Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 182/ШШ2017/02200

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 14 өдөр

      Дугаар 182/ШШ2017/02200

               Улаанбаатар хот

 

  

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .................. тоотод оршин суух В.В-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .............. тоотод байрлах “Г.М” ХХК-д  холбогдох

 

590,280,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, түүний өмгөөлөгч Ж.Базарсад, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэрэндулам нар оролцов.

                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч В.В нь хариуцагч “Г.М” ХХК-ийн захирал М.М-тай олон жил хамтран ажиллаж, нөхөрлөж ирсэн.

Хариуцагч “Г.М” ХХК-ийн шаардлагатай материалын зардлыг БНХАУ-аас нэхэмжпэгч В.В нь гаргах, хариуцагч “Г.М” ХХК-ийн захирал М.М-ын хүсэлтээр БНХАУ-д гарсан шаардлагатай зардлыг харилцан тохиролцсоны үндсэн дээр төлөх зэргээр хамтран ажиллаж байсан бөгөөд хариуцагч “Г.М” ХХК нь нэхэмжлэгч В.В-д 2011 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 305,619 ам.долларын өглөгтэй байсан бөгөөд талууд харилцан тохиролцож хариуцагч “Г.М” ХХК-ийн төлөх өрийн хэмжээг 300,000 ам.доллар болгон төлбөр төлөх хугацааг 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож хариуцагч “Г.М” ХХК-ийн захирал М.М- нь өөрийн гараар тооцооны баримтад нийт компанийн тооцоо 300,000 ам.доллараар хаана. 2011 оны 8 дугаар сарын 01-нээс өмнө дуусгана гэж бичиж талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан.

Хариуцагч “Г.М” ХХК нь нэхэмжпэгч В.В-д төлөх 300,000 ам.долларыг 2011 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч хариуцагч тал нь нэхэмжлэгч талд төлөх 300,000 ам.долларын төлбөрөөс 50,000 ам.долларыг төлж үлдэгдэл 250,000 ам.долларыг төлөөгүй тул талууд 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дагуу тооцоо нийлсэн актыг үйлдэж, тус тооцоо нийлсэн актаар хариуцагч тал нь нэхэмжлэгч талд 250,000 ам.долларын өглөгтэй болохыг баталж, 250,000 ам.долларын төлбөрт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар хороолол Тусгаар тогтнолын талбай 3/1 тоот хаягт байрлах Victory center барилгын зоорийн давхрыг нэхэмжлэгч талд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцож улмаар талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн өдөр буюу 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Талуудын хооронд байгуулсан 02 тоот тооцоо нийлсэн актыг нэг хувь үйлдэж эх хувийг нь хариуцагч тал өөрөө авч нэхэмжлэгч хуулбарласан хувийг авсан байдаг. Өөрөөр хэлбэл тухайн тооцоо нийлсэн актын эх хувь нь хариуцагч талд хадгалагдаж байгаа.

Хариуцагч “Г.М” ХХК нь хоёр талын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1, 2, 4-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар хороолол Тусгаар тогтнолын талбай 3/1 тоот хаягт байрлах Victory center барилгын зоорийн давхрыг нийт 250,000 ам.долларт тооцон нэхэмжлэгч В.В-д шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч гэрээнд заасан үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл тус зоорийн давхрыг нэхэмжлэгч талд шилжүүлэлгүй гэрээний үүргээ зөрчсөн.

Нэхэмжлэгч тал удаа дараа Монгол Улсад ирэх болгонд хариуцагч талд хандан гэрээнд заасан зоорийн давхрыг шилжүүлж өгөхийг мэдэгдэж байсан боловч удахгүй шилжүүлнэ үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ арай гараагүй байна удахгүй шилжүүлнэ гэх зэргээр нэхэмжлэгч талыг өнөөдрийг хүртэл хохироосон.

Хоёр талын 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний зүйлийг байхгүй болгосон болохыг сая хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад мэдлээ.

Уг гэрээний үнийн дүн болох 250 000 ам.долларыг Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн нэг ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 2,361.12 төгрөгөөр тооцож нийт 590,280,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Ийм учраас “Г.М” ХХК-иас гэрээний үүргээ биелүүлээгүй учраас 590,280,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн зүгээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа талуудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийг биелүүлээгүй тул тэрхүү гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол Тусгаар тогтнолын талбай 3/1 тоот хаягт байрлах Виктория центр барилгын зоорийн давхрыг нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В.В-гийн нэр дээр гаргуулж өгөхийг шаардсан байдаг.

Харин нэхэмжлэлийн шаардлагаа “хариуцагч компанийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагч талаас 250 000 ам.доллар буюу 590 280 000 төгрөгийг гаргуулах” гэж өөрчилсөн.

Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь Талуудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргээ үл биелүүлэн, хариуцагчид төлөх ёстой төлбөрөө төлөөгүй тул хариуцагчид тэрхүү гэрээтэй холбоотой төлбөрийг төлөх үүрэг үүсэхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В.В нь хариуцагч “Г.М” ХХК-д холбогдуулан 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-ний дагуу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Виктори центр барилгын зоорийн давхрын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчиийн нэр дээр гаргуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 250,000 ам.доллар буюу 590,280,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас гэрээтэй холбоотой төлбөрийг төлөх үүрэг үүсэхгүй гэж маргаж байна.

 

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч В.В нь хариуцагч “Г.М” ХХК-тай 2009 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд талуудын хоорондох өр төлбөрийг тооцож, “Г.М” ХХК нь 300,000 ам.долларыг төлөхөөр тохиролцож, үүнээс хариуцагч нь 50,000 ам.долларт Мерсдес бенз маркийн автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, 250,000 ам.долларын үлдэгдэлтэй болсон талаар талууд 02 дугаартай “Тооцооны үлдэгдлийн баталгаа” хэлцлийг бичгээр үйлдэн байгуулсан болох нь тогтоогдлоо.

 

Дээрх үлдэгдэл төлбөр дээр талууд 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Виктори центр барилгын зоорийн давхрын “А” талыг “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Хэрэгт 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 250,000 ам.доллар, 100,000 ам.доллар гэсэн өөр дүнтэй “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” авагдсан боловч энэ 2 гэрээ нь нэг гэрээ бөгөөд татвараас болж өөр, өөр үнийн дүн бүхий гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй учраас шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Талуудын хооронд тооцоо нийлсэн 2011 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “нийт компанийн тооцоог 300,000 ам.доллараар хаана. 2011 оны 8 дугаар сарын 01-нээс өмнө дуусгана” гэж талууд гарын үсэг зурсан. Энэхүү тооцоог үндэслэн 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” гэсэн бичгэн хэлцэл хийгдсэн байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ”-нд заасан төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учраас талуудын хооронд үүрэг үүсээгүй, өөрөөр хэлбэл эд хөрөнгө шилжүүлэх үүрэг үүсээгүй гэж маргаж буй тайлбарын үндэслэлээ нотлоогүй мөн дээрх төлбөрийн тооцоог нотлох баримтыг үгүйсгээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Талуудын хооронд төлбөр тооцооны үүргийг 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” гэсэн хэлцлээр, гэрээний шууд утгаар авч үзвэл, өмнөх хэлцлийн төлбөр төлөх үүргийн дүнгээр эд хөрөнгө худалдан авах агуулгатай 2 талын хүсэл зориг бүхий тохиролцоо хэлцэл хийгдсэн байгаа нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэгчийг худалдан авах үнээ төлөөгүйгээс эд хөрөнгөө шилжүүлэх үүрэггүй гэсэн тайлбар гаргаж байгаа нь эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг үгүйсгэхгүй байхын зэрэгцээ энэхүү хүсэл зоригийн илэрхийллийг үнэн зөв гэж итгэн өмчлөх эрх шилжүүлэн өгнө гэж хүлээсэн нэхэмжлэгч талыг буруутгах боломжгүй байх ба үүрэг шилжсэн хэлцэл хэрэгжээгүйгээс анхны төлбөр тооцооны хэлцэл дуусгавар болоогүй учраас хэлцлийн үр дагавар арилаагүй байна. 

 

“Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” бодитоор хэрэгжсэн тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх хуулиар журамласан хэлбэр хэрэгжиж байж хүчин төгөлдөр шинжийг агуулах байсан бөгөөд энэ тохиолдолд гэрээ бодитоор хэрэгжээгүй тул талуудын хооронд үүссэн төлбөр тооцооны гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа гэрээний үүрэг шилжсэн хүсэл зоригийн илэрхийллээр авч үзэх үндэслэл бий болсон гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” байна гэж заасан зохицуулалтаар талуудын хооронд байгуулагдсан анхны гэрээний шаардах эрхийн хугацаа нь 2012 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд худалдах-худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй гэж үзэж шаардлагаа өөрчлөн анхны гэрээний үүрэг шаардсан нь тасалдал бий болсон, үүрэг шилжсэн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа үргэлжилсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасны дагуу, хариуцагч нь тооцоо нийлсэн акт болон тооцооны үлдэгдлийн баталгааны дагуу 250,000 ам.долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн вальютын ханш /2,361.12 төгрөг/-аар тооцоход 590,280,000 төгрөгийг төлөх үүргээ хэрэгжүүлэх, мөн хуулийн 466 дугаар зүйлийн 466.1-д зааснаар нэхэмжлэгч тохиролцсон дүнгээр шаардах эрхтэй болно.

 

Иймд хариуцагч “Г.М” ХХК-иас 250,000 ам.доллар буюу Монгол банкнаас зарласан нэг ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 2,361.12 төгрөгөөр тооцож 590,280,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В.В-д олгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

            1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 266 дугаар зүйлийн 266.1, 466.1-д тус тус зааснаар хариуцагч “Г.М” ХХК-иас 590,280,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.В-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,200,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,109,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэрийг гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ                                                   Х.ДАШДЭЧМАА