Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 171

 

Дархан-Уул аймгийн Татварын хэлтcийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00759/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1019 дүгээр шийдвэртэй,    

           Нэхэмжлэгч  Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч “Маргац цэцэн уул” ХХК-д холбогдох

          “Татварын өр 21.482.033  төгрөг гаргуулах тухай”  иргэний хэргийг

          Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын  илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

            Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэрэн нараас:

            “Маргац цэцэн уул” ХХК нь татварын бүртгэлийн 1901120125001 тоот татвар төлөгчийн дугаар авч 4260139 регистртэй 2012 онд төрөлжсөн бүс барааны бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. Тус компани нь 2016 оны татварын тайлангаар үүссэн НӨАТ-ын 5.009.812 төгрөг, ААНОАТ-ын 106.214.60 төгрөг, татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан НӨАТ 12.548.585 төгрөг, хүү торгуулийн 3.802.221 төгрөгийн татварын өртэй байна. Дээрх өрийг барагдуулахын тулд Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэх хуудас гардуулах, дансыг нь хаах, эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа зэрэг шат дараалсан арга хэмжээ авч ажиллахдаа мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажилласан байтал өнөөдрийг хүртэл барагдуулахгүй байгаа тул Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлд зааснаар тайлангаар ногдуулсан 21.466.833 төгрөгийн татварын өрийг гаргуулах, компанийн эд хөрөнгийг битүүмжлэх, нэхэмжлэлтэй холбоотой гарсан бичиг хэргийн зардал болох 15.200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч “Маргац цэцэн уул” ХХК-ийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагаас:

            “Маргац цэцэн уул” ХХК нь нөхөн төлбөрийн 12.548.585 төгрөг, торгуулийн 3.764.578 төгрөг, хүү 37.645 төгрөг, нийт 16.350.807 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхүй байна.

            Учир нь худалдаж авсан болон зарагдсан бараа материалынхаа үнийг НӨАТ-ын тайланд тусгасан байхад татвар ногдуулж байгаа үйлдэл нь хуулийн үндэслэлгүй байна. Мөн эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд ч Татварын байгууллага засч залруулах үүрэгтэй ба тайлангаа засахыг “Маргац цэцэн уул” ХХК-иас шахаж шаардаагүй. Ардчилсан сонгууль байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан. Энэ хуулийн 2 дугаар зүйлд “захиргааны хариуцлагын тухай хуулиас бүрдэнэ”, мөн хуулийн 4.3-т хууль тогтоож зөрчиж захиргааны зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан байдаг. Татварын хэлтэс нь Өршөөн хэлтрүүлэх тухай хуулийг хэрэглэхгүй, буруу хэрэглэж байгаа учраас ийм байдалд хүрлээ. “Маргац цэцэн уул” ХХК нь нөхөн төлбөрийн 12.548.585 төгрөг, хүү 37.645 төгрөг, торгуулийн 3.764.575 төгрөг, нийт 16.350.807 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй байгаа учраас Татварын хэлтсийн тавьсан актыг хэрэгсэхгүй болгож үлдэгдэл 5.116.026 төгрөгийг төлнө гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1019 дүгээр дүгээр  шийдвэрээр:

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар хариуцагч “Маргац цэцэн уул” ХХК-иас татварын өр 21.482.033 төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Маргац цэцэн уул” ХХК-иас 266.360 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Анхны ардчилсан сонгууль байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас ялтныг ял эдлэхээс зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлсон өөрөөр хэлбэл энэхүү хууль хувь хүнийг эрүүгийн болон захиргааны хариуцлагаас чөлөөлөх зорилготой.  Татварын албаны хяналт шалгалтаар нөхөн төлүүлэхээр тогтсон татвар, алданги, торгуулийн өршөөлд хамруулахаар заагаагүй  тул хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байна гэсэн нь хэтэрхий нэг талыг барьж шүүгч дур зоргоороо буруу мушгин тайлбарлаж шийдвэр гаргасан. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх харьяалалын бус захиргааны харьяалалын хэргийг авч шийдвэрлэсэн гэж ойлгож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “захиргааны байгууллага” гэж Захиргааны  ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагыг гэсэн хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иймд сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1019 дүгээр шийдвэрийг бүхэд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцэрэн, Э.Дарханбаяр нар давж заалдсан гомдлын хариу тайлбартаа:

“Маргац цэцэн уул” ХХК нь 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 190014718 тоот татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг зөвлөл хянан хэлэлцээд 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 201/01 тоот тогтоолоор Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрийг хэвээр батлан тогтоолыг Татварын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 61 тоот тушаалаар баталгаажуулан хариуцагчид уг тогтоолыг эс зөвшөөрвөл 30 хоногийн дотор дээд шатны Татварын ерөнхий газрын дэргэдэх МТЗ болон шүүхэд хандах эрхтэйг танилцуулсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй тул тус актыг зөвшөөрсөн гэж үзсэн.

Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх татварын өр гэдгийг зөв тайлбарлан хэргийг харьяалалын дагуу шийдвэрлэсэн тул 1019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан,  Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг  зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч  Дархан-Уул аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч “Маргац цэцэн уул” ХХК-д холбогдуулан 2016 оны тайлангаар үүссэн  нэмэгдсэн өртгийн албан  татварын өр 5.009.812 төгрөг, аж ахуйн  нэгжийн орлогын албан татварын өр  106.214 төгрөг, татварын улсын байцаагчийн актаар нөхөн ногдуулсан  нэмэгдсэн өртгийн албан татварын өр  12.548.585 төгрөг, хүү, торгууль 3.802.221 төгрөг, бичиг баримтын зардал  15.200 төгрөг нийт  21.482.033 төгрөг  гаргуулахаар нэхэмжилжээ.

            Хариуцагч   “Маргац цэцэн уул” ХХК нь  нөхөн төлбөрийн  өр  12.548.585 төгрөг, торгууль 3.764.578 төгрөг, хүү 37.645 төгрөг нийт  16.350.807  төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй  гэж  маргажээ.

            Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн  хариуцагч “Маргац цэцэн уул” ХХК-ийн  татварын өр үүссэн байдлыг тогтоогдсон гэж үзэж,  Татварын ерөнхий хуулийн 63, 64  дүгээр зүйлд заасан  ажиллагаа  явуулсан байдлыг  шүүх баримтаар   тогтоож, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан гарсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн  холбогдох  зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, татварын улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй  талаарх гомдлыг  гаргаагүй тул  “Маргац цэцэн уул” ХХК-ийг татварын өр төлөх  үүрэгтэй гэж  дүгнэн, түүнээс төлбөр гаргуулахаар  шийдвэрлэжээ.

            Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 190014718  дугаар актад   “Маргац цэцэн уул”  ХХК  2013 онд барилгын материалын захаас худалдан авсан  125.485.855 төгрөгийн  материалыг нэмэгдсэн өртгийн албан татварын  2013 оны  тайланд тусгаж хасалт хийхдээ  Улаанбаатар хотын “Содоншаглаа”  ХХК-иас 125.485.855 төгрөгийн бараа материал  худалдан  авсанаар баримт бүрдүүлсэн нь   Цагдаагийн Ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын  2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн  9д\1828 тоот албан бичгийн хавсралт №1-ээр  нотлогдсон,  хуурамч НӨАТ-ын падаанаар хасалт хийж, татвар ногдуулах орлого бууруулж,  Нэмэгдсэн өртгийн  албан татварын тухай хуулийн  14 дүгээр зүйл, Нэмэгдсэн өртгийн  албан татварт хасалт хийх:  “14.3... худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь  нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн  бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэснийг зөрчсөн  гэж  үзэн Татварын  ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар   12.548.585  төгрөгийн нөхөн татвар, 37.645 төгрөгийн хүү, 3.764.500 төгрөгийн торгууль  ногдуулсан, тус  актад  “Маргац цэцэн уул”  ХХК-ийн захирал Д.Тунгалаг  Татварын ерөнхий хуулийн  17 дугаар зүйлд заасан эрхийн дагуу  Дархан-Уул аймгийн Татварын  хэлтсийн  дэргэдэх  маргаан таслах зөвлөлд   шалгуулах хүсэлт гаргаснаар тус  зөвлөл 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн  2015\01 дугаар  тогтоолоор, улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрийг  хэвээр баталсан  байна.

            Татварын албанаас гаргасан  акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй  танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш  30 хоногийн дотор  гомдлоо, захиргааны болон  шүүхийн журмаар гаргах эрхтэй байсан ба  “Маргац цэцэн уул“ ХХК  гомдол гаргаагүй байна.

            Хариуцагч нь хуулийн хугацаанд гомдол гаргаагүй учир  татварын улсын байцаагчийн актаар  ногдуулсан  төлбөрийг  гаргуулахаар Татварын хэлтэс, Иргэний шүүхэд   нэхэмжлэл   гаргасан нь   хэргийн харьяалалыг зөрчөөгүй  гэж  үзнэ.

            Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь  зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1019 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  265.361 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Л.АМАРСАНАА  

                                    ШҮҮГЧИД                                                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                            С.ЭНХЖАРГАЛ