Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2017/02283

 

  

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “С” ХХК /РД:0000000/-д холбогдох,

 

Талбайн м.кв-д илүү төлсөн 104,178,296 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “С” ХХК-тай харилцан тохиролцож 12/0755 тоот “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж .....ны нутаг дэвсгэрт байрлах Пийс товер оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ..... талбайг нэг м.кв-ыг нь 2,500 ам.доллараар тооцож 246,000 ам.доллараар худалдаж авсан.

Нэхэмжлэгч нь “С” ХХК-нд 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 5,000 ам.доллар, 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 5,000 ам.доллар, мөн 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 74,350 ам доллар буюу тухайн үеийн ханш /1$=1,345 төгрөг/-аар тооцоод 100,000,000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 15,000 ам.доллар, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 146,650 ам.доллар буюу /1$=1,339.17 196,390,280 төгрөгийг төлж, нийт 246,000 ам.долларын төлбөрийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн.

12/07/55 тоот гэрээний дагуу хариуцагч нь 108.24 м.кв талбайг хүлээлгэн өгөх үүрэгтэй байтал талбайн хэмжээ зөрүүтэй бага хэмжээтэй байсан учраас “С” ХХК-ийн холбогдох хүмүүс энэ тухай мэдэгдсэн боловч илүү төлсөн мөнгийг өгөхгүй, талбайн маргаантай байгаа гээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрсэн.

2014 оны 4 дүгээр сарын 02-нд талбайн хэмжилтийг “Бэйст пойнт” ХХК-иар хийлгэхэд 91.76 м.кв буюу 16.48 м.кв-аар дутуу болох нь тогтоогдсон учраас илүү төлсөн 41,200 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханш болох 1,996.50 төгрөгөөр тооцож 82,255,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсны улмаас долларын ханш өссөн учраас ханшийн зөрүүг нэмж нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзээд талбайн хэмжээнд илүү төлсөн 41,200 ам.доллараа 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Монгол банкны албан ёсны ханш болох 2,468.68 төгрөгөөр тооцож үзэхэд 101,709,616 төгрөг болж байгаа бөгөөд “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн дүгнэлтээр нийт талбайн хэмжээ 16,52 м.кв дутуу болох нь тогтоогдсон учраас 0.4 м.кв талбайн зөрүүгийн үнэд 2,468,680 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 104,178,299 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С ХХК-ийн хувьд анх удаа ажлын байрыг өмчлөгч нарын өмчлөлд шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нь барилгын талбайг хэмжихдээ орон сууцны талбайн хэмжээг хэмжихэд ашигладаг MNS6058:2009 стандартыг барьж буруу стандартаар доголдол гаргаж ирээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Нөгөө талаар талуудын хооронд 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 12/0755 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагсан бөгөөд энэ гэрээний гол нөхцөлд захиалсан талбайн хэмжээ ордог.

Ийм их хэмжээний талбай дутсан байхад нэхэмжлэгч талбайг хүлээн авахдаа хэмжилт хийлгэж гэрээний зүйлийн доголдлын талаар мэдэх боломжтой байсан.

Өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа яригдах ёстой байсан. Гэтэл нэхэмжлэгч нь энэ үүргээ биелүүлээгүй учраас гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч “С” ХХК-иас оффисын талбайн хэмжээ дутуугаас үнийн зөрүүд илүү төлсөн 41,200 ам.доллар буюу 104,178,296 төгрөг гаргуулахаар шаардсан.   

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь М.Быг оффис, үйлчилгээний зориулалттай талбайг хүлээн авахдаа эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, хуульд заасан гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 12/07/55 дугаартай “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, “С” ХХК нь .....ны нутаг дэвсгэрт баригдах “Пийс тауэрын оффис, үйлчилгээний зориулалттай барилгаас 14 дүгээр давхрын 8 тоот 108.24 м.кв талбайг нэг м.кв-ыг нь 3,056,818 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 305,682 төгрөг, нийт 363,957,000 төгрөгөөр барьж өгөх, М.Б нь үнийг 3 хувааж төлөхөөр тохиролцсон байна.

 

            .....ны нутаг дэвсгэрт баригдах Энхтайван найрамдлын төлөө Монголын холбооны өргөтгөл оффис, үйлчилгээний барилга буюу “Пийс тауэрийн оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил нь “Энхтайван найрамдлын төлөө Монголын холбоо” болон “С групп ХХК-ийн захиалгаар 2008 оны 6 дугаар сараас эхэлж, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дууссан бөгөөд 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр улсын комисс хүлээн авч барилга байгууламж ашиглалтанд орсон талаар талууд маргаагүй.

 

Гэрээний зүйл болох оффис, үйлчилгээний зориулалт бүхий талбай нь гэрээ байгуулагдах үед ийнхүү бий болсон, биет байдлын болон эрхийн тодорхой шинж тэмдэгтэй хөрөнгө байснаас үзэхэд зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг илүү агуулж байх тул шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

 

            Талууд гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний зүйлийн үнийг 2012 оны 7 дугаар сарын 20-нд 5,000 ам.доллар, 2012 оны 7 дугаар сарын 20-нд 100,000,000 төгрөг, 2012 оны 9 дүгээр сарын 20-нд 15,000 ам.доллар,  2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 186,570,766 төгрөг, нийт  363,95,000 төгрөгөөр нэхэмжлэгч бүрэн төлсөн учир хариуцагч оффис, үйлчилгээний зориулалт бүхий талбайг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн зэрэгт маргаагүй тул шүүх 2012 оны 7 дугаар  сарын 20-ны өдрийн 12/07/55 дугаартай “Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ”-г хүчин төгөлдөр гэж үзэхийн зэрэгцээ тогтоогдсон энэ үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

 

Харин нэхэмжлэгч нь оффис, үйлчилгээний зориулалттай талбайн хэмжээ гэрээнд заасан хэмжээнээс дутуу гэх үндэслэлээр үнийн зөрүүг буцаан авахаар шаардсан ба шаардлагын үндэслэлээ нотлох баримт болгож талбайн хэмжээг тогтоосон “Бэйст пойнт” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 14/09 дугаартай “...Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо, Пийс тауэр, 14 давхарт 1408 тоот оффисын өрөөний метр квадрат тодорхойлсон акт“-ыг гаргаж, акт гарсан өдрийг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн өдөр хэмээн тайлбарлаж байна.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь оффис үйлчилгээний талбайг хэмжихдээ орон сууцны талбай хэмждэг MNS 6058:2009 стандартаар хэмжсэн учраас нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангахгүй гэж маргасан.

 

Хэрэгт Стандарт, хэмжил зүйн газраас ирүүлсэн үйлчилгээний зориулалттай барилгын нийт болон дотоод талбайн хэсэгчилсэн хэмжилтийг хийхэд Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй стандарт байхгүй болохыг тодорхойлсон албан тоот авагдсан байна.

 

Шүүхээс томилогдсон шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК дүгнэлт гаргахдаа талбайн хэмжээг тогтооход баримтлах MNS 6058:2009 тоот стандарт болон Олон нийт, иргэний барилга БНбД 31-03-03 барилгын норм ба дүрмийг баримтлан дүгнэлтээ гаргаж хэмжилт хийсэн болох нь хэрэгт авагдсан “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 51 тоот албан бичиг болон түүний хавсралтаар тогтоогдлоо.

 

Нэгэнт Монгол Улсын хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээний дотоод талбайг хэмжихэд баримтлах нарийвчилсан стандарт байхгүй тохиолдолд хамгийн төсөөтэй нөхцөл байдлыг журамласан стандартыг баримталж хэмжилт хийсэн шинжээчийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасны дагуу биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ.

 

Хэрэв худалдан авсан эд хөрөнгө нь доголдолтой бол доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх, доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлагыг худалдан авагч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан хугацааны дотор гаргах эрхтэй байдаг бөгөөд тодорхой тохиолдолд хуулиар олгогдсон шаардлага гаргах энэ эрхээ худалдан авагч алддаг.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар эдгээр тохиолдолд эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч хамаарахаар байна.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл шүүх тухайн хэргийг шийдвэрлэхийн тулд худалдагч гэрээгээр хүлээсэн биет байдлын доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн эсэх, худалдан авагч доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ алдсан эсэх, шаардлага гаргах эрхтэй худалдан авагч хуулиар тогтоосон хугацаанд шаардлагаа гаргасан эсэх нөхцөл байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзнэ.

 

Оффис үйлчилгээний талбайн хэмжилт хийсэн “Бэйст пойнт” ХХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 14/09 дугаартай актаараа талбайн хэмжээг 91.76 м.кв болохыг тодорхойлсон нь гэрээнд заасан 108.24 м.кв-аас 16,48 м.кв-аар дутуу гарсан байх бөгөөд хариуцагчийн хүсэлтээр 0712004 тоот тусгай зөвшөөрөл бүхий “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 51 дугаартай дүгнэлтээр нийт талбай нь 91.72 м.кв гарсан байх ба 16.52 м.кв-аар дутуу гарсан байх ба нэхэмжлэгч нь “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийг үнэлэх нь зүйтэй гэж тайлбарласан ба шүүх хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлага хангасан нотлох баримт гэж үзсэн болно.

 

Уг баримтад үндэслээд шүүх хариуцагчийг гэрээгээр тогтоосон 108.24 м.кв оффис, үйлчилгээний талбай шилжүүлэх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй тул биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

 

Гэвч нэхэмжлэгч нь оффис үйлчилгээний зориулалт бүхий талбайг 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр  хүлээж авах үедээ эсхүл уг барилгыг улсын комисс хүлээж авснаас хойш хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байхад ийнхүү хэмжилт хийлгэхгүйгээр оффис үйлчилгээний талбайг хүлээн авсан нь шаардлага гаргах эрхээ алдахаар заасан Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.1-д заасан үндэслэлд хамаарч байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь орон сууцыг хүлээн авахдаа м.кв-ын дутууг мэдэх боломжгүй байсан 2014 онд хүмүүс талбайн хэмжээ дутуу гэж шуугиад хэмжилт хийлгээд эхлэхээр нь мэдсэн гэж тайлбарласан боловч уг талбайг хэмжилтээр тодорхойлох бололцоотой тул талбайг хүлээн авах үедээ хэмжээ дутуу байсныг мэдэх боломжтой байжээ.

 

Худалдан авсан эд хөрөнгөө гэрээнд заасан тоо, хэмжээнд нийцсэн эсэхийг шалгаж хүлээн авах үүргээ худалдан авагч бололцоот бүхий л аргаар хэрэгжүүлэх боломж нээлттэй байхад энэ үүргээ цаг хугацаанд нь хэрэгжүүлээгүйг доголдлын талаар мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Хэрэгт авагдсан баримтаар худалдагч буюу хариуцагч нь эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үедээ түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх шаардах эрхгүй үндэслэлээр “С” ХХК-иас эд хөрөнгийн доголдолтой холбоотой талбайн хэмжээ дутуугаас үнийн зөрүүд 104,178,296 төгрөг гаргуулахыг хүссэн М.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд хариуцагч шинжээчийн зардал 450,000 төгрөгийг төлөөгүй болох нь тус компанийн 51 тоот төлбөрийн нэхэмжлэхээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч “С” ХХК-иас гаргуулж, хуульд заасан журмын дагуу шинжээчийн ажлын хөлсийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д заасныг тус тус баримтлан “С” ХХК-иас 104,178,296 төгрөг гаргуулахыг хүссэн М.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.       

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 873,262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар Шинжээчийн зардал 450,000 төгрөгийг хариуцагч “С” ХХК-иас гаргуулж, “Мөнх-Оргил трейд” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                           Х.ДАШДЭЧМАА