Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 252

 

 

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00252

 

 

В.Вгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02200 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: В.Вгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ГМ” ХХК-д холбогдох,

 

590 280 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ууганбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Базарсад

Хариуцагчийн төлөөлөгч: М.Мөнхбат

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Одгэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч В.В нь хариуцагч “ГМ” ХХК-ийн захирал М.Мөнхбаттай олон жил хамтран ажиллаж, нөхөрлөж ирсэн.

Хариуцагч “ГМ” ХХК-ийн шаардлагатай материалын зардлыг БНХАУ-аас нэхэмжлэгч В.В нь гаргах, хариуцагч “ГМ” ХХК-ийн захирал М.Мөнхбатын хүсэлтээр БНХАУ-д гарсан шаардлагатай зардлыг харилцан тохиролцсоны үндсэн дээр төлөх зэргээр хамтран ажиллаж байсан, хариуцагч “ГМ” ХХК нь нэхэмжлэгчид 2011 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар нийт 305 619 ам.долларын өглөгтэй байсан, талууд харилцан тохиролцож хариуцагч “ГМ” ХХК-ийн төлөх өрийн хэмжээг 300 000 ам.доллар болгон төлбөр төлөх хугацааг 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Хариуцагч “ГМ” ХХК нь нэхэмжлэгч талд төлөх 300 000 ам.долларын төлбөрөөс 50 000 ам.долларыг төлж үлдэгдэл 250 000 ам.долларыг төлөөгүй тул талууд 2009 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн дагуу тооцоо нийлсэн актыг үйлдэж тус тооцоо нийлсэн актаар хариуцагч тал нь нэхэмжлэгч талд 250 000 ам.долларын өглөгтэй болохыг баталж, 250 000 ам.долларын төлбөрт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар хороолол Тусгаар тогтнолын талбай 3/1 тоот хаягт байрлах Виктория центр барилгын зоорийн давхрыг нэхэмжлэгч талд шилжүүлэхээр талууд харилцан тохиролцож, талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн өдөр буюу 2012 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Хариуцагч “ГМ” ХХК нь хоёр талын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1, 2, 4-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар хороолол Тусгаар тогтнолын талбай 3/1 тоот хаягт байрлах Виктория центр барилгын зоорийн давхрыг нийт 250 000 ам.долларт тооцон нэхэмжлэгч В.Вд шилжүүлэх үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлээгүй.

Хоёр талын 2012 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний зүйлийг байхгүй болгосон болохыг сая хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад мэдлээ. Иймд уг гэрээний үнийн дүн болох 250 000 ам.долларыг Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн нэг ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш болох 2 361.12 төгрөгөөр тооцож нийт 590 280 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргээ үл биелүүлэн, хариуцагчид төлөх ёстой төлбөрөө төлөөгүй тул хариуцагчид тэрхүү гэрээтэй холбоотой төлбөрийг төлөх үүрэг үүсэхгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 266 дугаар зүйлийн 266.1, 466.1-д тус тус зааснаар хариуцагч “ГМ” ХХК-иас 590 280 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Вд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 200 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3 109 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэрийг гүйцэтгэх албанд даалгасныг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх тооцоо нийлсэн актыг гэрчилсэн нотариатын бүртгэлийн дэвтрээс 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг шүүхэд нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээн аваагүй.

Нэгэнт тооцоо нийлсэн актын эх хувийг нэхэмжлэгч өөртөө аваагүй юм бол тооцоо нийлсэн актыг үйлдсэнээс хойш бүхэл бүтэн 2 жилийн дараа хэрхэн, яаж, нотариатаар гэрчлүүлсэн байх вэ. Ингэхээр тооцоо нийлсэн актыг нөхөж үйлдсэн байх магадлал өндөр юм. Үүнийг гэрчлэх нэг зүйл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсарган шүүхэд гарган өгсөн нотлох баримт болох хувийн тооцоо хөтөлсөн баримт юм.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгчийн хувийн хэрэгцээндээ зориулж хөтөлдөг байсан гэх тооцооны баримтын монгол хэл дээрх хувийн хамгийн сүүлийн хуудсыг харвал "ГМ" ХХК-тай холбоотой ямарваа нэгэн тооцоо, төлбөрийн агуулга бүхэлдээ байдаггүй.

Анх нэхэмжлэгч нь дээр дурдсан гар бичмэлийг М.Мөнхбатын бичиг гэж мэтгэлцдэг байсан ба хариуцагчийн зүгээс "Гарын үсгийн хэвийг тогтоолгох шинжээч томилуулах хүсэлт"-ийг гаргахад нэхэмжлэгчийн зүгээс дээрх бичгийг М.Мөнхбатын бичиг биш н.Сүхбуян гэж хүн бичсэн болохыг хүлээн зөвшөөрдөг.

Иймээс хариуцагчийн зүгээс н.Сүхбуян гэгч этгээдээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргахад нэхэмжлэгчийн зүгээс "н.Сүхбуян Монголд байхгүй. Гэрт нь очиж үзэхэд байшингаа түрээслээд АНУ явчихсан байна лээ" гэдэг ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын очсон гэх н.Сүхбуянгийн гэрийн хаяг нь хариуцагчийн "гэрчээр асуулгах хүсэлт"-д дурдсан хаягаас өөр байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримтгүй, аман ярианд тулгуурлан, н.Сүхбуянг Монгол улсад байхгүй гэсэн үндэслэлээр "гэрч асуулгах хүсэлт"-ийг хангахаас татгалзаж шийдвэрлэдэг.

Эдгээр нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмийг зөрчсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

 

            Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн В.В /WANG WENDUSU/ нь хариуцагч “ГМ” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн 590 280 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар өөрийн мэддэг хэлээр гаргах эрхийн хүрээнд хятад хэлээр гаргасан байна.

 

            Энэ тохиолдолд уг нэхэмжлэлийг орчуулах ёстой бөгөөд орчуулга хийсэн “Сантол” ХХК нь орчуулгын хувьд тэмдэг дарсан боловч хэн, хэзээ орчуулсан нь тодорхой бус байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэх шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан зөрчил гаргажээ. /хх-ийн 1-2/

 

            Хуулиар тогтоосон журмын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлж шийдвэрлэсэн байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж дүгнэнэ.

 

Анхан шатны шүүхийн дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээ, эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШШ2017/02200 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “ГМ” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 200 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА