Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2019/02117/И |
Дугаар | 001/ХТ2020/00571 |
Огноо | 2020-09-24 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2020/00571
Х.Г-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02213 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2046 дугаар магадлалтай,
Х.Г-ийн нэхэмжлэлтэй,
Н-т холбогдох,
2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Х.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/01665 тоот тогтоолоор Х.Г надаас 163 204 650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Ц, Л.Мнарт олгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаан дахь хавтаст хэргийн 11-15 дахь талд Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХТ2018/01665 тоот тогтоолыг шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэхийн тулд нэхэмжлэгч /төлбөр авагч/ С.Ц, Л.Мнар нь Нт Дээд шүүхийн тогтоолыг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтээ хууль тогтоомжийн дагуу гаргасан байх бөгөөд үүний дагуу Н шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх ёстой.
Гэвч төлбөр авагч Л.Мнь Дээд шүүхийн тогтоолыг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг гаргаагүй байхад Хан-Уул дүүргийн 178-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч Дэслэгч Б.Чинзул нь хууль бусаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дур мэдэн эхлүүлж Х.Гийн хувийн мэдээллийг хуулбарлан авч хэргийн материалд хавсаргасан.
Түүнчлэн хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг цааш үргэлжлүүлэн хөрөнгийн мэдээллийг авч Х.Гийн бүх банкны харилцах данс болоод эд хөрөнгийг хууль бусаар битүүмжлэх арга хэмжээ авсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар мэдүүлэг авахаас 7 хоногийн өмнө төлбөр төлөгчид урьдчилан мэдэгдэж байж хөрөнгийн мэдүүлгийг авахаар хуульчилсан байх боловч шийдвэр гүйцэтгэгч Б.Чинзул нь хуульд заасан журмыг зөрчиж хөрөнгийн мэдүүлгийг утсаар дуудан ирж уулз гэх шаардлагын дагуу ирэхэд шууд хөрөнгийн мэдүүлэг авч гарын үсэг зур би ажлаа хийж байна гэж зүй бус авирлаж гарын үсэг зуруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргана гэж хуульчилсны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл явуулж Х.Гийн хууль ёсны эрх ашиг сонирхолд халдаад байна.
Түүнчлэн төлбөр гаргуулах тухай Дээд шүүхийн тогтоол нь зөвхөн Х.Гөөс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байх атал шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг уг хэрэгт хамааралгүй гуравдагч этгээд болох түүний эхнэр охин нарт халдаан хэрэглэж тэдгээрийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон шударгаар хөдөлмөрлөж үл хөдлөх эд хөрөнгө олж авах, өмчлөх эрхэнд халдаж 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4/4381 тоот албан бичгээр эхнэр Г.Ариунсувд, охин Х.Оюунсанчир нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, үйлдвэр зайсан гудамж, 26 дугаар байрны 13 тоот хаягт байрлах өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220616358 тоот өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг битүүмжилж хууль бус үйл ажиллагаа явуулаад байна.
Үүгээр үл барам 2019 оны 01 дүгээр сарын 12-нд шийдвэр гүйцэтгэгч Б.Чинзул нь гэр бүлийн дундын эд хөрөнгө болох орон сууцанд нэвтрэн орж үзлэг хийх нэрийдлээр Х.Гийн эхнэр охины хуваарьт болоод дундын эд хөрөнгийн зургийг авч тэмдэглэл үйлдэн зүй бус авирлаж хууль бус үйл ажиллагаа явуулсаар байгаа тул аргагүйн эрхэнд шүүхийн байгууллагад хандаж байна. Хэдийгээр Х.Г нь төлбөр төлөгчөөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцож байгаа боловч надтай холбоотой асуудлыг миний охин болоод эхнэрт халдаан хэрэглэж хууль зөрчсөн ажиллагаа явуулж байгаа явдалд гомдолтой байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэгжлэг хийхдээ хөндлөнгийн 2-с доошгүй гэрч байлцуулна гэж заасан байх боловч шийдвэр гүйцэтгэгч Б.Чинзул нь хуульд заасан журмыг үл баримтлан манай гэрт үзлэг хийж гэр бүлийн гишүүдийн хуваарьт болон дундын хөрөнгөнд зүй бусаар халдсан. Төлбөр авагч Л.Мын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлэх хүсэлтгүйгээр түүнчлэн ахлах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлүүлэх тогтоолгүйгээр шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хууль бусаар явуулсан шийдвэр гүйцэтгэгч Б.Чинзулын уг үйлдэл нь шийдвэр гүйцэтгэлийн тухай хуульд зааснаар бүрэн эрхээ хэтрүүлэх, эсхүл хувийн ашиг сонирхлоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн санкцид хамаарч байна.
Иймд 2019 оны 01 сарын 25-ны өдрөөс мөн оны 06 сарын 30-ны өдрийн хугацаанд явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцож, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1442 дугаар магадлалаар Х.Гөөс 163 204 650 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 973 973 төгрөгийн хамт гаргуулж С.Ц, Л.Мнарт олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Энэ хуулийн 20.3-т заасан үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна гэж заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 19290216 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан.
