Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 120/2019/0004/З |
Дугаар | 22 |
Огноо | 2020-07-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 22
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.М, Л.Г, В.Э, Б.Г нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өм.Дз ИТХ холбогдох,
“Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” 09/01, “Тэргүүлэгчид сонгох тухай” 09/03 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн Э.М, Л.Г, В.Э, Б.Г, гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.М, Л.Г, В.Э, Б.Г нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Б хандан тус сумын иргэдийн Хурлын тэргүүлэгч Д.У-өөс Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчээр хувийн шалтгааны улмаас цаашид ажиллах боломжгүй болсон тул чөлөөлж өгөхийг хүссэн өргөдөл бичгээр ирүүлсэн ба уг өргөдлийн дагуу тухайн өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 5 тэргүүлэгчид хуралдсан бөгөөд хамгийн эхэнд тэргүүлэгч Ч.Э-ийн зүгээс Д.У тэргүүлэгч хувийн шалтгаанаар Тэргүүлэгчээс чөлөөлөгдөх хүсэлт бүлэгт ирүүлсний дагуу бүлгээс энэ асуудлыг оруулж танилцуулж байна. Д.У-ийг Тэргүүлэгчээс чөлөөлж, ээлжит бус хуралдаан зарлаж бүтэц, зохион байгуулалтад оруулж өгнө үү гэсэн санал гаргахад тэргүүлэгч Э.М-ын зүгээс саяхан бүтэц, зохион байгуулалтад оруулчихаад дахин ажил болох гээд байна гэж хэлж байсан боловч олонхын саналаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаас “Ээлжит бус есдүгээр хуралдааныг товлон зарлах тухай” 205 дугаар тогтоол гарч, уг хуралдаанаар Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэм хэмжээний актуудын төслийн хэлэлцэн батлах тухай асуудлуудыг хэлэлцүүлэхээр, Хуралдаанд хэлэлцэх асуудлыг хурлын дэгийн дагуу хугацаанд нь чанартай, үнэн зөв бэлтгэж оруулахыг Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга болон Тамгын газрын дарга нарт үүрэг болгож шийдвэрлэсэн.
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар тэргүүлэгчид маш олон асуудлын талаар хэлэлцсэн бөгөөд Тэргүүлэгчээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Д.У--ийн зүгээс Тэргүүлэгч Э.М нь Засаг даргын орлогч болохоор хамт ажиллахад хүндрэлтэй, ашиг сонирхлын зөрчилтэй байгаа тул өөрийгөө Тэргүүлэгчээс чөлөөлж өгөхийг хүссэн санал гаргасан. Мөн уг хуралдаан дээр зарим төлөөлөгчдийн зүгээс сумын Засаг даргыг үндэслэлгүй огцруулах санал гаргах гэх мэт хууль бус үйлдэл гаргаж, урьдчилан хэлэлцэхээр тогтоолд тусгаагүй, бичгээр хүргүүлж мэдэгдээгүй асуудлуудыг гэнэт оруулж ирж шийдвэрлэх байдлаар хуралдааны дэг болон хууль зөрчих байдал гаргаж байсан тул нэр бүхий 14 төлөөлөгч хуралдааныг цаашид үргэлжлүүлэхээс татгалзаж, орхин гарсан.
Гэтэл анх өөрөө чөлөөлөгдөхөөр санал гаргасан Д.У тэргүүлэгчийн зүгээс Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг бүгдийг чөлөөлөөд дахин сонгууль явуулж тэргүүлэгчдийг томилох санал гэнэт гарган хэлэлцүүлж тогтоолын төсөл танилцуулан улмаар Тэргүүлэгчдийг бүгдийг чөлөөлж буцаан томилох нэрийдлээр Тэргүүлэгч Э.М, Л.Г, В.Э, Б.Г нарыг хууль бусаар чөлөөлсөн. Нэр бүхий төлөөлөгчид дээрх урьдчилан мэдэгдэж, бичгээр хүргүүлээгүй асуудлыг ээлжит бус есдүгээр хуралдаанаар хэлэлцэж 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Тэргүүлэгчдийг чөлөөлөх тухай” 09/01 дүгээр тогтоол, “Тэргүүлэгчид сонгох тухай” 09/03 дугаар тогтоолуудыг гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т заасан “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэснийг зөрчсөн.
