Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 147

 

 

Б.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02079 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т.Г-т холбогдох

 

16 640 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.С, Т.Г нар 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр харилцан тохиролцож Тоёота ланд круйзер прадо-120 маркийн автомашиныг зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Автомашины үнийн дүнг 32 000 000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд талууд гэрээнд заасны дагуу дээрх төлбөрийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцсон. Автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч хугацаандаа гүйцэтгээгүй нөхцөлд хоногт 0.5 хувиар бодож алдангийг худалдагч талд төлөхөөр тохиролцсон. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дууссан боловч худалдан авагч нь автомашины төлбөрийг төлөөгүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй. Б.С-ийн зүгээс автомашины төлбөр 32 000 000 төгрөгийг төлөхийг Т.Г-өөс удаа дараа шаардаж байсан боловч өнөөдөр өгнө, маргааш төлнө гэдэг тайлбарыг хэлсээр эцэстээ автомашины бичиг баримтыг шилжүүлээд өг, тэгээд ломбарданд тавиад мөнгийг чинь төлж өгнө гэх болсон. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй гэдэг нь ойлгомжтой болсон тул 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр автомашинаа буцааж авсан байдаг. Үүнээс хойш хариуцагч нь автомашинаа битгий зараарай, би худалдаж авна гэж санал тавьж байсан бөгөөд нэхэмжлэгч Б.С нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 30 000 000 төгрөгөөр бусдад автомашинаа худалдан борлуулсан. Т.Г нь нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас тодорхой хэмжээний хугацаа өнгөрсөн тул алданги төлөх шаардлага тавьсан боловч төлөлгүй өдийг хүрсэн учраас 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа талуудын байгуулсан гэрээний 2.2-т заасны дагуу гэрээний гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр автомашиныг буцаан авах хүртэл 78 хоногийн алданги нь 12 480 000 төгрөг болж байгаа. Мөн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 2 000 000 төгрөгийг өндөр хүүтэй ч хамаагүй олоод өг, хэрэг болоод байна гэж хэлснээр Б.С нь хамт ажилладаг н.Дэлгэрсайхан гэдэг хүнээс 7 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй бэлнээр зээлж өгсөн. Ингээд төлөлт хийгдэхгүй болохоор гуйж байгаад хугацааг нь 1 сарын 10 хувийн хүүтэй болгосон байдаг. Ингээд Б.С хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж 4 000 000 төгрөгийг н.Дэлгэрсайханд Т.Г-ийн өмнөөс өгсөн учраас энэ мөнгийг нэхэмжилсэн. н.Дэлгэрсайханд мөнгө төлсөн талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Мөн автомашинаа буцааж авах үед буюу 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гадна талын гэрлийг хагалсан, сэв суулгасан байсан, түүнд засвар хийлгэсэн 160 000 төгрөг, ингээд нийт 16 640 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хариуцагчаас гаргуулж өгнө үү...гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Б.С-ээс Тоёота ланд круйзер прадо-120 маркийн автомашиныг төсөл хэрэгжүүлэх ажлын шугамаар зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан авч хэрэглэсэн. Ингээд автомашины төлбөр болох 32 000 000 төгрөгийг төслийн мөнгө орж ирэхээр өгөхөөр тохиролцсон. Гэтэл төслийн санхүүжилт хугацаандаа орж ирээгүй учраас мөнгийг гэрээ хийсэн хугацаанд төлж чадаагүй. Ингээд Б.С нь автомашинаа буцаан авна гэсэн учраас 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр буцааж өгсөн. Гэтэл хэлэхгүй байж байгаад гэнэт өндөр дүнтэй мөнгө нэхэмжилсэн тухайд хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн бэлнээр 2 000 000 төгрөг зээлж авсан, хүүд 1 000 000 төгрөг нэмж төлнө, мөн автомашиныг 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажлын шугамаар унаж хэрэглэсэн учраас 1 000 000 төгрөг өгнө. Мөн автомашины эвдрэлд засвар хийсэн 160 000 төгрөгийг төлнө. Би автомашиныг буцааж өгөхдөө Б.С-ийн тавь гэсэн газар тавьсан, өөрөө уулзаж надаас автомашиныг аваагүй, яагаад өөрийн биеэр аваагүй талаар ойлгохгүй байгаа. Б.С надаас автомашинаа буцааж авсан тул алданги 12 000 000 төгрөг нэхэмжилсэнийг хүлээн зөвшөөрөхгүй...гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар хариуцагч Т.Г-өөс 4 160 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 480 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 81 510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэрийг гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх уг шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.С, Т.Г нарын хооронд хийгдсэн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн атлаа уг гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ мэтээр хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэж үзэж байна. Нэхэмжлэлд дурдсан алдангийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тооцохоор тодорхой зааж өгсөн атал уг гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс тооцсон мэтээр шийдвэрт тусгасан нь буруу болжээ. Худалдан авагч Т.Г нь зээлээр худалдан авсан автомашины үнийг мөнгөн хэлбэрээр төлөх бодит боломжгүй нь тодорхой болсон учир өөрийн эдэлж хэрэглэж байсан автомашиныг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр сайн дураар хүлээлгэн өгч зээлийн төлбөр тооцоо дуусгасныг нэхэмжлэгч буюу худалдагч тал дангаар тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч уг шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Б.С хариуцагч Т.Г-т холбогдуулан тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээний 2.2-т заасны дагуу алданги 12 480 000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг, тээврийн хэрэгслийг засварлахад гарсан 160 000 төгрөг, нийт 16 640 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 12 480 000 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.С нь 65-99 УНЗ улсын дугаартай, 1200009124 тоот арлын дугаартай, Тоёота Ланд Круизер Прадо 0 маркийн, 2005 онд үйлдвэрлэсэн, сувдан цагаан өнгөтэй, суудлын зориулалттай, 00571031 гэрчилгээтэй тээврийн хэрэгслийг 32 000 000 төгрөгөөр худалдах, хариуцагч Т.Г тээврийн хэрэгслийн үнийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ. Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчид автомашиныг шилжүүлж өгсөн боловч тэрээр гэрээгээр тохирсон автомашины үнийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч автомашиныг буцаан авсан тул талуудын хооронд маргаан үүсчээ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс хойш олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй” гэж заасан байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр худалдахаар тохиролцсон автомашиныг буцаан авсан тул түүнийг дээрх гэрээнээс татгалзсан гэж үзэх ба гэрээнээс татгалзсанаар талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүрэгтэй, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаар хариуцагчийн гэрээгээр хүлээсэн алданги төлөх нэмэлт үүрэг мөн адил цуцлагдсан тул гэрээний дагуу алданги 12 480 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

 

            Хариуцагч нь зээлж авсан гэх 2 000 000 төгрөгтөө 1 000 000 төгрөгийн хүү өгнө, автомашиныг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр буцаан авах хүртэл унаж хэрэглэсэн учраас 1 000 000 төгрөг төлнө гэж нийт 4 000 000 төгрөг болон автомашиныг засуулахад гарсан зардал 160 000 төгрөг төлөхийг тус тус зөвшөөрсөн тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Г-өөс 4 160 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.С-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12 480 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ. Энэ талаарх шүүх хуулийг буруу хэрэглэж тайлбарласан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр худалдахаар тохиролцсон автомашинаа буцаан авсан тул тэрээр дээрх гэрээнээс татгалзсан гэж үзэх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн тул нэхэмжлэгч буюу худалдагч тал дангаар тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/02079 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 214 630 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                        

                          ШҮҮГЧИД                                         С.ЭНХТӨР

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