Төлбөр төлөгч Х.Гт шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдэл гардуулж, түүнээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу эд хөрөнгийн мэдүүлэг авч, тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжид бэлэн мөнгө, хөрөнгө, эсхүл банк эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна гэж заасны дагуу мөнгөн хөрөнгөөс суутгал хийх мэдэгдлийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 19290216/178 дугаар тогтоолоор арилжааны банкуудад хүргүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дах хэсэгт Энэ хуулийн 86.2, 86.4-т заасан хөрөнгө гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна гэж заасны дагуу 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 4/4381 дүгээр зүйлийн Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэр зайсангийн гудамж, 26 дугаар байрны 13 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016358 дугаар бүртгэлтэй орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Х.Гийн амьдарч буй орон сууцанд үзлэг нэгжлэг хийсэн тухай дурджээ. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 19290216/04 дугаар тогтоолоор үзлэг нэгжлэг хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийг зөрчсөн тул 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 43 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхээс олгогдсон хүчин төгөлдөр гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02213 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.2.3, 86 дугаар зүйлийн 86.2, 86.5, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцуулах, хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах тухай Х.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2046 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу гомдол гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэсэн байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нь энэхүү хуулийн зохицуулалтыг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бусаар явуулж байгаа явдалд гомдолтой байна.
Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан тул хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд шүүх хурлыг хийсэн нь хууль зөрчөөгүй хэмээн дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн явдалд гомдолтой байна.
Учир нь анхан шатны шүүх шүүх хуралдааныг товлохдоо урьдчилан мэдэгдэж шүүх хурал давхцаж байгаа эсэхийг тодруулахгүйгээр хурлыг шууд товлож, дараагаар нь хурлын товыг мэдэгддэг байсны улмаас шүүх хурлыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшлуулж байсан ба энэ нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, нөгөө талтай мэтгэлцэх эрхийг хязгаарлах, түүний эзгүйд хурлыг хийх үндэслэл биш юм.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.06-ны өдрийн 2046 тоот магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Х.Г нь Нт холбогдуулан 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцуулахыг хүсчээ.
Х.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бусаар эхлүүлж, төлбөр төлөгч биш этгээдийн хөрөнгөнд халдаж, надтай холбоотой асуудлыг эхнэр, охинд халдаан хэрэглэж, хууль зөрчсөн ажиллагаа явуулж байх тул нэхэмжлэлд заасан хугацаанд хамаарах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож өгнө үү...” гэж тайлбарлажээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 1442 дугаар магадлалаар Х.Гөөс 163 204 650 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 973 973 төгрөгийн хамт гаргуулж, С.Ц, Л.М нарт олгохоор шийдвэрлэсэн байна.
Хариуцагч үүргийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаар 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөрийг сайн дураар төлөхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч төлөөгүй тул хуульд заасан дарааллын дагуу төлбөр барагдуулах ажиллагааг явуулж, төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад хөрөнгөөс суутгал хийхийг мэдэгдэж, улмаар төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх хөрөнгийн төлбөр төлөгчид ногдох хэсгээс төлбөрийг гаргуулахаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Үйлдвэр зайсангийн гудамж, 26-13 тоот хаягт байрлах орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, хөрөнгийг битүүмжилсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2., 86.5. дахь заалтыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
Нэхэмжлэлд дурдсан 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төлбөр төлөгчийн эд хөрөнгөнд үзлэг хийхдээ хөндлөнгийн гэрчийг оролцуулаагүй нь шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1. дэх заалтыг зөрчсөн үндэслэлээр дээрх үйл ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор нэгэнт хүчингүйд тооцсон тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дээрх ажиллагаа хамаарахгүй гэх шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгч нь шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зохицуулалтыг зөрчсөн, шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй нь шүүх хуралдаанд биечлэн оролцох, нөгөө талтай мэтгэлцэх эрхийг хязгаарлаж, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бусаар явуулсан...” гэжээ.
2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 13.30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 10.00 цагаас СХД-ийн шүүх дээр, 16 00 цагаас БГД-ийн шүүхэд тус тус шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг “тухайн цагт шүүх хуралдаан давхацсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй” гэж дүгнэн хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.
2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдааны товыг 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдсэн, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгс хүрэлцэн ирж оролцсон, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.
Иймд хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.
Анхан шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй талаарх дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн боловч шийдвэрт хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой зөв хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх засалгүй хэвээр үлдээсэн байна.
Хяналтын шатны шүүхээс хоёр шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг засч, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2046 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2019/02213 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...122 дугаар зүйлийн 122.1., 44 дүгээр зүйлийн 44.2.1., 44.2.3., 86 дугаар зүйлийн 86.2., 86.5., 21 дүгээр зүйлийн 21.3. дахь...” гэснийг “...44 дүгээр зүйлийн 44.4. дэх...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Түвшинтөгсийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Х.Гөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД