Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2017/02079

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 31 өдөр

      Дугаар 182/ШШ2017/02079

                  Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.С /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.Г /РД:/-т холбогдох,

 

16,640,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Моломжамц, хариуцагч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Моломжамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.С, Т.Г нар 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр харилцан тохиролцоод Тоёота ланд круйзер прадо-120 маркийн автомашиныг зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан.

Автомашины үнийн дүнг 32,000,000 төгрөгөөр тохирсон бөгөөд талууд гэрээнд заасны дагуу дээрх төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний дотор төлбөрийг төлж барагдуулахаар тохирсон.

Автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч хугацаандаа гүйцэтгээгүй нөхцөлд хоногт 0.5 хувиар бодож алдангийг худалдагч талд төлөхөөр тохиролцсон. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан боловч худалдан авагч нь автомашины төлбөрийг төлөөгүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй.

Б.Сийн зүгээс автомашины төлбөр 32,000,000 төгрөгийг төлөхийг Т.Гөөс удаа дараа шаардаж байсан боловч өнөөдөр өгнө, маргааш төлнө гэдэг тайлбарыг хэлсээр эцэстээ авто машины бичиг баримтыг шилжүүлээд өг, тэгээд ломбарданд тавиад мөнгийг чинь төлж өгнө гэх болсон.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй гэдэг нь ойлгомжтой болсон болохоор нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр автомашинаа буцааж авсан байдаг.

Үүнээс хойш хариуцагч нь автомашинаа битгий зараарай, би худалдаж авна гэж санал тавьж байсан бөгөөд нэхэмжлэгч Б.С нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөгөөр бусдад автомашинаа худалдан борлуулсан.

Т.Г нь нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас тодорхой хэмжээний хугацаа өнгөрсөн тул алданги төлөх шаардлага тавьсан боловч төлөлгүй өдийг хүрсэн учраас 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэл гаргахдаа талуудын байгуулсан гэрээний 2.2-т заасны дагуу гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги буюу  2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр автомашиныг буцаан авах хүртэл болох 78 хоногийн алданги нь 12,480,000 төгрөг болж байгаа.

Мөн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөгийг өндөр хүүтэй ч хамаагүй олоод өг, хэрэг болоод байна гэж хэлснээр Б.С нь хамт ажилладаг Дэлгэрсайхан гэдэг хүнээс 7 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй бэлнээр зээлж өгсөн байдаг.

Ингээд төлөлт хийгдэхгүй болохоор гуйж байгаад хугацааг нь 1 сарын 10 хувийн хүүтэй болгосон байдаг. Ингээд Б.С хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж 4,000,000 төгрөгийг Дэлгэрсайханд Гантөмөрийн өмнөөс өгсөн учраас энэ мөнгийг нэхэмжилсэн байгаа. Дэлгэрсайханд мөнгө төлсөн талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан.

Мөн авто машинаа буцааж авах үед буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гадна талын гэрлийг хагалсан, сэв суулгасан байсан, түүнд засвар хийлгэсэн 160,000 төгрөг, ингээд нийт 16,640,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэв.

 

Хариуцагч Т.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Миний бие 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Б.Сээс Тоёота ланд круйзер прадо-120 маркийн автомашиныг төсөл хэрэгжүүлэх ажлын шугамаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан авч хэрэглэсэн.

Ингээд автомашины төлбөр болох 32,000,000 төгрөгийг төслийн мөнгө орж ирэхээр өгөхөөр тохиролцсон. Содчимэг бол миний төрсөн дүүгийн найз бөгөөд намайг санхүүгийн ямархуу чавдартай болохыг сайн мэддэг хүүхэд байгаа. Гэтэл төслийн санхүүжилт хугацаандаа орж ирээгүй учраас мөнгийг гэрээ хийсэн хугацаанд төлж чадаагүй.

Ингээд Б.С нь автомашинаа буцаан авна гэсэн учраас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр буцааж өгсөн.

Хэрвээ автомашинаа худалдсан талаар хэлсэн бол хүний ёс зүйд нийцэх байсан байх. Гэтэл хэлэхгүй байж байгаад гэнэт өндөр дүнтэй мөнгө нэхэмжилсэн тухайд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэлж байгаад нэхэмжлэл гаргасан бол харилцан ярилцаж болох байсан байх.

Мөн бэлнээр 2,000,000 төгрөг зээлж авсан, хүүнд нь 1,000,000 төгрөг нэмж төлнө, мөн автомашиныг 2016 оны 7 дугаар сарын 29-ноос 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажлын шугамаар унаж хэрэглэсэн учраас 1,000,000 төгрөг өгнө. Мөн автомашины эвдрэлд засвар хийсэн 160,000 төгрөгийг төлнө. 

Би автомашиныг буцааж өгөхдөө Б.Сийн тавь гэсэн газар тавьсан, өөрөө уулзаж надаас автомашиныг аваагүй, яагаад өөрийн биеэр аваагүй талаар ойлгохгүй байгаа.

