Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2017/01802

 

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 27 өдөр

      Дугаар 182/ШШ2017/01802

                  Улаанбаатар хот

 

                            

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.А.С /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш.Ш ХХК /РД:/-д холбогдох,

 

Гэрээний үүрэг 431,352,000 төгрөг гаргуулах үндсэн, талуудын хооронд  байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “Ш.Ш” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Ц.Загдсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х.А.С” ХХК-ийн захирал Ч.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгонбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Ш.Ш” ХХК нь манай компанитай 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 19 дугаартай “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-г 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулж авах шатахууны хэмжээ үнэ, төлбөр хийх хугацааг тухай бүр хавсралт гэрээгээр тохирохоор болсон.

Гэрээний дагуу манай компанийн зүгээс 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 19 тоот гэрээний хавсралтаар гурван удаа шатахуун нийлүүлсэн бөгөөд хариуцагч нь тохирсон хугацаандаа төлбөрөө төлөхгүй байгаа учраас шүүхэд хандсан болохоор бид үүргийн гүйцэтгэлийг л шаардсан. Тэрнээс гэрээнээс татгалзах, цуцлах асуудлыг яриагүй.

Одоогийн байдлаар нийт авсан 159,760 литр шатахууны үнэ бүгд 287,568,000 төгрөг төлөгдөөгүй байна. Гэрээний 4.4.3-т шатахууны төлбөрийн тухайн авсан өдрөөс хойш дараа сарын 15-ны дотор төлөх, мөн гэрээний 4.4.4-т хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон.

Иймд  үндсэн төлбөр 287,568,000 төгрөг, алданги нь 244,432,800 төгрөг болж байгаа учраас алдангийг үндсэн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 143,784,000 төгрөг, нийт 431,352,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Ш.Ш” ХХК нь “Х.А.С” ХХК-тай байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 19 тоот “Шатахуун худалдах, худалдан авах” гэрээний дагуу 160 тонн шатахууныг нэгж бүрийн үнэ 1,800 төгрөгөөр тооцон 287,568,000 төгрөгийн шатахууныг худалдаж авсан үнэн.

Худалдаж авсан шатахууныг Увс аймгийн төв дээр хэрэгжсэн гудамж төслийн хүрээнд авч ашигласан бөгөөд энэ нь манай компанийн үүргээ гүйцэтгээгүй нэг үндэслэл байгаа юм.

Манай компани гудамж төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг төрийн байгууллагаас авах ёстой байсан. Гэтэл энэ санхүүжилт нь цаг хугацаандаа шилжиж орж ирээгүй, төрийн байгууллага цаг хугацаандаа зохих санхүүжилтийг хийж өгөөгүй учраас дээрх төлбөрийг төлөхөд хүндрэл үүссэн.

Гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болох ёстой байсан бөгөөд “Х.А.С” ХХК нь гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад буюу 2017 оны 01 дүгээр сард шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан.

Үүнд нэг зүйлийг ойлгохгүй байгаа юм. 2017 оны 01 дүгээр сард Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байгаа юм уу, эсхүл гэрээгээ цуцалж байгаа талаараа тайлбарладаггүй.

Эрх зүйн үр дагаврууд өөр өөр байдаг учраас ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэдэг нь тодорхой харагдахгүй байгаа юм. Бид бол шүүхэд хариу тайлбараа өгөөд явсан. Нэгэнт шатахуун худалдаж авсан тул төлбөрөө төлөх нь зүй ёсны хэрэг, нэхэмжлэгч талыг ойлгож байна. Гол нь алдангийн асуудлыг давхар тавьсан байдаг.

Мөн нэхэмжилсэн үнийн дүн зөрүүтэй байгаад байгаа бөгөөд гэрээнд 270,000,000 төгрөг гэсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүн нь 287,568,000 төгрөг байгаа учраас 17,000,000 төгрөгийн зөрүү үүсэж байгаа. Гэхдээ манай хувьд 287,568,000 төгрөгийн хувьд огт маргахгүй байгаа.

Хамгийн гол нь төрийн байгууллагын санхүүжилт орж ирээгүйгээс болж бид үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй, мөн алдангийн асуудал бол цэвэр хариуцлагын асуудал бөгөөд хуульд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангах аргад тооцогддог, гэтэл гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан учраас 143,784,000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

“Ш.Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ихбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Ш.Ш” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Х.А.С” ХХК-тай “Шатахуун худалдах, худалдан авах” гэрээ байгуулж нийт 160 тн дизелийн түлшийг худалдан авсан.

Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 19 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг нь гэрээний нэг тал нь нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулгасан, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч талдаа хохиролтой хийгдсэн хүчин төгөлдөр бус заалт байна.

Мөн “Х.А.С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас харахад шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх эрхгүй, гүйцэтгэх удирдлагын хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх нь дуусгавар болсон гэж үзэхээр байна.

Учир нь “Х.А.С” ХХК нь хуулийн этгээд буюу компани байгаа бөгөөд хуулийн этгээдийн хувьд үйл ажиллагаа нь компанийн тухай хуулиар зохицуулагдаж явах ёстой.

Шүүхэд гаргаж өгсөн баримтаар энэхүү компани нь 3 гишүүнтэй байгаа. Компанийн тухай хуулийн 59-д зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаа заавал хуралдуулаагүй бол гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 59.6-д “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна” заасан байгаа.

Тийм учраас Иргэний хуулийн 56.1.8 дахь заалтаар Гантулга захирал гэрээ хэлцэл байгуулах бүрэн эрх нь дуусгавар болсон байна. Улсын бүртгэлийн байгууллагаас уг компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хуралдуулж байсан эсэх талаар огт баримт ирээгүй, энэ талаарх нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангаагүй.

Тэгэхээр зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ хэлцэл гэж үзсэн учраас Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 19 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

Шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 гэж бичихийг 56.1.9 гэж техникийн алдаа гаргасан байна гэдгээ хэлмээр байна. Ингээд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

 

“Х.А.С” ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгонбаяр шүүхэд болон хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: “...Нэхэмжлэгч бол шатахуун нийлүүлэх үүргээ биелүүлсэн, гэрээний нэг тал нөгөөдөө тэгш бус нөхцөл тулгасан гэж үзэн сөрөг нэхэмжлэл гаргасан байгааг зөвшөөрөхгүй.

Харин ч бид хариуцагчийг төлбөрөө төлөөгүй байхад нь ихээхэн хэмжээний шатахуун өгсөн нь ихээхэн итгэл үзүүлсэн, давуу байдал олгосон, ямар ч хохиролгүй гэрээ байгуулсан гэж үзэж байна.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хуулийн 56.1.9-д зааснаар тодорхойлсон байдаг. Үүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч нь үйл ажиллагааны үндсэн зорилгоо зөрчиж хийсэн зүйл байхгүй, тусгай зөвшөөрлүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Мөн манай компани үүсгэн байгуулагдсан цагаас үүсгэн байгуулагч буюу хөрөнгө оруулагч, удирдагч нь Ч.Гантулга байгаа бөгөөд 2016 онд охин Г.Саруул, хүү Г.Эрдэнэтулга нар нь гишүүнээр нэмэгдэж орсон ба компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь захирал Ч.Гантулга хэвээрээ байгаа.

Энэ талаар ямар нэг өөрчлөлт өнөөдрийг хүртэл ороогүй учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х.А.С” ХХК нь хариуцагч “Ш.Ш” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг 287,568,000 төгрөг, алданги 143,784,000 төгрөг, нийт 431,352,000 төгрөг гаргуулах,

Хариуцагч “Ш.Ш” ХХК нь “Х.А.С” ХХК-д холбогдуулан 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Хариуцагч “Ш.Ш” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 143,784,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй,

 

“Х.А.С” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбарыг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Нэг: “Ш.Ш” ХХК-д холбогдох гэрээний үүрэг 287,568,000 төгрөг, алданги 143,784,000 төгрөг, нийт 431,352,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд:

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээний хугацаа дуусаагүй байхад шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан учраас алдангийг зөвшөөрөхгүй, гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан, гэрээнээс таталзаж байгаа нь тодорхойгүй гэж маргасан.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд талуудын байгуулсан гэрээний Хавсралт №1 гэсэн баримтаас үзэхэд хариуцагч нь худалдан авсан шатахууны үнийн дүн буюу төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэхэд нэхэмжлэгч талд төлж барагдуулахаар тохиролцсон учраас нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусахаас өмнө төлбөрөө нэхэмжилснийг шүүх буруутгах боломжгүй бөгөөд энэ тохиолдолд гэрээнээс татгалзах, цуцлах талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Өөрөөр хэлбэл “Х.А.С” ХХК нь “Ш.Ш” ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 19 дугаартай “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, мөн өдрөө талууд “Нийлүүлэх шатахууны нэр төрөл, тоо хэмжээ”-г тохирсон хавсралтыг үйлдэж гарын үсэг зурж, эрх бүхий этгээдүүд тамга дарж баталгаажуулсан байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хавсралтаар нэхэмжлэгч нь 150,000 литр дизелийн түлшийг 1 литрийг нь 1,800 төгрөгөөр худалдан авахаар хариуцагч “Ш.Ш” ХХК-тай тохиролцож, нийт 270,000,000 төгрөгийн төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч талд нийт 150,000 литр, 270,000,000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг нийлүүлэх буюу худалдах үүргээ хэрэгжүүлж, 2016 оны 7 дугаар сарын 07-нд 57,360 литр, 46,250 литр, 56,450 литр, нийт 160,060 литр дизелийн түлшийг хариуцагч талд нийлүүлсэн байна.

