Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 160

 

 

О.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/02130 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч О.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “С” ХК-д холбогдох

 

Гэрээнээс татгалзаж 80 190 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Я,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...О.М нь өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 6 дугаар гудамжны 93 тоотод байрлах нэгж талбарын 18632310924558 дугаартай 448 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Г-2201014572 дугаарт бүртгэлтэй газар, 97.2 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2201026074 дугаарт бүртгэлтэй 2 ширхэг хувийн сууцнуудыг өмчилж байсан. “С” ХК нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/414 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдож улмаар 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр №185 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-г байгуулж, уг гэрээний дагуу дээр дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч нь хариуцагч “С” ХК-д шилжүүлэх, “С” ХК нь шинээр барьж буй орон сууцнаас 26.73 м.кв талбай бүхий 1 өрөө 2 ширхэг байрыг 2015 оны 4 дүгээр улиралд багтаан шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнүүдэд заагдсан үүргээ бүрэн ухамсарлаж өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгүүдийг цаг хугацаанд бүрэн чөлөөлж өгсөн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заагдсан 1 өрөө 2 ширхэг орон сууцыг аваагүй байгаа. “С” ХК нь 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын №2016/393 тоот актаар Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо “С” ХК-ийн захиалгатай Шинэ Толгойт орон сууцны хотхоны 73 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 262 айлын орон сууцны барилга-г 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн ашиглалтанд оруулсан. Нэхэмжлэгчийн зүгээс “С” ХК-д 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр гэрээний үүргийн биелэлтийг хэрэгжүүлэх шаардлага бүхий албан бичгийг хүлээлгэн өгсөн бөгөөд уг компани нь 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 62 тоот Тодорхойлолт албан бичгээр 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр газар чөлөөлөн 2 дугаар ээлжийн орон сууцанд тус бүр 26.73 м.кв талбай бүхий 1 өрөө 2 ширхэг байр өгөхөөр тохиролцсон, түүнчлэн 2 дугаар ээлжийн барилга ашиглалтанд орох хүртэлх хугацаанд түрээсээ өөрөө хариуцах нөхцөлөөр одоо амьдарч буй байрыг засварлан суллаж өгнө үү гэсэн хариу өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1-т Байр ашиглалтанд орох хугацаа нь 2015 оны 4 дүгээр улирал гэж хугацааг тодорхой зохицуулсан бөгөөд уг хугацаанаас хойш бүтэн 2 жил өнгөрсөн боловч одоо болтол өөрийн гэсэн орон гэргүй байгаа. Харин “С” ХК нь нэхэмжлэгчийн өмчлөлийн газар дээр барилга барьж, ашиглалтанд оруулж, худалдан борлуулж, ашиг хүртэж байхад бид орох оронгүй байсаар байгаа нь шударга бус учир ийнхүү шүүхэд хандаж байна. Иймд нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор “С” ХК нь гүйцэтгэхээс татгалзаж буй учир уг компанитай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 185 тоот Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ-нээс татгалзаж, гэрээнээс татгалзсантай холбогдуулан 80 190 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдож ажиллаж байгаа бөгөөд О.М-тай 2 талт болон 3 талт гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар иргэн О.М нь газраа бүрэн чөлөөлсөн ба төсөл хэрэгжүүлэгч компани болох “С” ХК нь мөн орон сууцаа барьж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр улсын комиссын №2016/393 тоот актаар ашиглалтад хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаандаа орон сууцаа ашиглалтад өгөөгүй гэж маргаж байгаа ба энэ нь гэрээний гуравдагч тал болох Нийслэлийн Засаг дарга үүргээ гүйцэтгээгүйтэй шууд холбоотой. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 3/31 дугаар тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.12 дахь хэсэгт заасны дагуу Нийслэлийн засаг даргын зүгээс бохир, дулаан, цахилгаан, холбоо дохиолол зэрэг дэд бүтцийн гүйцэтгэгчийг шалгаруулж, санхүүжүүлэх үүрэгтэй байсан ч өнөөдрийг хүртэл бохир, дулааны ажил хийгдээгүй ба компани өөрсдийн зардлаар бохир, дулааныг шийдэж, барилгыг ашиглалтад хүлээлгэж өгсөн. Үүний дараа мөн оны 10 дугаар сарын 30-ны өдөр 102 дугаар байрны 1 дүгээр орцны 4 давхарт 53.04 м.кв талбай бүхий 19 тоот байрыг О.М-ын эх н.Оюунд байр хүлээлгэн өгөх актаар хүлээлгэж өгсөн байдаг. Талуудын тохиролцсон талбайн хэмжээгээс 0.42 м.кв талбай дутуу байгаа энэ зөрүүг бол өгч болно. Нэхэмжлэгч орон сууц огт аваагүй гэж маргаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс өнөөдрийг хүртэл түүний ээж 8 сарын турш амьдарч байгаа. Өрөөний талбай, тооны хувьд 2 талт гэрээнд тохирохдоо 26.73 м.кв талбай бүхий 2 ширхэг 1 өрөө байр гэж тохирсон нь үнэн бөгөөд компани нь иргэдтэй 2 талт гэрээ байгуулах үедээ тухайн иргэний газар, үл хөдлөх хөрөнгийг үнэлэн нийт үнэлгээг 1 м.кв талбайн үнэ болох 1 500 000 төгрөгт хуваан талбайн хэмжээгээр иргэдтэй зөвшилцсөн байдаг. Учир нь айл бүрийн газар, үл хөдлөх хөрөнгийн хэмжээнээс шалтгаалж айл бүрийн үнэлгээ өөр, өөр байсан тул бүх айлд тохирсон байрны зураг зуруулах боломжгүй. Хэдийгээр 26.73 м.кв 1 өрөө, 2 байр гэж тохирсон ч барилгын зургаар хамгийн тохиромжтой, хамгийн бага талбайтай 1 өрөө орон сууцны талбай нь 30.56 м.кв болж батлагдсан. Тиймээс байр ашиглалтад орох үед гэрээнд заасан талбайн хэмжээтэй орон сууц байхгүй байсан ба байр ашиглалтанд орох үед нэхэмжлэгч нь БНСУ-д байсан тул түүний эх н.Оюун өөрөө хүсэлт тавьсны дагуу манай зүгээс тохиролцон зөвшөөрч, нэхэмжлэгчийн ээжид нийт талбайтай адил хэмжээтэй буюу 53.04 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг актаар хүлээлгэж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч БНСУ-аас ирснийхээ дараа гэрээнд заасны дагуу байраа авна гэсэн ба манай зүгээс ийм хэмжээтэй байр байхгүй тул 2 дугаар ээлжид ашиглалтад орох байрнаас авч болно гэдэг хариу өгсөн. Гэвч одоогийн байдлаар Нийслэлээс дэд бүтцийн ажил, санхүүжилтийг шийдэхгүй байгаа тул 2 дугаар ээлжийн байр хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна. Компанийн хувьд тохиролцож орсон байраа буцаах тохиолдолд 1 өрөө байр үлдээгүй тул дараагийн ээлжийн барилга ашиглалтад ортол хүлээвэл нэхэмжлэгчийн шаардлагыг биелүүлэх боломжтой юм. Харин нэхэмжлэгчийн шаардсан 80 190 000 төгрөгийг төлөх боломжгүй гэж үзэж байна... гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2, 274 дүгээр зүйлийн 274.1-д тус тус зааснаар хариуцагч С ХК-иас 80 190 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М-т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч О.М-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 558 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 558 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Нэхэмжлэгч гэрээнд заасан хэмжээтэй адил хэмжээний 2 өрөө орон сууцанд орж одоо ч гэсэн амьдарч байгаа үйл баримт тогтоогдоод байхад нотлох баримтад зөвхөн нэг талаас хандаж дүгнэлт хийсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлий 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Талуудын хооронд үүссэн харилцааг арилжааны гэрээ гэж шүүх дүгнэж талууд маргаагүй үйл баримтын талаар нэхэмжлэгч тодорхой эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Гэтэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т заасан харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь 2 талт гэрээнээс татгалзсан үндэслэлээ байр ашиглалтад орох хугацааг хэтрүүлсэн, гэрээ байгуулсанаас хойш 2 жил өнгөрч байхад одоо болтол өөрийн гэсэн орон гэргүй байна гэсэн байдаг. Тэгвэл 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 102 дугаар байрны 1 дүгээр орц 4 давхарт 53,04 м.кв талбайтай 19 тоот хоёр өрөө /гэрээнд заасан хэмжээнд дүйцэхүйц/ байрыг эх н.Оюуны хүсэлтээр тэдэнд хүлээлгэн өгсөн бөгөөд одоо ч уг байрандаа амьдарсаар байгаа үйл баримт шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авах үүрэгтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч байр ашиглалтанд орох үед БНСУ-д байсан тул түүний эх н.Оюун хүсэлт тавьж 2 өрөө орон сууцыг хүлээн авсан байхад шүүх үүнд бодитой зөв дүгнэлт хийсэнгүй. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2, 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасны дагуу нэг өрөө 2 орон сууцны оронд 2 өрөө /гэрээнд заасантай дүйцэхүйц м.кв талбайтай/ орон сууцыг хүлээн авснаар үүрэг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан шалтгааны нэг нь хугацаа хэтрүүлсэн гэж байгаа боловч энэ нь хариуцагчийн буруутай үйлдлээс бус 3 талт гэрээний нэг тал болох Нийслэлийн Засаг даргаас шалтгаалсан бөгөөд нөгөөтэйгүүр нэгэнт үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан байгаа тул гэрээнээс татгалзах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1, 3 талт гэрээний 6.5-д заасныг анхаарсангүй. Нэхэмжлэгч нь 3 талт гэрээний салшгүй хэсэг болсон хоёр талт гэрээнээс татгалзсан атлаа 3 талт гэрээнээс татгалзахгүй гэдэг нь ч ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч орон сууцыг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, акт үйлдсэн байдаг. Энэ хугацаанаас хойш Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн бол захиалагч хүлээн авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах боломжтой гэж заасан боловч хүлээн авсан орон сууцандаа одоо хүртэл амьдарсаар байна. Нэхэмжлэгч байраа хүлээн авснаас хойш 8 cap өнгөрсний дараа гэрээнээс татгалзах тухай хариуцагчид мэдэгдсэн нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийсэнгүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж чадаагүй, хууль буруу хэрэглэж шийдвэр гаргасан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч О.М хариуцагч “С” ХК-д холбогдуулан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээнээс татгалзаж, 80 190 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Талуудын хооронд 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 185 тоот гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 185 тоот гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээгээр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 6-93 тоотод байрлах 448 м.кв талбай бүхий газар, 97.2 м.кв талбайтай 2 ширхэг хувийн сууц үл хөдлөх эд хөрөнгийг 1 өрөө 26.73 м.кв, 80 190 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг орон сууцаар солихоор талууд харилцан тохиролцсон үйл баримт хэргийн 7-12 дугаар талд авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн дүгнэлт болжээ.

 

Хариуцагч “С” ХК гэрээ байгуулснаас хойш гэрээний үүргийг гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй, дээрх 2 ширхэг орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөөгүйгээс талуудын хооронд маргаан үүсчээ. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс хойш олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй” гэж заасан байна. Энэхүү 2014 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 185 тоот гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2.2.1-т “2015 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах”-аар заасан боловч хариуцагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буруутай тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч орон сууцны үнийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХК-иас 80 190 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.М-т олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ. Учир нь хариуцагч гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт хугацаа тогтоосон гэж үзнэ.

 

            Хариуцагч нь үүргийг ялимгүй зөрчсөн нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн давж заалдах гомдолд дурдаж байгаа “нэхэмжлэгчийн эх н.Оюуны эзэмшилд 2 өрөө орон сууц шилжүүлсэн” гэх нөхцөл байдал, хариуцагч “С” ХК, н.Оюун нарын хоорондын эрх зүйн харилцааны талаар шүүх шийдвэр гараагүй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/02130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “С” ХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 558 900 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                              ШҮҮГЧИД                                                 С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