Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2345

 

 

 “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01802 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ш” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 431 352 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн шатахуун худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...”Ш” ХХК нь манай компанитай 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 19 дугаартай шатахуун худалдах, худалдан авах гэрээг 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулж авах шатахууны хэмжээ үнэ, төлбөр хийх хугацааг тухай бүр хавсралт гэрээгээр тохиролцсон. Гэрээний дагуу манай компанийн зүгээс 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 19 тоот гэрээний хавсралтаар гурван удаа шатахуун худалдан авсан бөгөөд тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Одоогийн байдлаар нийт авсан 159,760 литр шатахууны үнэ 287 568 000 төгрөг төлөгдөөгүй байна. Гэрээний 4.4.3-т шатахууны төлбөрийн тухайн авсан өдрөөс хойш дараа сарын 15-ны дотор төлөх, мөн гэрээний 4.4-т хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Иймд үндсэн төлбөр 287 568 000 төгрөг, алданги нь 244 432 800 төгрөг болж байгаа учраас алдангийг үнийн дүнгийн 50 хувиар тооцож 143 784 000 төгрөг, нийт 431 352 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Ш” ХХК нь “Х” ХХК-тай байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 19 тоот шатахуун худалдах, худалдан авах гэрээний дагуу 160 тонн шатахууныг нэгж бүрийн үнэ 1 800 төгрөгөөр тооцон 287 568 000 төгрөгийн шатахууныг худалдаж авсан. Худалдаж авсан шатахууныг Увс аймгийн төв дээр хэрэгжсэн гудамж төслийн хүрээнд авч ашигласан бөгөөд энэ нь манай компанийн үүргээ гүйцэтгээгүй нэг л үндэслэл байгаа. Манай компани гудамж төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг Хөгжлийн банкиар дамжуулан төрийн байгууллагаас авах ёстой байсан. Гэтэл энэ санхүүжилт нь цаг хугацаандаа шилжиж орж ирээгүй, төрийн байгууллага цаг хугацаандаа зохих санхүүжилтийг хийж өгөөгүй учраас дээрх төлбөрийг төлөхөд хүндрэл үүссэн. Гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр дуусгавар болох ёстой байсан бөгөөд “Х” ХХК нь гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад буюу 2017 оны 01 дүгээр сард шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. 2017 оны 01 дүгээр сард Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж байгаа юм уу, эсхүл гэрээгээ цуцалж байгаа талаараа тайлбарладаггүй. Эрх зүйн үр дагаврууд өөр өөр байдаг учраас ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь тодорхой харагдахгүй байна. Нэгэнт шатахуун худалдаж авсан тул төлбөрөө төлнө. Нэхэмжилсэн үнийн дүн зөрүүтэй байгаа бөгөөд гэрээнд 270 000 000 төгрөг гэсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүн нь 287 568 000 төгрөг байгаа учраас 17 000 000 төгрөгийн зөрүү үүсэж байгаа боловч манай компанийн хувьд 287 568 000 төгрөгийн хувьд огт маргахгүй байна. Төрийн байгууллагын санхүүжилт орж ирээгүйгээс болж бид үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй. Гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан учраас 143 784 000 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Ш” ХХК нь 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Х” ХХК-тай шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулж нийт 150 тн дизелийн түлшийг худалдан авсан. Талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 19 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэг нь гэрээний нэг тал нь нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулгасан, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч талдаа хохиролтой хийгдсэн хүчин төгөлдөр бус заалт байна. Мөн “Х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараас харахад шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх эрхгүй, гүйцэтгэх удирдлагын хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх нь дуусгавар болсон гэж үзэхээр байна. “Х” ХХК нь хуулийн этгээд буюу компани байгаа бөгөөд хуулийн этгээдийн хувьд үйл ажиллагаа нь компанийн тухай хуулиар зохицуулагдах ёстой. Шүүхэд гаргаж өгсөн баримтаар энэхүү компани нь 3 гишүүнтэй байгаа. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаа заавал хуралдуулаагүй бол гүйцэтгэх захирлын бүрэн эрх дуусгавар болж байгаа юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Ч.Гантулга захирал гэрээ хэлцэл байгуулах бүрэн эрх нь дуусгавар болсон. Улсын бүртгэлийн байгууллагаас уг компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хуралдуулж байсан эсэх талаар огт баримт ирээгүй, энэ талаарх нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангаагүй. Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэрээ хэлцэл гэж үзсэн учраас Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 19 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 гэж бичихийг 56.1.9 гэж техникийн алдаа гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Нэхэмжлэгч бол шатахуун нийлүүлэх үүргээ биелүүлсэн, гэрээний нэг тал нөгөөдөө тэгш бус нөхцөл тулгасан гэж үзэн сөрөг нэхэмжлэл гаргасан байгааг зөвшөөрөхгүй. Хариуцагчийг төлбөрөө төлөөгүй байхад нь их хэмжээний шатахуун өгч итгэл үзүүлсэн, давуу байдал олгосон, ямар ч хохиролгүй гэрээ байгуулсан гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар тодорхойлсон байдаг. Үүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч нь үйл ажиллагааны үндсэн зорилгоо зөрчиж хийсэн зүйл байхгүй, тусгай зөвшөөрлүүд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн манай компани үүсгэн байгуулагдсан цагаас үүсгэн байгуулагч буюу хөрөнгө оруулагч, удирдагч нь Ч.Гантулга бөгөөд 2016 онд охин Г.Саруул, хүү Г.Эрдэнэтулга нар нь гишүүнээр нэмэгдэж орсон ба компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь захирал Ч.Гантулга хэвээрээ байгаа. Энэ талаар ямар нэг өөрчлөлт өнөөдрийг хүртэл ороогүй учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.1, 232 дугаар 232.6-д зааснаар хариуцагч “Ш” ХХК-иас 431 352 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Х” ХХК-д холбогдох 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн шатахуун худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “Ш” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 314 710 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 314 710 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Ш ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 879 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШЗ2017/02737 дугаартай шүүгчийн захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж,

