүд эмтэлсэн асуудал байгаа. В.Чинбат нь миний эхнэр хүүхдийг надаас салгаж суусан. Энэ харилцааны улмаас би уучлалт гуйх боломжгүй. Гэхдээ гэм буруутай үйлдэлдээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн.” гэв.

 

Прокурор Н.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Г.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Учир нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт 460 нэгжтэй тэнцэх төгрөг буюу 460.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулсан. Шүүх хуралдааны үед 380.000 төгрөгийн баримттай гарсан хохирлыг төлсөн талаар шийтгэх тогтоолд дурдсан. Мөн цаашид гарах зардлыг иргэний журмаар шийдвэрлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогчийн 2.500.000 төгрөгийн хохирол төлбөрийг гаргуулах талаар гомдол гаргасан нь хууль зүйн хувьд учир дутагдалтай. Учир нь иргэний журмаар нэхэмжилж, шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал болон шинжлэн судлаагүй нотлох баримт, шийдвэрийг хууль зүйн үндэслэл болгохгүй” гэж заасан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хавтас хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, В.Чинбатыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд араа шүдний эмтэрсэн хугарал, эрүүний төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, бугуй, тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч В.Чинбат /хх-12-13/, гэрч Д.Сарангэрэл /хх-16-17/, Г.Оюун /хх-18-19/ нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10133 дугаартай дүгнэлт /хх-23/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хохирогч В.Чинбат нь Г.Б-тай маргалдах болсон шалтгаан, өөрийн биед учирсан гэмтлийн талаар /хх-12-13/ тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь гэрч Д.Сарангэрэлийн мэдүүлгээр /хх-16-17/ давхар нотлогдсон байна.

Анхан шатны шүүх, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Б-гийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хохирогч В.Чинбат гаргасан давж заалдсан гомдолдоо: “...имплант шүд суулгахад 2.500.000 төгрөг зарцуулсан. Хохирлыг бүрэн төлөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанд шүдний 2.500.000 төгрөг нэхэмжилнэ гэж нотлох баримтаа гаргаж өгсөн ч гаргуулаагүй. Би эмнэлгийн тодорхойлолт гаргаж өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Пи Ди Ай Си” гэдэг гоо сайхан, шүд, эрүүний эмнэлэгт 2.500.000 төгрөг төлж шүдээ эмчлүүлж янзлуулсан тул уг хохирлын мөнгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хэргийн материалаас үзэхэд, хохирогч В.Чинбат нь шүд хийлгэсэн тухай нотлох баримт байхгүй байх бөгөөд харин түүний шүүхэд ирүүлсэн баримт нь шүд хийлгэхэд зарцуулагдах мөнгөний хэмжээг тодорхойлсон баримт болохоос шүд хийлгэснийг нотолсон баримт биш байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 891 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч В.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 891 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч В.Чинбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                                      ШҮҮГЧ                                                        Д.ОЧМАНДАХ

 

                                      ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