Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 61

 

Ж.Бо-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 216 дугаар цагаатгах тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 69 дүгээр магадлалтай 201709000184 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан Ж.Бо- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан “Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар прокуророос Ж.Бо-т холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж, Ж.Бо-аас 7.500.000 төгрөг гаргуулах тухай хохирогч Б.Бэ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх “Анхан шатны шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэмжээ хязгаарын дотор хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байхад Ж.Бо-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхээс “үндэслэлтэй” гэж дүгнэсэн улсын яллагчийн эсэргүүцэлд “Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна” гэж тус тус зааснаас үзэхэд Ж.Бо- зохих зөвшөөрөлгүй ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна” гэж дурдсан байдаг.

Прокурорын эсэргүүцлийн үндэслэл болоод байгаа “Амьтны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Ан амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоно” гэж зааснаас үзэхэд хуулийн энэхүү заалт нь Ж.Бо-ын “зөвшөөрөлгүй тээвэрлэсэн” гэх үйлдэлтэй хамааралгүй буюу дээрх заалт нь зөвхөн “амьтны гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгжид хамааралтай заалт байхад энэ заалтыг Ж.Бо-ын үйлдэлд хамааруулан хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнээс гадна прокурорын эсэргүүцэлд дурдагдсан “Амьтны тухай хууль”-ийн 12.1, 37.3 дахь хэсэгт “тээвэрлэсэн” гэх үг ороогүй байхад “Амьтны тухай хуулийн 12.1, 25.3, 37.3 дахь хэсгийг үндэслэн бичсэн прокурорын эсэргүүцэл бүхэлдээ үндэслэлгүй шүүх өөрөө хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Ж.Бо-ийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй буюу “Амьтны тухай хууль”-ийн ямар нэгэн зүйл, заалтыг зөрчөөгүй, хуулиар хамгаалагдсан байгалийн объектод шууд санаатай халдаагүй, хог дээр хаясан байсан арьсыг “халиун буга”-ын арьс гэдгийг мэдэлгүйгээр санамсаргүй байдлаар олж авсан байдаг.

2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйл нь “Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих” гэсэн нэртэй байгаагаас үзэхэд энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээд Амьтны болон Агнуурын тухай тухай хууль тогтоомжийн зохих зүйл заалтыг зөрчсөн байхыг шаардаж байна. Гэтэл улсын яллагч анхан шатны шүүхэд ирүүлсэн яллах дүгнэлтдээ Ж.Бо- нь Ан агнуурын тухай ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн талаар огт дурдаагүй байна.

Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт болон хориотой үед, хориглосон арга, зэвсэг хэрэгслээр ан амьтан агнасан, барьсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн бол...” гэж зааснаас харахад Ж.Бо-ийн хог дээрээс олсон халиун бугын гэх арьсыг зөвшөөрөлтэй агнасан уу, зөвшөөрөлгүй агнасан уу гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Ж.Бо-ын үйлдэл нь тухайн халиун бугыг агнасан этгээдийн үйлдэлтэй шалтгаант холбоотой буюу анх агнахдаа зөвшөөрөлтэй агнасан эсэх, Ж.Бо- зөвшөөрөлгүй агнасныг мэдсээр байж олж авсныг тогтоосны эцэст гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.  Хавтаст хэргийн 64 дүгээр талд авагдсан Ж.Бо-ын мэдүүлгээс үзэхэд тухайн арьсыг халиун бугын арьс гэдгийг тодорхой мэдээгүй зөвхөн буга юм уу, хандгайн арьс гэж таамаглаж байсан нь түүнийг “ховор амьтны арьс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн” гэж буруутгах үндэслэл болохгүй.

Мөн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгосон атлаа анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар огт дурдаагүй байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Халиун буга Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор батлагдсан “Ховор амьтны жагсаалт”-д орсон. 2002 оны Эрүүгийн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор заасан. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хянан хэлэлцээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн гаргасан гомдлыг үндэслэн Ж.Бо-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Ж.Бо-ыг ховор ангилалд хамаарах халиун бугын арьсыг тээвэрлэсэн үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгажээ.

Харин давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлийг заасан бөгөөд 39.9 дүгээр зүйлийн 2.7-д давж заалдах шатны шүүхийн шийдвэрт шүүхийн дүгнэлт, түүний үндэслэлийг тусгахаар хуульчилжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах үндэслэл болгосон нотлох баримтыг хэрхэн няцааж, үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхойлж чадаагүйн дээр ямар нотлох баримт шүүгдэгчийг яллах үндэслэл болж байгааг тодорхойлоогүй атлаа цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон нь буруу гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хуульд заасан чиг үүрэг, эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж, эрхээ хэрэгжүүлж чадаагүй гэж дүгнэхээр байна.

Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн буюу шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн зөрчил болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаатай холбогдуулж шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 69 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

                                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                        ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН