Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/41

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг, шүүгч Ш.Гандансүрэн нарын бүрэлдэхүүнтэй,   

нарийн бичгийн дарга У.Золчимэг, 

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч О.Г, түүний өмгөөлөгч П.Ганбаатар,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонсүрэн,

иргэдийн төлөөлөгч Д.Алтангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б О.Гад холбогдох эрүүгийн 1834000000248 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

   

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд 1956 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын засварчин мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдохын өмнө туслах малчин ажилтай байсан, ам бүл 1, ганцаараа, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 1984 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 5 жилийн хорих ялаар,

 

 Мөн 1996 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн шүүхийн 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 14, 39 дүгээр зүйлүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2б-д зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б О.Г

 

                                   Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Орсоогийн Г нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Ар наймган” гэх газар нутаглах Дэнзэнгийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Ариундаваагийн хэвлийн баруун хэсэг, баруун ташаа, баруун гуяны дунд хэсэг зэрэг газарт хутгалж, олон тооны шарх үүсгэн, онц харгис хэрцгий аргаар алсан,

Мөн тухайн үед Дэнзэнгийн гэрт гаднаас орж ирсэн А.Энхтөгсийн цээжний баруун хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Г:

...2018 оны 08 сарын 20-ны өдөр 16-17 цагийн хооронд би морио услах гээд гэртээ орчхоод гарсан.Орчихоод гарахдаа цулбуурын сэмэрсэн хэсгийг хутгаар тастаж авах гэж хутга авч гарсан. Мориныхоо сэмирхийг тасалж уячхаад хойд уурхайн ус тогтдог газраас морио услахаар явсан. Морио усалчхаад наашаа явж байхад  Энхтөгс гэдэг залуу намайг дуудсан. Хөөе чи нааш ир гэсэн. Би тухайн үед жаахан халамцуу явж байсан. Эмээж л явсан. Яваад очиход Энхтөгс миний морины цулбуураас бариад тавихгүй байсан. Би цулбуураа мулт татаад зугтах санаатай байсан. Тэгээд байж байхад тавих шинжгүй. Хөтөлж гэрийнхээ гадаа намайг аваачаад би буугаад гэрт нь орсон. Тэгээд хоёр талаас намайг зодсон. Тэрийг бол би мэдээд байгаа. Сандарсандаа гутлын түрүүнээсээ хутга гаргаад хохирогчийн амь насыг хохироосон нь үнэн...,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонсүрэн:

...Маш их гомдолтой байна. Бид хоёр 2011 онд гэр бүл болж байсан. Оршуулгын зардал болон бусад хохирлоо гаргуулах хүсэлтэй байна. Нийт гарсан зардал нь 5 913 630 төгрөг гарсан. Тэжээгчээ алдсан тэтгэмж нь 155 000 төгрөгөөр тогтоогдсон. Гэхдээ аваагүй байгаа гээд одоо нэг баримт нь буруу болсон. Энэ нэг сараас орно гэсэн... гэх мэдүүлгүүдийг тус тус өгсөн болно.

 

Эрүүгийн 1834000000248 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн /хх-ийн 09-10 дугаар хуудас/, хохирогч А.Энхтөгсийн /хх-ийн 15-17, 123-124 дүгээр хуудас/, гэрч Г.Бат-Оргилын /хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Ч.Баянзулын /хх-ийн 26-27, 45, 125 дугаар хуудас/, гэрч Д.Отгонсүрэнгийн /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч О.Батдоржийн /хх-ийн 30 дугаар хуудас/, гэрч Б.Түмэнгийн /хх-ийн 31-32 дугаар хуудас/, гэрч Ц.Болдбаатарын /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч С.Бат-Эрдэнийн /хх-ийн 36-37 дугаар хуудас/, гэрч С.Баттөмөрийн /хх-ийн 41-42 дугаар хуудас/, гэрч Т.Ганбатын /хх-ийн 150-151 дүгээр хуудас/, гэрч О.Отгончимэгийн /хх-ийн 152-153 дугаар хуудас/, шинжээч Э.Эрхэмбаярын /хх-ийн 154 дүгээр хуудас/, сэжигтэн, яллагдагч О.Гын /хх-ийн 75-76, 82-85, 126-127 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,  

цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 131 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/, 

хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 565 дугаартай дүгнэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9305 дугаартай дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/,

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 679 дугаартай дүгнэлт /хх-ийн 63 дугаар хуудас/,

шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 99 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-68 дугаар хуудас/,  

шүүх сэтгэц эмгэг судлалын 967 дугаартай дүгнэлт /хх-ийн 162-163 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-6 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21 дүгээр хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/, хохирогч А.Энхтөгсийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 23 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49-54 дүгээр хуудас/, хувцсанд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-57 дугаар хуудас/, эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр хуудас/, шинжээчийн 99 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 69-71 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-87 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,  согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 106-107 дугаар хуудас/, баримт бичгийг хэрэгт хавсаргах тухай /хх-ийн 109-111 дүгээр хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 113-114 дүгээр хуудас/, шүүгдэгч О.Гын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 37-45, 59-62, 97,100-105,108, 132-140 дугаар хуудас/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар хэрэгт цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Шүүгдэгч О.Г нь согтуурсан үедээ 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Ар наймган” гэх газар нутаглах Дэнзэнгийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Ариундаваагийн хэвлийн баруун хэсэг, баруун ташаа, баруун гуяны дунд хэсэг зэрэг газарт хутгалж, олон тооны шарх үүсгэн, онц харгис хэрцгий аргаар алсан,

мөн тухайн үед Дэнзэнгийн гэрт гаднаас орж ирсэн А.Энхтөгсийн цээжний баруун хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн ...2018 оны 09 дүгээр сарын эхээр манай аав Дэнзэнгийн гэрийн гаднаас морины шонгийн хажуу талаас 3 ширхэг хутга олдсон... ...би маш их гомдолтой байна. Гэмт этгээдийн гарт нөхрөө алдаж хар залуугаараа нөхрөөсөө хагацаж бага насны 2 хүүхэдтэй үлдэж байгаа болохоор надад маш их хэцүү санагдаж байна. Нэхэмжлэх зүйл гэвэл оршуулгын зардлаас авахуулаад бага насны 2 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж гээд зөндөө л юм нэхэмжилмээр байна...  /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

гэрч Д.Отгонсүрэнгийн ...бид нар очиход тэр хүмүүс өөдөөс тосоод босоод ирсэн бөгөөд машины гэрэлд харсан чинь тэр хүмүүсийн зарим нь цус болчихсон юм шиг харагдсан. Тэгтэл машины гэрлийн үзүүрт гэрийн үүдэнд манай нөхөр Ариундаваа газар хөдөлгөөнгүй хэвтэж байсан болохоор би очоод үзэхэд ямар ч хөдөлгөөнгүй баруун талын хавирга хэсэгтээ хутгалуулчихсан юм шиг цус болж зүсэгдсэн байсан. Би тэр хооронд тэнд байсан хүмүүсээс юу болсон талаар тодруулж асуухад Баянзул ах Галаа хутгалаад танай нөхрийг алчихсан гэж хэлж байсан... ...2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед ярьж байсан. Малдаа яваад ирлээ толгой шийр хуйхлах гээд байж байна гэж хэлж байсан. Намайг Заамар сумын Хайлааст багийн төвөөс гарахын өмнөхөн буюу 19 цаг 25 минутын орчимд ярьсан. Тэгэхдээ та хэд ирэх болж байна уу гэж асууж байсан. Яасан юу олсон бэ гэж асуухад Баянзул ах баахан хүмүүстэй согтуу ирчхээд энд зодолдоод байна гэж хэлж байсан. Өөр юм яриагүй... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

