Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2570

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/01995 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М” ХХК,

Хариуцагч Ө.С-д холбогдох,

 

6 093 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Ө.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанцогт, Н.Мөнхбаатар,

Хариуцагч Ө.С, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанцогт, Н.Мөнхбаатар нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК-ийн нягтлан бодогч ажилтай Ж.Баасанцогт миний бие нь 2015 оны хавар нөөцийн мах борлуулж байхдаа Хүчит шонхор захын махны ченж Ө.С-д мах бөөндөж, төлбөрийг тухай бүрт, эсвэл маргааш нь авах замаар борлуулалт хийдэг байсан. Ингээд Ө.С-тай утсаар ярьж тохиролцсоны дагуу найз Т.Энхсайханаар хүргэлт хийлгүүлж, 2015 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд хонь, ямааны гулууз мах нийт 1.160,5 кг буюу 6 176 000 төгрөгийн мах нийлүүлсэн. Үүнээс жингийн зөрүү гарч, тээврийн зардал 67 000 төгрөг гарсныг Ө.С төлсөн. Ө.С нь махны үнэ 6 093 000 төгрөгийг төлөхгүй байна.

Тухайн үед Ө.С нь борлуулалтын орлогыг маргааш тушаана гэж утсаар ярьж тохиролцон, худалдан авалт хийсэн. Гэвч тэрээр ярьсан хугацаандаа төлбөрөө тушаагаагүй, махны мөнгийг шаардахаар өгнө гэдэг ба сүүлдээ н.Нямхүү, н.Бямбасүрэн гэсэн хүмүүст танай махыг нийлүүлсэн гэх тайлбарыг өгдөг болсон. Тухайн үед махыг тээвэрлэн очсон хүмүүс, Т.Энхсайхан, О.Бямбасүрэн нар нь Ө.С-д махыг хүлээлгэн өгсөн байдаг юм. Иймд Ө.С-аас 6 093 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Миний бие нь Бааска гэж дууддаг залууг зүс таньдаг байсан. Намайг “М” ХК-ийн борлуулагчаас мах авч байхад ирж уулзаад “...махны борлуулалт муу байна, их хэмжээгээр мах авдаг газар байна уу...” гэж асуухад нь зочин бууз, бродвейгийн бэлтгэн нийлүүлэгч н.Бямбасүрэн, н.Нямхүү нарыг зааж өгөөд мөнгө нь уддаг юм гэж хэлсэн. Бодвол тэд хоорондоо утсаар холбогдсон байх.

Миний хувьд “М” ХХК-ийн борлуулагч Ж.Баасанцогтоос дээрх хэмжээний махыг хүлээн аваагүй. Урьд өмнө нь мах авч байсан бөгөөд бидний хоорондын тооцоо дууссан. Хамгийн сүүлд 3 000 000 төгрөгийг О.Бямбасүрэнгээр дамжуулж өгсөн. Харин хэзээ гэдгийг санахгүй байна. Ж.Баасанцогт нь автомашины хөлс өгөх хэрэгтэй байна гэхээр нь 34 000 төгрөг зээлдүүлсэн. Мах нь Нарантуул-2 захад буусан байсан. Намайг Хүчит шонхор захын 2 дугаар павилонд байж байхад танихгүй хүн мөнгө ирж авсан. Үүнээс өөр зүйл мэдэхгүй.

Миний бие хожим нь цагдаагийн байгууллагаар н.Нямхүү, н.Бямбасүрэн нарыг шалгуулж байхад, Ж.Баасанцогт мөнгөө хамт нэхэмжлэе гэсэн. Ингээд миний бие өөрийн мөнгө болох 16 000 000 төгрөг болон тэдний мөнгийг нийлүүлж, нийт 22 900 000 төгрөгийн хохирол нэхэмжилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан. Эрүүгийн хэрэг нь Өршөөлийн хуульд хамрагдсан. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад Ж.Баасанцогт нь н.Бямбасүрэнтэй уулзаж, падаанаа тулгаж, гарын үсэг зуруулж байсан. Тэд н.Шинэтулга байцаагчийн хажууд хоорондоо тохиролцсон тул 6 000 000 төгрөгөө авсан байх.

Дараа нь би шүүхэд нэхэмжлэл гаргаж, 22 900 000 төгрөг нэхэмжилсэн боловч, “М” ХХК-ийн мөнгийг тохиролцсон учраас чиний 16 000 000 төгрөгт тохирно. Мөнгийг өгсөн гэсэн учраас 16 000 000 төгрөг авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд нэхэмжилж байгаа махны үнэ надад хамааралгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. “М” ХХК-ийн нийлүүлсэн гэх махыг хүлээн аваагүй, өөрт хамааралгүй гэдгийг нотлохын тулд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн акт, Хүчит шонхор ХХК-д махны 2 дугаар павилон ажиллуулдаг тухай тодорхойлт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн захирамж зэргийг нотлох баримтаар гарган өгч байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ө.С-аас 6 093 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112 438 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ө.С-аас 112 438 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ө.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх шийдвэртээ “...“М” ХХК-иас 2 удаагийн нийлүүлэлтээр нийлүүлсэн махыг хариуцагч Ө.С-д хүлээлгэн өгсөн талаар мэдүүлсэн гэрч Т.Энхсайханы мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баасанцогтын “Ө.С-тай утсаар ярилцан тохиролцсоны дагуу махыг нийлүүлсэн”   гэх   тайлбарыг   хариуцагч   баримтаар   үгүйсгээгүй, хариуцагч татгалзалтай холбоотойгоор “Хүчит шонхор” ХХК-ийн лабораторын 2015 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн, мөн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн акт, “Хүчит шонхор” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн тодорхойлолт, ЧД-ийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст “С.Нямхүүд холбогдуулан өргөдөл гаргаж байсан” талаарх 2016/062 0007173 тоот бүртгэлийн баримтуудыг гарган өгч байгаа боловч шүүхээр хянан хэлэлцэгдэж буй тухайн маргаанд ач холбогдол бүхий баримт гэж үзэх боломжгүй байна...” гэжээ. Өөрөөр хэлбэл, шүүх хэт нэг талыг баримталсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

“Max Маркет” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэлдээ 2015 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдөр хонь, ямааны нийт 1 160.5 кг буюу нийт 6 176 000 төгрөгийн махны нийлүүлэлтийг хийсэн, ...тухайн үед махыг хүлээлцэхэд тээвэрлэж очсон жолооч болон гэрч Т.Энхсайхан, О.Бямбасүрэн гэсэн хүмүүс Ө.С-ийн хамт Хүчит шонхор зах дээр 2015 оны 06 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд “M” ХХК-иас ачуулсан махыг хүлээлцэж авсан...” гэжээ.

Гэтэл гэрч Т.Энхсайхан нь мэдүүлэгтээ “...махыг Нарантуул зах дээр хүргэж өгсөн, ямар лангууг мэдэхгүй…” гэсэн нь хууль сануулсаар байхад худал мэдүүлэг өгснийг нотолж байх бөгөөд миний бие “Хүчит шонхор” зах дээр махны наймаа эрхэлдэг болохоос Нарантуул зах дээр огт очиж байгаагүй, очдоггүй болохоо “Хүчит шонхор” ХХК-ийн тодорхойлолт болон халдваргүйжүүлэлтийн актаар нотлуулахаар өгсөн бөгөөд нэхэмжлэгч талын гаргасан “M” ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдрийн баримтууд нь мах өгснийг нотолсон биш Ж.Баасанцогтын компаниас махаа авсныг л нотолсон баримт байхад шүүх түүний авсан махыг надад өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийн, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Ө.С-аас нийлүүлсэн махны үнэ 6 093 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч,  махыг хүлээж аваагүй гэж маргажээ.

Зохигчдын тайлбар, хэргийн баримтаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн ажилтан Ж.Баасанцогт нь 2015 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд хариуцагч Ө.С-д 6 093 000 төгрөгийн үнэ бүхий махыг нийлүүлсэн нь тогтоогдож байх бөгөөд шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв байна.

Хариуцагч Ө.С нь М ХХК-ийн ажилтан Ж.Баасанцогтоос 2015 оны 6 дугаар сард мах авч борлуулж байснаа үгүйсгээгүй ба махыг авахдаа баримт үйлддэггүй, тооцоог борлуулсны дараа хийдэг байсан талаар тайлбарлажээ.

Ө.С-ийн  махны үнэ гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Нямхүү 16 000 000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрснийг баталсан шүүгчийн 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/05865 дугаар захирамж /хх 41/ хэрэгт авагдсанаас үзвэл 2015 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох хугацаанд мах авч борлуулж байсан талаар тусгагджээ.

Ж.Баатарцогтоос  Ө.С-д борлуулсан махыг 2015 оны 06 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд хүргэж өгснөө гэрч Т.Энхсайхан мэдүүлсэн, мөн өдөр Ө.С нь 34 000 төгрөгийг Ж.Баатарцогтод өгснөө зээлдүүлсэн гэх боловч нэхэмжлэгч тээврийн хөлс авсан гэжээ.

Хэргийн дээрх нөхцөл байдал, баримтыг харьцуулан үнэлбэл Ж.Баатарцогтын нэхэмжлэл үндэслэлтэй байх бөгөөд махыг н.Бямбасүрэнгээр тээвэрлүүлэн хүргүүлж, хүлээлгэн өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч Ө.С няцаасан баримт гаргаагүй байна. Нэхэмжлэгчээс гаргасан “Хүчит шонхор” захын тодорхойлолт, ариутгал хийсэн тухай тасалбар нь маргааны үйл баримтад хамааралтай, ач холбогдол бүхий баримт биш байна.  

Иймд хариуцагчийг татгалзлаа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй,  шүүх нотлох баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хангаж, хэргийг зөв шийдвэрлэсэн байна.  

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2017/01995 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 112 438 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                             Д.БАЙГАЛМАА

                                                                                      А.ОТГОНЦЭЦЭГ