Б.С надаас автомашинаа буцаагаад авчихсан учраас алданги 12,000,000 төгрөг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Т.Гт холбогдуулан тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээний 2.2-т заасны дагуу алданги 12,480,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг, тээврийн хэрэгслийг засварлахад гарсан 160,000 төгрөг, нийт 16,640,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Т.Г нэхэмжлэлийн шаардлагаас алданги 12,480,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Нэг: Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээний 2.2-т заасны дагуу алданги 12,480,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд:

 

Талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдаж, 65-99 УНЗ улсын дугаартай Тоёото ланд круйзер прадо маркийн 1200009124 тоот арлын дугаартай автомашиныг 32,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, үнийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулах, худалдан авагч нь төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор талууд харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 07-нд гэрээгээ цуцалж, 65-99 УНЗ улсын дугаартай Тоёото ланд круйзер прадо маркийн автомашиныг өөрийнхөө эзэмшилд буцаан авч өөр этгээдэд худалдсан болох нь “16 оны 11 сарын 17-нд 1950 цагт буцааж авсан” гэх бичилт, талуудын тайлбар, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ” зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх хэдий ч талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан гэрээнд 32,000,000 төгрөгийг хариуцагч нь 2016 оны 9 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлөхөөр тохиролцсон байх ба энэ хугацаанд эд хөрөнгийн үнэ нэмэгдээгүй байгаас талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Хуульд заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээнд заасан эд хөрөнгө буюу 1200009124 тоот арлын дугаартай Тоёото ланд круйзер прадо маркийн 65-99 УНЗ улсын дугаартай 32,000,000 төгрөгийн үнэтэй автомашиныг үнийг төлөхөөс өмнө худалдан авагч буюу Т.Гт шилжүүлж өгсөн байх ба хариуцагч уг автомашиныг хүлээн авсан талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний 2.2-т заасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 29-нөөс автомашиныг буцаан авсан 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 78 хоногийн алдангид 12,480,000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг үндэслэн шаардаж байгаа гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан ба нэхэмжлэгч Б.Сийг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-нээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнээс татгалзсанаар талууд өгсөн авсан зүйлээ харилцан буцаадаг хуулийн зохицуулалттай учраас нэхэмжлэгчийг цуцлагдсан гэрээний үүргийн дагуу алдангид 12,480,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй гэж үзнэ.

 

Хоёр: Зээлийн гэрээний үүрэг 4,000,000 төгрөг, автомашины засварын зардал 160,000 төгрөг гаргуулах шаардлагыг хувьд

 

Нэхэмжлэгч нь өөр хүнээс 2,000,000 төгрөг зээлж авч хариуцагчид өгөөд буцаагаад хүүтэй нь хамт хадгаламжаа барьцаалж зээл аваад 4,000,000 төгрөг болгон А.Дэлгэрсайханд буцааж өгсөн учраас Т.Гөөс үүнийгээ нэхэмжилж байгаа гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.С нь А.Дэлгэрсайханаас 2,000,000 төгрөг зээлж аваад 4,000,000 төгрөг болгон буцааж өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх хэдий ч хариуцагч Т.Г нь 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр зээлж авсан талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно" гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

 

Хариуцагч нь зээлж авсан гэх 2,000,000 төгрөгтөө 1,000,000 төгрөгийн хүү өгнө, автомашиныг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр буцаан авах хүртэл унаж хэрэглэсэн учраас 1,000,000 төгрөгийг өгнө гэж тайлбарласан учраас шүүх маргаагүй үйл баримт дээр эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд уг шаардлагаас 3,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Гурав: Автомашиныг засуулахад гарсан зардал 160,000 төгрөгийг гаргуулах шаардлагын хувьд:

 

Нэхэмжлэгч Б.С нь 65-99 УНЗ улсын дугаартай Тоёото ланд круйзер прадо маркийн автомашины кузов засварт 120,000 төгрөг, хойд цацруулагч авахад 40,000 төгрөг, нийт 160,000 төгрөгийг дээрх автомашиныг засварлахад зарцуулсан болох нь хэрэгт авагдсан “Өсөх үр” ХХК, Авто плаза 23Б гэсэн нэхэмжлэх болон зарлагын баримтууд талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч уг автомашиныг засварлахад гарсан зардал 160,000 төгрөгийг нэхэмжлэгч талд төлнө гэж тайлбарласан бөгөөд талууд энэ талаар талууд маргаагүй тул шүүх маргаагүй үйл баримт дээрх эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 12,480,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Гөөс хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа 4,160,000 төгрөгийг  гаргуулж, нэхэмжлэгч Б.Ст олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                           

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч Т.Гөөс 4,160,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Содчимэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,480,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 81,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                            Х.ДАШДЭЧМАА