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэрийг гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.И давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь "шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх" хуулийн шаардлагыг хангаагүй. Анхан шатны шүүх нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримтын бүрдүүлбэр хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч "Х" ХХК нь "Ш" ХХК-тай байгуулсан гэрээний ерөнхий хугацаа дуусгавар болоогүй байхад буюу 2017 оны 01 дүгээр сард гэрээг цуцалж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ гэрээг цуцлахдаа гэрээг цуцлах процесс, хуулиар тогтоосон журмын талаарх зохицуулалт Иргэний хуулийн 204, 205, 221, 225, 227 дугаар зүйл байхад эдгээр зохицуулалтыг хэрэглээгүйгээс эрх зүйн хувьд бүрэн дүүрэн дүгнэлт өгч чадаагүй гэж үзэж байна. Мөн гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог байхад гэрээний үүрэг болох анзыг шүүх гаргуулж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа юм. "Х" ХХК нь нэг жилийн хугацаатай байгуулсан гэрээгээ цуцлах талаарх мэдэгдлийг гэрээний хугацаанд нөгөө талдаа огт мэдэгдэж байгаагүй. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгч энэ талаарх нотлох баримт байгаа эсэхийг нэхэмжлэгч талаас асуухад "байхгүй" гэсэн тайлбарыг өгч байсан. Алданги төлөх явдал нь үүргийн гүйцэтгэлийг зөрчсөний үр дагавар болж үүргийн гүйцэтгэлийг хангах хууль зүйн арга байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч компани үүргийн гүйцэтгэлийг зөрчөөгүй, гэрээний үндсэн хугацаа дуусгавар болоогүй байхад нэхэмжлэгч компани гэрээг цуцлах шаардлагыг шүүхэд гаргасныг шүүх анхаарч үзээгүй.

