Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 1019

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/00759/и

     Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, 7 дугаар баг, өөрийн байр, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: M- ХК-д холбогдох

 

Татварын өр 21.482.033 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч нар оролцов.

           

                                                                                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М-нь татварын бүртгэлийн 1901120125001 тоот татвар төлөгчийн дугаар авч 4260139 регистртэй 2012 онд Төрөлжсөн бус барааны бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. Тус компани нь 2016 оны татварын тайлангаар үүссэн НӨАТ-ын 5.009.812 төгрө, ААНОАТ-ын 106.214.60 төгрөг мөн Татварын улсын байцаагчийн актаар нөхөн ногдуулсан НӨАТ 12.548.585 төгрөг, хүү торгуулийн 3.802.221 төгрөгийн татварын өртэй байна. Дээрх өрийг барагдуулахын тулд Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэх хуудас гардуулах, дансыг нь хаах мөн эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа зэрэг шат дараалсан арга хэмжээ авч ажиллахдаа мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажилласан байтал өнөөдрийг хүртэл барагдуулахгүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд зааснаар тус компаниас тайлангаар ногдуулсан 21.466.833 төгрөгийн татварын өрийг гаргуулах, компанийн эд хөрөнгийг битүүмжлэх, нэхэмжлэлтэй холбогдож гарсан бичиг хэргийн зардал болох 15200 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргац цэцэн уул ХХК-ийн зүгээс нэмэгдсэн өртгийн албан татвар, аж ахуй нэгжийн орлогын албан татварыг төлнө гэж байсан боловч санхүүгийн байдлаас болоод  хугацаандаа татвараа төлж чадаагүй. Хүлээн зөвшөөрч байгаа 5.116.026 төгрөгийг ямар нэгэн байдлаар төлж барагдуулна. Ц-ХХКнь нөхөн төлбөрийн 12,548,585 төгрөг, торгуулийн 3,764,578 төгрөг, хүү 37,645 төгрөг, нийт 16,350,807 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаарх үндэслэлийг хэлэхэд худалдаж авсан болон зарагдсан бараа материалынхаа үнийг нэмэгдсэн өртөгийн албан татварын тайланд тусгасан байхад татвар оногдуулж байгаа үйлдэл нь хуулийн үндэслэлгүй байна. Мөн эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд ч Татварын байгууллага засаж, залруулах үүрэгтэй ба тайлангаа засахыг “Маргац цэцэн уул” ХХК-иас шахаж шаардаагүй. Монгол услын хэмжээнд Ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан. Энэ хуулийн 2 дугаар зүйлд “захиргааны хариуцлагын тухай хуулиас бүрдэнэ”, мөн хуулийн 4.3-т хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэтрүүлнэ гэж заасан байдаг. Үүнийг Аж ахуйн нэгж нь татвараа төлөхийг илэрхийлсэн бол өршөөн хэтрүүлнэ гэж тайлбарлаж болохоор байна. Нэгэнт Монгол улсын хэмжээнд дагаж мөрдсөн хуулийн дагуу Татварын хэлтэс тавьсан актандаа өөрчлөлт оруулж “Өршөөн хэтрүүлэх хууль гарсан учраас нөхөн төлбөр 12,548,585 төгрөг, торгуулийн 3,764,578 төгрөг, хүү 37,645 төгрөгийг тус тус хуулийн дагуу өршөөн хэлтрүүлж байна. Манай зүгээс тавьсан актандаа өөрчлөлт оруулъя та нар бусад татвараа төл” гэсэн байдлаар татварын актанд өөрчлөлт оруулах ёстой байсан. Ц-ХХКнь Өршөөн хэтрүүлэх хууль гарсан тул татварын хэлтсийн тавьсан актанд гомдол гаргаагүй. Гэтэл Татварын хэлтэс нь Өршөөн хэтрүүлэх тухай хуулийг хэрэглэхгүй, буруу хэрэглэж байгаа учраас өнөөдөр ийм байдал хүрлээ. Ц-ХХКнь нөхөн төлбөрийн 12,548,585 төгрөг, хүү 37,645 төгрөг, торгуулийн 3,764,575 төгрөг нийтдээ 16,350,807 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй байгаа учраас Татварын хэлтсийн тавьсан актыг хэрэгсэхгүй болгож үлдэгдэл 5,116,026 төгрөгийг төлнө гэсэн байр суурьтай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                               ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан тус компанийн 2016 оны татварын тайлангаар үүссэн нэмэгдсэн өртгийн албан татварын өр 5.009.812 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын өр 106.214 төгрөг, татварын улсын байцаагчийн актаар нөхөн ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын өр 12.548.585 төгрөг, торгууль 3.802.221 төгрөг, нотариатын зардал 15.200 төгрөг, нийт 21.482.033 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны татварын тайлангаар үүссэн нэмэгдсэн өртгийн албан татварын өр 5.009.812 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын өр 106.214 төгрөг, нийт 5.116.06 төгрөгийг хүлээн зөвшөөрч, харин татварын улсын байцаагчийн актаар нөхөн ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын өр 12.548.585 төгрөг, торгууль 3.802.221 төгрөг, нийт 16.350.806 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Татварын Ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д зааснаар татварын өр гэдэгт татвар төлөгчийн тайлангаар тодорхойлогдсон татварын өр, түүнд тооцсон алданги, татварын албанаас тогтоосон татвар, ногдуулсан торгууль, тооцсон алданги, татварын албаны хяналт шалгалтаар тогтоосон татвар, түүнд тооцсон алданги, ногдуулсан торгууль хамаардаг байна. Маргааны зүйл болж буй 12.548.585 төгрөг, түүнд ногдуулсан торгууль 3.802.221 төгрөг, нийт 16.350.806 төгрөг нь татварын албаны хяналт шалгалтаар тогтоогдсон актад тусгагдсан үнийн дүн байх бөгөөд татварын өр байна.

