Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2017/01862

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 06 өдөр

      Дугаар 182/ШШ2017/01862

                   Улаанбаатар хот

 

    

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Б /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Б.Д.Т.Х төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарсүрэн, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ, Н.Хандмаа, гэрч Т.Лхагвабат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Огторгуй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “...Миний бие 2016 оны 11 дүгээр сард Т.Бын олгосон итгэмжлэлийн үндсэн дээр түүний нэрийн өмнөөс Т.Лхагвабат, П.Баттөр нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр төрөхийн хашаанд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн 8996 дугаартай, Улсын бүртгэлийн 3315000967 дугаартай эд хөрөнгийг худалдан авагчийг төлөөлөн худалдах, худалдан авах гэрээ хийхээр хэлцэл хийсэн юм.

Худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татварын 2 хувийг төлөх байсан боловч тухайн үед худалдагч тал уг татварыг төлөх боломжгүй тул хэлцлээр тохиролцсон төлбөрөөсөө урьдчилж төлж өгөх хүсэлт гаргасан.

Үүний дагуу Т.Лхагвабат болон П.Баттөр нарын нэрийн өмнөөс үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулсны албан татварын 2 хувь болох 36,000,000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр СБДТХ Улаанбаатар банкны 2611192233 тоот дансанд тушаасан.

Гэтэл худалдагч тал болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Т.Лхагвабат болон П.Баттөр нар хоорондоо тохиролцоогүйгээс уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаа больж худалдах, худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй, үл хөдлөх эд хөрөнгийн 8996 дугаартай Улсын бүртгэлийн 2203000967 дугаартай эд хөрөнгө болон газар эзэмших эрх худалдан авагчийн талд шилжээгүй болно.

Нэгэнт худалдан авах ажиллагаа хийгдээгүй тул тушаасан татвар болох 36,000,000 төгрөгийг буцаан авах хүсэлтийг С.Б.Д.Т.Хт миний бие болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Т.Лхагвабат болон П.Баттөр нар гаргасан боловч одоог хүртэл татварын буцаалтыг хийхгүй байна.

Иймд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр СБДТХ Улаанбаатар хотын банкны 2611192233 тоот дансанд тушаасан 36,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.Лхагвабат, П.Баттөр нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогын албан татварт дээрх иргэдийн нэрээр 36,000,000 төгрөгийг манай татварын хэлтсийн дансанд төлсөн байдаг.

Тус хэлтэст уг мөнгийг буцаан авах хүсэлт өгсөн байдаг ба холбогдох материал, татвар төлөгчийн зөвшөөрөл зэргийг хуульд зааснаар баталгаажуулан өгөхийг шаардахад дутуу материал гаргаж өгсөн.

Иймд мөнгийг буцаан олгох боломжгүй юм гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч С.Б.Д.Т.Х холбогдуулан 36,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Иргэн П.Баттөр, Т.Лхагвабат, Ж.Бямбажамц нарын хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр төрөхийн хашаанд байрлалтай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 8996 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн 2203000967 дугаарт бүртгэгдсэн 1 давхарын контор үйлдвэрлэлийн барилыг худалдах, худалдан авах хэлцэл хийхээр талууд ярилцаж байжээ.

 

Дээрх хэлцлийн дагуу нэхэмжлэгч Т.Б нь хөрөнгийн өмчлөгч Т.Лхагвабат, П.Баттөрын өмнөөс Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татварын 2 хувь болох 36,000,000 Сүхбаатар дүүргрийн Татварын хэлстийн Улаанбаатар хотын банкны 2611192233 тоот дансанд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Ю.Оюундэлгэрээр тушаалгасан байна.

 

Талуудын хоорондоо дээрх хэлцэл хийгдээгүй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр төрөхийн хашаанд байрлалтай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 8996 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн 2203000967 дугаарт бүртгэгдсэн 1 давхарын контор үйлдвэрлэлийн барилгын хууль ёсны өмчлөгч нь өнөөдрийн байдлаар иргэн Т.Лхагвабат болох нь талуудын тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Сүхбаатар дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн №11-894298 дугаартай лавлагаа,  Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн 7/8408 тоот албан бичгээр тус тус тогтоогдлоо.

 

СБДТХ 26111922333 тоот дансанд Т.Лхагвабат, П.Баттөр нар нь 36,000,000 төгрөгийг тушаагаагүй, нэхэмжлэгч Т.Б тушаасан болох нь гэрч Т.Лхагвабатын “...Тухайн үед П.Баттөр энэ хүмүүстэй юу гэж ярьж байсныг мэдэхгүй байна. Би ямар нэгэн байдлаар эд хөрөнгөө худалдах талаар яриагүй. Одоо энэ обьект дан ганц миний нэр дээр байгаа. Би СБДТХ дансанд 36,000,000 төгрөг тушаагаагүй” гэх мэдүүлэг, гэрч Ю.Оюундэлгэрийн “Санхүү эрхэлсэн дэд захирал Т.Б намайг дуудаад үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авахаар болж байгаа хоёр хүний өмнөөс мөнгө шилжүүлээтэх гэхээр нь би Лхагвабат, Баттөр нараас гээд 36,000,000 төгрөгийг Бямбажамц захирлын өмнөөс СБДТХ дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, Худалдаа хөгжлийн банкны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Орлогын ордер” дээрх мөнгө тушаагчийн гарын үсэг гэсэн хэсэг дээрх Оюундэлгэр гэсэн бичилтээр тус тус нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” мөн хуулийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан байх тул нэхэмжлэгч Т.Б нь СБДТХ 26111922333 тоот дансанд тушаасан 36,000,000 төгрөгөө хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй байна.

 

            Хариуцагч нь нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн учраас үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татварын 2 хувь болох 36,000,000 төгрөгийг буцааж өгөх боломжгүй гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т заасны дагуу хэргийн үйл баримт, гэм буруу болон татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Иймд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татварын 2 хувьд төлсөн 36,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бад олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс 36,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б /РД:ЧВ68111762/-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Т.Бын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 337,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дугаар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэрийг гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Х.ДАШДЭЧМАА