Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2019/ДШМ/36

 

2019 оны 05 сарын 09 өдөр                          

  2019/ДШМ/36                                                              Зуунмод

О.Г-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгч О.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонсүрэн,

Нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн, 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолтой О.Г-д холбогдох 1834000000248 дугаартай 2 хавтас, 261 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 04 сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд 1956 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын засварчин мэргэжилтэй, туслах малчин ажилтай байсан, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан сум, ... тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч, Төв аймаг, Заамар сум, Хайлааст 3 дугаар багийн нутагт оршин сууж байсан,

1984 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн В-д зааснаар 5 жилийн хорих ялаар,

 1996 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймгийн шүүхийн 09 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 14, 39 дүгээр зүйлүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 б-д зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, НВ:..11 дугаарын регистртэй, О.Г.

 

Шүүгдэгч О.Г нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Ар наймган” гэх газар нутаглах Дэнзэнгийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Ариундаваагийн хэвлийн баруун хэсэг, баруун ташаа, баруун гуяны дунд хэсэг зэрэг газарт хутгалж, олон тооны шарх үүсгэн, онц харгис хэрцгий аргаар алсан,

Мөн тухайн үед Дэнзэнгийн гэрт гаднаас орж ирсэн А.Энхтөгсийн цээжний баруун хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

             

          Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 41  дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч О.Г ыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч О.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 18 /арван найм/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч О.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 18 /арван найм/ жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 18 /арван найм/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Г ад оногдуулсан 18 /арван найм/ жил 3 /гурав/ сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Г ын цагдан хоригдсон нийт 161 /нэг зуун жаран нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, бакалан гутал 1 хос, 1 хос оймс, хар саарал өнгийн дотуур хувцас 1 ширхэг, цэнхэр эрээн фудволк 1 ширхэг, цэнхэр өнгийн женсин өмд 1 ширхэг зэргийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж,

Шүүгдэгч О.Г  нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч А.Энхтөгсөд төлөх төлбөргүйг, хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгүйг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Г аас оршуулгын зардал 5.913.630 /таван сая есөн зуун арван гурван мянга зургаан зуун гуч/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дэнзэнгийн Отгонсүрэнд олгож,  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонсүрэн нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж,  

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Г ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн тоолж,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Г давж заалдах гомдолдоо: “ .. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Би хэрэг гарсан өдөр 15 цагийн үед гэртээ ирж цай уучаад хонио эргүүлэх гээд мориндоо мордох гэтэл хазаарын цулбуур сэмэрсэн тасрах гээд байхаар нь гэрт орж хар иштэй хутга авчирч цулбуураа тасалж янзалчхаад, хонио хартал уул давчихсан байхаар нь сандраад хутгаа түрүүндээ хийгээд хониндоо мордсон  Хонио эргүүлчихээд дараа нь морио услачихаад гэрлүүгээ явж байтал Дэнзэнгийн гэрийн гаднаас Энхтөгс пизда минь наашаа хүрээд ир гэж дуудан зам тосч ирээд миний морины цулбуур дээрээс барьж авчихаад тавихгүй Дэнзэнгийн гэр лүү чирч очсон. Тэгээд намайг мориноос буулгаж Дэнзэнгийн гэр лүү чирч оруулсан. Тэгтэл талийгаач Ариундаваа намайг үгийн зөрүүгүй боож, орон дээр унагаж нүүр, нүдгүй зодсон. Тэр үед би айж, цочирдсон байсан. Тэгээд гутлын түрүүнд байсан хутгаар Ариундавааг айлгаж намайг зодохыг нь болиулах хэрэгтэй гэж бодож байсан. Тухайн үед боолтонд ороод хагас ухаантай байсан болохоор хутгалсан үгүйгээ санахгүй байсан. Тэгээд төд удалгүй Ариундаваа намайг Галаа хутгалчихлаа гээд орилж байсан. Тэгээд орон дээрээс өндийх гэтэл Энхтөгс намайг дарж авсан ба дахиад намайг зодох гэж байна гэж бодоод айж сандарсандаа хутгаар хутгалсан. Тэгээд Энхтөгс миний гарт байсан хутгыг булааж аваад намайг чирээд гэрээс гаргаад хутгыг гэр дээр шидсэн. Тэгснээ Энхтөгс наад гэр дээр байгаа хутгыг аваад өг өөрийг нь алаад хаячихъя гэж орилж байхад Бат-Оргил яах гээд байгаа юм Цагдаа ирээд учрыг нь олно биз гэж хэлж байсан. Тэгээд намайг Энхтөгс, Баянзул, Бат-Оргил гурав нийлж хүлсэн. Ийм хэрэг болсон, гэтэл мөрдөн байцаагч миний өгсөн мэдүүлгийг хохирогч, гэрч нарын мэдүүлэгт тааруулж өөрчилж, хэрэгт хавсаргасан байна. Жишээ нь:

-Тэр үед орон дээр хар иштэй хутга харагдахаар нь тэр хутгыг аваад би Ариундаваагийн баруун тал руу 2-3 удаа хутгалсан гэх,

-1 удаа цээж хавиар нь хутгалсан тэгээд тэр 2 гэрээс гүйгээд гарсан,

- Ариундаваа намайг зодсон болохоор би дийлэхгүйдээ түрүүндээ байсан хар иштэй хутгаар шаачихсан” гэх мэт мэдүүлэг би өгөөгүй.

            Хохирогч Д.Энхтөгс болон гэрч Бат-Оргил, Баянзул нар үгсэн тохирч хохирогч Энхтөгсийг хамгаалж мэдүүлэг өгсөн байна. Энэ өгсөн мэдүүлгээр, худлаа гэдэг нь ил тод байна.  Жишээ нь:

-Энхтөгсийн мэдүүлэгт: .. Намайг Дэнзэнгийн гэрт ороход О.Г  нь гэрийн зүүн хойд хэсэгт зүүн гартаа хутга барьчихсан зогсож байсан гэх,

-Гэрч Бат-Оргилын мэдүүлэгт: .. бид 3 хашаанд байхад тэр ах анх гарч ирэхдээ л зүүн гартаа хутга барьчихсан бүгдийг чинь ална гэж орилж байсан гэх,

-Гэрч Баянзулын өгсөн мэдүүлэг: .. талийгаач Ариундаваатай юм ярьж байгаад хамтдаа гэр лүү орж байгаа харагдсан. Удалгүй Бат-Оргил тэр хоёр маргаад байна гэхээр нь яваад очиход намайг хутгалчихлаа наад Галаа пизда чинь хутгатай байна. .. гэж байсан. .. сүүлд гэрийн гадна бид нар О.Г ыг хүлчхээд яаж байгаад хүн хутгалчихдаг юм бэ гэж хэлэхэд талийгаач Ариундаваа өөрөө дээрэлхээд нүүр рүү цохиж зодох гээд байхаар нь би хутгалчихсан гэж хэлж байсан. Тэр үед хамраас нь бага зэргийн цус гарч байсан санагдаж байна. Тухайн үед хоёр согтуу хөгшин нэгнийгээ хутгаар янзан бүрийн юм болчих юм бол уу гэж бодоод би О.Г аас зүүн гарт байсан 2 ширхэг хутгыг булаагаад авчихсан. Нэг хутга нь газарт хөлийнх нь харалдаа хэвтэж байсан. Эхлээд Энхтөгс О.Г ыг цамцных нь захаар хоолойг нь боочихсон чирээд гараад ирсэн бөгөөд Энхтөгс Галаагийн гарт хутга байна шүү гэхээр нь Бат-Оргил бид хоёр хутгыг нь гараас нь салгаад О.Г ыг барьж хүлсэн гэх мэдүүлгүүд намайг худал гүтгэсэн байна. Миний мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгийг миний эсрэг болгон өөрчилж хэрэгт хавсаргасан байна. Тухайн үед би миний хоолой боолтонд орсны улмаас улайсан, зодуулсны улмаас нүүр хөхөрч хавдсан байсан. Гэмтлийн зэргийг тухайн үед тогтоож өгөөгүй. Миний эрх зүйн байдлыг дордуулж эрхийг минь ноцтой зөрчсөн. Хутгыг зэвсгийн чанараар ашиглаж, өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж үр дагаврыг урьдчилан харж,  хүсэж үйлдсэн гэх шүүхээс гаргасан хууль зүйн дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна. Би хутгыг зэвсгийн чанараар ашиглаагүй. Хохирогч Энхтөгс намайг мөрөөрөө хажуугаар нь явж байхад ямар ч учир шалтгаантай дуудсан юм бэ? намайг гэр лүү явж байхад Энхтөгс намайг дуудаагүй бол Дэнзэнгийн гэр лүү чирч оруулаагүй бол талийгаач Ариундаваа намайг зодож, боогоогүй бол ийм хэрэг болохгүй байсан. Иймд О.Г би сэтгэл санааны цочролын улмаас аргагүй хамгаалалт хэтрүүлэн хэрэглэж, хохирогч Энхтөгсийн биед хөнгөн, талийгаач Ариундаваагын амь насыг хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрч маш их харамсаж гэмшиж байна. Би 63 настай, баруун гар мухар, хоёр хөл мухар хөгжлийн бэрхшээлтэй, ял эдлэх чадвар муу зэрэг эрүүл мэндийн байдлыг харгалзаж үзэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэргийг үнэн зөвийг олж холбогдох зүйл ангийг сольж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч О.Г гаргасан тайлбартаа: “Би хэргээ анхнаасаа хүлээсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн байцаагч, прокурор бүгд миний эсрэг байсан. Анхан шатнаас оногдуулсан ялд гомдолтой байна.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ганбаатар гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан 18 жил 3 сарын ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэгт цугларсан нотлох баримт болон хэрэг гарсан нөхцөл байдал, хэрэг гарахад нөлөөлсөн хохирогчийн зүй бус үйлдэл, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, хөгжлийн бэрхшээлтэй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг анхан шатны шүүх харгалзан үзээгүйгээр өндөр ял шийтгэл оногдуулсан. Иймд шүүгдэгч О.Гыг энэ зүйл ангийн хамгийн бага санкци буюу 12 жилийн хугацаагаар хорих саналтай байна.” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлтдээ: “.. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...” гэж заасан. Миний зүгээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт 15 жил 1 сарын хугацаагаар хорих ялын санал хэлсэн. Шүүх 18 жил 3 сарын хорих ял оногдуулсан. Ямар оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул хэлэх зүйл алга.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонсүрэн гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Талийгаачийн төрсөн эх нь үүнээс болж зовж шаналаад өөд болсон. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Г нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Ар наймган” гэх газар нутаглах Дэнзэнгийн гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Ариундаваагийн хэвлийн баруун хэсэг, баруун ташаа, баруун гуяны дунд хэсэгт хутгалж олон тооны шарх үүсгэн онц харгис хэрцгий аргаар алсан, А.Энхтөгсийн цээжний баруун хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / 1хх-1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-2-6/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1хх-18-21, 38-39, 43-44, 86-87/, цогцос болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт / 1хх-49-54, 55-57/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-11-13, 33-34, 88-89/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-113-114/, “талийгаач нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлийн улмаас хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, цус алдалтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан” болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны №131 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх- 47-48/, А.Энхтөгсийн биед цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны № 679 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх- 83/, О.Г-ын биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны № 565 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх- 59/, шүүх сэтгэц эмгэг судлалын № 967 дугаартай дүгнэлт /1 хх-162-163/  болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонсүрэнгийн /1хх-09-10/, хохирогч А.Энхтөгсийн /1хх-15-17, 123-124/, гэрч Г.Бат-Оргилын /1хх- 24-25/, гэрч Ч.Баянзулын /1хх-26-27, 45, 125/, гэрч О.Батдоржийн /1хх-30/, гэрч Б.Түмэнгийн /1хх-31-32/, шинжээч Э.Эрхэмбаярын /1хх-154/, О.Гын сэжигтэн, яллагдагчаар өгсөн /1хх-75-76, 82-85, 126-127/ мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Талийгаачийн биед хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, баруун ташаанд нэвтэрсэн шарх, баруун гуяанд шарх бүхий гэмтлүүд  учирч хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, цус алдалтын улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны №131 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, О.Гын үйлдлийн улмаас талийгаачийн биед олон тооны шарх, гэмтэл үүссэн, шаналж зовсон, түүнчлэн О.Г гэмт хэрэг үйлдэхдээ согтуу байсан, талийгаач Д.Ариундавааг 3 удаа хутгалсны дараа гэрт орж ирсэн А.Энхтөгсийн цээжинд 1 удаа  хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, түүний гараас  хутгыг булаан авч, газарт дарж унагаад, морины цулбуураар хүлж үйлдлийг зогсоосон болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон байна. Дээрх байдлаас дүгнэхэд шүүгдэгчийн хүнийг алсан арга, үр дагавар, гэмт этгээдийн хувийн хэрцгий авир байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад заасан “онц харгис хэрцгийгээр” хүнийг алсан гэх гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч О.Г-ын үйлдсэн гэмт хэрэгт анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.

Харин шүүгдэгч О.Г-ын “сэтгэл санаа цочирдсоны улмаас аргагүй хамгаалалт хэтрүүлэн хэрэглэсэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

“...Талийгаачийн араас О.Г гэрт орсон, тэд хоорондоо маргалдах шиг чимээ гарсан, А.Энхтөгс гэрт ороход О.Г талийгаач Д.Ариундавааг хутгалсан байсан,  талийгаач цээжний баруун тал руу заагаад ийшээ хутгаар хатгачихлаа гэж хэлсэн, О.Г зүүн гартаа барьсан хар иштэй хутгаараа А.Энхтөгсийг нэг удаа хутгалсан, гэрийн гадна Г.Бат-Оргил Ч.Баянзул нар О.Гыг газарт дарж унагаад, морины цулбуураар хүлсэн” гэх хэргийн үйл баримт нь хохирогч А.Энхтөгс, гэрч Г.Бат-Оргил, Ч.Баянзул, О.Батдорж нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон, харин шүүгдэгчийн мэдүүлж буй “ гэрт Д.Ариундаваа, А.Энхтөгс 2 нийлж зодсон, А.Энхтөгс шанаадаж унагахад Д.Ариундаваа намайг боосон, боолтонд орсны улмаас айж сандарсандаа хутгалсан” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн өөрийнх нь амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ямар довтолгоон хийгдсэн болох, өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус ямар үйлдлийн улмаас сэтгэл санаа цочролд орсон талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд сэтгэл санаа цочирдсоны улмаас аргагүй хамгаалалт хэтрүүлэн хэрэглэсэн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах тухай шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонсүрэн нь мөрдөн байцаалтын шатанд оршуулгын зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй боловч шүүхийн хэлэлцүүлэгт оршуулгын зардалд 5.913.630 төгрөгийг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэлээ” гэж дүгнэжээ. Хохирогч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй ба шүүх иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, нотлогдсон байдлыг харгалзан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын  дагуу шийдвэрлэдэг.

Гэтэл хэрэгт иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан нотлох баримт байхгүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно.” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 Иймд шүүхийн шийдвэрээс “О.Гаас оршуулгын зардалд 5.913.630 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн” хэсгийг хүчингүй болгож, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг зааж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Г өмнө нь 3 удаа ял шийтгүүлсэн болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /1хх-97/ тогтоогдсон байхад шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн биеийн байцаалтанд “2 удаа ял шийтгэгдсэнээр” /1хх-241/, яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн биеийн байцаалтанд “3 удаагийн ял шийтгэлтэй ба хамгийн сүүлд 1996 онд...шийтгүүлж байсан” /1хх-177/ гэж ял шийтгэлийн байдлыг бүрэн бичилгүй, заримыг орхигдуулан дутуу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байгааг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 31-ний өдрийн 41 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

-8 дахь заалтыг хүчингүй болгож,

-9 дэх заалтын “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонсүрэн нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэснийг “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Отгонсүрэн нь оршуулгын зардал, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.”  гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч О.Г-ын “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                   ШҮҮГЧИД                                                       Т.ЭНХМАА

                                                                                           Г.БОЛОРМАА