| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 188/2018/0607/Э |
| Дугаар | 100 |
| Огноо | 2019-01-29 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 100
О.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Р.Энх-Оюун,
яллагдагч О.О-ын өмгөөлөгч Н.Баатардорж, Б.Дамба,
нарийн бичгийн дарга Ц.Билгүүн нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2396 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Р.Энх-Оюуны бичсэн эсэргүүцлээр О.О-д холбогдох эрүүгийн 1808030320789 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
................ овгийн ................ ......................., 19......... оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, .. настай, дээд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхийн хамт Баянзүрх дүүргийн .. дүгээр хороо, ............. хотхон ....-81 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........................./;
О.О нь 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах Сангийн яамны зуслангийн газрын 9 тоот байшинд төрсөн эцэг И.Очирбатын хоолойг нь боож алсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.О-д Эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг шүүхэд хүргүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүх эмнэлгийн сэтгэц эмгэг судлалын 706, 974 тоот дүгнэлтүүд хэрэгт авагдсан байх ба дээрхи хоёр дүгнэлтийн аль нь үндэслэлтэй үнэн зөв болох нь эргэлзээ төрүүлж байх тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор, мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид, эсхүл өөр шинжээчид даалгана”, 2 дахь хэсэгт “Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана” гэжээ. Яллагдагч О.О-д холбогдох эрүүгийн хэрэгт Шүүх эмнэлгийн сэтгэц эмгэг судлалын давтан дүгнэлт гаргуулах шаардлагатай, энэ ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул яллагдагч Т.О.д холбогдох эрүүгийн 1808030320789 дугаартай хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч О.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Р.Энх-Оюун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмч О.Баатаржав, Д.Энхтуяа, С.Байгальмаа нарын 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 706 дугаартай “Шүүх сэтгэц эмгэг судлалын” шинжээчийн дүгнэлтэд: О.О нь “Шизофренийн хэв шинжит эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байна. Уг эмгэг нь тодорхой эмнэл зүйн үе шатаар явагддаггүй болно. Уг эмгэгийн удамшлын болон олдмол эсэхийг тогтоох боломжгүй. О.О нь гэмт хэрэг үйлдсэн эсэх нь хавтас хэргийн материал дээр нотлох баримтаар бүрэн тодорхой батлагдаагүй байх тул гэмт хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацаанд өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан эсэх гэсэн асуултанд хариулт өгөх боломжгүй болно.” гэжээ. 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө болсон гэх үйл баримтад буюу тухайн цаг үед шинжлүүлэгч О.О нь сэтгэцийн хувьд “өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байсан эсэх...”, “...хэрэг хариуцах чадвартай байсан эсэх...”, “...тухайн үеийн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж, илэрхийлэх чадвартай эсэх гэсэн асуултуудыг тавьж, тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт гаргуулахаар мөрдөгч нь шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоолыг СЭМҮТ-ийн мэргэжилийн эмч нар буюу шинжээч нарт шинжлүүлэгчийн хамт хүргүүлсэн болохоос тухайн цаг үед гэмт хэрэг үйлдэгдсэн байна уу гэсэн асуултыг асуугаагүй. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй, түүнчлэн яллагдагчийн гэм бурууг нотлох үүрэг шинжээчид байхгүй байхад дээрх мөрдөгчийн тогтоолд дурдагдсан 2, 3, 4 дахь асуултанд “О.О нь гэмт хэрэг үйлдсэн эсэх нь хавтаст хэргийн материал дээр нотлох баримтаар бүрэн тодорхой батлагдаагүй байх тул...” гэсэн өөрт оногдоогүй эрх хэмжээний хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, мөн мөрдөгчийн уг асуултанд хариулт өгөх боломжгүй гэсэн атлаа 5 дахь асуултад “О.О нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацаанд болон үйлдэгдсэний дараа “Шизофренийн хэв шинжит эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан байна.” гэж дүгнэсэн нь “О.О нь гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлыг тогтоох боломжгүй, эсхүл сэтгэцийн эмгэгтэй байсан” гэсэн салаа утга бүхий эргэлзээ төрүүлэхээр, илт шинжлэх ухааны үндэслэлгүй дүгнэлт гаргасан. Тиймээс прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд “...О.О нь 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах Сангийн яамны зуслангийн газрын 9 тоот байшинд төрсөн эцэг И.Очирбатыг алсан...” гэх хэрэгт 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө буюу үйл явдал болсон гэх цаг хугацааны үед болон хэрэг учрал болсон гэх цаг хугацаанаас хойш шинжлүүлэгч О.О нь сэтгэцийн хувьд ямар байсан, тухайн үеийн үйл явдлыг үнэн зөвөөр тусгаж, илэрхийлэх чадвартай эсэх, хэрэг хариуцах чадвартай эсэх талаар О.О-ын сэтгэцийн байдлыг тогтоох зорилгоор, шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч эмч нар нь тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс бүрэн бодитой хийж, шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт гаргуулахаар дахин шинжээч томилсон. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 974 дугаартай дүгнэлтээр “...О.О нь хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэрийн шизофрени сэтгэцийн эмгэгтэй байна. Энэ нь хавтаст хэргийн материал, бодит өгүүлэмж, эмнэлзүйн үзлэг, шинжилгээ зэргээс нотлогдож байна. О.О нь 2018 оны 06 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө буюу үйл явдал болсон гэх цаг хугацааны үед өөрийн хийж байгаа үйлдлээ ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадваргүй байсан байна. О.О нь 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө буюу үйл явдал болсон гэх цаг хугацааны үед хий үзэгдэлт дэмийрлийн хэлбэрийн шизофрени сэтгэцийн эмгэгтэй байсан учир хэрэг хариуцах чадваргүй байсан байна. О.О нь 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө буюу үйл явдал болсон гэх цаг хугацааны үед хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвар хэвийн байсан байна. Харин сэтгэхүйн хувьд О.О нь хурц солиорлын байдалтай байсан учир мэдүүлэг өгөх чадваргүй байсан байна. О.О нь АНУ-д амьдарч байх хугацаанд хар тамхи хэрэглэж байсан гэх боловч уг бодист донтолт үүсээгүй учир сэтгэцэд нөлөөлөхгүй болно...” гэж гарсан. Иймд хавтас хэрэгт Шүүх эмнэлгийн сэтгэц эмгэг судлалын 706 дугаартай дүгнэлт нь “...О.О-ыг одоо хэрэг хариуцах чадвартай байна.” гэж дүгнэсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан эсэхэд огт дүгнэлт хийгээгүй, илт шинжлэх ухааны үндэслэлгүй байсан. Харин шүүх эмнэлгийн сэтгэц эмгэг судлалын 974 дугаартай дүгнэлтэд шинжээч эмч нар нь тусгай мэдлэг мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Тиймээс прокурор Шүүх эмнэлгийн сэтгэц эмгэг судлалын 974 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэн яллагдагч О.О-д “Эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” прокурорын санал гаргаж, хэргийн хамт анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан саналдаа “гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байдал ба эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлийг” бичсэн. Мөн саналдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь заалтыг хангах зорилгоор шүүх хуралдаанд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Я.Ганхүүг оролцуулах санал гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 3 дахь заалт нь “хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны талаар заасан байна. Шүүх шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх дахин шинжээч томилох эрхтэй. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2396 дугаартай “Хэргийг прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хүчингүй болгуулж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.
Яллагдагч О.О-ын өмгөөлөгч Н.Баатардорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эхний дүгнэлт яагаад үндэслэл муутай болсон бэ гэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцад О.О-ын гэмт хэрэг болохоос өмнөх сэтгэл зүйн байдлыг тогтоохын тулд гэрчүүдийг асуух бололцоо тухайн үед хангагдаагүй байсан. “Шизофренийн хэв шинжит эмгэг” гэдэг нь хэрэг хариуцах чадвартаа ордоггүй. Ерөнхий дүгнэлт өгөөд бусад өвчний хувьд цагаатгах тогтоолд ордог. Хэргийн материалд шинжилгээ хийгээд дүгнэлт гаргах хангалттай материал бүрдээгүй байсан. Анх үзүүлсэн мэргэжлийн хоёр эмчийг тухайн үед асуугаагүй байдаг. Хэргийг нь яллагдагч О.О-ын хамт аваад явчихсан байсан. Бид нар мөрдөн шалгах ажиллагаанд гэрч асуулгах хүсэлт гаргаж байсан. Шүүгдэгч О.О Америкийн Нэгдсэн Улсад татаж унаад, эмийг нь шинжлүүлсэн. Энэ ажиллагаанууд хийгдэж байхад гарсан дүгнэлт учраас харьцангуй бөөрөнхий, өөрийгөө үгүйсгэсэн шинжтэй дүгнэлтүүд байдаг. Шүүгдэгч О.О хэрэг үйлдэх үедээ яагаад аавтайгаа явсан бэ гэхээр заримдаа ээжийгээ танихгүй болчихдог. Аавынхаа үгэнд ордог байсан тул аав нь түүнийг агаарт гаргах гэж авч явсан. Тиймээс 2 дахь шинжээчийн дүгнэлт илүү бодитой байх боломжтой юм. Мөн 5 шинжээч эмчийн 3 эмч нь тэргүүлэх зэрэгтэй, 1 нь ахлах зэрэгтэй эмч байдаг. Тиймээс 2 дахь шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайлбал, хурц дэмийрлийн хэлбэрийг тогтоохын тулд 3 өдөр хүн асуусан. Ээжийг нь бол 3 өдөр асуусан. О.О-ын бөөрөнд нь эмчилгээ хийлгэсэн бөгөөд одоо хүнтэй харилцах чадвар нь удаашраад улам хүндрэлтэй байгаа. Хохирогчийн талаас ямар нэгэн гомдол санал байхгүй. Ар гэрийн зүгээс яллагдагч О.О-ыг яаралтай эмчлүүлье гэсэн саналтай байгаа.” гэв.
Яллагдагч О.О-ын өмгөөлөгч Б.Дамба тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд шинжээчийн 2 дахь дүгнэлтийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс шинжээчийн хоёр дүгнэлтийн аль нь үндэслэлтэй, аль нь үндэслэл муутай дүгнэлт вэ гэдэгт эргэлзээтэй байгаа учраас үүнийг тодруулах үүднээс дахин шинжилгээ хийлгэе гэсэн байдлаар хэргийг буцаахаар захирамж гаргасан. Хэргийн материалаас харахад эхний дүгнэлт илт үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Яагаад гэвэл эхний дүгнэлтэд 7 заалт байгаа. 7 заалтны 1, 5, 6 дугаар заалт нь давхардсан, 2, 3, 4 дэх заалт нь мөрдөгчийн тавьсан асуултад шинжээч хариулт өгөөгүй. Шинжээчид тавьсан асуултад шинжээч шинжлэх ухааны үндэслэлтэй хариулт өгөх ёстой. Гэтэл шинжлэх ухааны үндэслэлтэй гэхээс илүү хууль зүйн дүгнэлт өгсөн. Хэргийн бодит байдал болох яллагдагч О.О-ын гэм буруутай үйлдэл нь тогтоогдоогүй учраас хариулт өгөх боломжгүй гэж татгалзсан байдлаар хариулт өгсөн. Татгалзаж байгаа шинжээчийн дүгнэлт нь хууль бус болж байна. Эхний дүгнэлт нь эргэлзээтэй буюу үндэслэлгүй гэдэг нь харагдаж байгаа. Тиймээс прокурор дахин шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн. Эхний дүгнэлтээр 3 эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан, хоёр дахь дүгнэлтээр 5 эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан. Хоёр дахь шинжээчийн дүгнэлтээр эхний дүгнэлтийг үгүйсгэсэн. Үгүйсгэсэн үндэслэлээ хоёр дахь дүгнэлтэд тодорхой зааж өгсөн. Гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд О.О-ын эрүүл мэнд, сэтгэцийн байдлын талаар дүгнэлт гаргахаас биш хэрэг үйлдсэн хүний талаар дүгнэлт гаргах үндэслэлгүй. Хоёр дахь шинжээчийн дүгнэлтээр О.О хэрэг үйлдэх үед ямар байсныг тогтоож өгсөн. Тиймээс хуульд нийцсэн үндэслэлтэй дүгнэлт гарсан гэж үзэж байна. Мөн хоёр шинжээчийн дүгнэлтийн онош нь ижилхэн гарсан. Хоёр дахь шинжээчийн дүгнэлтээр өвчний явцыг тодруулж, хий үзэгдэлт дэмийрлийн шинжтэй өвчин байна гэсэн. Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх О.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос яллагдагч О.О-ыг 2018 оны 6 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах Сангийн яамны зуслангийн газрын 9 тоот байшинд төрсөн эцэг И.Очирбатын хоолойг нь боож алсан гэмт хэрэг үйлдсэн боловч, хэрэг хариуцах чадваргүй гэж үзэн Эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцсэний эцэст “...Шүүх эмнэлгийн сэтгэц эмгэг судлалын 706, 974 тоот дүгнэлтүүд аль нь үндэслэлтэй, үнэн зөв болох нь эргэлзээ төрүүлж байх тул дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай” хэмээн дүгнэн нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон болсон үйл баримтад тал бүрээс бодитой үнэлэлт, дүгнэлт хийж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шаардлагатай гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд бүрэн оролцуулж, уг асуудлыг хянан шийдвэрлэх нь боломжтой гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Яллагдагч О.О-д албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ прокурорын санал, яллах дүгнэлтийг үндэслэж, холбогдох хуулийн заалтыг зөв хэрэглэж, хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх ёстойг анхааруулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2396 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, О.О-д холбогдох прокурорын саналыг шүүх хуралдаанаар, дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Саналыг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцэх хүртэл яллагдагч О.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