Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2017/02956

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Сдүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............ хаягт байрлах Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ....................тоот хаягт байрлах И ХХК-д холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Снь өөрийн эзэмшлийн 2090 УНМ улсын дугаартай, цагаан өнгөтэй, Ланд круйзер 100 маркын автомашиныг Ө ХХК-ийн нэр дээрээ 2016 оны 6 сарын 12-ны өдрөөс 2016 оны 7 сарын 12-ны өдөр хүртэл, өдрийн 100,000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр, 2016 оны 7 сарын 13-ны өдрөөс 2016 оны 9 сарын 26-ны өдрийг хүртэл өдрийн 70,000 төгрөгийн түрээсийн төлбөртэйгөөр И ХХК-д түрээслүүлэхээр тохиролцож “Түрээсийн гэрээ” байгуулсан. Уг гэрээний дагуу И ХХК нь автомашиныг 2016 оны 9  сарын 26-ны өдөр хүлээлгэн өгч, автомашин хүлээлгэн өгснөөс хойш 10 хоногийн дотор төлбөрийг бүрэн барагдуулах ёстой байсан. Гэвч хариуцагч болох И ХХК-ийн захирал Ч.Б хамаатны дүү гэх Э нь автомашиныг 2016 оны 11 сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд түрээсийн үлдэгдэл төлбөр болох 8,240,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Түүнчлэн автомашиныг хүлээн авахад автомашины хаалга гажсан, бензин насос шатсан, 4 дугуй хавагнаж хэрэглэх боломжгүй болсон гэх мэт олон эвдрэл гэмтэл гарсан байсныг өөрөө янзлуулсан. Учирсан энэхүү хохирлыг бус зөвхөн түрээсийн үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж байгаа болно.” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Түрээсийн гэрээ байгуулж автомашиныг түрээслэж авсан. Нэхэмжлэгчийн зүгээс 8,240,000 төгрөгийг нэхсэн байдаг. Хариуцагчийн зүгээс нийт 3,400,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлсөн байдаг ба 2016 оны 9 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 5,040,000 төгрөгийг төлөх боломжтой. 2016 оны 9 сарын 26-ны өдрөөс 2016 оны 11 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд аютомашиныг Т.Э гэж хүн авч явсан байдаг ба Б.С тохирсон гэж хэлээд авч явсан байдаг тул уг хугацааны түрээсийн төлбөрийг төлөх боломжгүй тул 3,290,000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч И ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 6 сарын 12-ны өдрөөс 2016 оны 7 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг өдрийн 100,000 төгрөгөөр, 2016 оны 7 сарын 13-ны өдрөөс 2016 оны 9 сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг өдрийн 70,000 төгрөгөөр талууд харилцан тохиролцсоны дагуу хариуцагчийн зүгээс төлсөн төлбөр болох 3,400,000 төгрөгийг хасч үлдэх 5,040,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулах боломжтой бөгөөд 2016 оны 9 сарын 26-ны өдрөөс хойш түрээслэж байсан автомашиныг өөр этгээд ашиглаж байсан тул уг хугацаанд хамаарах төлбөрийг төлөх боломжгүй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Ө ХХК болон И ХХК нарын хооронд 2016 оны 6 сарын 12-ны өдөр “Түрээсийн гэрээ” нэртэй гэрээ /хх-6 тал/ байгуулагдаж, уг гэрээгээр Ө ХХК нь И ХХК-д 2090УНМ улсын дугаартай Ланд круйзер маркын автомашиныг 2016 оны 6 сарын 12-ны өдрөөс 2016 оны 7 сарын 12-ны өдрийг хүртэл өдрийн 100,000 төгрөгөөр түрээслүүлэх, 2016 оны 7 сарын 12-ны өдрөөс хойш 76 хоногт өдрийн 70,000 төгрөгөөр түрээслүүлэх, түрээслэгч нь автомашиныг 2016 оны 9 сарын 26-ны өдөр түрээслүүлэгчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.

Дээрх гэрээнээс үүдэлтэй талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дахь заалтад заасан түрээсийн гэрээний харилцаа байх ба зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дахь заалтад “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөрийг үүрэгтэй байна.

Түрээсийн зүйл болох 2090УНМ улсын дугаартай Ланд круйзер маркын автомашины өмчлөгчөөр 2015 оны 12 сарын 9-ний өдөр Б.С бүртгэгдсэн байх ба улмаар 2015 оны 12 сарын 10-ны өдрөөс 2017 оны 1 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд Нано капитал ББСБ-ийн нэр дээр уг тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-12 тал/-гаар тогтоогдож байна.

Түрээсийн зүйл болох тээврийн хэрэгсэл нь Б.С нэр дээр бүртгэлтэй байсан улмаар ББСБ-ын нэр дээр тээврийн хэрэгслийн нэр шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх боловч Т.Снь Ө ХХК-ийн захирал болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Ө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-4 тал/-аар тогтоогдсон, нэхэмжлэгч нэхэмжлэлд Т.С өмчлөлд байсан тээврийн хэрэгслийг компанийн нэрээр  И ХХК-д түрээслүүлсэн талаар дурдсан, хариуцагч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул нэхэмжлэгч Ө ХХК-ийг автомашины түрээсийн төлбөрийг шаардах эрхтэй этгээд гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу түрээсийн төлбөрийн хэмжээг тооцож үзэхэд 2016 оны 6 сарын 12-ны өдрөөс 2016 оны 7 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 31 хоногийн түрээсийн төлбөрийг өдрийн 100,000 төгрөгөөр тооцоход 3,100,000 төгрөг, 2016 оны 7 сарын 13-ны өдрөөс автомашиныг хүлээлгэн өгсөн гэх 2016 оны 11 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны буюу 122 хоногийн түрээсийн төлбөрийг өдрийн 70,000 төгрөгөөр тооцоход 8,540,000 төгрөг, нийт 11,640,000 төгрөг болж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ө ХХК-ийн захирал Б.СХаан банкны дансанд 2016 оны 7 сарын 10-ны өдрөөс 2017 оны 2 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд автомашины түрээсийн төлбөрт нийт 3,400,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Хаан банкны дансны хуулга /хх-6-10 тал/-аар тогтоогдож байна.

Түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөр болох 11,640,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн төлбөр 3,400,000 төгрөгийг хасч тооцоход төлөгдөөгүй төлбөрийн хэмжээ 8,240,000 төгрөг болж байна.

Хариуцагч тал 2016 оны 9 сарын 26-ны өдрөөс хойш уг автомашиныг Т.Э.унаж, ашиглаж байсан тул 2016 оны 9 сарын 26-ны өдрөөс хойшхи хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байх боловч уг автомашиныг Т.Э.нь тухайн үед И ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Бат-Ирээдүйгээс авч ашигласан болох нь гэрч Т.Э “... автомашиныг 2016 оны 9 сарын сүүлээр Бат-Ирээдүйгээс зүгээр унаж хэрэглэж байгаад өгье гэж авсан” гэх мэдүүлгээр тогтоогдсон, ийнхүү түрээсийн зүйл болох автомашиныг Т.Э шилжүүлэхдээ хариуцагч түрээслүүлэгчийн зөвшөөрлийг авч түрээсийн зүйлийг бусдад шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь заалтад “Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ”, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дахь заалтад “Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно” гэж тус тус заасны дагуу зохигч талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацаа 2016 оны 9 сарын 26-ны өдрөөр дуусгавар болсон ч хариуцагч түрээсийн зүйлийг 2016 оны 11 сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн ашигласан гэж үзэх үндэслэлтэй, уг хугацаанд түрээсийн гэрээг тухайн нөхцлөөрөө сунгагдсан гэж үзэх учир 2016 оны 9 сарын 26-ны өдрөөс автомашиныг хүлээлгэн өгсөн 2016 оны 11 сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрөөс хариуцагч чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

Иймд хариуцагч И ХХК-аас түрээсийн төлбөрт 8,240,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.    Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дахь заалтыг баримтлан хариуцагч И ХХК-аас 8,240,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  Ө ХХК-д олгосугай.

2.    Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 8 сарын 7-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146,800 төгрөгийн 146,790 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагч И ХХК-аас 146,790 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ө ХХК-д олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд   гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар зохигч талууд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                         Б.УУГАНБАЯР