хохирогч А.Энхтөгсийн ....гаднаас хөл гар муутай О.Г согтуу орж ирээд Баянзултай маргалдаад Баянзул тэр 2-ыг би салгаад тэр хөгшнийг явуулсан. Бат-Оргил адуугаа авч ирээд бид нар хашаан дээр байж байхад талийгаач хазаар аваад ирье гээд гэр рүү орсон. Араас нь нөгөө Г гэдэг залуу орж байгаа харагдсан. Тэр хооронд хүмүүс хоорондоо маргалдах шиг чимээ гараад талийгаач Ариундаваа, Төөгий ахаа гээд намайг дуудах шиг болсон. Би яасан юм бол гэж бодоод гэр рүү яваад ороход О.Г хөгшин талийгаач Ариундавааг хутгалчихсан зүүн гартаа хар иштэй хутга барьчихсан байсан. Цээжнийхээ баруун тал руу заагаад намайг ийшээ хутгаар хатгачихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би О.Гын гараас хутгыг нь булаан авсан. Тэр хооронд би О.Гыг чирээд гэрээс гарсан. Бат-Оргил, Баянзул хоёр ирэхээр нь энэ пизда гартаа хутгатай байж байгаад намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Бат-Оргил Баянзул хоёр Гын гарыг нь хүлж дарсан. Би Бат-Оргилыг хутгыг нь аваад гэр рүү шидчих гэж хэлсэн. Тэр хутгыг Бат-Оргил гэрийн баруун талд дээр шидсэн. Тэгж байтал удалгүй талийгаачийн ар гэрийнхэн машинтай ирсэн. Ямар учраас хутгалсан болохыг нь би мэдэхгүй. Гэрт Төөгий ахаа гэх шиг болоод би яваад ороход Д.Ариундавааг, О.Г хутгалчихсан. Зүүн гартаа хутга бариад зогсож байсан. О.Г нь Д.Ариундавааг хутгалсан хутгаараа миний баруун талын суга цээж хэсэг рүү 1 удаа хутгалсан. Би тэр шөнөдөө Заамар сумын Хайлааст багийн эмнэлэг орж хоносон. Маргааш нь Улаанбаатар орж эмнэлгээр явж цээжний зургаа авахуулахад цээжний хөндий рүү нэвтрээгүй зүгээр байна гэж хэлсэн. Одоо бол биеийн байдал зүгээр эрүү саруул байна... ...энэ хэрэгтэй холбоотой надад нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 15-17 дугаар хуудас/,

 

хохирогч А.Энхтөгсийн ...Намайг Дэнзэнгийн гэрт ороход О.Г нь гэрийн зүүн хойд хэсэгт зүүн гартаа хутга барьчихсан  зогсож байсан. Харин талийгаач цээжээ тэврээд эвхрэлдээд сууж байсан. Би тэр байдлыг хараад яачихваа гэж хэлсэн чинь яадгийн би хатгачихлаа гэж хэлж байсан... ...сүүлд салгачхаад гэрийн гадна байж байхад талийгаач Ариундаваа О.Гыг цохисон болохоор хутгалсан гэж хэлж байсан... ...би гэрт юу болоод байгаа юм бол гэж бодоод гаднаас ороход талийгаачийг О.Г хутгалсан байсан. Тэгээд би яаж байгаа юм бэ гэхэд яадгийн би хатгачихсан юм, чамайг бас ална аа гэж хэлээд миний баруун талын суга руу 1 удаа хутгалсан. Миний биед одоо ямар нэгэн зовиур байхгүй. Тухайн үедээ эмчлүүлээд зүгээр болсон...  /хх-ийн 123-124 дүгээр хуудас/,

 

гэрч Г.Бат-Оргилын ...Дэнзэн ахын гэрт байсан Ариундаваа ах тэр хоёр хоорондоо хэрэлдээд байх шиг чанга чанга дуугарч байхаар нь би Баянзул, Энхтөгс хоёрт хэлэхэд Энхтөгс түрүүлж гэр рүү явсан араас нь Баянзул ах явсан. Би араас нь морьтой ирэхэд Ариундаваа ах санаа алдаж байгаа юм шиг дуу гаргаад амьсгаа нь давхцаад байгаа юм шиг эвхрэлдээд гэрийн үүдэнд яг одоо байгаа газартаа хэвтэж байсан. Харин Энхтөгс ах баруун сугаа барьчихсан тонгойгоод сууж байсан. Баянзул ах Галаа гэдэг гар муутай ахыг барьж аваад газар унагаагаад дарсан. Энэ үед би очиж хамт хүлэлцээд зүүн гарт нь байсан хутгыг нь авч гэр дээр би шидэж гаргасан. Учир нь дахиад ямар нэгэн асуудал болох байх гэж бодсон. Тэр ах анх гэрээс гарч ирэхдээ л зүүн гартаа хутга барьчихсан бүгдийг чинь ална гэж орилж байсан. Энэ хооронд Батдорж гэдэг хүн морьтой ирсэн... ...талийгаач анх гэрээс гарч ирээд газарт эвхрээд унасан газраасаа босохгүй байж байгаад нас барсан. Энхтөгс ах эмнэлэг рүү явсан... ...яг юунаас болж маргалдсан болохыг би мэдэхгүй байна... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

