Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2017/02130

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 07 өдөр

      Дугаар 182/ШШ2017/02130

                  Улаанбаатар хот

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О.М /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.П.Г /РД:/-д холбогдох,

 

Гэрээнээс татгалзаж 80,190,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я, түүний өмгөөлөгч Г.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.

                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.М нь өөрийн өмчлөлийн ................тоотод байрлах нэгж талбарын 0000000000 дугаартай 000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Г-0000000000 дугаарт бүртгэлтэй газар, 000 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 2 ширхэг хувийн сууцнуудыг өмчилж байсан.

“С.П.Г” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/414 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдож улмаар 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр №185 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-г байгуулж, уг гэрээний дагуу дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч нь хариуцагч “С.П.Г” ХХК-д шилжүүлэх, “С.П.Г” ХХК нь шинээр барьж буй орон сууцнаас 26.73 м.кв талбай бүхий 1 өрөө 2 ширхэг байрыг 2015 оны 4 дүгээр улиралд багтаан шилжүүлж өгөхөөр тохиролцсон.

Эдгээр тохиролцоо нь талуудын хооронд байгуулсан 185 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-ний 2 дугаар зүйлд заасан “Гэрээний үндсэн нөхцөл” хэсгээс тодорхой харагдана.

Түүнчлэн уг гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 185 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-г “С.П.Г” ХК болон Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газартай байгуулж баталгаажуулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнүүдэд заагдсан үүргээ бүрэн ухамсарлаж өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгүүдийг цаг хугацаанд бүрэн чөлөөлж өгсөн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заагдсан 1 өрөө 2 ширхэг орон сууцыг аваагүй байгаа.

“С.П.Г” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын №2016/393 тоот актаар “Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо “С.П.Г” ХК-ийн захиалгатай “Шинэ Толгойт” орон сууцны хотхоны 73 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 262 айлын орон сууцны барилга”-г 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн ашиглалтанд оруулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс “С.П.Г” ХК-д 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрээний үүргийн биелэлтийг хэрэгжүүлэх шаардлага бүхий албан бичгийг хүлээлгэн өгсөн бөгөөд уг компани нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 62 тоот “Тодорхойлолт” албан бичгээр “2015 оны 10 дугаар сарын 25-нд газар чөлөөлөн 2 дугаар ээлжийн орон сууцанд тус бүр 26.73 м.кв талбай бүхий 1 өрөө 2 ширхэг байр өгөхөөр тохиролцсон”, түүнчлэн “2 дугаар ээлжийн барилга ашиглалтанд орох хүртэлх хугацаанд түрээсээ өөрөө хариуцах нөхцөлөөр одоо амьдарч буй байрыг засварлан суллаж өгнө үү” гэсэн хариу өгсөн.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-т “Байр ашиглалтанд орох хугацаа нь 2015 оны 4 дүгээр улирал” гэж хугацааг тодорхой зохицуулсан бөгөөд уг хугацаанаас хойш бүтэн 2 жил өнгөрсөн боловч одоо болтол өөрийн гэсэн орон гэргүй байгаа.

Харин “С.П.Г” ХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр барилга барьж, ашиглалтанд оруулж, худалдан борлуулж, ашиг хүртэж байхад бид орох оронгүй байсаар байгаа нь шударга бус учир ийнхүү шүүхэд хандаж байна.

Иймд нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор “С.П.Г” ХК нь гүйцэтгэхээс татгалзаж буй учир уг компанитай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 185 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-нээс татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбогдуулан 80,190,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч “С.П.Г” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн шүүхэд ирүүлсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдож ажиллаж байгаа бөгөөд О.Мтай 2 талт болон 3 талт гэрээ байгуулсан.

Гэрээнд зааснаар иргэн О.М нь газраа бүрэн чөлөөлсөн ба төсөл хэрэгжүүлэгч компани болох С.П.Г ХК нь мөн орон сууцаа барьж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр улсын комиссын №2016/393 тоот актаар ашиглалтанд хүлээлгэж өгсөн.

Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаандаа орон сууцаа ашиглалтанд өгөөгүй гэж маргаж байгаа ба энэ нь гэрээний гуравдагч тал болох Нийслэлийн засаг дарга үүргээ гүйцэтгээгүйтэй шууд холбоотой.

Тодруулбал Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 3/31 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт “Нийслэлийн Засаг дарга дахин төлөвлөлтийн дэд бүтэц, нийгмийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, авто зам, замын байгууламжийг улс, нийслэлийн төсвөөр барих ажлыг хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу Нийслэлийн засаг даргын зүгээс бохир, дулаан, цахилгаан, холбоо дохиолол зэрэг дэд бүтцийн гүйцэтгэгчийг шалгаруулж, санхүүжүүлэх үүрэгтэй байсан ч өнөөдрийг хүртэл бохир, дулааны ажил хийгдээгүй ба компани өөрсдийн зардлаар бохир, дулааныг шийдэж, барилгыг ашиглалтанд хүлээлгэж өгсөн.

Өнөөдөр ч өөрсдийн зардлаар бохир, дулааны асуудлыг шийдвэрлэж байгаа юм. Өөрөөр хэлбэл төвийн дулаанд холбогдоогүйгээс шалтгаалж барилга ашиглалтанд орох хугацаа хойшилсон ч компани үүргээ гүйцэтгэж, нөөц бололцоогоо ашиглаж барилгыг ашиглалтанд хүлээлгэж өгсөн. Хэрэв компани энэ асуудлыг шийдээгүй бол өнөөдрийг хүртэл зогсонги байдалтай байж иргэд, компанийн хөрөнгө оруулагчид хохирсоор байх байсан.

Үүний дараа мөн оны 10 дугаар сарын 30-ны өдөр 102 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхарт 53.04 м.кв  талбай бүхий 19 тоот байрыг О.Мын ээж н.Оюунд байр хүлээлгэн өгөх актаар хүлээлгэж өгсөн байдаг. Талуудын тохиролцсон талбайн хэмжээгээс 0.42 м.кв талбай дутуу байгаа энэ зөрүүг бол өгч болно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч орон сууц огт аваагүй гэж маргаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл түүний ээж 8 сарын турш амьдарч байгаа. Өрөөний талбай, тооны хувьд 2 талт гэрээнд тохирохдоо 26.73 м.кв талбай бүхий 2 ширхэг 1 өрөө байр гэж тохирсон нь үнэн бөгөөд компани нь иргэдтэй 2 талт гэрээ байгуулах үедээ тухайн иргэний газар, үл хөдлөх хөрөнгийг үнэлэн нийт үнэлгээг 1 м.кв талбайн үнэ болох 1,500,000 төгрөгт хуваан талбайн хэмжээгээр иргэдтэй зөвшилцсөн байдаг.

Учир нь айл бүрийн газар, үл хөдлөх хөрөнгийн хэмжээнээс шалтгаалж айл бүрийн үнэлгээ өөр, өөр байсан тул бүх айлд тохирсон байрны зураг зуруулах боломжгүй юм.

Хэдийгээр 26.73 м.кв 1 өрөө, 2 байр гэж тохирсон ч барилгын зургаар хамгийн тохиромжтой, хамгийн бага талбайтай 1 өрөө орон сууцны талбай нь 30.56 м.кв болж батлагдсан. Тиймээс байр ашиглалтанд орох үед гэрээнд заасан талбайн хэмжээтэй орон сууц байхгүй байсан.

Байр ашиглалтанд орох үед нэхэмжлэгч нь БНСУ-д байсан тул түүний ээж н.Оюун өөрөө хүсэлт тавьсны дагуу манай зүгээс тохиролцон зөвшөөрч, нэхэмжлэгчийн ээжид нийт тапбайтай адил хэмжээтэй буюу 53.04 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг актаар хүлээлгэж өгсөн.

Гэтэл нэхэмжлэгч БНСУ-аас ирснийхээ дараа гэрээнд заасны дагуу байраа авна гэсэн ба манай зүгээс ийм хэмжээтэй байр байхгүй тул 2 дугаар ээлжид ашиглалтад орох байрнаас авч болно гэдэг хариу өгсөн. Гэвч одоогийн байдлаар Нийслэлээс дэд бүтцийн ажил, санхүүжилтийг шийдэхгүй байгаа тул 2 дугаар ээлжийн байр хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байгаа.

Мөн нэхэмжлэгч нь 2 талт гэрээнээс татгалзах санал гаргасан байна. 2 талт гэрээ нь “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.15 дахь хэсэгт “Газар болон үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн 75-аас доошгүй хувийн дэмжлэг авсныг нэг бүрчлэн хийсэн гэрээгээр нотолвол төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсанд тооцож, Нийслэлийн Засаг даргад танилцуулна.” гэж заасан, мөн 2 талт гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэхүү гэрээ нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэх талаар гурван талт гэрээ байгуулах урьдчилсан нөхцлийг бүрдүүлнэ”, мөн зүйлийн 3.3 дахь хэсэгт “Энэ гэрээ нь гурван талт гэрээний салшгүй хэсэг болно” гэж зааснаас үзвэл 2 талт гэрээ нь төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үндсэн шалгуур төдийгүй 3 талт гэрээний хэсэг болох нь харагдаж байна.

Мөн түүнчлэн 3 талт гэрээний 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт зааснаар “Талууд ... гэрээний 6.2-т зааснаас бусад тохиолдолд гэрээнээс дангаараа татгалзахыг хориглоно” гэж заасан байна.

Тус гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Төсөл хэрэгжүүлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах шийдвэр гарсан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулж, шалгарсан этгээдэд гэрээний эрх, үүргийг шилжүүлж төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэж заажээ. Тиймээс нэхэмжлэгч нь дангаараа татгалзах эрхгүй гэдэг нь харагдаж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл нь гэр хорооллын агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулж, иргэдийг тохилог орон сууцаар хангах зорилготой. Түүнчлэн иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд тохирсон байраар сольж оруулахаас биш иргэдийг илүү санхүүгийн дарамтад оруулж болохгүй гэдэг шаардлагыг нийслэлээс тавьж байсан.

Тиймээс энэ төслийн шаардлага нь иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийг шууд худалдаж авалгүй, орон сууцаар сольж, илүү төлбөр гаргалгүйгээр орчноо сайжруулах боломжийг олгосон байдаг.

Дээрх нөхцөл байдлын үүднээс үзвэл манай компани нь төсөл хэрэгжүүлэгчийн үүргийг гүйцэтгэж, тохиролцсон орон сууцыг хүлээлгэн өгч, нэхэмжлэгчийн ээж 8 cap орчим амьдарч байгаа нь үнэн юм. Тиймээс компанийн хувьд тохиролцож орсон байраа буцаах тохиолдолд 1 өрөө байр үлдээгүй тул дараагийн ээлжийн барилга ашиглалтанд ортол хүлээвэл нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлэх боломжтой юм.

Харин нэхэмжлэгчийн шаардсан 80,190,000 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна...” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.М нь хариуцагч “С.П.Г” ХК-д холбогдуулан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнээс татгалзаж, 80,190,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

            Талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр №185 дугаартай “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”, 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр №185 дугаартай “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван тал гэрээ” тус тус байгуулагджээ.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр №185 дугаартай “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-ний 2.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь ................тоотод байрлах нэгж талбарын 0000000000 дугаартай 000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Г-0000000000 дугаарт бүртгэлтэй газар, 000 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 2 ширхэг хувийн сууцны эд хөрөнгө болон түүнийг өмчлөх эрхийн бичгийг 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “С.П.Г” ХХК-д хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 16 х/

 

“Стандарт протерти групп” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 162 дугаар тогтоолыг үндэслэн “Баянбогд” ХК-д нэгдэх замаар хариуцлагын хэлбэрээ өөрчлөн “С.П.Г” ХК болон байгуулагдаж, “Стандарт протерти групп” ХХК-ийн эрх, үүргийг өөртөө хүлээн авсан талаар талууд маргаагүй учраас шүүхээс талуудын маргаагүй үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж заасан.

 

Хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь ................тоотод байрлах нэгж талбарын 0000000000 дугаартай 000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Г-0000000000 дугаарт бүртгэлтэй газар, 000 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 2 ширхэг хувийн сууц нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасны дагуу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгж болох хариуцагчид шилжүүлэн өгсөн талаар талууд маргаагүй.

 

            Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний дагуу эд тодорхой хөрөнгийг хариуцагч талд шилжүүлэн өгөх үүргээ гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тус тус нотлогдож байна.

 

            Дээрх тохиролцооны дагуу нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагч “С.П.Г” ХК-д 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр мэдэгдэж шаардлага хүргүүлснийг хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 25 минутад хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 62 дугаартай албан бичгээр “Манай компани нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр Сонгинохайрхан дүүргийн 1, 2 дугаар хороонд ажиллаж байгаа бөгөөд 2014 оны 5 сараас эхлэн гэрээний ажил, 2015 оны 4 сард барилгын ажил эхэлж 2016 оны 10 дугаар сарын 04-нд албан ёсоор улсын комисст хүлээлгэж өгсөн.

Иргэн О.Мтай 2017 оны 7 сарын 29-ний өдөр №185 тоот 3 талт гэрээ байгуулан 2015 оны 10 сарын 25-нд газар чөлөөлөн 2-р ээлжийн орон сууцанд тус бүр 26.73 м.кв бүхий 1 өрөө, 2 ширхэг байр өгөхөөр тохиролцсон бөгөөд 2016 оны 10-р сарын 30-нд 1-р ээлжийн орон сууцанд тохирсон 26.73 м.кв бүхий 1 өрөө байр байхгүй тул 102-р байрны 4 дүгээр давхарт 19 тоот 53.04 м.кв 2 өрөө байраар харилцан тохиролсон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болно...” гэсэн хариуг хүргүүлжээ. /хх-ийн 5, 6 х/

 

            Үүгээр талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №185 дугаартай “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-ний 2.2.1-д “Орон сууцаар солих”, “Сонгинохайрхан дүүргийн 1, 2 дугаар хороо, 26.73 м.кв 2 ширхэг байрыг 2015 оны 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулах, байрны үнийн дүнг 80,190,000 төгрөгөөр тооцохоор тохиролцсон тохиролцоо биелэгдсэн гэж үзэх боломжгүй. /хх-ийн 10 хуудасны ар тал/

 

            Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй”, мөн хуулийн 205.2.2-т “үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан, түүнчлэн түүнийг боловсруулах, дахин боловсруулах замаар өөрчилсөн” бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж зохицуулсны дагуу нэхэмжлэгч нь 80,190,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.           

 

            Мөн хариуцагч нь 1 дүгээр ээлжинд ашиглалтанд орсон орон сууцанд 26.73 м.кв талбайтай 1 өрөө орон сууц байхгүй, 26.73 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны зураг төсөл ч хийгдээгүй учраас 2016 оны 10 дугаар сарын 30-нд нэгдүгээр ээлжийн орон сууц ашиглалтанд ороход 2 өрөө 53.04 м.кв нэг орон сууцыг хүлээлгэн өгсөн гэж маргасан боловч талуудын тохиролцоо нь 2 өрөө 53.04 м.кв нэг орон сууц гэж  бус 1 өрөө 26.73 м.кв 8,190,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг орон сууц байх тул хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.  

 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан бусад баримт, талуудын тайлбараар хариуцагч гэрээний хугацааг хэтрүүлсэн, зураг төслийн өөрчлөлтөөс тухайн гэрээгээр захиалсан орон сууц үгүй болсон шалтгаанаар гэрээ цуцлагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэл нотлогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж тус тус заасантай нийцнэ.

 

Мөн хариуцагч нь 2 талт гэрээ бол 3 талт гэрээний салшгүй хэсэг учраас уг 3 талт гэрээний 6.5-д заасны дагуу нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах эрхгүй гэж маргасан. Гэвч талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн №185 тоот “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 3 талт гэрээ”-ний 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалт нь төсөл хэрэгжүүлэгч болон Гэр хорооллын хөгжлийн газрын харилцааг зохицуулсан нэг талын гэрээ гэж үзэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч нь О.Мт 102 дугаар байрны 1 дүгээр орцны 4 дүгээр давхарын 19 тоот орон сууцыг хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж оршин суугчид байр хүлээлгэн өгсөн акт, хэрэглээний төлбөрийн тооцоо, харилцагчийн дансны хуулга гэсэн баримтыг ирүүлсэн боловч дээрх баримтуудаар Оюун нь М.Мэндбаярыг бүрэн төлөөлөн түүний өмнөөс хариуцагчтай тохиролцох эрхтэй субьект гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдсонгүй.

 

Иймд, хариуцагч 2 талт гэрээний үүрэг зөрчснөөс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг зөрчөөгүй гэж үзэж хариуцагчаас 80,190,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                               

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2, 274 дүгээр зүйлийн 274.1-д тус тус зааснаар хариуцагч “С.П.Г” ХК-иас 80,190,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Мт олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 558,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                             Х.ДАШДЭЧМАА