Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/216

 

           

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                  Хэргийн индекс: 166/2017/0170/Э

 

Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,

Улсын яллагчаар Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,  

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-т заасан гэмт хэрэгт Х овогт Ж.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000184 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны ... дугаар сарын ...-ний өдөр ...... аймагт төрсөн, эрэгтэй, .... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ....... ажилтай, ам бүл ..., ...... хамт ..... аймгийн ......сумын .. дугаар баг .......... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Урьд”

- ....... аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ...дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, биечлэн эдлүүлэхгүйрээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Ж.Б /РД:......../,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь “2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ...... аймгийн нутаг дэвсгэрт ..... улсын дугаартай ....... маркийн автомашин дотор ховор зэрэглэлийн ангилалд орох Халиун бугын арьсыг тээвэрлэж байгаль орчинд 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холдогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2017 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотын ......дүүргийн .. дүгээр хороо, .... байрлах ........ ХХК-ийн түүхий эд авдаг газрын хог дээрээс ховор зэрэглэлийн ангилалд орох Халиун бугын арьс олж аван 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ... .улсын дугаартай .... маркийн автомашинаар тээвэрлэж яваад ....л аймгийн ....сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт Цагдаагийн байгууллагын ажилтанд саатуулагдсан болох нь:

Шүүгдэгч Ж.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 1 сард бугын арьсыг Улаанбаатар хотод айлын хогон дээр байхыг харсан. Дарханд найзуудтай юм ярьж байгаад тэнд тийм арьс байсан гэж хэлтэл адсага хийвэл гоё болдог гэхээр нь хүргэнийгээ очоод аваадах гэж хэлээд авахуулсан. Тэгээд 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот орохдоо дүүгийнхээ гэрт нь очиж нөгөө арьсаа аваад Дарханд ирээд гэрийнхээ үүднээс цагдаа нарт баригдсан. Яг юуны арьс гэдгийг нь мэдээгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Халиун буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад орсон хөхтөн овгийн ховор зэрэглэлийн ангилалд орох амьтан байгаа юм. Халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд заасан эр халиун буга нь 6.500.000 төгрөг, эм буга нь 7.500.000 төгрөг гэж заасан байдаг. Ж.Б гэж хүний автомашин дотроос хурааж авсан халиун бугын арьсыг Шинжлэх Ухааны Академийн ерөнхий болон биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Ц-ын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №08 дугаартай дүгнэлтэд “шинжилгээнд хүргүүлсэн 1 ширхэг арьс нь халиун бугын арьс мөн бөгөөд нас бие гүйцсэн эм бодгалийн арьс болно” гэж тогтоогдсон байна. Ж.Б гэж хүнээс хурааж авсан халиун бугын арьсны экологи эдийн засгийн үнэлгээг бүтэн халиун эм бугын үнэлгээгээр тогтоож явна. Өөрөөр хэлбэл халиун бугын арьс нь дангаараа 7.500.000 төгрөг болж явна гэсэн үг юм. Шүүх гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх шийдвэр гаргавал амьтны тухайн хуулийн 37.2-т зааснаар Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасан байдаг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27/,

Гэрч А.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа хийдэг. Миний хувьд өдрийн цагаар .....улсын дугаартай автомашинаар .... сумын ... дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад тус багийн нутаг дэвсгэрт явж байсан ......улсын дугаартай .... маркийн автомашиныг зогсоож тус автомашины багаж хэсгийг шалгахад машины багажинд ангийн гэмээр үл мэдэгдэх амьтны арьс байсан. Тэгээд би тус автомашины жолооч Б гэж хүнээс энэ ямар амьтны арьс юм бэ? та үүнийг хаанаас авсан юм бэ? гэж асуухад тэрээр надад Улаанбаатар хотод байдаг И гэж нэртэй найзынхаа хашаан дотроос авсан юм гэж хэлсэн. Яг ямар амьтны арьс гэдгийг нь надад хэлээгүй. Ингээд би тухайн иргэнийг Цагдаагийн газар дээр авчирч жижүүрийн шуурхай албанд хүлээлгэж өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/,

Гэрч Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сард байсан санагдаж байна яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Намайг нэг өдөр гэртээ байж байхад манай эхнэрийн төрсөн ах Болдбаяр над руу залгаад ....... эцэст байдаг И-ийн хашаан дотор нэг арьс байгаа, чи түүнийг очоод аваадах. Би танайд очихоороо авъя гэж хэлсэн. Ингээд би маргааш өдөр нь гадуур ажилтай явж байгаад замаараа ...... эцэс рүү явж Б ахын яриад байсан арьсыг нь И хашаан дотор байдаг хогийн цэг дээрээс аваад гэртээ авч ирсэн. Гэхдээ би тухайн арьсыг яг ямар амьтны арьс гэдгийг нь мэдээгүй. Хэд хоногийн дараа Б ах ажлаар ирэхдээ манайхаас тэр арьсыг авсан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31/,

Гэрч Б.И-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын эхээр би өдрийг санахгүй байна. Манай хаягдал түүхий эд авдаг газарт түүхий эд тушаадаг Б гэх залуу /би бүтэн нэрийг нь мэдэхгүй/ миний .......дугаарын гар утас руу залгаад “би танай түүхий эд авдаг хашааны хогон дээр байсан арьсыг аваад Дарханд ирсэн чинь цагдаад баригдчихлаа, хаанаас олсон арьс юм бэ?” гэж асуусан. Тэгэхээр нь би “мэдэхгүй байна, ямар учиртай арьс юм бэ?” гэж асуухад “танай ажилтан Б олсон гэж надад хэлсэн” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн ажилтан Б юу болсон талаар асуухад ........дугаар гудамжны үзүүрээс газар хэвтэж байхад нь олсон арьс” гэж надад хэлсэн юм.” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 33/,

Гэрч Ө.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын сүүлээр /би өдрийг санахгүй байна/ өдөр 14 цагийн орчим ..... дүүргээс.... машинаар хоёрдогч түүхий эд буюу хаягдал хайлш хүргэж өгөөд буцаад ажил руугаа ирж явахад ...... ..-р гудамжны зүүн урд буланд ар тал нь цагаан өнгийн шуудайтай зүйл байхаар нь машинаасаа буугаад шуудайг дэлгээд харахад арьс байсан. Тэгэхээр нь би үхрийн арьс юм байна гэж бодоод машиндаа хийгээд ажил дээрээ ирээд шуудайнаас нь гаргаад харахад үхрийн арьс биш байсан. Тэр хавьд байсан хүмүүсээс энэ юуны арьс вэ гэж асуухад гахайн арьс байна гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь хэрэггүй юм байна гэж бодоод ажлынхаа хогон дээр хаясан. Хэд хоногийн дараа ....ны Б ах ирээд хогон дээр байсан тэр арьсыг хараад энүүгээр чинь би юм хийнэ ээ гэж хэлээд аваад явсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34/,

Шинжлэх ухааны академи, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Цогтжаргалын:

1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг арьс нь Бугын овгийн Бугын төрөлд хамаарах Халиун бугын /Cervus elaphus Linnaeus, 1758) арьс мөн болно.

2. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг арьс нь халиун бугын арьс мөн болохыг манай хүрээлэнгийн цуглуулгын санд хадгалагдаж буй халиун бугын арьстай харьцуулан үзэхэд арьсны өнгө зүс тохирч байгаа зэргээр тогтоосон болно.

3. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг арьс нь халиун бугын арьс мөн бөгөөд нас бие гүйцсэн эм бодгалийн арьс болно.

4. Халиун буга нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолын 1-р хавсралтад ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно.

5. Халиун бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6600000 төгрөг, эм бодгаль 7500000 төгрөг байдаг байна.

Жич: Үнэлгээ гаргахад Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг мөн 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Амьтны тухай” хууль, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт зэргийг баримталсан болно.” гэх 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 38-39/, эд мөрийн баримтаар хураагдсан бугын арьс зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Халиун буга нь Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар ховор амьтны жагсаалтад ордог бөгөөд эм халиун бугын экологи эдийн засгийн үнэлгээ нь Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар 7500000 төгрөг байна. /хавтаст хэргийн 44-49/

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Б-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч халиун бугын арьсыг зохих зөвшөөрөлгүй тээвэрлэсэн үйлдэл нь халиун бугыг зохих зөвшөөрөлгүй агнасантай адилхан гэмт хэрэг мөн гэж мэтгэлцэж байна.

Гэвч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан ...ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн... гэх диспозиц нь Засгийн газрын тогтоолоор ховор амьтны ангилалд бүртгэгдсэн амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан үйлдэл, зохих зөвшөөрөлгүй агнасан ховор амьтны түүхий эдийг мэдсээр байж хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн үйлдэл байхыг нь ойлгоно.

Мөн тухайн бугыг хэн, хэзээ агнасан, зохих зөвшөөрөлтэй агнасан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, Ж.Б-ын халиун бугын арьс тээвэрлэсэн үйлдэл нь байгаль экологид учирсан 7500000 төгрөгийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Ж.Б-ын 2017 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотын .....дүүргийн ....дүгээр хороо, ...... байрлах ..... ХХК-ийн түүхий эд авдаг газрын хог дээрээс ховор зэрэглэлийн ангилалд орох Халиун бугын арьс олж аван 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ..... улсын дугаартай ...... маркийн автомашинаар тээвэрлэсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-т холбогдох эрүүгийн 201709000184 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.Б-ыг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Б-аас 7.500.000 төгрөг гаргуулах тухай хохирогч Б.Б-ын иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Б.Б-ын эзэмшлийн 4800000 төгрөгийн үнэлгээ бүхий ....... улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бугын арьсыг устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-т холбогдох эрүүгийн 201709000184 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Б-ыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Ж.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* эзэмшлийн 4 800 000 төгрөгийн үнэ .......... улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Ж.Б-аас 7.500.000 төгрөг гаргуулах тухай хохирогч Б.Б-ын иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Шүүгдэгч Ж.Бнь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бугын арьсыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР