Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/891

 

              

 

  

 

 

      2018          10             16                                          891

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Арай,

улсын яллагч М.Сансарсайхан (томлолтоор),

хохирогч В.Ч...........т

шүүгдэгч Г.Б..............ай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Харчиган овогт Г..............мын Б..............айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 0394 01051 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Харчиган овогт Г..............мын Б..............ай, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд 1987 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын менежмент мэргэжилтэй, “................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  регистрийн дугаар ИЦ87030113.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Г.Б..............ай нь 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт В.Ч...........ттай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн зодож улмаар түүний биед тархи доргилт, зүүн дэээд араа шүдний эмэрсэн хугарал, эрүүний төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, бугуй, тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

-Шүүгдэгч Г.Б..............ай мэдүүлэхдээ: “...Д.С..............л бид хоёр гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулаагүй ч гэсэн 10 жил хамт амьдарсан. Дундаасаа 4 настай хүүхэдтэй. 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж хэсэг хугацаанд тусдаа амьдарсан. Тэгээд цагаан сарын үед хадмындаа хүүхдийн үсийг аваад явж байхад би эхнэртэйгээ харилцаагаа сэргээх талаар ярилцсан. Тэгэхэд В.Ч...........ттай харилцаа үүсгэсэн байсан...В.Ч...........т 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эхнэртэй салсан ба өөрийн эхнэртэйгээ салаагүй байхад манай эхнэртэй харилцаа үүсгэсэн явдалд нь би дургүйцсэн. Эр хүний хувьд хорсож явдаг юм. Би 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр В.Ч...........тын араас нь очиж асуудал үүсгээгүй. Өөрсдөө асуудал үүсгэх нөхцөл гаргаж над дээр ирсэн. Би түрүүлж түүнийг хүзүү хэсэгт нь өшиглөсөн. В.Ч...........тын гаргаж өгсөн эмчилгээний зардлыг нягтлаагүй. Нөхөн төлсөн. Гэхдээ хүн өөрөө аптека ороод падаан бичүүлж болдог. Өнөөдөр шүдний талаар баримт гаргаж өгч байгаа боловч энэ нь миний үйлдэлтэй холбоотой эсэхийг нягталж үзмээр байна...” гэв.

-Хохирогч В.Ч...........т мэдүүлэхдээ:  “...Г.Б..............ай шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байгаа мэдүүлэг нь худлаа. Би тухайн үед найз охинтой байж байгаад салсан. Би шүүгдэгчийн үйлдлийн улмаас шүдээ авахуулж, эмчилгээ хийлгэсэн. Мөн цаашид шүд хийлгэх шаардлагатай байгаа учир эмчилгээний зардал, эмчлүүлж байх хугацааны замын зардлаа нэхэмжилж байна...” гэв.

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч В.Ч...........тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 10-ны үеэр Г.Б..............ай хүү Ирмүүнээ Завхан аймгийн Их-Уул сумаас очиж...авсан юм. Тэгээд 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн орчимд Д.С..............л бид хоёр Ирмүүнийг Г.Б..............айгаас авах гээд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун аймаг руу явдаг тойргийн орчимд худалдааны төвийн гадаа хүлээж байсан юм. Тэгсэн Г.Б..............ай машинаасаа бууж ирээд над руу чиглээд ирсэн. Тэгсэнээ намайг сандал дээр сууж байсан чинь шууд миний эрүүний доод хэсэгт дээшээ чиглэлтэй хөлөөрөө өшиглөхөөр нь би босоод Г.Б..............айг түлхсэн чинь миний толгойны дагз руу 2-3 удаа гараараа цохисон. Г.Б..............ай миний фудволкноос зулгаагаад ...ноцолдож байсан чинь дэлгүүрээс нэг эмэгтэй гарч ирээд салгасан. Тухайн үед хажууд Д.С..............л, Ирмүүн тэнд байсан худалдааны төвд ажилладаг эмэгтэй нар байсан. ...Г.Б..............ай намайг Д.С..............лтэй хамт амьдарсан учраас өс санаж явдаг болохоор намайг шууд зодсон...Миний шүд эрүүний гэмтлийг Г.Б..............ай хөлөөрөө өшиглөж учруулсан бусад гэмтлийг нь Г.Б..............ай гараараа цохиж учруулсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13)