 

Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд зааснаар татварын алба нь татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийн биелэлтэд хяналт тавин хангуулах, мөн хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй болсон бол биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй байна.

 

Татварын улсын байцаагч “Маргац цэцэн уул” ХХК-ийн 2012-2014 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, тус компани нь 2013 онд барилгын материалын захаас худалдаж авсан 125.485.855 төгрөгийн материалыг нэмэгдсэн өртгийн албан татварын 2013 оны тайланд худалдан авалтаар тусгаж, хасалт хийхдээ Улаанбаатар хотын 5126037 тоот регистрын дугаартай “Содон шаглаа” ХХК-иас 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 15135716 тоот падаанаар худалдаж авсанаар баримт бүрдүүлэн хуурамч НӨАТ-ын падаанаар хасалт хийж татвар ногдуулах орлогоо бууруулж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчсөн гэж татвар, алданги, торгууль нийт 16.350.807 төгрөгийг төлүүлэхээр 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 190014718 тоот акт тогтоосон. /хх 17-20/, Татварын маргаан таслах зөвлөлийн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2015/01 дугаар тогтоолоор төлбөрийг хэвээр баталсан байх тул Улсын байцаагчийн дээрх акт хүчин төгөлдөр болсон байна.

 

Түүнчлэн Ц-ХХКнь 2016 оны татварын тайлангаар үүссэн нэмэгдсэн өртгийн албан татварын өр 5.009.812 төгрөг, аж ахуй нэгжийн орлогын албан татварын өр 106.214 төгрөг, нийт 5.116.06 төгрөгийн тайлан гаргасан бөгөөд төлж барагдуулаагүй болохоо үгүйсгээгүй байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, тодруулбал хугацаанд нь төлөөгүй татварын өрийг барагдуулах ажиллагааг мөн хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулсан нь болох нь хэрэгт авагдсан хариуцагчийн дансны зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоосон, мэдэгдэх хуудсыг банкинд хүлээлгэн өгсөн баримт /хх 6-9/, эд хөрөнгө битүүмжлэх тухай акт /хх 13/, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх 14-15/ зэргээр тогтоогдож байна.

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл энэхүү хууль хувь хүнийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөх зорилготой, харин хуулийн этгээдэд хамаарахгүй болно. Татварын албаны хяналт шалгалтаар нөхөн төлүүлэхээр тогтоосон татвар, алданги, торгуулийг өршөөлд хамруулахаар заагаагүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч нь Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 190014718 тоот “Татвар ноогдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актыг эс хүлээн зөвшөөрвөл энэ талаар гомдол гаргах эрхийн дагуу Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд Татварын Ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д зааснаар “...Татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах эрхтэй” гэж заасны дагуу Ц-ХХКнь дээрх Маргаан таслах зөвлөлийн тогтоолд гомдол гаргаагүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч Ц-ХХКнь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасны дагуу татвараа тайлагнан улсын төсөвт төлөх үүрэгтэй бөгөөд мөн Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” үүрэгтэй тул хариуцагчаас татварын өр 21.482.033 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

             ТОГТООХ НЬ:

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар хариуцагч “М” ХХК-иас татварын өр 21.482.033 төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст олгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Маргац цэцэн уул ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 265.360 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ч.БАТЧИМЭГ