Тэргүүлэгч Д.У-ийн “өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх” асуудлыг хуралдаанаар шийдвэрлэх нэрийдлээр хуулийн дагуу ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан 4 төлөөлөгчийг ямар ч үндэслэлгүйгээр дур мэдэн чөлөөлсөн хууль бус үйлдлээс тодорхой харагдаж байна. Тухайн хуралдаан дээр тэргүүлэгч Д.У-ийн хэлсэнчлэн тэргүүлэгч Э.М-ын талаар Засаг даргын орлогч нь хурлын тэргүүлэгчээр давхар ажиллахыг хориглосон хууль зүйн үндэслэл байхгүй юм.
Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх маргаан бүхий хууль бус тогтоолуудыг гаргаснаар бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байгаа бөгөөд тус тогтоолууд хүчингүй болсноор хөндөгдсөн эрх сэргэж, эрхэлж байсан ажил болох Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр ажиллах боломж бүрдэх юм. Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Э.М, Л.Г, В.Э, Б.Г нар нь 2016 оны сонгуулийн үр дүнгээр ард иргэдээс олонхын санал авч Монгол ардын намаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсон. Үүнээс хойш бүтэц зохион байгуулалт болон нутгийн олон чухал асуудлыг хурлаараа хэлэлцээд шийдвэрлээд явж байсан.
2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн. Үүнээс хойш бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөх хурлыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хуралдсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд зар, мэдээг хүргэсэн гэдэг боловч тухайн хурал болдог өдрийн өглөө зар мэдээг хүлээж авч хуралд оролцсон. Тус хуралдаанаар Д.У төлөөлөгч Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнээс чөлөөлж өгнө үү, хувийн шалтгаантай гэсэн асуудлыг хэлэлцэх асуудалд оруулсан.
Тухайн асуудлын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны дэг дээр “хэлэлцэх асуудлыг 1 хоногийн өмнө хуралдаан даргалагч шийдвэрийн хэрэгжилтийг төслийн хамтаар хүргүүлсэн байна” гэснийг зөрчиж хэлэлцэх асуудалд У төлөөлөгчийн хувийн өргөдлийг оруулж ирсэн. Тус хуралдаан дээр дэгээ зөрчиж байгаа учраас энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй гээд татгалзсан. Анхнаасаа хэлэлцэх асуудалд оруулахгүй асуудлыг оруулж, хуралдааны дэг зөрчиж олонхоороо хүч түрэн хэлэлцсэн нь бүрэн эрхэд халдсан. Энэ асуудлаар Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өргөдөл, гомдлоо гаргасан.
Иймд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09/01 дүгээр, 09/03 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /дарга Ц.Б/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Д.У нь Тэргүүлэгчээр чөлөөлүүлэх хүсэлтээ 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бичгээр ирүүлэхдээ хүсэлтийнхээ үндэслэлийг “...Тэргүүлэгч Э.М нь Засаг даргын орлогчийн албан тушаалыг хашдаг болохоор хамт ажиллахад хүндрэлтэй, ашиг сонирхлын зөрчлийг бий болгодог” гэж танилцуулсан. Улмаар уг асуудлыг болон Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэхээр уг өдөртөө ээлжит бус есдүгээр Хуралдааныг товлон зарлаж Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гарсан.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт Төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно”, мөн хуулийн 23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно”, 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна” гэж тус тус заасан.