гэрч Ч.Баянзулын ...бид 3 хашаан дээр адуу барих гэж байхад энд хүний мал хариулдаг хөлсний малчин Галаа гэдэг баруун гар нь мухар хөгшин бид нарын хажуугаар морьтой гарч өнгөрөөд Дэнзэн ахын гэрийн үүдэнд талийгаач Ариундаваатай юм ярьж байгаад хамтдаа гэр рүү орж байгаа харагдсан. Удалгүй Бат-Оргил гэрт тэр хоёр маргаад байна гэхээр нь Энхтөгс гэр рүү орсон. Удалгүй Энхтөгс гэрээс орилоод гараад ирсэн. Би өөдөөс нь яваад очиход намайг хутгалчихлаа наад галаа пизда чинь хутгатай байна намайг хутгалчихлаа гэж хэлж байсан. Би гэр рүү орох гэсэн чинь өөдөөс талийгаач Ариундаваа хутгалуулчихлаа гээд гүйгээд гараад ирсэн араас нь Галаа гартаа хутга барьчихсан ална аа гээд гараад ирсэн. Би өөдөөс нь очоод Галааг хавсарч унагаагаад газар дарах үед араас Бат-Оргил ирээд хамт дарж Бат-Оргилын морины цулбуураар нь хүлээд Галаагын гарт нь байсан хутгыг нь аваад гэр рүү шидсэн. Удалгүй талийгаачийн ар гэрийнхэн нь ирээд эмнэлэг цагдаа дуудсан... ...талийгаач Ариундаваа болон Галаа хоёр юунаас болж  маргалдсаныг мэдэхгүй байна... ...гарт нь байсан хутга нь хар өнгийн иштэй төмөр хутга байсан... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

гэрч Ч.Баянзулын ...тэр хутганууд нь манай тэр хавьд мал малладаг Бат-Эрдэнэ ахын хутганууд юм шиг байна лээ. Учир нь хэрэг болсны дараахан тэдний гэрт байсан 3 хутга алга болсон байна гэсэн яриа гарч байсан. Батдорж болон Г нар хоорондоо маргалдаж байсан бөгөөд тухайн хутганууд нь Гын гарт байсан болохоор нь би янзан бүрийн юм болчихдог юм болов уу гэж бодоод авчихсан байсан... ...О.Гыг сүүлийн 2 жилийн өмнөөс эхэлж мэднэ. Манай тэр хавиар айлуудын малыг маллаж амьдардаг байсан. Гайгүй цайлган зантай юм шиг хэрнээ бага зэргийн түргэн ааштай, хааяа хараал их хэлдэг хүн байна лээ. Архи уухаараа тогтворгүй зантай юм шиг санагдсан. Өнгөрсөн намар нэг сар манай малыг хариулж байсан... /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

гэрч Ч.Баянзулын ...сүүлд гэрийн гадна бид нар О.Галдбадрахыг хүлчхээд яаж байгаад хүн хутгалдаг юм бэ чи гэж хэлэхэд талийгаач Ариундаваа өөрөө дээрэлхээд нүүр рүү цохиж зодох гээд байхаар нь би хутгалчихсан гэж хэлж байсан. Тэр үед хамраас нь бага зэргийн цус гарсан байсан санагдаж байна... ...тухайн үед хоёр согтуу хөгшин нэгнийгээ хутгаар янзан бүрийн юм болчихдог юм болов уу гэж бодоод би О.Гаас зүүн гарт нь байсан 2 ширхэг хутгыг булаагаад авчихсан юм. Нэг хутга нь газарт хөлийнх нь харалдаа хэвтэж байсан... ...эхлээд А.Энхтөгс, О.Гыг цамцных нь захаар боочихсон чирээд гараад ирсэн бөгөөд Энхтөгс Галаагийн гарт хутга байна шүү гэхээр нь Бат-Оргил бид хоёр хутгыг нь гараас нь салгаад О.Гыг барьж хүлсэн. Энхтөгс ах Галааг чирээд гэрээс гараад хүлсний дараа талийгаач араас нь гарч ирээд гэрийн үүдэн дээр унасан. Ямар нэгэн юм хэлээгүй... /хх-ийн 125 дугаар хуудас/,

