Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2018/00375

 

 

 

 

 

 

2018 02 02

210/МА2018/00375

 

 

 

М.Баянжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23ы өдрийн 182/ШШ2017/02283 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Баянжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Сандэй ХХК-д холбогдох

 

Талбайн зөрүүд илүү төлсөн 104 178 296 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлгэдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэцэгмаа, хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Баянжаргалын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сандэй ХХК-тай харилцан тохиролцож 12/07/55 тоот Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пийс товер оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 14 давхрын 8 тоот 108.24 м.кв талбайг нийт 246 000 ам.доллараар худалдаж авсан. 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 5 000 ам.доллар, 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5 000 ам.доллар, мөн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 74 350 ам.доллар буюу тухайн үеийн ханш /1 $ = 1 345 төгрөг/-аар тооцоод 100 000 000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 15 000 ам.доллар, 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 146 650 ам.доллар буюу /1 $ = 1 339.17 төгрөг/ 196 390 280 төгрөг төлж, нийт 246 000 ам.долларын төлбөрийг бүрэн төлж гэрээний үүргээ биелүүлсэн. 12/07/55 тоот гэрээний дагуу хариуцагч нь 108.24 м.кв талбайг хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан. Талбайн хэмжээ бага байсан учраас Сандэй ХХК-ийн холбогдох хүмүүст мэдэгдсэн боловч илүү төлсөн мөнгийг өгөхгүй, талбайн маргаантай байгаа гээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүрсэн.

2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр талбайн хэмжилтийг Бэст пойнт ХХК-аар хийлгэхэд 91.76 м.кв буюу захиалсан талбайн хэмжээ 16.48 м.кв-аар дутуу болох нь тогтоогдсон учраас илүү төлсөн 41 200 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханш болох 1 996.50 төгрөгөөр тооцож 82 255 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсны улмаас долларын ханш өссөн учраас ханшийн зөрүүг нэмж нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзээд талбайн хэмжээнд илүү төлсөн 41 200 ам.доллараа 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Монгол банкны албан ёсны ханш болох 2 468.68 төгрөгөөр тооцож үзэхэд 101 709 616 төгрөг байх бөгөөд Мөнх-Оргил трейд ХХК-ийн дүгнэлтээр нийт талбайн хэмжээ 16.52 м.кв дутуу болох нь тогтоогдсон учраас 0.4 м.кв талбайн зөрүүгийн үнэд 2 468 680 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 104 178 299 төгрөгийг хариуцагч Сандэй ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайханы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Сандэй ХХК-ийн хувьд ажлын байрыг өмчлөгч нарын өмчлөлд шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь барилгын талбайг хэмжихдээ MNS6058:2009 стандартыг барьж буруу стандартаар доголдол гаргаж ирээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаар талуудын хооронд 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 12/0755 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагсан бөгөөд энэ гэрээний гол нөхцөлд захиалсан талбайн хэмжээ ордог. Ийм их хэмжээний талбай дутсан байхад нэхэмжлэгч талбайг хүлээн авахдаа хэмжилт хийлгэж гэрээний зүйлийн доголдлын талаар мэдэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх 6 сарын хугацаа яригдана. Гэтэл нэхэмжлэгч нь энэ үүргээ биелүүлээгүй учраас гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1-д зааснаар хариуцагч Сандэй ХХК-аас талбайн зөрүүд илүү төлсөн 104 178 296 төгрөг гаргуулахыг хүссэн М.Баянжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 873 262 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн зардал 450 000 төгрөгийг хариуцагч Сандэй ХХК-иас гаргуулж Мөнх-Оргил трейд ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: М.Баянжаргал нь 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр "Сандэй" ХХК-тай 12/07/55 тоот худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Пийс товер" оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 14-р давхрын 8 тоот 108.24 м.кв талбайг, 1м.кв-ыг нь 3 056 818 төгрөгөөр тоооцож, нийт 330 869 980 төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллараар худалдан авахаар тохиролцсоны дагуу "Сандэй" ХХК-д 2012 оны 07 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд нийт 246 000 ам.долларын төлбөрийг бүрэн төлж дуусган, 2013 оны 07 дугаар сард обьектыг улсын комисс хүлээж авсан үеэс уг талбайгаа ашиглаж эхэлсэн. Гэтэл Сандэй ХХК-аас хүлээлгэн өгсөн талбай 108.24 м.кв хүрэхгүй байгаа ба 16.52 кв.м талбайг дутуу хүлээлгэж өгсөн. Гэрээний хавсралт зураг гэгчид энэхүү дутсан талбайгаа нийтийн эзэмшлийн талбайгаас олгохоор тусгаад, уг хавсралтаа бидэнд үзүүлэхгүй нууж байгаад тодорхой цаг хугацаа өнгөрсний дараа зөвхөн хуулбар хувийг нь М.Баянжаргалд өгсөн.

М.Баянжаргал дээрх асуудлаар шүүхэд хандаад 2 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хооронд шүүгч Х.Дашдэчмаа, хариуцагч Сандэй ХХК-ийн хүсэлтээр нийт 4 удаа шинжээч томилж, хэргийг түдгэлзүүлж байсан бөгөөд эхний 2 захирамжийн дагуу "Мөнх-Оргил трейд" ХХК талбайн хэмжилт хийж дүгнэлт гаргасан. Гэтэл хариуцагч нь энэхүү шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй дахин дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүх 2017 оны 01 сарын 18-ны өдөр хүлээн авч, "Инженер геодези" ХХК-ийг бүрэлдхүүнтэй шинжээчээр томилж, хэргийг түдгэлзүүлсэн. "Инженер геодези" ХХК 2017 оны 06 сарын 19-ний өдөр 17/147 тоот албан бичгийг шүүхэд ирүүлж, орон сууцны хэмжилт хийхгүй болсон талаар мэдэгдсэн. Шүүх 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 182/Ш32017/07160 тоот захирамжаар "Инженер план" ХХК-ийг шинжээчээр томилж, хэргийг түдгэлзүүлсэн. Шинжээчээр томилогдсон "Инженер план" ХХК 2017 оны 11 сарын 08-ны өдөр 17/51 тоот албан бичгийг шүүхэд ирүүлж, хариуцагч Сандей ХХК хэмжилт хийж дүгнэлт гаргах орчин нөхцлөөр хангаагүй саад учруулсан тул хэмжилт хийх боломжгүй болсноо мэдэгдсэн.

Шүүгчийн 182/Ш32017/00836, 182/Ш32017/07160 дугаартай захирамж биелэгдээгүй байхад хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгч захирамжийн биелэлтийг хангуулахгүй, захирамж хүргүүлэхгүй, эцэст нь шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзэн шууд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлснийг илт нэг талыг барьж, хууль зөрчиж шийдвэр гаргасан. Шүүх хэргийг түдгэлзүүлсэн үндэслэл арилаагүй байхад сэргээсэн нь ч хуульд нийцээгүй. Түүнчлэн шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаас бусад үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзах эрхгүй байхад энэхүү хэрэгт томилогдсон шинжээч хуульд заагаагүй үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзсан. Шүүх нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа бол уг асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй гэж үзэж байна. Үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, мөн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэх ойлголтууд нь хуульд зааснаар огт өөр үр дагавар бүхий заалтууд тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасныг баримталсан нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М.Баянжаргал нь хариуцагч Сандэй ХХК-д холбогдуулан талбайн зөрүүд илүү төлсөн 104 178 296 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

 

Зохигчид 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө Пийс тауэр 14 давхарт байрлах 08 тоот үйлчилгээний зориулалттай 108.24 м.кв талбайг 363 957 000 төгрөгөөр барьж өгөх, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүргийг хүлээсэн, гэрээний үнэ бүрэн төлөгдсөн байна.

 

Дээрх барилгыг улсын комисс 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсан байх боловч гэрээгээр тохиролцсон зүйлийг нэхэмжлэгчид хэзээ хүлээлгэн өгсөн нь тодорхой бус байна. Энэ нь худалдан авагчийн гомдлын шаардлага гаргах хугацааны талаар дүгнэлт өгөхөд ач холбогдолтой болно.

 

Түүнчлэн хэргийн 10 дугаар талд гэрээний хавсралт буюу 14 дүгээр давхрын зохион байгуулалтыг харуулсан схем зураг хуулбар хувиар авагдсан байх ба уг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө Пийс тауэр 14 давхарт байрлах 08 тоот үйлчилгээний зориулалттай талбайд хэмжилт хийлгэхээр Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилж, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр дүгнэлтээ гаргажээ.

 

Шүүх шинжээчид эрх, үүргийг шинжээчийн дүгнэлт гарахын өмнө тайлбарлаагүй, харин дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр тайлбарлаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

 

Дээрх журмыг зөрчиж гаргасан шинжээчийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу болжээ.

 

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгч хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23ы өдрийн 182/ШШ2017/02283 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678 841 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

А.МӨНХЗУЛ