Тухайн хуралдаанд Төлөөлөгч Д.У нь гаргасан хүсэлт, гарах тогтоолын төслөө танилцуулж, хүсэлтийнхээ үндэслэлийг тайлбарласан. Түүний хүсэлт нь Тэргүүлэгч Э.М, В.Э, Л.Г, Б.Г нарыг чөлөөлөх утга бүхий байсан. Гэтэл нэр бүхий 14 Төлөөлөгч хуралдааныг орхин гарсан. Хуралдаанд 16 Төлөөлөгч оролцож байсан тул цааш хуралдааныг үргэлжлүүлэн, хуралдааныг орхин гарсан төлөөлөгч нарыг хэлэлцүүлэх асуудалд эсрэг санал өгснөөр тооцсон.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг, Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 1.4-д “Төлөөлөгчид хуралдааны материалыг шийдвэрийн төслийн хамт байнгын хороо, бүлгийн хурлын товоос 3-аас доошгүй хоногийн өмнө цаасаар болон цахимаар урьдчилан танилцуулах, тэдний саналыг өргөнөөр тусгах бололцоогоор хангана. Төлөөлөгчид өөрийн биеэр ирж хуралдааны материалыг хурлын ажлын албанаас авна” гэснийг тус тус зөрчсөн гэжээ.
Гэтэл Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр 21 хоногийн өмнө 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Тэргүүлэгчдийн тогтоол гарсан байдаг. Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 1.4-д зааснаар төлөөлөгчид өөрийн биеэр ирж хуралдааны материалыг Хурлын ажлын албанаас авах үүрэгтэй байтал нэр бүхий 14 төлөөлөгч энэ үүргээ биелүүлээгүй болно. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан хуулийн хугацаанд хэлэлцэх асуудалтай холбоотой материалыг төлөөлөгч нарт тараасан хуульд нийцээгүй журмыг баримтлах үндэслэлгүй юм. Тухайн үйл баримттай холбоотой Хурлын дарга Ц.Б-ийн үйлдлийг дурдсан нь нэхэмжлэлийн үндэслэлээ үгүйсгэж байна гэж үзнэ.
Иймд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09/01 дүгээр, 09/03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Гуравдагч этгээд Н.Э, Д.У, Ц.Б, С.Т нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Д.У нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тэргүүлэгчээс чөлөөлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлэхдээ эрүүл мэндийн шалтгааны улмаас гэсэн бөгөөд нэмэлт тайлбар дээр хүсэлтийнхээ үндэслэлийг “...Тэргүүлэгч Э.М нь Даланзадгад сумын Засаг даргын орлогчийн албан тушаалыг хашдаг нь сумын Хурлын Тэргүүлэгчийн хувьд ашиг сонирхлын зөрчил үүсдэг” гэж танилцуулсан. Уг асуудлыг болон Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэхээр уг өдөртөө ээлжит бус есдүгээр хуралдааныг товлон зарлаж Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гарсан.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт Төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно.”, мөн хуулийн 23.8-д “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч зориудаар хуралдаанд оролцохгүй :байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно.”, 23.9-д “Хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна.” гэж заасан. Тухайн хуралдаанд төлөөлөгч Д.У нь гаргасан хүсэлт, гарах тогтоолын төслөө танилцуулж, хүсэлтийнхээ үндэслэлийг тайлбарласан байдаг. Түүний хүсэлт нь Тэргүүлэгч Э.М, В.Э, Л.Г, Б.Г нарыг чөлөөлөх утгатай байсан.
Гэтэл нэр бүхий 14 төлөөлөгч хуралдааныг орхин гарсан. Хуралдаанд 30 төлөөлөгч оролцож байсан тул цааш хуралдааныг үргэлжлүүлэн хуралдааныг орхин гарсан төлөөлөгч нарыг хэлэлцүүлэх асуудалд эсрэг санал өгснөөр тооцсон. Энэхүү хуралдааны процесс хуулийн дагуу явагдсан бөгөөд энэ нэхэмжлэлийн хувьд шинээр сонгогдсон тэргүүлэгч миний эрхийг хөндөж байгаа асуудал тул хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж найдаж байна.
Иймд нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус хэрэг байна, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам хэрэглэх боломжтой байсан боловч хэрэглээгүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1-т зааснаар харьяаллын бус хэргийг шүүх хүлээн авахаас татгалзах боломжтой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1, 14.4-т зааснаар нэхэмжлэл гаргах, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл байна. Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т зааснаар захиргааны акт нь захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар болон бичгээр гаргасан байна. Маргаан бүхий акт нь гадагш чиглэсэн шинжийг агуулахгүй байна. Тэргүүлэгч нар нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар хуралд санал оруулах эрхтэй, нэхэмжлэгч нар нь захиргааны хэргийн шүүхэд шууд нэхэмжлэл гаргасан нь захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 93.2-т заагаад өгчихсөн байдаг. Маргаан бүхий хурлын тогтоол нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гарсан байхад 02 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд хандсан байна. Энэ нь 31 хоногийн хугацаа өнгөрсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар 30 хоногийн хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бүрэн боломжтой. Нэхэмжлэгч нарын ямар хууль ёсны эрх ашиг, сонирхол зөрчигдөж байгаа нь тодорхойгүй, энэ талаар хангалттай нотолсонгүй. Миний эрх ашиг сонирхол зөрчигдөж байна гэсэн үндэслэлгүй тайлбарыг гаргасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хурал санал оруулах эрхтэй. Төлөөлөгчөөс тэргүүлэгч нь давуу эрх эдэлсэн гэх зүйл байхгүй.
Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1-т зааснаар хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчид хуралд хэлэлцүүлэхээр санал оруулах эрхтэй. Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ээлжит хуралдааны зар хүлээн авсан бүртгэлийг зарим хүмүүс зориуд аваагүй нь харагддаг. Хэлэлцэх асуудлын талаар тооцоо, судалгаа, тайланг аваагүй гэдэг нь үндэслэлгүй, өөрсдөө зориуд аваагүй нь материал гардуулсан баримтаас харагддаг. Тэргүүлэгчдийн хуралдаанаар баталсан хэлэлцэх асуудлыг хуралдаан эхлэхээс өмнө оруулж ирдэг. Тэгэхээр байж болно гэсэн үг. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.М, Л.Г, В.Э, Б.Г нар нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09/01, 09/03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэх, шүүхийн харьяаллын маргаан мөн эсэх, урьдчилан шийдвэрлүүлэх журам биелүүлсэн эсэх тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан.
Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч “нэхэмжлэгч нарыг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг 1 хоногоор хэтрүүлсэн” гэж маргах боловч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч нарт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09/01, 09/03 дугаар тогтоолуудыг мөн өдөр гардуулсан, танилцуулсан эсхүл мэдэгдсэн гэдгийг нотлох ямар нэгэн баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч нар маргаан бүхий захиргааны актуудын талаар мэдэж байсан гэдэг нь өмгөөлөгч Н.Г-ийн шүүх хуралдаанд гаргасан “...тухайн өдөр хуралдаан болсон гэдгийг орон нутгийн ТҮ-ийн нэвтрүүлгийг үзэхдээ мэдсэн...” гэх тайлбараар нотлогдохгүй, захиргааны байгууллагаас өөрийнх нь хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн актыг нэхэмжлэгч нар мэдсэнээр шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа тоологдох бөгөөд нэхэмжлэгч нар нь 2020 оны 02 дугаар сарын 10 /2020 оны 02 дугаар сарын 09-ны өдөр амралтын өдөр байсан/-ны өдөр дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх тул нэхэмжлэгч нарыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тус хуулийн зорилтыг тодорхойлсон байх бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар “нэхэмжлэл” гэж... хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор, 16 дугаар зүйлийн 16.1-т Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ хуульд заасны дагуу захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхээр тус тус зохицуулжээ.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөхтэй холбоотой Хурлын эрх хэмжээ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдаж байх ба дээрх хуулиудад зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан нь нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр тус захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.3, 54.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээд нарын өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, шүүхийн харъяаллын маргаан биш, урьдчилан шийдвэрлүүлэх журам биелүүлээгүй...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
“Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09/01, 09/03 дугаар тогтоолуудыг[1] хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид Хурал гэх/-ын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05/08 дугаар тогтоолоор Ц.Б, Д.У, Э.М, Л.Г, В.Э, Б.Г нарыг Хурлын Тэргүүлэгчдээр баталсан байх ба маргаан бүхий захиргааны актууд болох мөн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09/01 дүгээр тогтоолоор уг хуралд оролцсон Төлөөлөгчдийн олонхийн саналаар гэх үндэслэлээр Ц.Б /Хурлын дарга/ бусад нэр бүхий Тэргүүлэгчдийг чөлөөлж, мөн Хурлын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 05/08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцож, 09/03 дугаар тогтоолоор мөн дээрх үндэслэлээр Ч.Э, Д.У, Н.Э, Д.У, Ц.Б, С.Т нарыг Тэргүүлэгчээр сонгож, хурлын тасралтгүй байнгын үйл ажиллагааг хангаж ажиллахыг Тэргүүлэгчдэд үүрэг болгож тус тус шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нараас “Д.У-ийн өөрийн хүсэлтээр Тэргүүлэгчээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцээгүй байж Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй, холбогдох баримтыг бичгээр хүргүүлж, мэдэгдээгүй асуудлыг шийдвэрлэж хуралдааны дэг болон хууль зөрчиж биднийг хууль бусаар Хурлын Тэргүүлэгчээс чөлөөлсөн” гэж, хариуцагчаас “...хууль зөрчөөгүй...” гэж маргасан.
Хавтаст хэрэгт авагдсан баримт[2] болох Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 205, 211 дүгээр тогтоолууд, хурлын тэмдэглэл зэргээс үзэхэд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 9 дүгээр хуралдаан /цаашид Хуралдаан гэх/-ыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11:40 цагт хуралдуулахаар товлон зарлаж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтоосон байх бөгөөд Хуралдаан болохоос нэг хоногийн өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хурлын төлөөлөгч нарт хэлэлцэх асуудал, холбогдох материалуудыг тараасан гэж тэмдэглэл үйлдсэн байна.[3]
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.3-т “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрхтэй” гэж заасан.
Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Д.У-өөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “...миний бие 2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байгаа боловч хувийн шалтгаанаар цаашид ажиллах боломжгүй болсон тул Тэргүүлэгчээс чөлөөлж өгнө үү...” гэх өргөдлийг[4] Хурлын даргад гаргажээ.
Хэрэгт авагдсан гэрч Д.У-ийн “...Би тэргүүлэгчдийн хурал эхлэх гэж байхад “хувиййн шалтгаанаар тухайн албан тушаалд ажиллах боломжгүй, тэргүүлэгчээс чөлөөлөгдөх” өргөдлөө хажууд суусан бүлгийн дарга Ч.Э-оор дамжуулан Хурлын даргад өгсөн, уг өргөдөлд ямар нэгэн баримт материал хавсаргаж өгөөгүй, энэ өргөдлийг хүлээж авч хэлэлцүүлэхээр төлөөлөгчдийн Хурлыг 2020 оны 01 сарын 10-ны өдөр хуралдуулахаар зарласан. Энэ өдрийн төлөөлөгчдийн Хурлаар миний асуудлыг хэлэлцээгүй, миний хувьд Мөнхболортой хамтарч ажиллаж чадахгүй гэдэг шалтгаанаа хэлсэн, Ардын намынхан хурал хаяж гарсан учраас би Тэргүүлэгчдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилье гэсэн саналыг хэлэхэд Ардчилсан намын бүлэг дэмжээд хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд тэргүүлэгчдийг чөлөөлж, дахин санал хураалт явуулж сонгосон. Тооллогын комисс томилогдоод хуралдаан явж байх үед Хурлын ажлын албанаас тогтоолын төслийг бэлтгэж Хурлын даргад өгсөн, би энэ тогтоолын төслийг оруулаагүй. Нэр бүхий 4 тэргүүлэгчийг чөлөөлөх асуудал бол 01 сарын 10-ны өдрийн хэлэлцэх асуудалд ороогүй, энэ талаар Э.М, Л.Г, В.Э, Б.Г нарт мэдэгдэх боломж байгаагүй...” гэх мэдүүлэг, Хурлын 2020 оны 01 сарын 10-ны өдөр хуралдааны тэмдэглэл зэргээс[5] үзэхэд Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар төлөөлөгч, тэргүүлэгч Д.У-ийн тэргүүлэгчээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцээгүй атлаа хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй Тэргүүлэгчдийг чөлөөлөх, сонгох асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд уг асуудлыг хэлэлцэхээс өмнө Хурлын төлөөлөгч нарт мэдэгдээгүй, холбогдох баримт, тооцоо, судалгаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж өгөөгүй болох нь гэрчийн мэдүүлэг болон Хурлын хуралдааны тэмдэглэл, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид...дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 20.1.1-т “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх”, 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хурлын...төлөөлөгч,...асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус зааснаас үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудал тодорхой байх, төлөөлөгч хуралдаанд ямар асуудлаар таслах эрхтэй оролцож байгаагаа урьдчилан мэдэх, түүнд холбогдох баримт, судалгааг урьдчилан төлөөлөгч нарт тараасан байх, эдгээр үйл ажиллагаа зохих ёсоор хэрэгжээгүй бол тухайн асуудлыг Хуралдаанаар хэлэлцэхгүй байхаар зохицуулсан байна.
Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Сум, дүүргийн Хурал нь...дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, 18.1.1 б/-д “Хурлын дарга, Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх”, 14 дүгээр зүйлийн 14.4-т “...эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна” гэж заасан бөгөөд Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх, өөрчлөх зэрэг асуудлыг урьдчилан танилцуулж, зөвшилцсөн байх хуулийн шаардлагьг хангаагүй байна гэж үзлээ.
Түүнчлэн, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-т “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор батлагдсан “Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг”-ийн[6] 1.4-т “Хуралдааны материалыг шийдвэрийн төслийн хамт хурлын Төлөөлөгчдөд 3-аас доошгүй хоногийн өмнө цаасан болон цахимаар урьдчилан тарааж танилцуулах, тэдний санал хүсэлтийг өргөнөөр тусгах бололцоогоор хангах”, 3.3-т “Онцгой эрхэд хамаарах асуудлыг холбогдох хороод...урдчилан хэлэлцэж дүгнэлт саналаа гарган сумын ИТХ-ын даргад бичгээр хүргүүлсэн байна. Уг саналыг Хурлын дарга Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлнэ ...” гэж тогтоожээ.
Тодруулбал, энэ тохиолдолд Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал болох Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, өөрчлөх асуудлыг хэлэлцэхдээ Хурлын тов тогтоох, хэлэлцэх асуудлыг дараалал батлах эрх бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж, зөвшилцсөн байх хуулийн шаардлага хангаагүй байхад Хуралдаанаар хэлэлцүүлж, Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09/01 дүгээр тогтоолоор Э.М, Л.Г, В.Э, Б.Г нарыг Тэргүүлэгчээс чөлөөлсөн нь хууль болон Хурлын хуралдааны дэгд нийцээгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т зааснаар хариуцагч Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллага болохын хувьд Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль болон уг хуульд заасны дагуу өөрийн баталсан дүрэм, журам, дэгийг мөрдөж, биелүүлэх үүрэгтэй.
Иймд маргаан бүхий захиргааны актуудыг хууль зөрчиж гаргасан болох нь дээрх үндэслэлүүдээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Э.М, Л.Г, В.Э, Б.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09/01, 09/03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч тус бүрт 17550 төгрөгийг олгохоор шийдвэрлэв.
Шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 15:00 цагт хийхээр товлогдсон шүүх хуралдааны товыг утсаар болон шүүхийн мэдэгдэх хуудсаар[7] хариуцагчийн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд Н.Э, Д.У, Ц.Б, С.Т нарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нараас хариуцагч, гуравдагч этгээд нарыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 б/, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Э.М, Л.Г, В.Э, Б.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 09/01, 09/03 дугаар тогтоолуудыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 70200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч тус бүрт 17550 /Арван долоон мянга таван зуун тавь/ төгрөгийг олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ
[1] Хавтаст хэргийн 14, 16 дахь талд
[2] Хавтаст хэргийн 7-13 дахь талд
[3] Хавтаст хэргийн 121-122 дахь талд
[4] Хавтаст хэргийн 62 дахь талд
[5] Хавтаст хэргийн 57-59, 63-112 дахь талд
[6] Хавтаст хэргийн 114-117 дахь талд
[7] Хавтаст хэргийн 234, 239-243 дахь талд