 

гэрч О.Батдоржийн ...Дэнзэн ахын гэрт нь очиход Дэнзэн ахын гэрт Заамар сумын Хайлааст багаас хүргэн Ариундаваа болон охин Отгонсүрэн нар нь ирчихсэн Дэнзэн ах эхнэртэйгээ Хайлааст баг руу хүүхдийн үсний найранд явна гээд байж байсан. тэгээд Тэгээд өдөр Дэнзэн ахын гэрт талийгаач Ариундаваа нь ганцаараа малыг нь хараад үлдсэн. Би буцаж яваад хонио дарчхаад Дэнзэн ахын гэрт очиход Баянзул, Галаа, талийгаач Ариундаваа мөн танихгүй 2 залуу байсан. Сүүлд намайг мал руугаа явчхаад эргэж ирэхэд Галааг гэрийн гадна хүлчихсэн байсан. Харин талийгаач Д.Ариундаваа гэрийн үүдэн дээр дээшээ хараад хөдөлгөөнгүй хэвтэж байсан юу болсон талаар асуухад Галаатай маргалдаад Галаа хутгалаад алчихсан гэж хэлсэн... ...Би тэр өдөр Дэнзэнгийн гэрээр орж гараад явж байсан боловч яг хэрэг болох үед байгаагүй сүүлд нь ирж мэдсэн... /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

гэрч Б.Түмэнгийн ...миний санаж байгаагаар бол ойролцоогоор 20 цагийн үед л бид нар гэрийн гадна ирэхэд Баянзул хашхирчихсан Г До.Ариундавааг хутгалчихсан гэж хэлж байсан. гэр дээр хутга нь байж байсан. Алаад хаячихсан гээд орилж байсан. Бид нарыг ирэхэд талийгаач Д.Ариундавааг ухаан алдаад хэвтэж байгаа юм болов уу гэж бодоод аманд нь гараа хийж үзэхэд ам нь хүйтэн амь хэдийн амьсгал хураачихсан байсан. Учир нь талийгаач гэрийн яг үүдэн дээр дээшээ хараад ил харагдах шарх сорви гэмтэлгүй, ойр хавьд нь цус гарсан шинжгүй байсан болохоор эхэндээ итгээгүй юм... /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

гэрч Ц.Болдбаатарын ...Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт гэртээ байж байхад талийгаач Ариундаваагийн хадам ээж Түмэн над руу утсаар яриад бид нар сов руу орчхоод ирсэн чинь гэр хараад байж байсан хүргэн Ариундавааг хутгалаад алчихсан байна. Цагдаа руу мэдэгдээд өгөөч гэсэн. Тэгэхээр нь гэрээсээ гараад цагдаагийн хэлтэст ирж өөрийн биеэр мэдэгдсэн. Өөрөөр бол мэдэх зүйл байхгүй... /хх-ийн 35 дугаар хуудас/,

гэрч С.Бат-Эрдэнийн ...бид нар Говь-Алтай аймаг яваад ирэхэд манай 3 ширхэг хутга алга болсон байхаар нь Батдоржоос асуухад Дэнзэн гуайнд байгаа байх Баянзул аваачсан байх гэж хэлсэн... ...О.Гын зан араншингийн хувьд гайгү юм шиг хэрнэ архи уухаараа ааш муутай, янз бүрийн юм яриад байдаг. Хааяа нэг цалингаасаа ганц юм авахуулчих гээд авахуулж уудаг. Тааруулж уухаараа гайгүй хэрнээ согтоод архиа хэтрүүлчхээрэй ааш нь өөр болчих гээд байдаг... /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