 

Хариуцагч нь гэрээний хавсралтад заасан дизелийн түлшийг 2016 оны 7 дугаар сарын 11-нд 57,360 литр, 2016 оны 7 дугаар сарын 13-нд 46,250 литр, 2016 оны 7 дугаар сарын 16-нд 56,450 литрээр тус тус хүлээн авсан байх бөгөөд нийт 287,568,000 төгрөгийн төлбөрийг төлөхийн хувьд маргаагүй учраас үнийн дүнгийн зөрүүгийн талаар шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т “шатахууны төлбөрийг Хавсралтаар тохирсон хугацаанд бүрэн төлж барагдуулсан байна”, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т “Худалдан авагч нь худалдан авсан шатахууны төлбөрийг заасан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлнө” гэж тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт үнийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан бөгөөд хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 287,568,000 төгрөгөөс /287,568,000 төгрөг х 0.5 % = 1,437,840 төгрөг х 170 хоног = 244,432,800 төгрөг/ хэтэрсэн байх тул хуульд заасны дагуу алдангид 143,784,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлагыг буруутгах боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь гэрээний үүргээ тогтоосон хугацаанд биелүүлээгүй учраас нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу алдангид 143,784,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг ба хариуцагч нь татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Ийм учраас хариуцагч “Ш.Ш” ХХК-иас үндсэн төлбөр 287,568,00 төгрөг, алданги 143,784,000 төгрөг, нийт 431,352,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х.А.С” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хоёр: 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн хувьд:

 

“Ш.Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Х.А.С” ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нь хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх нь дуусгавар болсон байхад гэрээ байгуулсан нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д заасныг зөрчсөн учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалт нь хүчин төгөлдөр бус хэлцэл, мөн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх эрхгүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Монгол улсын Уул уурхайн яамнаас 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “Бүх төрлийн шатахууны бөөний худалдаа эрхлэх” 92 дугаартай “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг 3 жилийн хугацаатай /хх-ийн 72 х/ “Х.А.С” ХХК-д олгосон байх ба дахин 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 40 дугаартай Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг 3 жилийн хугацаатай /хх-ийн 71 х/ тус тус олгосон байна.

 

Дээрх баримтаас үзэхэд “Х.А.С” ХХК-ийг шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх эрхгүй хуулийн этгээд гэж үзэх боломжгүй юм.

 

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор зарлан хуралдуудна” гэжээ.

 

“Х.А.С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь санхүүгийн жил дууссанаас хойш буюу 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хуралдсан болох нь хэрэгт авагдсан “Х.А.С” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаартай “Дүрэмд өөрчлөлт оруулах, шинээр гишүүн оруулах хурлын тогтоол”, мөн өдрийн хуралдааны тэмдэглэл /хх-ийн 93, 94, 95 х/ зэргээр тогтоогдож байна.

 

Компанийн гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох эрх нь Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамаарах бөгөөд “Х.А.С” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээгүй, улсын бүртгэлд энэ талаар өөрчлөлт ороогүй байх тул тус компанийн 60 хувийн хувьцаа эзэмшигч буюу захирал Ч.Гантулгыг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлтэй.

 

Энэ нь хэрэгт авагдсан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн төв архивын 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 002589094 дугаартай лавлагааны хавсралт болох “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа”, 0000115265 дугаартай “Х.А.С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 68, 69, 70 х/-гээр тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар “Ш.Ш” ХХК-ийн “Х.А.С” ХХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Өөрөөр хэлбэл  Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн бүрэн эрх нь дуусгавар болсон өдрөөс хойш байгуулсан гэрээ, хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна” гэсэн зохицуулалтад “Ш.Ш” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага хамаарахгүй байна.

 

Иймд “Х.А.С” ХХК-д холбогдох 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “Ш.Ш” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Мөн талууд хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 19 дугаартай “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-ний 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэхүү гэрээгээр үүссэн маргааныг харилцан зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Эс шийдвэрлэгдвэл маргааныг худалдагчийн оршин байгаа газрын харьяалах шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тохиролцсоны дагуу хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:  

                                                                          

1.Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар 232.6-д зааснаар хариуцагч “Ш.Ш” ХХК-иас 431,352,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х.А.С” ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Х.А.С” ХХК-д холбогдох 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн “Шатахуун худалдах, худалдан авах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “Ш.Ш” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Х.А.С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,314,710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,314,710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, “Ш.Ш” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 879,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2017/02737 дугаартай шүүгчийн захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

 

5.Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэрийг гүйцэтгэх албанд даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                           Х.ДАШДЭЧМАА