Нэхэмжлэгч "Х" ХХК нь "Ш" ХХК-тай байгуулсан гэрээндээ маргаан гарсан тохиолдолд худалдагчийн оршин суугаа газрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэж хоёр тал шүүхийн харьяаллыг хуульд заасны дагуу тохиролцсон байдаг. Хариуцагчийн зүгээс уг иргэний хэрэг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжиж ирэх үед хариуцагчийн зүгээс шүүхийн харьяалал зөрчигдөж байгааг шүүгчид сануулан, энэ талаарх нотлох баримтыг хүсэлтийн хамт шүүхэд гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. "Х" ХХК нь Чингэлтэй дүүрэгт байрлаж үйл ажиллагаа явуулдаггүй, харин Сонгинохайрхан дүүрэгт байрлаж үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Хариуцагч "Ш" ХХК нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасны дагуу тодорхой баримтад үзлэг хийлгэх, нотлох баримтыг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулан авах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 431 352 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн шатахуун худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч "Х” ХХК нь 150 000 литр дизель түлшийг 1 литрийг 1 800 төгрөгөөр тооцож, 270 000 000 төгрөгийн дизель түлшийг хариуцагч "Ш" ХХК-д нийлүүлэх, тус компани 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор үнийг төлөхөөр тохиролцсон нь уг гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаангүй байна. Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар хийсэн дүгнэлт зөв байв.

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 57,360 литр, 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 46,250 литр, 2016 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 56,450 литр дизель түлшийг хариуцагчид нийлүүлж гэрээний үүргээ гүйцэтгэсэн болох нь хэргийн 9-11 дүгээр талд авагдсан “ШТМ-ын зарлагын падаан” болон зохигчдын тайлбараар нотлогджээ.

 

Дээрх худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгчийн нийлүүлсэн дизель түлшний үнэ 287 568 000 төгрөгийг хариуцагч хугацаанд нь гүйцэтгээгүй талаар талуудын  хэн аль нь маргаагүй, харин хариуцагч нь гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэл гаргасан тул алдангийг төлөхгүй гэж маргасан байна.

 

Анхан шатны шүүх худалдах худалдан авах гэрээний үүрэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас дизель түлшний үнэ 287 568 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнийг буруутгах боломжгүй.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан шатахуун худалдах, худалдан авах гэрээний 4.4-т “худалдан авагч нь худалдан авсан шатахууны төлбөрийг нэхэмжлэлд заасан хугацаанд барагдуулаагүй тохиолдолд хоног тутамд төлөгдөөгүй үний дүнгийн 0,5 хувиар алданги төлөх”-өөр тохиролцсоны дагуу анхан шатны шүүх алданги тооцохдоо 244 432 800 төгрөгийн 50 хувь 143 784 000 төгрөгийн алдангийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч “Шинжиан шинфа” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 287 568 000 төгрөг, алданги 143 784 000 төгрөг, нийт 431 352 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нь “компанийн гүйцэтгэх удирдлага нь хууль болон компанийн дүрмээр тогтоосон бүрэн эрх нь дуусгавар болсон байхад гэрээ байгуулсан” гэх үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

 

“Х” ХХК-ийг 1996 онд Ч.Гантулга үүсгэн байгуулсан бөгөөд уг компани 3 гишүүнтэй, компанийг үүсгэн байгуулсанаас хойш Ч.Гантулга тус компаний гүйцэтгэх удирдлага буюу захирлаар ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Иймд Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсэгт заасан компанийн гүйцэтгэх удирдлагын бүрэн эрх дуусгавар болсон гэх хариуцагчийн тайлбар хэргийн баримтаар тогтоогдоогүй тул 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн шатахуун худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Зохигчид “2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн шатахуун худалдах, худалдан авах гэрээгээр 159 760 литр шатахуун худалдсан, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор уг шатахууны төлбөрийг төлөх, хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцох”-оор тохиролцсон нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хэлцэл хийсэн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Талууд худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гэрээний үүргийн хариуцлага болох алдангийг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт тохиролцсон нь хууль зөрчөөгүй тул нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулгасан, уг нөхцлийг хүлээн зөвшөөрөгч талдаа хохиролтой хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх боломжгүй.

 

Түүнчлэн, талуудын хооронд 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан 19 тоот шатахуун худалдах, худалдан авах гэрээний 4.4 дэх заалт нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүх хуулийг буруу тайлбарласан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2017/07434 дүгээр захирамж хэргийн 141-142 дугаар талд авагдсан ба нэхэмжлэгч компанийн ээлжит бус хурал хийсэн талаар нөхцөл байдал, уг баримтад үзлэг хийлгэх тухай хүсэлт нь гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд шууд хамааралгүй тул дээрх хүсэлтийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийн харьяалал зөрчсөн эсэх асуудал нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шууд үндэслэлд хамаарахгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2017/01802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 876 870 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         Б.НАРМАНДАХ

 

                                                                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