гэрч С.Баттөмөрийн ...Хэргийн талаар бол нарийн сайн мэдэхгүй. Сүүлд хүмүүсээс сонсож байхад архи уугаад л маргасан юм шиг байна лээ... ...бид нарыг ирэхэд манайд хар иштэй хутга алга болсон байсан. Яасныг нь бол би мэдэхгүй... /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

гэрч Т.Ганбатын ...О.Г нь миний том ах байгаа юм... ...сүүлийн 5-6 жил хөдөө айлуудаар туслах малчин хийж байна. Өөр хийж чадах ажил байхгүй... ...их цайлган зантай, их жоохон зүйлд уурлаж, баярладаг хүн. Миний мэдэхийн 2-3 удаа шоронд орсон...  /хх-ийн 150-151 дүгээр хуудас/,

 

гэрч О.Отгончимэгийн ...би болсон хэргийн талаар биш харин төрсөн ах О.Гын хувийн байдлын талаар мэдүүлэг өгнө... ...бид нар эцэг эхээс 4-лээ бөгөөд О.Г нь миний  том ах байгаа юм. Сүүлд шоронд ороход эхнэр нь салаад явсан. О.Г нь 2 хүүхэдтэй боловч тэр хоёр хүүхэд нь ээжтэйгээ Архангай аймагт амьдардаг. Ер нь бол архинаас болж л хамаг амьдралаа баллаж эхнэр хүүхдээсээ салж шоронгоор явж байна. Уг нь бол төмөр замчин мэргэжилтэй, энэ мэргэжлээрээ бас ажиллаж байсан... /хх-ийн 152-153 дугаар хуудас/,

 

шинжээч Э.Эрхэмбаярын ...Талийгаач Д.Ариундаваагийн цогцост үзлэг хийхэд хэвлий болон баруун ташаанд хурц ир бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж нэвтэрсэн 2 шархтай байсан. Хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх нь чацархай болон хэвлийн гол судсыг гэмтээсний улмаас хэвлийн хөндийд их хэмжээний цус алдалт үүсэж улмаар талийгаач цус алдсан болохоор эмнэлгийн яаралтай тусламж авсан боловч амь насыг нь аврах боломж байхгүй. Учрах үедээ шууд амь насанд хүрнэ... /хх-ийн 154 дүгээр хуудас/,

сэжигтэн О.Гын ...Дэнзэнгийн гэрийн гадна зогсож байгаад намайг дуудахаар нь би яваад очсон. Тэгэхэд тэр залуу намайг чи муу буугаад ир гэж хэлээд морины цулбуур дээрээс татаад чи муу ороод ир гэж хэлсэн. Би мориноосоо буугаад Дэнзэнгийн гэрт ороход талийгаач Д.Ариундаваа байсан. Тэр 2 намайг ямар ч шалтгаангүй нийлж цохисон. Гэтэл тэр үед орон дээр хар иштэй хутга харагдахаар нь тэр хутгыг аваад би Ариундаваагийн баруун тал руу 2-3 удаа хутгалсан. Тэгтэл хажууд нь байсан тэр залуу намайг тэврээд авахаар нь би гартаа байсан хутгаар 1 удаа цээж хавиар нь хутгалсан. Тэгээд тэр 2 гэрээс гүйгээд гарсан. Зөрөөд гаднаас Баянзул орж ирээд намайг гадна гаргаж тэнд байсан залуутай хамт морины цулбуураар хүлсэн. Талийгаач надад хутгалуудаад гэрээс гарангуутаа гэрийн үүдэнд хэвтээд дахиж босож ирээгүй. Би тэр өдөр нэлээд их архи уусан байсан. Гэхдээ хэрэг болох үед өөрийн гэсэн ухаантай, өдөр уусан архи гарчихсан байсан... /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