2. Гэрч Д.С..............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Ирмүүнийг тосож авахаар В.Ч...........т бид хоёр 22 товчооны уулзвар дээр байдаг худалдааны төвийн гадаа сандал дээр хүлээгээд сууж байсан юм. Гэтэл Г.Б..............ай, Ирмүүн хоёр ирээд Г.Б..............ай машинаасаа буугаад шууд В.Ч...........т руу чиглээд алахсан. Би тухайн үед мэндлэх гэж байна гэж бодсон. Харин би Г.Б..............айгийн машинаас хүүхдээ авах гээд машины хажууд зогсож байсан чинь Г.Б..............ай В.Ч...........тыг өшиглөөд тэр хоёр хоорондоо барьцалдаад нилээн ноцолдсон ба Г.Б..............ай В.Ч...........тын хүзүүг гараараа боогоод нүүр, уруул нь хөхөрөөд би боль гэсэн чинь болихгүй байсан ба тэр үед дэлгүүрээс нэг эмэгтэй хүн гарч ирээд хүн аллаа ш дээ чи гээд салгасан...миний харснаар Г.Б..............ай В.Ч...........тыг эхлээд өшиглөөд дараа нь хүзүүг нь гараараа боосон мөн толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17)

3. Гэрч Г.Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн худалдааны төвд худалдагч хийдэг юм. Манай төв нь Дархан, Архангай руу салдаг замын уулзавар дээр байдаг юм. 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр дэлгүүрт худалдагч хийгээд зогсож байсан чинь 14-16 цагийн орчимд дэлгүүрийн хажууд нэг хүүхэд дагуулсан залуу, нэг залуутай зууралдаж, ноцолдоод байсан. Би эхлээд хоорондоо тоглоод байгаа юм байх гэж бодсон чинь нэг залуу нөгөөгөө боогоод боолгосон залуугийн нүүр нь хөхөрсөн, хувцас нь урагдсан, ухаан алдах гэж байхад нь би очоод салгасан чинь цаанаас нь нэг эмэгтэй гарч ирээд чи надтай амьдарч чадахгүй байж одоо яах гээд байгаа юм гээд надад хандаж эгчээ манай шинэ, хуучин нөхөр байгаа юм гээд салаад явсан гэсэн....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10133 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэг: Зүүн дээд хамгийн арын араа шүд дотор ар ирмэгээрээ эмтэрч хугарсан, эрүүний төвгөр хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй, төвгөрийн баруун талд 2х0.6см, цээжинд баруун эгэмний дунд шугамаар 3-р хавирга орчим 3х1 см улаан хүрэн өнгийн цус хуралттай баруун гарын эрхий хурууны 2-р үений хэсгээр хавдсан, эмзэлэглэлтэй, 0.3х0.2см, бугуйн дотор талд 0.3х0.3 см, тохойнд 2х1.3 см хүрэн улаан өнгийн зулгаралттай.

2018.08.17-ны “Мөнгөнгүүр”-н Толгойн компьютер томографийн шинжилгээнд: “...Хоёр талын нүдний ухархайн дотор хана хуучин цөмөрсөн хугарлуудтай...баруун талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан склеорк өөрчлөлттэй...ДҮГНЭЛТ

1.В.Ч...........тын биед тархи доргилт, зүүн дээд араа шүдний эмтэрсэн хугарал, эрүүний төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт, баруун гарын эрхий хурууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, бугуй, тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23),

5. Шүүгдэгч Г.Б..............айгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д.С..............л гэдэг хүүхэнтэй 10 жил орчим амьдраад 2017 оны 12 дугаар сард гэр бүлийн хэрүүл болоод тусдаа нэг хэсэг амьдарсан юм. Тэгсэн манай эхнэр Д.С..............лтэй В.Ч...........т гэдэг залуу холбоо тогтоосон байна лээ. В.Ч...........т гэдэг залуу тухайн үед эхнэрээсээ салаагүй байж манай эхнэртэй явалдсанд нь тэр залууд миний уур хүрээд байдаг юм. Тэгээд манай эхнэр тэр залуутай 2018 оны 3 дугаар сарын үеэс хамт амьдарч эхлэсэн юм. Би 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүүхэдтэйгээ Завхан аймгаас цуг ирсэн юм. Тэгээд Д.С..............л хүү Ирмүүнийг авахаар 22-н товчооны тойрог дээр намайг хүлээж байсан. Би хүүтэйгээ хамт ирсэн чинь Д.С..............л В.Ч...........т гэдэг залуутайгаа цуг зогсож байсан ба би В.Ч...........тыг хараад уур хүрээд намайг доромжилж байгаа юм шиг санагдаад... машинаас буугаад сандал дээр сууж байхаар нь шанаа хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд бид хоёр барилцаж аваад хэн хэнийгээ хэд хэдэн удаа цохисон...Тухайн үед В.Ч...........т бид хоёр харилцан нэг нэгийгээ цохисон би түрүүлж шанаа руу нь өшиглөсөн. Тухайн үед миний толгой бас хөндүүр болсон байсан ба одоо зүгээр болсон...В.Ч...........т гэдэг залуу нь өмнөх эхнэрээсээ салаагүй байж манай эхнэрийг эргүүлээд бид хоёрыг салгаж хүүхдийг минь өнчрүүлсэнд миний дургүй хүрээд би тэр залууг цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),

6. Хохирлын талаарх баримтууд (хавтаст хэргийн 44-47)

7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 53, 35), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 33) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дөрөв. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б..............айд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.Булганханай нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр баруун болон хойд чиглэлд явах замын уулзвар дээр байрлах Сонгинохайрхан худалдааны төвийн гадаа, 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр, шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй харилцааны улмаас, иргэн В.Ч...........тыг зодож хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч В.Ч...........тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 18 цагийн орчимд Д.С..............л бид хоёр Ирмүүнийг Г.Б..............айгаас авах гээд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо баруун аймаг руу явдаг тойргийн орчимд худалдааны төвийн гадаа хүлээж байсан юм. Тэгсэн Г.Б..............ай ирээд машинаасаа буугаад  над руу чиглэж ирээд намайг сандал дээр сууж байсан чинь шууд миний эрүүний доод хэсэгт дээшээ чиглэлтэй хөлөөрөө өшиглөөд...толгойны дагз руу 2-3 удаа гараараа цохисон. ...Миний шүд эрүүний гэмтлийг Г.Б..............ай хөлөөрөө өшиглөж учруулсан бусад гэмтлийг нь Г.Б..............ай гараараа цохиж учруулсан... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13)

- Гэрч Д.С..............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Ирмүүнийг тосож авахаар В.Ч...........т бид хоёр 22 товчооны уулзвар дээр байдаг худалдааны төвийн гадаа сандал дээр хүлээгээд сууж байсан юм. Гэтэл Г.Б..............ай, Ирмүүн хоёр ирээд Г.Б..............ай машинаасаа буугаад шууд В.Ч...........т руу чиглээд алхасан. ...Г.Б..............ай В.Ч...........тыг өшиглөөд тэр хоёр хоорондоо барьцалдаад нилээн ноцолдсон ...миний харснаар Г.Б..............ай В.Ч...........тыг эхлээд өшиглөөд дараа нь хүзүүг нь гараараа боосон мөн толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17)

- Гэрч Г.Оюуны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр барааны дэлгүүрт худалдагч хийгээд зогсож байсан чинь 14-16 цагийн орчимд дэлгүүрийн хажууд нэг хүүхэд дагуулсан залуу, нэг залуутай зууралдаж, ноцолдоод байсан. Би эхлээд хоорондоо тоглоод байх юм гэж бодсон чинь нэг залуу нөгөөгөө боогоод боолгосон залуугийн нүүр нь хөхөрсөн, хувцас нь урагдсан, ухаан алдах гэж байхад нь би очоод салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10133 дугаар...дүгнэлт (хавтаст хэргийн 23),

-Шүүгдэгч Г.Б..............айгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Д.С..............л гэдэг хүүхэнтэй 10 жил орчим амьдраад 2017 оны 12 дугаар сард гэр бүлийн хэрүүл болоод тусдаа нэг хэсэг амьдарсан юм. Тэгсэн манай эхнэр Д.С..............лтэй В.Ч...........т гэдэг залуу холбоо тогтоосон. В.Ч...........т гэдэг залуу тухайн үед эхнэрээсээ салаагүй байж манай эхнэртэй явалдсанд нь тэр залууд миний уур хүрээд байдаг юм. ...2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүүхэдтэйгээ Завхан аймгаас цуг ирсэн юм. Тэгээд Д.С..............л хүү Ирмүүнийг авахаар 22-н товчооны тойрог дээр намайг хүлээж байсан. Би хүүтэйгээ хамт ирсэн чинь Д.С..............л В.Ч...........т гэдэг залуутайгаа цуг зогсож байсан. Би В.Ч...........тыг хараад уур хүрээд намайг доромжилж байгаа юм шиг санагдаад ...машинаас буугаад сандал дээр В.Ч...........тыг сууж байхаар нь шанаа хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн. ...В.Ч...........т гэдэг залуу нь өмнөх эхнэрээсээ салаагүй байж манай эхнэрийг эргүүлээд бид хоёрыг салгаж хүүхдийг минь өнчрүүлсэнд миний дургүй хүрээд би тэр залууг цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.Б..............ай нь хууль зүйн хувьд салсан эхнэрийгээ хардаж “танхайн” сэдэлтээр, хохирогч В.Ч...........тыг зодож, шууд санаатай үйлдлээр, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Б..............ай нь хохирогч ...В.Ч...........тыг зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Түүнчлэн шүүгдэгч Г.Б..............ай нь хохирог В.Ч...........тын эрүүнд өшиглөсөн, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан “...зүүн дээд араа шүдний эмтэрсэн хугарал...” нь миний өшиглөлтөөс болсон гэж бодохгүй байна. Араа шүд хэзээ эмтэрсэн эсэх нь тодорхойгүй..” гэж мэтгэлцсэн боловч 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн зөвлөгөөнд “Шүдний эмчид үзүүлэх” гэж (хавтаст хэргийн 44),  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10133 дугаар дүгнэлтийн “...Хэсэг газрын үзлэг: Зүүн дээд хамгийн арын араа шүд дотор ар ирмэгээрээ эмтэрч хугарсан, эрүүний төвгөр хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй, төвгөрийн баруун талд 2х0.6см... улаан хүрэн өнгийн цус хуралттай...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23) тус тус авагдсан байгаа нь шүүгдэгчийн мэтгэлцсэнийг үгүйсгэж байна.

Иймд шүүгдэгч Г.Б..............айг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч В.Ч...........т нь эмчилгээний зардалд баримтаар 380.000 төгрөг нэхэмжилсэн (хавтаст хэргийн 22, 45-46) байна. Хэрэгт цугларсан хохиролын баримтад дүгнэлт хийвэл хохирогч нь  343.000 төгрөгний баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгснөөс шүүгдэгч нь 380.000 төгрөгийг төлжээ. Тиймээс шүүгдэгч Г.Б..............айг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. Харин хохирогч В.Ч...........т нь шүүхийн хэлэлцүүлэгт “Пи Ди Ай Си” эмнэлгээр шүдний эмчилгээнд 2.500.000 төгрөг зарцуулагдах тодорхойлолт гэх баримтыг гаргаж өгсөн. Мөн тэрээр дээрх эмнэлэгт 500.000 төгрөгний урьдчилгаа өгч тодорхойлолт авсан гэж мэдүүлэн шүүгдэгчээс 2.500.000 төгрөг нэхэмжлэх боловч тухайн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл хохирогч В.Ч...........т нь дээрх эмнэлгээр шүдний эмчилгээ хийлгэсэн гэх баримтгүй нөгөө талаар урьдчилгаанд 500.000 төгрөг төлсөн гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих хууль зүйн үндэслэлтэй буюу хохирогч нь дээрх хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б..............айг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Б..............айг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Тиймээс улсын яллагчийн дүгнэлтээр гаргасан эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 0394 01051 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Харчиган овогт Г..............мын Б..............айг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б..............айг 460 (дөрвөн зуун жар) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б..............айд оногдуулсан 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б..............ай нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус  дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.МӨНХЗУЛ