яллагдагч О.Гын ...талийгаач Д.Ариундаваагийн бөөрөнд нь 2 удаа, гуянд нь нэг удаа зүүн гартаа хутга барьж байгаад хутгалсан. Харин Энхтөгсийн баруун цээж рүү нь хутгалсан санагдаж байна. Тухайн үед намайг орон дээр дарж аваад зодоод байсан болохоор би зүүн талынхаа гутлын түрийнд байсан хутгаар хутгалсан. Тэгээд гэрээс гараад намайг салгаад Баянзул хажуудаа нэг залуутай хамт миний гарт байсан хутгыг аваад гэр рүү шидсэн. Тэгээд намайг цулбуураараа хүлсэн. Д.Ариундаваа надаар гэр дотор хутгалуулсан боловч удалгүй гэрийн гадна үүдэн дээр гарч ирж унаад тэр чигээрээ  босолгүй нас барсан. Намайг талийгаач Д.Ариундаваа орон дээр дараад зодоод байсан болохоор би дийлэхгүй байсан. Тэгээд сандарсандаа хутгалчихсан. Ямар шалтгаанаар зодсоныг нь мэдэхгүй байна... /хх-ийн 82-85 дугаар хуудас/,

яллагдагч О.Гын ...би тэр 3 ширхэг хутгануудыг Бат-Эрдэний гэрээс аваагүй ээ. Харин тухайн хар иштэй хутга нь миний мал маллаж байсан Баттөмөр гэх айлын хутга юм. Учир нь би тухайн үед тэр хутгаар унаж явсан мориныхоо хазаарыг болон аргамжаа, цулбуурыг сэмрээд гараад ирчихсэн болохоор хутгаар тайрч янзлах гээд биедээ хутга авч явсан. Би тэр хутгыг түрийндээ хийсэн байсан. Анх мэдүүлэг өгөхдөө хутга биедээ авч явсан гээд хэлчихвэл бас бурууддаг юм болов уу гээд үнэнээ хэлээгүй. Тэр 3 ширхэг хутганы талаар бол Баянзул, Батдорж нар өөрсдөө сайн мэдэх байх. Тэр 3 хутга бол надтай ямар ч хамаагүй... ...Талийгаач Д.Ариундаваа намайг зодсон болохоор би дийлэхгүйдээ түрийндээ байсан хар иштэй хутгаар шаачихсан. Ямар учраас намайг зодсоныг нь ойлгоогүй. Би Д.Ариундаваад хийсэн гэм буруу зүйл байхгүй... ...Би эхлээд талийгаачийг хутгалсан дараа нь Энхтөгсийг хутгалсан. Надад бол Энхтөгс гэх залууг хутгалах ямар нэгэн шалтгаан байхгүй би хутгалснаа тэр үедээ мэдээгүй. Сүүлд нь намайг гэрийн гадна гаргаж ирээд хүлсний дараа тайвшраад юу болсон талаар бодож байхад намайг өөрийг нь хутгалсан гэж хэлж байсан. Энхтөгс намайг чирч гаргасан. Мөн гэрээс гараад ирсэний дараа тэнд байсан хоёр залуу намайг газар дарж байгаад морины цулбуураар хүлсэн. Харин талийгаач надад хутгалуулсны дараа нэг их удалгүй гэрийн гадна үүдэн дээр унаад тэр чигээрэй нас барсан... ...талийгаач Д.Ариундаваа намайг зодож гэмтэл учруулсан. Тэрнээс болоод л би хутгалах болсон... /126-127 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, 

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 131 дугаартай дүгнэлт /хх-ийн 47-48 дугаар хуудас/, 

Хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 565 дугаартай дүгнэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 9305 дугаартай дүгнэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 679 дугаартай дүгнэлт /хх-ийн 63 дугаар хуудас/,

Шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 99 дугаартай дүгнэлт /хх-ийн 66-68 дугаар хуудас/, 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 967 дугаартай дүгнэлт /хх-ийн 162-163 дугаар хуудас/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл  зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-06 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21 дүгээр хуудас/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/, хохирогч А.Энхтөгсийн цахим иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 23 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 33-34 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 49-54 дүгээр хуудас/, хувцсанд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 55-57 дугаар хуудас/, эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр хуудас/, шинжээчийн 99 тоот дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 69-71 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 86-87 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,  согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 106-107 дугаар хуудас/, баримт бичгийг хэрэгт хавсаргах тухай /хх-ийн 109-111 дүгээр хуудас/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 113-114 дүгээр хуудас/, шүүгдэгч О.Гын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 37-45, 59-62, 97,100-105,108, 132-140 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч О.Гын согтуурсан үедээ Д.Ариундаваагийн хэвлийн баруун хэсэг, баруун ташаа, баруун гуяны дунд хэсэг тус тус хутгалж, олон тооны шарх үүсгэн, онц харгис хэрцгий аргаар алсан,

мөн А.Энхтөгсийн цээжний баруун хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд нь

а. Шүүгдэгч О.Гын бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас Д.Ариундаваа нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг агуулсан, дээрх гэмт үйлдлийг хийж алах явцдаа хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж, хохирогчийг 3 удаа хутгалах буюу олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, учруулсан олон тооны шарх, гэмтлийн улмаас зовж зүдэрсэн байдал үүссэн нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог, өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, үр дагаврыг урьдчилан харж, хүсэж үйлдсэн байх тул

 

б. мөн А.Энхтөгсийн цээжний баруун хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь өөрийн хутгалж буй үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хөнгөн хохиролд зориуд хүргэх нөхцөл байдлыг бий болгосон санаатай үйлдэл байх тул тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэм буруугийн хэлбэртэй байна.

 

Түүнчлэн шүүгдэгчийн хүнийг алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр, нэг цаг хугацаанд нэг хүнийг алсан, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл, эс үйлдэхүйг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч О.Гыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Гын гэм буруутай үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд оршуулгын зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт 5.913.630 /таван сая есөн зуун арван гурван мянга зургаан зуун гуч/ төгрөгийг нэхэмжилсэн болно.

 

Шүүх дээрх нэхэмжилсэн оршуулгын зардал болох 5.913.630 /таван сая есөн зуун арван гурван мянга зургаан зуун гуч/ төгрөгийг хангаж, шүүгдэгч О.Гаас гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонсүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн хэдий ч дээрх гаргаж өгсөн баримт нь дутуу, гаргасан баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлээ.  

 

Харин хохирогч А.Энхтөгс нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой баримт мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, мөн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч О.Гыг хохирогч А.Энхтөгсөд энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч О.Гад хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөн Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхэд халдсан байдал зэргийг харгалзан түүнд гэмт хэрэг тус бүрд нь буюу хүнийг алсан гэмт хэрэгт нь 18 /арван найм/ жилийн хорих ял, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт нь долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдууллаа.

Шүүх гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарыг  хүнийг алсан гэмт хэрэгт оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 18 /арван найм/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг, мөн хуульд заасны дагуу түүнд оногдуулсан 18 /арван найм/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Гын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 /хоёр/ хоног, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 159 /нэг зуун тавин ес/ хоног, цагдан хоригдсон нийт 161 /нэг зуун жаран нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохыг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг, амь хохирогч Д.Ариундаваагийн өмсөж байсан бакалан гутал 1 хос, 1 хос оймс, хар саал өнгийн дотуур хувцас 1 ширхэг, цэнхэр эрээн фудволк 1 ширхэг, цэнхэр өнгийн женсин өмд 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгахыг,

хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

  Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

             36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2.,

                    38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл,

                         заалтуудыг тус тус удирдлага болгон

                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б О.Гыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б О.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 18 /арван найм/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 18 /арван найм/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б О.Гад оногдуулсан 18 /арван найм/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б О.Гын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 2 /хоёр/ хоног, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 159 /нэг зуун тавин ес/ хоног, цагдан хоригдсон нийт 161 /нэг зуун жаран нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэгийг, амь хохирогч Д.Ариундаваагийн өмсөж байсан бакалан гутал 1 хос, 1 хос оймс, хар саарал өнгийн дотуур хувцас 1 ширхэг, цэнхэр эрээн фудволк 1 ширхэг, цэнхэр өнгийн женсин өмд 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Б О.Г нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч А.Энхтөгсөд төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгүйг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б О.Гаас оршуулгын зардал 5.913.630 /таван сая есөн зуун арван гурван мянга зургаан зуун гуч/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дугаарын регистртэй, А овгийн Д.О олгосугай.

 

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонсүрэн нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б О.Гад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б О.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

               ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ц.ОТГОНЖАРГАЛ

 

                     ШҮҮГЧИД                                            Л.ОДОНЧИМЭГ

 

                                                                                    Ш.ГАНДАНСҮРЭН